Өгүүллэг: Н.Бадамжав : Бялзуухайн нислэг

imagesfddfdssМод, навчис, тэнгэрийн хэлтэрхий, байшингийн булан. Цонхны харалдаа ургасан хоёр модны нэг нь шилмүүст, нөгөө нь навчит мод. Шилмүүст модны шилмүүс нь бараан, сааралдуу ногоон өнгөтэй. Өнгөрсөн жил ч юм уу түүнээс эрт  ургаад яагаад ч юм бэ унаагүй жижигхэн хар боргоцойнууд нь сүлд модны тоглоомууд шиг. Нөгөө модны навчнууд нь нялх ногооны өнгөтэй. Наранд гялтганана. Бүгд шинэхэн, нялххан. Наранд гялтганах навчсыг харахаар

Арын гурван хайлаас

Алтнаас илүү гялалзана

гэсэн ардын дууны үг санаанд дандаа ордог. Анги хүний үр яагаад ааваас илүү санагддаг юм бол доо гэсэн гэнэхэн бодлынхоо учгийг тайлаагүй л явна.

Навчны тухай бичнэ гэдэг хавар ирсний дохио. Модод ногоорч, шарлаж, хувхайрч, ганц ч навчгүй болж, цасанд хучигдаж, цас нь хайлж, дахиад л ногоорно. Намар хэрэв аугаа их үхэл юм бол өвөл үхлийн дараах амьдрал гэлтэй. Би цасгүй, хуурай, тунгалаг өвөлд дуртай.  Ганц ч навчгүй моддын уран мөчрүүд үүлгүй цэлмэг тэнгэрийн юм уу, эсвэл бүрхэг өдрийн тунгалаг саарал дэвсгэр дээр харагдахаараа эртний хятадын зураачдын бийрийн уран яруу татлагыг санагдуулдаг юм. Одоо навчис ургаад мөчир нь харагдахгүй болжээ. Моддын цаанаас ухаа ягаан өнгөөр шохойдсон хуучин байшингийн булан харагддаг.  Би олон жил энэ байшингийн буланг цонхоороо харж, хажуугаар нь явж байна. Орж үзээгүй. Дотор нь амьдардаг хүмүүсийг ч хараагүй. Бид, их хотын иргэд саахалтын зайд төрж, насаараа нэг л байшинд шахуу амьдраад бие биенээ танилгүй үхдэг. Зэргэлдээ ертөнцүүд мэт. Өөр өөрийн хэмжээсээр, өөр өөрийн үзэмжээр орчлонг туулах бидэнд огтолцох цэг олдохгүй ч байж мэднэ. Амьдрал яг мод шиг. Нэг л өглөө навчсаа гүвнэ. Амьдрал гэдэг зэргэлдээ байшиндаа ч орж үзэж амжихааргүй тийм л богинохон…

-Чаг чаг чаг…. 46,45,44 … гэж цолгиун тоолонгоо, -Бялзуухай минь

Будант гудамжийг хэрэн нисээрэй

Булбарай түүнд минь

Булингарт үгийг минь шивнээрэй гэж намуухан гиншин дуулна. Энэ үесд толгой нүцгэн мөнөөх эр өргөн чөлөө өгсөн тамхиа баагиулсан шиг түргэн түргэн алхалсаар одов. Цонхны хөшиг үл мэдэг чичигнэнэ. Өргөн чөлөөний дараагийн зочид баруун зүүн хоёр этгээдийн гудамжнаас орж ирцгээлээ. Бүрх малгай духдуулж арьсан цүнх эгэлдэргэлсэн хижээл насны нүдний шилт танхайдуу байрын идэрмэг хоёр эртэй хөшөөний дэргэд шууд тулчихав. Залуус яаж зүгээр байхав дээ.

-Ах хүү гал байна уу… гэхэд хижээл эр халаас өврөө сандран онгичин, -Ах нь тамхи татдаггүй л дээ гэж ээрэн өгүүлнэ.

-Тэгвэл байгаа мөнгөө гаргаад ир

-Өө.. тэгэлгүй яах вэ. .. Гэхдээ ах нь жаахан мөнгөтэй. Та хоёрт багадаж юуны магад. Голохгүй бол шүү дээ гэж цантсан нүднийхээ шилийг гарынхаа алгаар арчлан өгүүлэхэд мөнөөх хоёр гудамж цуурайттал хөхөрч, -Ха ха… Хи хи.. Тоглосийм аа. Зүгээр л арилж үз. Тань шиг хүмүүст гар хүрдэггүй юм. Эхнэртээ очиж эрхэл дээ гэж тавлацгаав. Нүдний шилт цүнхээ сугандаа тас хавчуулаад хар гүйхээрээ гудамж уруудан майжигналаа.

-Надад ид хаваа гайхуулах гэсэн юм байх даа. Бүсгүй хүнд өөрийг нь аминаасаа илүү хайрладаг эр хүн хэрэгтэй. Үнэнч бас туйлбартай гэж бүсгүй хөшигний завсраар сэм харж зогсохдоо бахархангуй бодож зогслоо. Цагийн цохилго зүрхний хэмээр цохилно. -46,45,44… цай оочлонгоо тэр тоолно. -12-хон минут гэж амандаа гүвтнэнэ. Хуримын даашинз дээрх очир алмаз од адил очтон гялсхийнэ.

Үүр тэмдэгрэн үнэгэн харанхуйд ууссан өргөн чөлөөний амар амгаланг залуу хосын инээд хөөр эвдлээ. Хөшөөний өмнө гоолигхон хээнцэр залуу шаргал  үст бүсгүйн мөрөөр тэврэн үе үе уруулыг нь озон чихэнд нь янаг амрагийн үг шивнэнэ.

Хөшигний цаадах бүсгүй –Одоо яг одоо. Бөгжөө өг. Хайраа илчил. Залуу минь өөртөө итгэлтэй бас зоригтой бас үнэнч бай. Тэр бүхэн чинь байхгүй бол яг одоо түүнээс зайл гэж тэсгэлгүй чанга хашгирав. Зэргэлдээ өрөөнөөс, -Та зүгээр үү. Оройныхоо хоолыг идээгүй. Авчрах уу гэх эмэгтэй хүний дуу гарахад, -Хэрэггүй ээ. Намайг тайван байлгаад орхи гэж  хариуд нь хашгираад,

-Бялзуухай минь

Будант гудамжийг хэрэн нисээрэй гэж намуухан дуулангаа, -12 хон минут гэж давтан давтан үглэнэ. Түүний нулимс даашинзных нь энгэр дээр дуслахуй сарны гэрэл очир алмааз болгон хувиргах ажээ.

…Хэдэн өдрийн дараа Санура эмгэнийг эцсийн замд үдлээ. Хөдөөлүүлэхэд түүний алс хол амьдардаг таван хүүхдээс хоёр охин нь иржээ. Бүхнийг хайрыг татдаг эмгэн үгүй болсонд асрамжийн газрынхан бултаараа л гашуудлаа.

Гашуудлын ёслолын дараа түүний хоёр охинд асрамжийн удирдлагаас өрөөнд нь орж эхийнхээ эд зүйлсийг авч явахыг зөвшөөрчээ. Шалаар дүүрэн хөглөрөх эзэндээ очоогүй ижийнхээ захидлуудыг бүсгүйчүүд уншиж сууна.

-Итгэмээргүй юм. Ээж ааваас өөр хүнд хайртай байсан гэж үү. Чи мэдэж байсан уу

-Үгүй чиш. Би л мэдэхгүй юм. Том ах мэдэж байгаа байх шүү

-Арай том ах аавын хүүхэд биш юм биш үү…

-Боль доо Ижийн ясыг бүү өндөлзүүл.. гэж ярилцана. Орон дээр дэлгээтэй байх очир алмаазан дуслууд хэдийн цонхны нарны илчинд хатаад цагаан эрвээхэйнээс хамгаалж цацсан нафталины үнэр сэнгэнэнэ. Бүсгүйчүүд захидал, тэмдэглэлийг нь жижигхэн цаасан хайрцагт хийж сугавчлаад өрөөний хаалгыг зөөлхөн хаалаа.

…Оршуулгын газрын захад зүгээр л нэг шороо овоолоод орхисон шарилын өмнө нэгэн өвгөн малгайгаа сугандаа хавчуулаад толгой гудайлган зогсч байлаа. -Тэр гайтай галт тэрэг хоцроогүйсэн бол би чамтайгаа насан туршдаа хамтдаа байх байсансан. Намайгаа өршөө. Гэхдээ чинийхээ гэрлэлтийг бас үр хүүхдээ төрүүлж  өсгөн торниулж сайн сайхан явахыг чинь дэргэд чинь биш ч алсаас харж л суусан. Энэ бүх он цагт үргэлж чинийхээ дэргэд байсан шүү.. гэж дал мөрөө чичигнүүлэн уйлж байлаа. Хаа нэгхэн бялзуухайн сүрэг огцом түргэн нислэгээрээ тэнгэрийн хээлийг гижигдэж цасан хялмаа бужигнуулан өвгөний тачирхан халимаг дээр асгана.

2012.12.20 Улаанбаатар хот


URL:

Сэтгэгдэл бичих