17-34 насны хүмүүс хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж байна

албаУлсын мөрдөн байцаах газраас цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийсэн. Энэхүү мэдээллийг багцлан хүргэе. Тухайлбал, хар тамхины хэргээр өнөөдрийн байдлаар монголын таван иргэн цаазлуулжээ. 2002-2009 онд буюу найман жилийн хугацаанд нийт 63 гэмт хэрэгт 184 хүн холбогдон шалгагдаж байсан бол 2009 оноос энэ төрлийн гэмт хэрэг түүнд холбогдогчдын тоо жил бүр өсч 2014 оны эхний гурван сарын байдлаар 365 үйлдэлд 460 хүн холбогдон шалгагдсан байгаа аж.

2010 оноос хойш бүртгэгдсэн гэмт хэргийг 2002-2009 оны гэмт хэргийн дундажтай харьцуулж үзэхэд гэмт хэргийн үйлдэл нь 7.6 дахин, холбогдогч хүн нь 5.3 дахин өссөн үзүүлэлттэй гарчээ. Монгол Улсын 66 иргэн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт гадаадын улс орнуудад шалгагдан шийдвэрлэгдсэн байдаг байна. Тухайлбал, Унгар, Казахстанд гурав, ОХУ-д зургаа, Малайзад тав, Грек, БНХАУ-д 44 иргэн байгаа аж.

Эдгээрээс цаазаар авах ялаар шийтгүүлсэн таван иргэн байгаа гэнэ. Харин одоогоор Малайз улсад хэрэг нь шалгагдаж байгаа манай улсын гурван иргэн цаазаар авахуулах ял сонсох магадлалтай байгаа юм байна. Түүнчлэн Монгол Улсын хоёр иргэн хар тамхи, мансууруулах бодисыг ходоодондоо залгиж тээвэрлэгчийн үүрэг гүйцэтгэж явахдаа амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд бүртгэгддээд байгаа ажээ. Тиймээс Улсын мөрдөн байцаах газраас нийт иргэдийг энэ төрлийн гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Хүн худалдаалах гэмт хэрэг жил ирэх тусам всч байна гэлээ
Хүн худалдаалах гэмт хэргийн тоо жил ирэх тусам өсч байгаа гэнэ. Тухайлбал, 2010 оноос хойш 53 холбогдогчтой 46 эрүүгийн хэрэгт 134 охид бүсгүйчүүд хохирсон тоон мэдээ гарчээ. Харин он гарсаар Филиппин, Индонез, БНХАУ-аас хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж хохирсон нийт долоон эмэгтэйг Мөрдөн байцаах газрын үйл ажиллагааны шугамаар Монгол Улсад авчирсан байна. Зүүн өмнөд азийн орнууд болох Малайз, Индонез, Филиппин, Макао, Сингапур зэрэг орнууд мөн АНУ-ын харьяа Сайпан арал зэрэг жижиг арлууд руу охидыг худалдаалах болсон аж. Тиймээс эдгээр орнууд руу хүүхэд, ах, дүүгээ ажиллах, сургалтаар явуулахдаа энд үлдэж байгаа ар гэрийнхэн нь онцгой анхаарах, хяналт тавьдаг байх шаардлагатайг албаныхан дуулгалаа.

Албаны тоон мэдээгээр зүүн өмнөд азийн орнуудад хүн хулдаалах гэмт хэрэгт өртөж болзошгүй 17-34 насны 200 монгол охид, бүсгүйчүүд байгаа гэнэ. Харин албан бус тоон мэдээгээр бол 400-450 орчим охид, бүсгүйчүүд байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Мөрдөн байцаах газарт шалгагдаж байгаа энэ төрлийн гэмт хэргүүдэд дүгнэлт хийхэд хохирогч болох бүсгүйчүүд ар гэрийнхэндээ үнэн байдлаа хэлдэггүй нуудаг байна. Өөрөөр хэлбэл, хүний наймааны хохирогч болно гэдгээ мэдэхгүйн улмаас суралцахаар эсвэл ажиллахаар явлаа хэмээн худал хэлдэг аж.

Тиймээс Монголд үлдсэн эцэг, эх нь охиноо гадаадад оюутан байгаа хэмээн бодож цаг алддаг байна. Албаныхны хэлж буйгаар сүүлийн үед хүн худалдаалах гэмт хэргийг ихэвчлэн монгол охид хийх болсон болжээ. Тиймээс охидуудаа хэнтэй нөхөрлөж, хаашаа явах гэж байгаад маш өндөр хяналт тавих цаг аль хэдийн болсон гэлээ.

“Шар” хочит Энхээгийн хэрэг прокурот шилжжээ
Улсын мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсээс олны анхаарлыг татаж байсан хэргүүдийн мөрдөн байцаах ажиллагаа ямар шатанд явж байгаа талаар мөн мэдээллээ. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард Эрүүгийн цагдаагийн газрын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээс АНУ-ын иргэн М гэгч нь Улаанбаатар хотын шөнийн цэнгээний газруудад тайчих үзүүлбэр үзүүлдэг монгол охидыг Номхон далайд орших Сайпан арал руу худалдаалах гэж байсныг илрүүлжээ. Уг хэргийн мөрдөн байцаах ажиллагаа нь явагдаад дууссан байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг хэсэг бичигдэж байсан “Шар Энхээ” хочит Э.Энхбатад холбогдох хар тамхи мансууруулах бодисыг тээвэрлэсэн, хууль бусаар олж авсан хэмээх гэмт хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дууссан байна.

Улмаар прокурорын байгууллагад хянуулахаар шилжүүлжээ. Хэргийг эргэн сануулахад, Э.Энхбат нь БНХАУ-д байж байгаад ирээд удаагүй байхдаа Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн цагдаагийн тусгайгийнхантай хамт очиж баривчилж байсан юм. Түүний гэрт нь нэгжлэг хийх үеэр хар тамхины төрлийн ургамал гарч ирсэн учир түүнийг хар тамхины төрлийн бодис хадгалсан, хэрэглэсэн хэмээн буруутгаж мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байсан билээ.

Б.Батзориг: Ш.Батхүүгийн хэрэгт Дарханы төмөрлөгийн уйлдвэрийн захирал асан Т.Ганболдыг шалгаж байгаа
Энэ үеэр Мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Батзоригоос дараах асуултанд хариулт авлаа.

-Танай дээр хар тамхины хичнээн хэргийг илрүүлэн шалгаж байна вэ. Х.Тэмүүжин сайдтай нэр холбогдсон охины хэрэг шалгагдаж байгаа юу?
-Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хар тамхины хэргүүдийг илрүүлэн шалгаж байгаа. Тодруулбал, өнгөрсөн сарын 2-нд Баянгол дүүрэгт гарсан хар тамхины хэрэг буюу иргэн X нарын дөрвөн хүн машин дотроо хар тамхи хэрэглэж байсан хэрэг шалгагдаж байна.

-Хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байгаа охин Х.Тэмүүжин сайдтай холбоотой гэсэн. Энэ үнэн үү?
-Прокурорын байгууллагаас холбогдох зөвшөөрлийг авч утсанд дахь харилцаануудыг нь хянах явцад тухайн хэрэгт холбогдогч иргэн С-ийн утсанд олон тооны холболтууд гарч ирсэн. Энэ холбогдсон дугааруудын нэг нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн утас байсан. Тухайн үед бид хар тамхины хэрэг гэдэг үүднээс шалгаж байснаас Х.Тэмүүжин сайдтай холбоотой гэж мэдээгүй. Улмаар их хурлын гишүүний халдашгүй байдал яригдах учир үүнээс цааш нарийвчлан шалгаагүй, орхисон байгаа.

-Тэгвэл энэ бүхнээс үүдэж цагдаа нарыг сайдыг тагнаж, чагнасан гэх асуудал яригдаад байгаа?
-Зөвхөн хууль зүйн сайдаас гадна хэд хэдэн хүн холбогдсон. Тиймээс гэрчийн мэдүүлэг авсан. Харин хууль бусаар тагнаж, чагнасан асуудал байхгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй учир дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй. Тагнуулын байгууллага энэ асуудлыг шалгаад Прокурорын байгууллага хянаад шийдвэрлэхдээ цагдаагийн байгууллагын зүгээс тагнасан, чагнасан зүйл алга гэж үзсэн байгаа.

-Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хар тамхи хэрэглэгчдийн тоо өсөөд байгаа гэсэн мэдээлэл бий?
-2013 оны НҮБ-ын тайлангаар 18-30 насны 230 сая иргэн хууль бусаар хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг нь судалгаагаар илэрсэн. Тэгвэл 2008 оноос хойш хар тамхи хэрэглэгчдийн тоо 18 хувиар өссөн байдаг. Үүнээс 14 сая хүн мансууруулах бодис удаа дараа хэрэглэж байгаагийн 1.6 сая нь ДОХ-ын халдвартай иргэн байгаа. Монгол Улсын хэмжээнд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хууль бусаар хэрэглэхтэй холбоотой гэмт хэрэг өссөн дүнтэй байна.

-Хүн худалдаалах гэмт хэрэг ч ялгаагүй жил бүр өсч байгаа?
-2010 оноос хойш 53 холбогдогчтой 46 эрүүгийн хэрэгт бүртгэгдсэн. 2014 он гарсаар Филиппин, Индонез, БНХАУ-аас хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж хохирсон нийт долоон охид, бүсгүйчүүдийг нутагт нь авчирсан. Зүүн өмнөд Азийн орнууд болох Малайз, Индонез, Филиппин, Макоа, Сингапур зэрэгжижиг орнууд руу охид бүсгүйчүүдийг явуулахдаа эцэг, эхчүүд онцгой анхаарч хяналт тавих хэрэгтэй байна. Зүүн Өмнөд Азийн орнуудын чиглэлд 200 охид бүсгүйчүүд байгаа гэх мэдээлэл байна.

-Сүүлийн үед Монголчууд өөрсдөө нутаг нэгтнээ худалдаалж, зуучилдаг гэх мэдээлэл байна?
-Тийм зүйл гарч байгаа. Тухайлбал, АНУ-ын иргэн М гэгчид Монгол Улсын нэр бүхий 15 охиныг Сайпан арал руу ширээний хүүхэн, үйлчлэгч нэрийн дор худалдаалахаар явуулах гэж байгааг нь мэдэж болиулсан. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад дуусч байна.

-Жастын Ш.Батхүүгийн хэрэгт өөр албан тушаалтнууд шалгагдаж байгаа юу?
-Ш.Батхүүгийн хэрэгт Төрийн албан хаагчдаас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал асан Т.Ганболд, ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Сугар нарыг холбогдуулан шалгаж байгаа. Одоогийн байдлаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрх яригдаад байгаа учир Д.Сугар албан ёсоор ирж мэдүүлэг байцаалт өгсөн зүйл байхгүй. Харин Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Т.Ганболд холбоотой асуудал манай дээр шалгагдаж байгаа. Хэргийг шалгах явцад 10 сая төгрөг дансаар орж ирсэн байгаа. Энэ мөнгө ямар учиртай болохыг тогтоохоор мөрдөн байцаалтыг явуулж байна.

-Нас барсан иргэнийг бүртгүүлэлгүйгээр бичиг баримтыг нь ашиглаж байна гэх мэдээлэл байна?
-Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр МУ-ын Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэгдэж, улмаар 2013 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр харьяалал тогтоогдсон эл хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа. Аймгийн иргэд нас барсан иргэдийн тэтгэвэр, халамжийг авдаг, нас барсан иргэнд хүүхэд үрчлүүлдэг байжээ. Улмаар банкны ажилтнууд шан харамж авч эх орны хишиг, халамж үйлчилгээний мөнгийг нь хууль ёсны баримтгүйгээр /нас барсан/ иргэний гарт бус шан харамж өгсөн өөр хүн олгодог. Мөн гадаад улсад эмчилгээ хийлгэхээр явсан замын зардал, Иргэний бүртгэл, халамжийн сангийн бүртгэлтэй тоон мэдээлэл зөрсөн. МУ-ын харьяатаас гарсан иргэд төр захиргааны албанд ажилладаг зэрэг цөөнгүй зөрчил дутагдлууд илэрсэн. Одоогоор 2.8 сая иргэний халамж, санхүүжилтийн орлогыг анхан шатны баримтаар тулгалт хийж байна. Эцсийн дүн гараагүй мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

 

Н.АЛТАНЦЭЦЭГ /НИЙСЛЭЛ ТАЙМС/


URL:

Сэтгэгдэл бичих