МУГЖ Н.Төмөрхуяг: БИ ӨӨРИЙНХӨӨРӨӨ Л ЖАРГАЛТАЙ АМЬДАРЧ ЯВАА

төмөрхуягМонгол Улсын гавъяат жүжигчин хэмээх эрхэм алдрыг хүртээд удаагүй байгаа дуучин Н. Төмөрхуяг энэ сарын 19-нд Монгол бөхийн өргөөнөө “Хорвоод ганцхан ээждээ” хэмээх хүндэтгэлийн тоглолтоо МУСТА дуучин Балдантай хамтран толилуулах юм. Түүний
эгшиглүүлсэн “Насны намар”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Зүрхний уяа”, “Амьдрал хайр дээр тогтдог” зэрэг олон сайхан дуунуудыг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Энэ удаагийн дугаарын “Онцлох ярилцлага” буландаа МУГЖ дуучин Н. Төмөрхуягтай ярилцлаа.

-Аав ээжийнхээ тухай дурсаач. Гавъяат маань эхээс хэдүүлээ вэ?
-Би эхээс наймуулаа. Хэнтий аймагт, яг Хэрлэнгийн хөвөөнд төрсөн хүн дээ. Миний аав ээж их сайхан, гайхалтай дуулдаг улсууд байсан. Аав маань уртын дуу их сайхан дуулдаг байлаа. Ээж минь аймгийн соёлын ордонд дуучин байсан. Аав минь тэр соёлын ордонд жолоочоор ажилладаг, бас тоглолтонд нь оролцдог хүн байсан даа.

-Урлаг гэдэг их айлд анх хэрхэн хөл тавьж байсан бол. Тэр үеэ эргээд дурсвал?
-Манай Хэнтий аймагт аймгийн Соёлын ордон гэж байсан. Сүүлд ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулга нэртэй болсон л доо. Мэргэжлийн урлагийн том байгууллага байлаа. Миний багш нар намайг дуучин, хөгжимчин болооч гэж санал тавьсан. Тэр саналыг дуртайяа хүлээн авч 1983 онд “Хан Хэнтий” чуулгадаа дуучнаар орж байлаа. Тэгэхэд би дөнгөж цэргийн алба хаагаад ирчихсэн байсан. Ингэж л урлагийн хүн болох гараагаа эхэлсэн дээ.

-Залуудаа хэр давилуун залуу байв. Залуу насныхаа тухай яриач?
-Тэр тухай яривал их л юм ярина даа. Хүний залуу нас ямар байдаг билээ дээ. Би ч бас залуудаа их зөөлөн юм шиг мөртлөө ширүүн хүн байсан шүү дээ. Нэлээн хөдөлгөөнтэй улсуудын нэг байлаа.

-Таныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой их эртний танилууд гэж хүмүүс ярих юм билээ. Үнэн болов уу?
-Танина аа. Би чинь ардчиллын бүх л юманд оролцож явсан хүн. 1990 онд анхны хуралд нь төлөөлөгчөөр сууж байлаа. Залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар зөвлөгөөн гэж 1989 оны арваннэгдүгээр сарын сүүлээр болсон. Тэр зөвлөгөөнд бүх аймгуудаас урлагийнхан, уран бүтээлчид оролцож байлаа. Би мөн л тэр зөвлөгөөнд төлөөлөгчөөр сууж байсан. Тэгэхэд манай Элбэгдорж Ерөнхийлөгч хойно сургууль төгсөөд ирсэн, “Улаан-Од” сонинд ажилладаг байсан юм. Тэр үед дэслэгч билүү ахлах дэслэгч цолтой офицер байсан даа.

-Бусад дуучдыг бодвол та их цөөхөн удаа уран бүтээлийн тоглолтоо хийсэн байдаг. Хамгийн анхны тоглолтоо хэзээ хийж байсан бол оо?
-Бие даасан тоглолт гэхээсээ илүү хамтарсан тоглолтууд л хийж байсан даа. Анх 1993 онд яруу найрагч Чимэддорж бид хоёр “Морьтой дуу” гэж тоглолтоо СТӨ-нд хийж байлаа. Улсын филармонийн Баянмонгол симфони найрал хөгжимтэй их сайхан тоглолт болж байсан. Гурван өдөр тоглож байсан санагдана.

-Харин хамгийн сүүлийн тоглолтоо өнөөдрөөс бараг 18 жилийн өмнө тоглосон байх аа?
-Сүүлд 1996 онд алдарт дуучин Цэрэнчимэд, Мөнхбаяр бид гурав “Уянгын дууны гурван уулзвар” гэж тоглолт хийж байлаа. Тэрнээс хойш өөрөө тоглолт хийгээгүй ээ. Яахав уран бүтээлч, хөгжмийн зохиолч, яруу найрагчдынхаа дуунуудыг дуулдаг юм чинь тэд нарынхаа тоглолтонд оролцож байсан.

-Таныг хүмүүс “Солгой Төмөрхуяг” гэцгээдэг юм билээ. Гэтэл сая харах нь ээ баруун гараараа юм бичиж байх юм. Энэ хочны тухайд?
-Би албаар ийм болж төрөөгүй. Төрөлхийн юм чинь. Солгой байна гэдэг хүний тархитай холбоотой гэж ярьдаг шүү дээ. Ямар засч залруулж, өөр болгож болох биш. Гэхдээ би солгой мөртлөө баруун гараараа бичээд сурчихсан. Анх сургуульд ороход надад А үсэг заасан багш маань өөрөө солгой хүн байлаа л даа. Солгой Жадамбаа гэж хүн байсан юм. Тэр багш маань солгой гараараа бичиж болохгүй гэж загнаад, баруун гараас минь барьж бичүүлсээр байгаад баруун гараараа бичдэг болгосон. Бичихээс бусдыг бол зүүн гараараа хийнэ. Зураг зурахдаа хүртэл зүүн гараараа зурдаг хүн шүү дээ би. Багадаа жаахан зурдаг, зураг оролддог хүүхэд байлаа.

-ДУУ төрсөн түүхийн тухай яримаар байна. Энэ удаагийн тоглолтоо нэрлээд байгаа “Хорвоод ганцхан ээждээ” дууныхаа хэрхэн төрсөн тухай түүхийг ярьж өгөөч?
-Энэ дуу чинь манай Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Чинзоригийн маань Москвад оюутан байхдаа хийсэн дуу л даа. Шүлгийг нь СГЗ Оюун эгч бичсэн. Оюун эгч, Чинзориг хоёр маань нэг нутгийн, Булганы Могод сумын хүмүүс. Нэг нэгнийхээрээ орж гардаг болохоор сайн мэднэ. Тухайн үед Чинзориг маань гадаадад сурдаг оюутан хүн чинь нутагтаа ирэхээрээ найр наадам хэсээд явчихна. Тэрийг нь Оюун эгч хараад шүлэг бичсэн шиг байгаа юм. Хамгийн анх “Хорвоод намар ирдгийн адил Хонгор хүүгээ уучил ээжээ” гэж мөрт орж ирсэн гэж ярьдаг юм. Чинзориг ч хойшоо явахдаа шүлгийг нь аваад явсан юм билээ. Харин би 1989 билүү 1990 онд “Намрын дурсамж”, “Хорвоод ганцхан ээждээ” гэж хоёр дуугаа авч дуулсан.

-Бусдыг бодвол МУГЖ цол тэмдгийг арай л хожуу авлаа. Энэ талаар ямар бодолтой явдаг байсан бол оо?
-Би ер нь шагнал урамшлыг оройтлоо гэж боддоггүй ээ. Тоодог ч үгүй, анзаардаг ч үгүй яваад л байдаг хүн. 1989 онд Эвлэлийн тев хороо гэж байхад Ардын дуу бүжгийн чуулгуудын уулзалт Хэнтий аймагт болж байлаа. Тэр уулзалтын үеэр Эвлэлийн төв хорооны “Хөдөлмөрийн алдар” алтан медаль анх авч байлаа. Дараа нь явж явж 2006 онд “Ард түмний гавъяат” гэдэг шагнал авсан. 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хөдөлмерийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнасан. 2012 онд МУСТА цол тэмдгээр шагнуулсан. Тэгээд сая гуравдугаар сарын 21-нд МУГЖ гэж гавъяа шагналыг өглөө дөө.

-МУГЖ цол тэмдгээр шагнуулсныхаа дараахан сувилалд яваад ирсэн байсан. Биеийн байдал тань ямархуу байна вэ. Тоглолтийн бэлтгэл гээд ядарч байна уу?
-Бие зүгээрээ гайгүй. Багануурын сувилалд арав хоног амарчихаад ирсэн. Нэг их ядарсан юм байхгүй ээ.

-Тоглолтынх нь бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
-Сайхан сэтгэлтэй, хөдөлгөөнтэй, сэргэлэн дүү нарын хүчээр тоглолт болох гэж байна. Эд нар маань л хамаг ажлыг амжуулж байна даа. Би ч дуулахаа бодоод л байж байгаа шүү дээ.

-Тоглолтондоо өөрөө гитараа тоглох уу?
-Тоглолгүй яахав. Зөвхөн тоглолтын гэлтгүй л тоглоно шүү дээ. Насаараа л тоглож байгаа юм чинь.

-Таны хэчнээн сайхан дуу дуулагдах бол?
-Зөндөө л олон сайхан дуу дуулагдана. Миний дуунууд чинь шинэ дуунууд биш шүү дээ. Аль 1986, 1987 оноос хойш эгшиглэчихсэн, ард түмний сэтгэлд нэвт шувт хүрчихсэн дуунууд. Ард түмэн бол дуулахад л дагаад л аялдаг шүү дээ. Сүүлийн үеийн зарим дуучид шиг “дагаад дуулаарай” гэж урьж залах шаардлагагүйгээр л дагаад дуулдаг дуунууд л даа. Шинэ, эрч хүчтэй, залуу дуучинтай хамтарч байгаа.

-Дуучин Балдантай анх хэрхэн танилцан, уран бүтээлийн хамтрагчид болов?
-Балдан бид хоёр нэг нутгийнх. Аав нь надтай нэг ангид сурч байсан ангийн хүүхэд байгаа юм. Балданг бага байхад нь л би харж байсан. Сүүлд арваад жилийн өмнө сургуулиа төгсөөд анх дуулж эхэлж байхад нь нэг таарсан. Хөгжмийн зохиолч Бямбабаярын нэг дууг бичүүлээд байж байхад нь студи дээр тааралдаж байлаа. Тэгээд “Чи хаанахын хүүхэд вэ” гэсэн чинь “Хэнтий” гэж байна. “Хэний хүүхэд вэ” гэтэл “Дэмбэрэлжамцын хүүхэд” гэж авдаг юм байна. Ингэж л танилцаж байлаа. Харин хоёр жилийн өмнө өөрийнх нь тоглолт болохын өмнө “Хорвоод ганцхан ээждээ” дуугаа хамтран дуулж бичүүлсэн. Тэр үеэс л хамтран ажиллаж эхэлсэн дээ.

-Гавъяатын урын санд хэчнээн уран бүтээл байдаг бол?
-Дуунуудаа тоолж үзээгүй юм байна. 100-аад дуу бий байх. Бас миний өөрийн аялгуу хийсэн хэдэн дуу байдаг юм. Тэдгээрээс тоглолтонд маань дуучин Долгормаа, Болдбаатар хоёр дуулах байх. Өвөрмонголын ганц нэг дуучид бас дуулсан л байдаг.

-Та ардын шинжтэй утга уянгын дуунуудыг гитар хөгжимтэй дуулдаг байсан. Таны дуунуудыг залуу дуучид шинэчлэн дуулах санал тавих юмуу?
-Зарим дуучид дураараа, ямар ч зөвшөөрөлгүй, үг аялгууг нь бүтэн сураагуй байж л алдаатай оноотой дуулчихсан байх юм. Үгийг нь худлаа дуулаад, зохиогчийг нь ч мэдэхгүй дуулаад л. Тийм буруу ёс жудгаасаа одооны дуучид салмаар л байгаа юм даа. Дууныхаа яаж бүтсэн түүхийг мэдэхгүй юм. Тийм байж хүний дууг хамаагүй дуулаад байж болохгүй шүү дээ. Дуулж байгаа дууныхаа үгийг гүйцэд мэдэхгүй, үг орлуулаад дуулчихсан тохиолдол ч гарч л байсан. Тэгж болохгүй шүү дээ. Нөгөө зохиогчийн эрх гэдгийг чинь уландаа гишгэчихсэн байгаа биз.

-Гэгэлгэн дуу дуулдаг хүмүүсийн амьдрал нь жаахан ээдрээтэй байдаг юм шиг санагдах юм. Таны амьдрал ч бас тийм дардан сайхан байсангүй?
-Сонин хэвлэл дээр ч тэгээд биччихсэн л байдаг. Би ер нь хүн яг л өөрийнхөө амьдралыг дуулдаг юм болов уу гэж боддог. Ингэж бодоход буруудах юм байхгүй л байх. Гэхдээ л би өөрийнхөөрөө л жаргалтай амьдарч яваа. Монголд чинь гадны орнууд шиг дутагдаж гачигдаад, үймээн самуун болоод байгаа юм алга. Болж л байна шүү дээ.

-Гэр бүлийнхээ тухай яриач. Гурван сайхан хүүхэдтэй шүү дээ?
-Гурван сайхан хүүхэдтэй. Хамгийн том нь одоо гучтай. Сайхан залуус бий. Энэ тоглолтоо дуустал том хүүгийндээ байгаа. Манайх чинь их хол шүү дээ. Би Толгойтын 10 буудалд ганцаараа амьдарч байгаа юм. Тэр холоос наашаа явах гэхээр бөөн зардал чирэгдэл, бөглөрөө таглараа болоод явахын аргагүй юм. Цаг зав их үрэх юм.

-Өвөө болж амжив уу. Хүүхдийнхээ хүүхдийг илүү их хайрладаг гэж ярих юм?
-Би ганц ач охинтой. Одоо зургаан настай. Тэгэлгүй яахав. Илүү хайрлана. Аавынхаа багын төрхийг яг өвччихсөн алаг нүдтэй охин байгаа. Хүн чинь өөрийнхөө хүүхдүүдээс илүү ач гуч, зээгээ хайрладаг гэж үнэн бололтой. Дүүгийн хүүхдүүд гэж бас хөөрхөн хөөрхөн юмнууд байна. Эд нарыг л илүү их санадаг болчих юм байна шүү дээ.

-Таныг цомгоо гаргах гэж байгаа гэж сонссон. Цомогт ямар ямар, хэчнээн дуу багтах вэ?
-Одоогоор тоог нь тогтоогүй байна. Ямар ч л байсан 15 орчим дуу орох л байх. Дуунуудаасаа шилээд л оруулах байх даа.

А.ХАЛИУН /НИЙСЛЭЛ ТАЙМС/


URL:

Сэтгэгдэл бичих