Засаг тогтворгүй байх нь хөрөнгө оруулагчдын алдарсан итгэлийг улам түлхэнэ

засагМанай улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш 13-н Засгийн газрын нүүрийг үзсэн байна.
Өөрөөр хэлбэл, дөрөв дөрвөн жилийн циклээр болдог УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуудагдсан Засгийн газар бүр тогтвортой оршин тогтнож товлосон ашл бүрээ гүйцэтгэж чаддаггүй байсны илэрхийлэл нь энэ. Дунджаар бодвол Монгол Улсын Засгийн газар хоёр жил тутамд солигдож байж. Мэдээж үе уеийн Засгийн газар үргэлж ийм байгаагүй. Зарим дөрвөн жилийн циклд дөрвөн удаа гүйцэтгэх засаглалын кабинетаа унагаж байсан гашуун түүх манайд бий. Улс орнуудын хөгжлийн түүхийг харвал эдийн засгийн өсөлт нь улс төрийн тогтвортой байдал, төрийн боддогын тууштай залгамж чанартай холбоотой байдаг. Харин бид хөгжингүй орнуудын энэ жанжин чиг шугамаас зөрж гишгэсээр ирж.

2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд 31 суудал авсан Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран байгуулсан шинэчлэлийн Засгийн газар ажиллаад хоёр жилийн нүүр үзэж байна. Бүрэн эрхээ бүтэн хэрэгжүүлнэ гэж үзвэл тэд замынхаа талыг туулаад байна гэсэн үг. Мэдээж энэ хугацаанд тэдний хүрсэн үр дүн монголчуудын хүссэн хэмжээндээ очоогүй. Гэхдээ хоёр жилийн хугацаанд хийсэн ажил нь байна, цаашид хийхээр хүлээгдэж буй нь ч мундахгүй олон.

Харамсалтай нь хаврын чуулган нээлтээ хийсэн даруйдаа давхар дээлийн тухай хуулийг хэлэлцэж, эцсийн шатанд нь авч ирээд байна. Ингэснээр Монгол Улс хууль гаргаж, Засгийн газраа унагасан хоёр дахь тохиолдлоо бүртгэхэд ойртов. Уг хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн барихдаа хэрэгжих хугацааг нь 2016 оны долдугаар сарын 1-нээс хэмээн тусгасан. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг зарчмын зөрүүтэй саналаар уг хугацааг наашлуулж, ирэх долдугаар сараас дагаж мөрдүүлэхээр зүтгэж байгаа юм. Улс төрийн өнцгөөс асуудалд хандаж, хувийн эрх ашгаа “хувьсгал”-аас дээгүүр эрэмбэлсэн АН, “Шударга ёс” эвслийнхэн болон бие даагч зарим гишүүнээр хүчээ зузаатгасан цөөнх энэ асуудалд олонхоос хүчтэй болчихсон нь үнэн. Уг нь Засгийн газрын гишүүд “Давхар дээлтэй” байна уу, эсвэл Засгийн газар нь ажлаа хийж чадахгүйд хүрсэн үү гэдэг бол өөр ойлголтууд.

Манай улстөрчид л бөөсний тухай үлгэр шиг хоёуланг нь хамаатуулаад байгаа болохоос “Давхар дээл”-тэй байлаа гээд энэ нь засагтай хариуцлага тооцох ёстой гэсэн үг биш. Харин дээл тайлах нэрээр Засгийн газрыг огцруулбал ямар байдал үүсэх вэ. Эдийн засгийн  хүндрэл  улс  төр, нийгмийн гурван талт хямрал болж өргөжин, Монгол Улсад үл ойлгогдох “Бермудын гурвалжин” үүснэ.

УИХ-ын гишүүн сайдын албыг хашихыг Үндсэн хуульд “Болно” гэж заасан хэвээр байгаа. Гэтэл өдгөө хэлэлцэж буй Засгийн газрын тухай хуулийг “болохгүй” гэж өөрчилбөл үндэсгүй мөчир ургаж цэцэглэхийн үлгэр болно. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиа давж гишгэсэн үйлдэл болох нь. Товчхондоо Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр биш, засгийн эрхийн төлөө шүлс нь гоожиж буй МАН хийгээд АН-ын хамтарсан “МАНАН” гарна гэсэн үг. Бас сөрөг хүчин улс төрийн хонжоо олох арга, нэг төрлийн нугалааг энэ хуулиар бий болгох талтай. Учир нь МАН-ын бүлэг, УИХ-ын 19-өөс дээш тооны гишүүн Засгийн газрыг огцруулах асуудлыг шууд тавих эрхтэй. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн хугацааг наашлуулах замаар далимдуулах нь улс төрийн ийм ов мэх жишиг болж тогтоож мэдэх талтай юм. Энэ нь эдийн засаг талаасаа ямар хор нелөөтэй вэ.

Төсвийн орлого, хүмүүсийн ажиллах байр, авах цалин, экспорт, валютын ханшид нөлөөлөх Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт бүр ч ойлгомжгүй байдалд орж мэдэх юм. Хамгийн аюултай нь засаг төрийн тогтворгүй байдал хөөгдсөн хөрөнгө оруулагчдын алдарсан итгэлийг улам ч түлхэж магадгүй. Ингэснээр эдийн засгийг эмзэглүүлээд буй ам.долларын хомсдол улам нэмэгдэнэ гэсэн үг. Төмөр зам, цахилгаан станц барих, үлдсэн аймгуудыг засмал замаар холбох гэхчилэн дэд бүтцийн тодорхой том төсөл, хөтөлбөрүүд ахихаа болино. Одоо бол урин дулааны улирал эхэлж манай улсын хувьд мөнгө олдог, бүтээн байгуулалт хийдэг ганц үе нь ирээд байна.

Гэтэл Засгийн газрын тогтворгүй байдал гадаадын хөрөнгө оруулагчдад таагүй дохио өгөөд зогсохгүй, энэ эрчээрээ хууль батлагдвал цэцэрлэг, сургууль, эмнэлэг, орон сууц барих, хийж бүтээх таатай цаг хугацаагаа алдаж, хэрүүл тэмцэл, томилгоо найраагаар зун, намрыг үдэх болно. 1996-2000 онд Ардчилсан нам анх удаа олонхи болж, засгийн эрхийг авч байсан. Гэвч энэ хугацаанд Ардчилсан хүчин дөрвөн Засгийн газраа сольсны гурав нь дан дээлтэй байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Алдаан дээрээ суралцахгүйгээр улс төрийн ирээдүйгээ хязгаарлах нь дэндүү тэнэг үйлдэл гэдгийг одоо ойлгох хэрэгтэй.

Ард түмэн ардчилсан намаас жижиг дунд үйлдвэрийг дэмжих, ажлын байр, экспортыг нэмж, импортоо орлох ажил, алхмаа урагшлуулахыг хүсч байгаа болохоос өмнөх алдаагаа давтаж, төрийн албаны халаа сэлгээ, албан тушаалын холио хутгааг лав биш.

 

 

Б.СЭЛЭНГЭ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих