ХАЗАХ АРААТАНГ ХАЗААРЛАЯ

хазаарБид хэрцгий, бүдүүлэг үйлдэл хийж байгаа хүнийг араатан шиг хэмээн ярьдаг. Гэтэл араатан амьтан ч өөрийн үр төлөө хайрладаг юм. Үүнийг телевизийн амьтдын ертөнц болон танин мэдэхүйн гэх мэт олон сувгаар гардаг киноноос харж болно. Харин манай нийгэмд үүнээс дор үзэгдэл болоод байгаад эмзэглэмээр.

Өнгөрсөн жил таван настай хүүгээ зазуурдаж байсан аавын талаархи мэдээлэл нийгмийг цочроож байсан. Тухайн үед тэр эцгийг элдвээр харааж байсан хэдий ч тэгсхийгээд л намжив. Үүний дараагаар “Эхнэр, найз охиноо хөнөөжээ” гэсэн мэдээлэл ар араасаа гарлаа. Одоо л хуулийн байгууллага энэ асуудлыг таслан зогсоох ёстой гэсэн хүмүүсийн хүлээлт байдаг ч хохирогчийн буруу болоод л өнгөрнө. Учир нь хохирогчийг л буруутгадаг юм байна лээ.

Тэгвэл сүүлийн үед бяцхан үрсээ хазах “мода” дэлгэрээд байна. Саяхан л төрсөн эцэг нь хоёр хүүхдээ хазаж, тамласан тухай сонсогдож байлаа. Гэтэл хүүхэд тамласан түүнд тохирох шийтгэлийг оноогоогүй, шалгаж байгаа гэнэ. Өмнөх хэргийг нь шийдэж чадаагүй байтал бас л нэг хүүхэд хазуулчихлаа. Тодруулбал, энэ сарын 19-ний шөнө Баянгол дүүргийн XIII хороонд хойд эцэг нь гурван настай бяцхан охиноо зодож, хазсан хэрэг гарсан байгаа юм.

Эмэгтэйчүүдийн буруу гэж хэрцгийллийг мартаж болох ч бяцхан хүүхдүүд ямар буруутайг бодох цаг болжээ. Цаашдаа хэрэг шалгах зуур хэдэн хүүхэд хазуулах бол. Тиймээс хазах үйлдэл гаргасан хүн араатанг хазаарлая.

 

Г.Цэцэг


URL:

Сэтгэгдэл бичих