Шинэчлэл Мухардалд Орлоо, Дахиад ч Мухардана

Эрх зүйн шинэчлэлийг сонгуулиас сонгуулийн хоорондхи аль нэг намын төрийн эрх барих дөрвөн жилийн хугацаатай ч юм уу, эсвэл улс орны дөчин жилийн хөгжилтэй тэнцэхүйц том улс төрийн амлалтаар тодорхойлж огт болохгүй.

Эрх зүйн шинэчлэл гэдэг бол урт удаан хугацааны турш тууштай явах улс төрийн болон эрх зүйн бодлогын ухаалаг тоглолтын үр дүнд биежих цогц ойлголт юм.
Манай нийгэмд өнөөдөр энэхүү шинэчлэлийг хүлээж авах хийгээд тайлбарлах үндсэн хоёр хандлага өөр хоорондоо өрсөлдөж байна.

Нэг талаас, шинэчлэлийг бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, боловсон хүчний халаа сэлгээ төдийхнөөр тайлбарлах хэсэг. Нөгөө талаас, иргэдийн эрхийг хамгаалая, төрийн байгууллагуудын бие даасан байдлыг хангая, иргэдийг нийгмийн харилцаанд идэвхтэй оролцах, шийдвэр гаргах төвшинд нөлөөлөх чадамжийг сайжруулая гэдэг эсрэг тайлбар.

Хэрэв нэгдэх хандлага буюу бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, боловсон хүчний халаа сэлгээ төдийхнөөр шинэчлэлийг хүлээн авч, тайлбарлаж байгаа тэр хэсэг нийгмийн олонхийн дэмжлэг авбал эрх зүйн шинчлэл нэртэй улс төрийн олон тоглолтууд үргэлжлэх болно.

1997 оноос хойшхи өнгөрсөн 17 жилийн хугацаанд манай улс орны тодорхой салбаруудад эрх зүйн шинэтгэл хийгдэж байсан. Тэрхүү шинэтгэлүүд нийгмийг тэр чигт нь хамарсан улс төрийн хурцадмал байдал руу хөтлөөгүй онцлогтой.

Шалтгаан нь тун энгийн – улс төрийн эрх мэдэл нэг нам, нэг хэсэг бүлэг сонирхолд төвлөрч байсан хийгээд тухайн шинэтгэлүүд нь нийгмийн аль ч хүрээнд төдийлөн цочмог өөрчлөлт оруулж чадаагүйтэй холбоотой юм.

Харин өнөөдөр улс төрийн эрх мэдэл нэг намаас нөгөө намд, нэг хэсэг сонирхлоос нөгөө хэсэг сонирхолд шилжсэн ийм үед эрх зүйн шинчлэл болж байгаа нь маш онцлогтой, бас энэ нь шинчлэлийн эмзэг тал болж байна.

Энэ цаг үед тулгамдсан гол зүйл бол шинэчлэл зөв юм уу, эсвэл буруу байхдаа биш юм. Харин цааш цаашдаа өрнөх олон шинчлэлийг хүлээж авах, тууштай хадгалах урт удаан хугацаанд үргэлжлэх эрх зүйн шинчлэл, улс төрийн шудрага бодлогын өрсөлдөөнийг бүрэн хангах орчныг бүрдүүлж өгөх зарчмын шинжтэй өөрчлөлтийг давхарт нь шийдвэрлэж чадаж байна уу? гэдэгт хамгийн гол утга учир нь байгаа юм.

Улс төрийн нам нийгмийн бүх салбарын харилцаанд өнөөдөр маш хүчтэй нөлөөлж, онцгой үүрэг гүйцэтгэж байна. Ийм хэлбэр бүтэцтэй, үүрэг чиглэлтэй эрх мэдлийн тогтсон дархлаанаас ямар ч улс төрийн хүчин цаагуураа бол бүрэн салах битгий хэл сулруулахыг ч хүсэхгүй байна.

Төрийн эрх мэдэл улс төрийн нэг хүчнээс нөгөө хүчинд, эсвэл тухайн эрх баригч хүчин доторохи нэг бүлгээс нөгөө бүлэгт шилжих энэхүү өөрчлөлт нийгмийг бүхэлд нь тогтворгүй байдалд хүргэхээс гадна урт хугацаа шаардагдаж байж шийдэгдэх нийгмийн чухал шинчэлийн ач холбогдолыг бүдэгрүүлэх, үгүйсэх хүчин нөхцөл болж байна.

Шинэчлэл амжилттай, үр дүнтэй байхын үндэс бол эрх барих хүчин, сөрөг хүчин, болон тэдгээрийн дотоодын сонирхлын бүлгүүдийн харилцан зөвшилцөл, хамтын ажиллагаа юм.

Харин одоогийн явж байгаа эрх зүйн шинчлэл нь улс төрийн эсрэг байр суурин дээр байгаа нөгөө хүчинтэйгээ зөвшиж зөвлөлдөхөөсөө илүүтэй суудлын олонхийн байр суурьнаас хандаж байгаа нь ирээдүйд шинчлэлийн ач холбогдлыг бууруулах үндсэн шалтгаан болох аюултай юм.

Улс төрийн зөвшилцөлд хүрээгүй ийм нөхцөлд шинчлэлийн ач холбогдол, мөн чанар, агуулга буурах тэр ч битгий өөрчлөгдөх аюултай. Тэгэхлээр улс төрийн аливаа хүчнээс хараат бус, бие даасан, төрийн институтийг бүрдүүлэх нь аливаа шинчлэлийн оршихуйн үндэс юм.

Хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн институтын чухал нэгжүүд болох агентлаг, газар, нутгийн өөрөө удирдах байгууллагуудын шийдвэр гаргах эрхийн чадамж, тогтолцоонд зарчмын өөрчлөлт оруулах шаардлагатай юм.

Улс төр, эдийн засаг, эрх зүйн ач холбогдолтой зарим нэг агентлаг, газруудын шийдвэр гаргах эрх бүхий удирдлагын тогтолцоог хамтын зарчмын хэлбэрт (5-6 гишүүнчлэлтэй) шилжүүлэх шаардлагатай юм. Энэ нь дээр хэлсэнчлэн зөвшилцөлд хүрэх улс төрийн сонирхлыг өдөөхөөс гадна тухайн байгууллагын бие даан шийдвэр гаргах чадварыг бий болгож өгнө.

Аливаа эрх зүйн шинчлэлийг иргэдийн хүсэл зорилго, сонгуулийн үр дүн гэсэн ерөнхий, ямар ч хаяггүй ойлголтонд тулгуурлан хийх нь түүнд учирч болох бас нэг аюул юм. Яагаад вэ гэвэл иргэдийн санал бодол хурдан өөрчлөгдөж болохоос гадна иргэд шинчлэлийг хамгаалах бат тууштай хана хэрэм, үйл ажиллагааны эх үндэс байж чаддаггүйтэй холбоотой.

Харин шинчлэлийг бие даасан иргэнийн байгууллагуудад тулгуурлан хэрэгжүүлэх нь түүнийг хадгалж, хамгаалж үлдэх үндэс болох юм. Харин өнөөдөр энэ төрлийн байгууллагуудын эрх зүйн орчин, бие даан тогтмол ажиллах хийгээд улс төрийн шийдвэр гаргах төвшинд нөлөөлөх чадварыг баталгаажуулсан эрх зүйн үндсийг бүрдүүлж бид хараахан чадаагүй байна. Энэ л чухамдаа шинэчлэлийг тууштай хадгалан үлдэх, эрх зүйн шинчлэлийн үндсийг бүрдүүлэх иргэний ниймийн бат бөх суурьд шууд нөлөөлөх сөрөг тал юм.

Шүүх хуулийн байгууллагад хийж буй өнөөгийн шинчлэлээр эрх зүйн шинчлэлийг төсөөлж, дүгнэж, дуусгавар болгож огт болохгүй. Бидэнд эрх зүйн шинчлэл хийх шаардлагатай олон салбар чиглэл, хуримтлагдсан тулгамдсан асуудлууд байсаар байна.

Шинчлэлийг хийхэд улс төрийн хүчний зөвшилцөлд хүрээгүй, хууль хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын бие даасан байдлыг бүрэн хангаагүй, иргэний байгууллагууд хүчтэй хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлээгүй тохиолдолд тухайн шинчлэл урт удаан хугацааны үүргээ гүйцэтгэж чадахгүй төдийгүй улс төрийн намууд, хэсэг сонирхлын бүлгүүдийн тоглолтын хэлбэр төдий болон үлдэх маш аюултай. Шинчлэл шинэчлэлийгээ хамгаалах эрх зүйн орчноо бэлдэхгүй бол ШИНЭЧЛЭЛ ДАХИН МУХАРДАЛД ОРНО!

 

Ууганбаяр Дашпүрэв


URL:

Сэтгэгдэл бичих