Харийн эрийн өврийг дулаацуулж яваа монгол охидоо хазаарлах цаг болсон юм биш үү

49d72ecdb17e870cgreat
Манай улсад гэмт хэрэг гарах нь ихэсч, гэмт хэрэгтнүүд зохион байгуулалтад орж байгаа гэх мэдээлэл бий. Тиймээс ч хулгай хийдэггүй, худлаа ярьдаггүй хүн алга гэлцэх болсон. Түүгээр ч барахгүй Монгол Улс биеэ үнэлэгчээр дүүрчээ гэх гадны иргэд ч байдаг юм билээ. Тухайлбал, бидний хэлж заншсанаар “Модны хоёр”-т байх “Вайт хаус”, Төмөр замын эсрэг талын “Вояж”, “Рийч пилд” “Пийс Бридж” зэрэг зочид буудлын караокег гол төлөв Солонгосчууд түрээслэн ажиллуулдаг ажээ. Тэдний дийлэнх нь эх орондоо сөжү ууж, мах идэх мөнгөө олж чаддаггүй нөхөд байдаг гэх.

Тиймэрхүү улс л манай улсад ирж; аль өнгөтэй өөдтэй газрыг эзэмшиж, эрх дураараа аашилдаг аж. Мөн тэдгээр иргэн монгол охидын биеийг үнэлүүлж, ширээний хүүхэн нэртэй ажлыг хийлгэдэг юм билээ. Зөвхөн нийслэлд байнга биеэ үнэлдэг 280 эмэгтэй бүртгэгдсэн байдаг бөгөөд тэдний 10-22 хувь нь 15-19, 72-85 хувь нь 29-39 насныхан байдаг аж.

Саяхны нэг өдөр нэгэн жуулчны компанид хэлмэрч хийдэг найзтайгаа уулзахаар Монголдоо л томоохонд тооцогдох “Амуре” зочид буудалд очиход тэрбээр хэсэг Солонгос жуулчдад үйлчилж байлаа. Орой нь буусан буудлынхаа дор байх караокед жуулчдаа зугаацуулах санаатай захиалга өгчээ. Уг караоке тус буудлын подвалийг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг аж. Яг тэр үед нь таарсан тул бид бүгд караокед орлоо. Караокены өрөөнд ороход зохион байгуулагч гэх хорь гаруй насны бүсгүй цэсээ авчрах зуураа “ширээний охид захиалах уу?” гэж орчуулагчийн чихэнд шивнэх нь дуулдав. Хэлмэрч ч дуулгавартайяа Солонгосчуудад дамжууллаа.

Нөгөөдүүл нь “тэгэлгүй яах вэ” гэж байгаа бололтой дуу нь өндөрсөөд ирэх юм. Тус караокед ихэвчлэн гадны зочид үйлчлүүлдэг бөгөөд солонгосчууд дийлэнх нь байдаг аж. Учир нь Хангүг залуус “шоучин” бөгөөд мөнгийг хайр найргүй цацдаг ажээ. Тус караокены архи, дарс нь бусад караокеноос огт өөр, дэндүү өртөг өндөртэй байсан юм. Жишээ нь, “Хар Чингис” архи гэхэд л 50 ам.доллар бөгөөд “сеат” гэх иж бүрэн үйлчилгээ байх юм. Нэг сеат нь 200-400 ам.доллар бөгөөд түүнд нь нэг шил виски эсвэл архи, хэрчиж бэлтгэсэн жимс, самар, таван шил шар айраг, мөн тооны ус ундаа багтдаг аж. Ингээд тус караокены зохион байгуулагч эмэгтэй 10 гаруй охидыг дагуулж ирлээ. Солонгосчууд охидыг хонь, ямаа зүсэлж байгаа аятай жагсааж байгаад сонгож авах юм. Солонгосчууд өөрөөсөө ахимаг насны хүмүүсийг их хүндэлдэг учир аль царай зүс сайтайг нь арай мөнгөжүү бас ахмад нь сонгох юм.

Тэдгээр охид аль болох хүний нүдэнд өртөх гэсэндээ тэр үү бараг нүцгэн шахуу хувцасласан байх юм. Тэнд голдуу 16-27 насны бүсгүйчүүд байв. Гэхдээ тэдгээр охидын дийлэнх нь гэр бүл зохиочихсон гэж байлаа. Нөхөр нь эхнэрийнхээ биеэ үнэлж, олсон мөнгөөр хооллож, хувцасладаг болж таарах нь. Ийн шилж, сонгосоор ууж идэх зүйлсээ охидоор зөөлгөж, нөгөө охид нь ч шалмагхан захиалуулаад, аль болох үнэтэй өөрсдийнхөө уух дуртай зүйлсийг авахуулж гаршжээ. Тэдгээр ширээний охид ууж идэх нь ч тоймгүй агаад согтоно гэж ёстой үгүй юм.

Сонгосон үйлчлүүлэгчээ Султан хаан шиг ам хамар руу нь идэж, уух зүйлийг нь дөхүүлж өгөөд л энхрийлж нялцагнах нь Монгол охидын маань эрхэмсэг ааль биш байлтай. Ийнхүү хацар гоо охид маань амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэлдээ дийлдэн хөгшин Хятад, Солонгосчуудын өврийг дулаацуулж явдаг нь энэ ажээ. Караокенаас гараад өөр хоорондоо тохирвол буудалд орох бөгөөд нэг удаа ширээний хань болж бие хаагаа илүүлэн таалуулахад 20 мянган төгрөг байх юм. Зуучилсан газар нь таван мянган төгрөгийг авч, үлдсэн мөнгийг охидод өгдөг ажээ. Үүнийг зохион байгуулагч, зуучлагч нь ихэвчлэн урд нь өөрөе биеэ үнэлэгдэг байсан эмэгтэйчүүд байдаг бөгөөд охидыг огт дарамтлалгүйгээр биеийг нь үнэлүүлдэг аж. Тэдгээрийн дунд зохион байгуулалттай бүлэг үүсч хяналтдаа байлган орлогоос нь хувь авдаг гэх яриа ч охидын дунд гарч байсан юм.

Цагдаагийн байгууллагын явуулсан судалгаагаар биеэ үнэлэгчдийн 68 хувь нь гэр бүлээ тэжээх зорилгоор биеэ үнэлдэг бол 11 хувь нь сургалтын төлбөрөө олох зорилготой байдаг аж.

Нийслэлийн хэмжээнд зочид буудал 273, баар цэнгээний газар 1214, саун массажийн 178 газар үйл ажиллагаа явуулдаг аж. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 156 саунд түвшин тогтоох шалгалт хийхэд 21.1 хувь нь байрны орц, хонгилд байрлаж 24 цагаар ажилладаг гэсэн нийтлэг зөрчил илэрчээ. Дээрх газруудаар явж, биеэ үнэлдэг эмэгтэйчүүдийн орлого өдөрт дунджаар 45 мянган төгрөг бол нийслэлийн хэмжээнд ажиллаж буй дээрх газрууд хоногт 24 сая  гаруй  төгрөгийг зөвхөн энэ төрлийн үйлчилгээнээс олдог байх нь. Цагдаагийн алба хаагчид “Монголынхоо биеэ үнэлэгчид, хулгайчдыг дийлэхгүй байхад хаа байсан Хятадад яваа хүмүүсийг бид яаж цагдах билээ” гэж байх юм. Одоо оюутан сурагчдын зуны амралт эхэлчихсэн учир охид хүүхнүүд маань урд хөрш рүү ёстой л вагон вагоноороо гарах болжээ.

Зөвхөн Эрээнд гэхэд л мянга орчим биеэ үнэлэгч байдаг гэсэн тоо байдаг. Тэд тэндэхийн цагдаа нартай үгсэн хуйвалдаж, Монголоос цагдаа нарыг ирэхэд усанд хаясан чулуу шиг “нуувчиндаа” орж, алга болдог гэнэ. Мөн тэдний сарын виз нь дуусах үед л хил дээрээс барих боломжтой бөгөөд одоогоор барьсан тохиолдол гараагүй байгаа гэнэ. Энэ мэтчилэн харийн орнуудын хөгжлийг дуурайж болох ч буруу бусармаг зүйлсийг нь хуулахгүй байвал дээр санагдлаа.

Гадаадаас манай улсад ирж ажилладаг иргэд ямар бизнес хийж хаагуур явдгийг хянаж цагддаг газар манайд байдаг эсэх нь эргэлзээтэй. “Эмс садарлавал улс мөхөхийн шинж” гэдэг учраас энд тэндгүй явж, харийн эрийн өврийг дулаацуулж яваа монгол охидоо хазаарлах цаг болсон юм биш үү.


URL:

Сэтгэгдэл бичих