Хятадад алдсанаа гаднаас нөхсөн ”Bank of China”

6eb96c86d9c46839originalТовч мэдээлэл
2013 оны тоо баримт
“Bank of China” (эх сурвалж forbes.com)
Хувьцааны үнийн дүн: 131.68 тэрбум ам.доллар
Бэлэн мөнгөний хэмжээ: 443.43 тэрбум ам.доллар
Өрийн хэмжээ: 359.82 тэрбум ам.доллар
Орлого: 98.12 тэрбум ам.доллар
Активийн хэмжээ: 2.03 их наяд ам.доллар
Цэвэр ашиг: 22.1 тэрбум ам.доллар
Ажилтны тоо: 302 мянга

Хятадын дөрвөн том банкны нэг болох “Bank of China” Монголд төлөөлөгчийн газраа нээх тухай мэдээлэл цацагдах болсон билээ. Үүнтэй холбоотойгоор тус банкны тухай зарим мэдээллийг толилуулж байна. Энэ банкийг анх 1912 онд хуучин Ta Ching Government Bank хэмээх банкийг шинэчлэх замаар байгуулжээ.

“Bank of China” нь 1912-1942 оны хооронд тухай үеийн дөрвөн том банктай хамт Засгийн газрын нэрийн өмнөөс гүйлгээнд бэлэн мөнгө гаргах үүрэг хүлээж байсан. Гэхдээ төв банкны үүргийг Хятадын төв банк (Central Bank of China) болон Хятадын Ардын банкинд аажмаар шилжүүлсэн байна. “Bank of China” нь 1942 оноос Хятадын Засгийн газрын эрх ашгийн үүднээс гадаад зах зээлд зонхилон ажиллаж эхэлжээ. “Bank of China”- ийн хувьцааны 67.72 хувь буюу хяналтын багцийг Хятадын Засгийн газар эзэмшдэг. Түүнчлэн томоохон хөрөнгийн оруулагчдынх нь тоонд Хятадын “Чалко”, “Шинхуа” групп, The Bank of Tokyo-Mitsubish, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллага ордог юм.

Хятаддаа хэмжээгээрээ эхний дөрөвт орох тус банк 2006 онд Хонконгийн Хөрөнгийн бирж дээр IPO хийж, үүнээсээ найман тэрбум евротой тэнцэх хөрөнгө босгосон. “Форбес” сэтгүүлээс гаргадаг томоохон компаниудын жагсаалтад “Bank of China” 2013 онд 11-рт эрэмбэлэгдэж байв. Дашрамд өгүүлэхэд, манай урд хөршийн төрийн мэдлийн дөрвөн компани уг жагсаалтад нэлээд дээгүүр байр эзэлжээ.

Тухайлбал, Хятадын аж үйлдвэр худалдааны банк (ICBC) тэргүүлж, China Construction Bank хоёрдугаарт, Хятадын Хөдөө аж ахуйн банк наймдугаарт, “Петрочайна” 10-т эрэмбэлэгдсэн байна. Уг жагсаалтын тайлбарт өгүүлснээр “Bank of China”- ийн борлуулалтын орлого болон ашиг хоёр оронтой тоогоор өссөн нь тус жагсаалтад 10 байр ахиж, 11-т орууллаа” гэжээ. Дээрх жагсаалтад тэргүүлсэн Хятадын банкууд бүгд орлого, ашгаа хоёр оронтой тоогоор өсгөж, уг жагсаалт дахь байр сууриа нэлээд ахиулсан аж. Түүнчлэн “The banker” сэтгүүлээс жил бүр гаргадаг банкуудын рейтингэд Хятадын гурван банк тэргүүлж, “Bank of China” гуравдугаарт орсон байна. Уг чансааг тогтоохдоо тухайн байгууллагын хөрөнгө, актив, ашгийн хэмжээ гэсэн олон үзүүлэлтийг харгалздаг байна. “Bank of China” нь сүүлийн жилүүдэд Хятадын бусад томоохон банкны адил Хонконгийн хөрөнгийн бирж болон бусад нээлттэй зах зээл дээр хувьцаагаа борлуулах замаар хөрөнгийнхөө хэмжээг өсгөж иржээ.

Гэхдээ банкны Ерөнхийлөгчөөсөө эхлээд томоохон албан тушаалтнууд нь авлигын хэрэгт холбогдож байсан боловч барагтаа шийтгэл хүлээж байгаагүй. Энэ банк барагдуулаагүй их хэмжээний өр хуримтлуулж, төрийн их хэмжээний хөрөнгийг үрэгдүүлснээс 2006-2007 оны үед дампуурахдаа тулсан гэж ажиглагчид үзэж байсан. Ер нь Хятадын банкуудад төрөөс шууд тусалдаггүй тул тэд IPO хийх замаар эрсдэлийнхээ тодорхой хэсгийг гадаадын хөрөнгө оруулагчдад үүрүүлэхийг зорьдог болоод уджээ.

“Bank of China” өнгөрсөн нэгдүгээр улиралд нийт 45.4 тэрбум юань буюу 7.3 тэрбум ам.доллартай дүйцэх цэвэр ашиг олсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14 хувиар өссөн байна. Хятадын бусад томоохон банкийн нэгэн адил тус банк ийн гадаад зээл олгосныхоо хүчинд ашиг орлогоо нэмэгдүүлж чаджээ. “Юанийн хөрвөх чадвар нэмэгдсэн нь “Bank of China”-д гадаад орнуудад зээл олгоход ихээхэн тусаллаа. Дээр нь дэлхийн эдийн засаг сэргэж эхэлсэн болохоор Хятадын банкууд гадаадад салбараа улам олноор  байгуулж байна” хэмээн Guotai Junan Securities компанийн шинжээч энэ амжилтыг тайлбарласан байна. “Bank of China”-ий ашиг орлогын тухай энэхүү мэдээ гарсны дараа Хонконгийн Хөрөнгийн бирж дэх хувьцааных нь ханш өчигдөр 0.9 хувиар өсч, 3.42 хонконг доллар болжээ. Энэ бол оны эхнээс хойш “Bank of China”-ий хувьцааны ханш 4.2 хувь унасан үзүүлэлт болохыг Блүүмберт мэдээлсэн юм.

Түүнчлэн банкнаас гаргасан албан ёсны баримтаас үзэхэд, өнгөрсөн гуравдугаар сарын 31-ий байдлаар хугацаа хэтэрсэн зээлийнх нь хэмжээ өнгөрсөн оны эцсээс 7.2 хувиар өссөн байна. Хятадын эрх баригчид хэт их зээл олгон эдийн засаг халж, зарим салбарт нь үйлдвэрлэлийн хүчин чадал хэт илүүдсэнийг хазаарлах бодлого явуулж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд гадаад зах зээлд зээл эрчимтэй олгож эхэлсэн. Тиймээс “Bank of China”-ийг Ерөнхийлөгч Чен Сикин өнгөрсөн сарын ашиг орлогын өсөлт, нэн ялангуяа гадаад зээлийн өсөлтөд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн нь аргагүй юм. Зээлийг хумих шинэ бодлогын хүрээнд Хятадад шинээр олгосон зээлийн хэмжээ өнгөрсөн оны гуравдугаар сартай харьцуулахад нь 19 хувиар буурсан байна.

Гэсэн хэдий ч “Bank of China”-ийн муу зээлийн хэмжээ гуравдугаар сарын 31-ий байдлаар 73.3 тэрбум юаньд хүрч, нийт зээлд эзлэх хувь хэмжээ нь өнгөрсөн оны эцсийн дүнтэй харьцуулахад 0.96-аас 0.98 болж өссөнийг мэдээлжээ. Гэхдээ Хятадын зарим статистик тоон үзүүлэлтэд итгэхэд хэцүү болохыг барууны шинжээчид байнга өгүүлдэг юм.

Хятадын банкуудтай холбоотой зарим дуулиан Хятадын барилгын COVEC хэмээх төрийн өмчийн корпораци Польшийн нийслэл Варшав хотыг Германы хилтэй холбох үүрэгтэй А2 хэмээх хурдны зам барих ажил авч чадаагүйгээс компани болон “Bank of China” тус улсын төрийн агентлагт баталгааны мөнгөө төлж чадаагүй. Шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн мөнгийг “Bank of China” болон Хятадын экспорт импортын банк (Exim Bank of China) хоёр энэ нөхөн төлбөрийг барагдуулахаас татгалзсан бол Deutsche Bank тодорхой хувийг нь шилжүүлсэн байна. АНУ-ын иргэн Дэниэл Вульц хэмээх хүү 2006 онд Израильд халдлагад өртсөн.

Түүний эцэг эх 2008 онд Вашингтон хотноо шүүхэд зарга мэдүүлж, ХАМАС бүлэглэлд санхүүгийн үйлчилгээ үзүүлж, мөнгө шилжүүлж өгсөн “Bank of China”-г уг хэрэгт буруутгасан юм. Уг хэргийн хүрээнд Израилийн эрх баригчид гэрчийн мэдүүлэг өгөх ёстой байсан. Гэвч Израилийн эрх баригчид гол холбоотон нь болох АНУ-ын нөмөр нөөлгөөс илүүтэйгээр хүч, нөлөө нь өдөр ирэх тусам нэмэгдэж буй Хятадын банк, Хятадын эрх баригчидтай муудалцахгүй гэсэн шийдвэр гаргасан юм. Дээрхтэй төстэй заргыг 2008 онд Израилийн Иерусалим хотноо амь насаа алдсан найман хүний гэр бүлийнхэн гаргасан. Тэр үед “Bank of China”-ийн удирдлага алан хядагчдад тусалж, мөнгөн шилжүүлэг хийдгээ үгүйсгэсэн аж. Банкны удирдлагууд “Bank of China” нь НҮБ-аас баталсан мөнгө угаах, алан хядлагыг санхүүжүүлэхгүй зэрэг бүхий журмуудыг ёсчлон биелүүдэг тухайгаа мэдэгдэж байв. “Bank of China” нь 2013 оны тавдугаар сард Умард Солонгостой тогтоосон харилцаагаа тасалснаа мэдэгдсэн билээ.

Учир нь АНУ-ын тал өмнө нь тус банкийг “Умардын цөмийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд оролцдог” хэмээн буруутгасан юм. Хятадын төрийн өмчийн банкууд гадаад зах зээлд IPO хийсэн боловч тэдний тайлан мэдээнд барууны шинжээчид итгэх нь бага аж. Тэд тус улсын банкны систем дэх зээлийн тэн хагас нь найдваргүй зээл байх магадлалтай гэж үздэг байна. Дээр нь Хятадын эдийн засгийн өсөлт буурч байгааг харгалзан үзвэл зээлээ эргэн төлөх чадваргүй зээлдэгч цаашид ч нэмэгдэж болзошгүй. Өнгөрсөн гуравдугаар сард Хятадын Жиансу мужид “Хөдөөгийн арилжааны банк (Rural Commercial Bank) нэг дор 200 мянган юань гаргаж чадахгүй байна” гэсэн цуу гарч, энэ сургаар хадгаламж эзэмшигчид нь мөнгөө их хэмжээгээр татаж эхэлснээс эрх баригчид шуурхай арга хэмжээ авч, иргэдийг тайвшруулахад хүрсэн байна. Хятадын төв банкны төлөөлөл болон “Bank of China”-ийн удирдлага тус мужид ирж “Та бүгдийн хадгаламж хуулиар хамгаалагдсан” гэж байж ард иргэдийн уур бухимдлыг намжаасан аж. Гэвч Хятадад хуулиар хамгаалагдсан гэдэг нь бусад орны жишгээс нэлээд ондоо ажээ. Тухайлбал, 1998 онд Хайнаны хөгжлийн банк дампуурахад иргэдийн хадгаламжийг Хятадын дөрвөн том банкны нэг ICBC рүү шилжүүлсэн.

Гэтэл ирээдүйд яах вэ. Бээжингийн эрх баригчид өнгөрсөн оны 12 дугаар сард хадгаламжийг даатгах тухай төлөвлөгөө боловсруулсан боловч одоог хүртэл олон нийтэд танилцуулаагүй. Энэ нь банкны салбарынхаа бодит байдлыг иргэдэд мэдрүүлж, тэднийг цочроохгүй хэмээн сэрэмжилсэн хэрэг гэж үзэж болно. Хятад дэлхийд хамгийн их хэмжээний алт, валютын нөөцтэй ч банкууд нь дампуурч эхэлвэл тэр нөөцөөсөө бусдын бодож байгаа шиг их хэмжээгээр зарцуулах боломжгүйг “Форбес”-ын шинжээч өгүүлжээ.

Д. Мөнхболд

URL:

Сэтгэгдэл бичих