Зөрчилтэй барилгуудад хугацаатай шаардлага тавьжээ

барилгаНийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит бус хуралдаан өнгөрсөн 28-ны өдөр болж, Нийслэл хотод баригдаж буй барилгуудад хийсэн шалгалтын талаар танилцуулга хийсэн байна. Уг шалгалтыг нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын алба гуравдугаар сарын 1-нээс энэ сарын 1-ний хооронд нийслэлийн зургаан дүүрэгт хийсэн ажээ.

Энэ оны I улирлын байдлаар нийслэлд баригдаж буй барилгуудад хийсэн шалгалтын дүн мэдээг танилцуулсан байна. Нийслэлийн хэмжээнд нийт барилга угсралтын ажил эхлэн гүйцэтгэж буй барилгуудын батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз, ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл, барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хэрхэн баримтлан ажиллаж байгааг шалгажээ. Нийслэлийн хэмжээнд нийт 475 барилга баригдаж байгаа бөгөөд 256 барилга угсралтын ажил эхэлсэн байна. Үүнээс 198 барилга Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авчээ. Харин Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл авсан 135, барилга угсралтын ажил нь дуусч комисс ажиллуулах хүсэлт өгсөн болон комисс ажилласан 85, шат шатны шүүхэд маргаантай байгаа дөрвөн барилга байна.

Шалгалтын явцад бичиг баримтын зөрчилтэй 57 барилга байгаагаас 24 барилга ажил эхлүүлэх зөвшөөрөл хүссэн хүсэлтээ ирүүлсний дагуу бичиг баримтын бүрдлийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар шалгаж байгаа гэнэ. Шалгалтаар холбогдох зөвшөөрөл аваагүй, бичиг баримтын зөрчилтэй, барилга угсралтын ажил гүйцэтгэх явцад олгогдсон зөвшөөрлийн хэмжээ хэтрүүлэн барилгын ажил гүйцэтгэсэн, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг баримтлаагүй зөр-чилтэй барилгуудад зөрчлийг арилгуулах тухай 25 шаардах хуудасхүргүүлжээ. Өнөөдрийн байдлаар зөрчилтэй баригдаж буй 33 барилгыг дүүргээр ангилвал Сүхбаатар дүүрэгт 1, Чингэлтэй дүүрэгт 3, Баянзүрх дүүрэгт 9, Баянгол дүүрэгт 11, Сонгинохайрхан дүүрэгт 3, Хан-Уул дүүрэгт 6 барилга байгаа гэнэ. Эдгээр нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжүүлэх, зевшөөрөл аваагүй, зогсоох шаардлага авсан барилгууд байгаа юм. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд зөрчилтэй 33 барилгаас зөрчлөө арилгах хугацаатай шаардлага тавьж, хугацаа хэтрүүлсэн эсвэл зөрчил арилгах боломжгүй барилгуудын жагсаалтыг гарган олон нийт, банк санхүүгийн байгууллагад эрсдэлтэй болохыг мэдэгдэх үүргийг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбатад даалгажээ.

Барилгын осол, аваар гарсны дараа асүудлыг ярьдаг биш, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хийх шаардлагатай гэв
Мөн энэхүү ээлжит бус хуралдаанаар Барилгын үйл ажиллагаатай холбоотой 2014 онд гарсан осол, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хийгдэжбайгаа ажлын талаар мэдээлэл сонссон байна. 2014 он гарсаар нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын осол найм, бусад осол зургаа гарч долоон хүн амь насаа алдаж, хоёр хүн бэртэж, гурван автомашин гэмтсэн байна. Эдгээр осол нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, мэргэжлийн бус ажилтны хариуцлагагүй үйлдэл, анхаарал муу байснаас гарсан бөгөөд зарим осол нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул цагдаагийн байгууллага шалгаж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас их эрсдэлтэйд тооцоогдож буй барилгын салбарт хяналт шалгалтыг төлөвлөгөөний дагуу хийж, шалгалтын дүнд үндэслэн гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах ажлыг зохион байгуулж ажиллаж байгаа ч нийслэлийн хэмжээнд осол буурахгүй байна гэж тус газрын дарга М.Ням-очир хэллээ. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд барилгын осол, аваар гарсны дараа асуудлыг ярьдаг биш, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хийх шаардлагатайг анхааруулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаагхангуулах тухай Нийслэлийн Засаг даргын албан даалгавар гаргахаар шийдвэрлэлээ.

Уг албан даалгаварт НИТХ-ын 2014 оны 5/14 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”, 2013 оны 75 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар тусгана.

Мөн ослын гол шалтгаан болж буй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, өргөх, зөөх байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангах, угсрах засвар үйлчилгээ хийх, зөөж, шилжүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэх, өргөх байгууламжийг ашиглахдаа мэргэжлийн үнэмлэхтэй кранчин, операторчин, оосорлогч, дохиочинг ажиллуулах зэрэг үүргийг аж ахуйн нэгжид даалгах юм.

 

 

 

Г.Цэцэг /НИЙСЛЭЛ ТАЙМС/


URL:

Сэтгэгдэл бичих