«ХУЛАН НААДАХАД ХУЛГАНА СҮЙДДЭГ»-ИЙН АДИЛ ФРАКЦУУДЫН ЗӨРЧИЛ Х.ТЭМҮҮЖИНГЭЭР «СОР ЗАЛАХАД» ХҮРГЭХ НЬ

сайдЯпонд нурууны мэс засал хийлгэж ирээд удаагүй байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн амралтын өдөр телевизийн ярилцлагын нэвтрүүлэгт оролцов. Ярийлцлага эрхэм Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн талаар эхэлсэн ч, үндсэн агуулга  нь улс орны амьдрал, улс төрийн нөхцөл байдалд өрнөж буй хариулт нэхсэн олон асуултад байр сууриа илэрхийлэх зорилготой нь харагдаж байлаа. Хаврын чуулган эхэлснээс хойш Монголын улс төр нэг л ааш муутай байна. Ааш нь олддоггүй улирлын онцлог шигээ улс төрийн амьдрал ийм байх шалтгааны эхлэлийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч өөрөө тавьчихсан болохоор, энэ байдалд тэрбээр ямар дүгнэлт өгөх нь олны анхаарлыг татах нь зүйн хэрэг.

Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн өргөн барьсан сайдуудын давхар дээлийг дан болгох төслөөс үүдэлтэй Засгийн газрыг хуулиар огцруулах улс төр хүчтэй өрнөж байгаа өнөө үед гэх үү дээ. Гэхдээ телевизийн сувгаар орон даяар нэгэнт шууд цацсан нэвтрүүлгийн тухай энд дахин давтаж, нурших гэсэнгүй. Харин Ерөнхийлөгчийн байр сууриа илэрхийлсэн нэгэн асуудалд Их хурлын дарга З.Энхболд “хариу барьж”, цахим ертөнцөд хэлэлцүүлэг өрнүүлэх шахсан нь олны анхаарлыг татаж байна.
Сайдуудын давхар дээлийг тайлахаас урьтаад, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах операци эрчээ авчихсан, энэ долоо хоногийн пүрэв гаригт эцсийн шийдвэр гарахад бэлэн болчихсон байгаа. Харин Ерөнхийлөгч Хууль зүйн сайдын тухай “Тэмүүжин бол өөрийн гэсэн үнэт зүйлтэй, залуу хүн. Алдах юм байлгүй л Яахав. Гэхдээ энэ хүн суралцаж байгаа. Одоо улам цаашаа эрч хүчтэйгээр ажиллах байх” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Түүнийг энэ талаар хэлж дуусав уу, үгүй юу УИХ-ын дарга З.Энхболд АТГ-т хөрөнгө, орлогын мэдүүлгээ худлаа мэдүүлсэн гэх Н.Амарзаяаг Х.Тэмүүжин сайд Цагдаагийн Ерөнхий газрын Дотоод хяналт аюулгүй байдал эрхэлсэн дэд даргын албан тушаалд томилсон албан бичгийг ил гарган “Ийм шинэчлэл хийгээд байгаа учраас дэмжихгүй байгаа” хэмээн бичжээ. Өөрөөр хэлбэл Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг араас нь удирдаж, чиглүүлж байсан УИХ-ын дарга З.Энхболд ил гарлаа. Өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы хуралдаан дууссаны дараа Хууль зүйн байнгын хороо гэнэт хуралдахаар болсон. Ажлын цаг бараг дууссан, уг асуудлаар УИХ дахь бүлгээр хэлэлцээгүй шахуу байхад Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг яаран хэлэлцсэн нь ч УИХ-ын дарга З.Энхболдын тоглолт байсан нь нууц биш болсон. Хаалттай хаалганы цаана болсон уг хуралдаанд нийт 15 гишүүн оролцсон. Үндсэн бүрэлдэхүүн нь 19 ч, уг өдрийн хуралдаанд дөрвөн гишүүн оролцоогүй аж. Л.Болд, Д.Батцогт, З.Баянсэлэнгэ, Л.Цог нар оролцоогүй гэнэ. Харин шийдвэр нь 12:3-аар буюу Р.Гончигдорж, С.Баярцогт, Х.Тэмүүжин сайд өөрөө эсрэг санал өгсөн бол, дийлэнх олонхи буюу 12 гишүүн огцруулъя хэмээн гараа өргөсөн юм.
Х.Тэмүүүжин сайдыг огцруулах саналыг өргөн барьсан хүн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү. Мэдээж иймэрхүү асуудалд цөөнх боломжийг ашиглаж, тоглолт хийж л таарна. Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнд Ардчилсан намын есөн гишүүн бий. Харин МАН хийгээд Шударга ёс эвслийн тус бүр таван гишүүн харьяалагддаг. Гэвч аливаа асуудалд фракцийн зарчмаар ханддаг Ардчилсан намынхан энэ удаа Х.Тэмүүжинг хамгаалсангүй. Байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржоос эхлээд Ж.Батзандан, Д.Ганбат нар Ардчилсан нам дотроо л хүчтэйд тооцогддог МоАХ-д харьяалагддаг. Үндсэндээ Х.Баттулгын хүмүүс гэж хэлж болно. Ерөнхий сайд болох мөнхийн “мөрөөдөл”-тэй Х.Баттулга юу гэж Х.Тэмүүжингийн талд зогсох билээ. Хууль зүйн сайдыг огцруулах операцийн автор нь О.Баасанхүү ч, ард нь З.Энхболд байгаа гэхэд болно. Тиймээс тэрбээр эсрэг санал өгөх нь мэдээж. Ингээд л Р.Гончигдорж, С.Баярцогт нараас өөр Х.Тэмүүжинг хамгаалах хүн олдсонгүй. Гэхдээ ингэснээрээ Х.Тэмүүжин тэдний фракц гэсэн үг биш юм. Үнэндээ түүнд харьяалагдах фракц, хамгаалах бэхэлгээ бараг байхгүй. “Нэг ардчилал” клубийн хэдэн залууд л бий байх. Тиймээс л “Хулан наадахад хулгана сүйддэг”-ийн үлгэрээр засгийн эрхийн төлөөх Ардчилсан намын фракцуудын зөрчилдөөн Х.Тэмүүжингээр “сор залахад” хүргэж байгаа нь энэ юм. Ийм юм болно гэж төсөөлөөгүй ч, фракц гэж юу байдгийг “мөнхийн нөхөрлөл биш мөнхийн эрх ашиг” гэж юу болохыг З.Энхболд энд үзүүлэв.
Уг нь хуулийн байгууллага эрх мэдэл, албан тушаалтны өмнө бөхөлздөг байсан цаг саяхан. Харин тус салбарт нээлттэй бодлого зарлаж, эрх зүйн шинэчлэл хийсэн хүн нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гэхэд болно. Угаас аливаа өөрчлөлт. шинэчлэлт нь тодорхой цаг хугацаа, сорилт шалгуурыг даван туулж байж үр дүнд хүрдэг. Өнгөрсөн хугацаанд тус салбар энэ бүхнийг хийх эрх зүйн орчноо бүгдийг нь биш ч, бас ч үгүй амжилттай бүрдүүлж чадсан. Гэвч асуудал хариуцсан” сайдаар” нь “сор залвал” Засгййн газрын Хууль зүйн салбарын тухайд бүх зүйл дахиад “тэг”-ээс эхлэх болж байна.
Энэ нь Ардчилсан намын хувьд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нэг алхмаасаа ухарсантай адил. О.Баасанхүү гишүүний хувьд ойрд ёстой л “даам” байгаа. Тамхины хяналтын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл нь чуулганы танхимд шуугиан тарьж, ангийн нөхөд нь татдаг, татдаггүйгээрээ талцан маргалдаж түүнийг тэр өдрийн од болгосон бол, одоо Х.Тэмүүжинг огцруулах төслийг өргөн барьснаараа олны анхаарлын төвд байна. УИХ-д “дайвар бүтээгдэхүүн” шиг орж ирсэн түүнийг ийнхүү “даам” болгох ажлыг З.Энхболд, X.Баттулга нар хийсэн ч, олон нийт О.Баасанхүүгээр л харж байна. Тэгэхээр ард түмэнд Ардчилсан нам хэний явуулгаар, хэнд хариуцлага тооцсон болж харагдах бол.
Б.ЭНХЖАРГАЛ

URL:

Сэтгэгдэл бичих