Д. Зоригт сайд улс төрийн соёл гаргаад өөрөө огцорчихмоор юм даа

Дизелийн түлшний хомсдлоос үүдээд улс орон даяар хямарлаа. Нийтийн тээврийн компаниуд автобусаа цөөлж, уул уурхайн компаниуд зогсонги байдалд орж, тариалалтын ажил саарч байна. Дизель түлшээр ажилладаг машинтай иргэд түрээд гүйлтэй биш, хашаа, гараашдаа оруулж тавьчихаад явган таваргацгааж байна. Энэ нь  дамчдад л сайхан далим болж байх шиг байна. Энд тэндгүй шагийн үнээр дамлан зарж ашиг ологсод олшров. Литр нь 1450 орчим төгрөгийн үнэтэй байсан дизелийн түлшийг 3000-4000 төгрөгөөр зарж хаданд гаргаж байна.

Газрын тосны газрын дарга Д. Амарсайхан нь “Энэ чинь зохиомол хомсдол байхгүй юу даа. Дизелийн түлш наашаа ачуулж байгаа. Байдал удахгүй сайхан болчихно” гэж молигодсоор тавдугаар сарыг барав. Харин одоо байдал улам хүндрэх төлөвтэй. Дизелийн түлшний нийлүүлэлт багасч хомсдол үүсэхэд л байдал ингэж хүндэрч байгаа юм чинь ОХУ-ын “Роснефть” компани бензин өгөхгүй гэвэл манай улс сүйрэх нь байна шүү дээ. Нэг улсаас шатахууны хувьд 100 хувь хамааралтай гэдгээ хомсдол нүүрлэхээр л мэдэж байгаа юм шиг манай төр засгийнхан аяглаж, ниргэсэн хойно хашгирцгаах юм. Нэг л өдөр оросууд аашаа хувиргавал яах ёстой билээ гэдгээ тооцоолж, эдийн  засгийн аюулгүй байдлаа хангах талаар алс хэтийг харж бодлогоо зангидаж байх ёстой юм биш үү. “Роснефть” дизелийн түлш ачуулахаа больчихлоо гэхээр л салбарын сайд Д. Зоригт нь ч Хятад руу гүйгээд, туслаач дээ гэж царай алдаж гуйлга гуйж явна БНХАУ-ын Үндэсний газрын тосны корпорацийн дэд ерөнхийлөгч Сюнь Лундэгээс сар бүр 10 мянган тонн түлшийг энэ сардаа багтаагаад авчихъя гэхэд нөгөөдүүл нь хөнгөлөлт энэ тэр гэсэн нөхцөл тавьж, хамтарсан үйлдвэр барих асуудал сөхөж байгаа сурагтай. Хэрвээ цаг тухай бүрт нь ажлаа хийгээд, салбарын тэргүүлэх чиглэлээ тодорхойлж түүндээ хүч хаяж, нефтийн үйлдвэр барихад анхаарсан бол хүний нутагт очоод ингэж өвдөг сөгдөх нь холгүй бөхөлзөх шаардлагагүй л байлаа.
Одоогоос гурван жилийн өмнө Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос нефтийн үйлдвэр барих, нөөцийг бүрдүүлэх, шатахуун импортлох өөр эх сурвалжийг нэмэгдүүлэх тухай тогтоол гаргаад гүйцэтгэх засаглал, тэр дундаа Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд хэрэгжүүлэхийг даалгасан юм даг. Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Д. Амарсайхан “Нефтийн үйлдвэрийг барихад 14-16 сарын хугацаа л орно” гэсэн тайлбар хийж байсан. Тэгэхээр нефть боловсруулах үйлдвэртэй болчихсон байхаар цаг хугацаа өнгөрчээ. Хэрэв ийм үйлдвэртэй болсон бол адаглаад зүүн бүсийн гурван аймгаа шатахуунаар хангаж байхгүй юу даа. Зарим гишүүд Д. Зоригт сайдаас УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан дээр хааяа нэг “Үйлдвэр барих асуудал юу болж байна” гэж лавлахад “Судалж байна, нягталж байна” хэмээн ам тагласаар өнөөдөртэй золгов. Яасан ч судалж дуусдаггүй юм. Тэгээд бас түүхий эдийн нөөцгүй бол яаж хэрэгжүүлэх вэ дээ гэж Д. Зоригтыг өмөөрөхсөн. Гэтэл Монгол Улс газрын тосны нөөцөөр баян 100 гаруй орны 33 дугаарт жагсч, импортлогч биш экспортлогч орон гэдгээ албан ёсоор дэлхий дахинд зарлачихсан шүү дээ. Бодлого зангидаж байгаа Эрдэс баялаг, эрчим хүчний яам нь, засгийн газрын агентлаг нь ийм таатай боломжийг ашиглахгүй, дотооддоо шатахуун үйлдвэрлэх үйлдвэр байгуулах гэж чармайхгүй, УИХ-аас өгсөн үүрэг даалгаврыг ч биелүүлэхгүй байхад холбогдох албан тушаалтнуудтай нь хариуцлага тооцож чаддаггүй. Төрийн зүгээс нефтийн үйлдвэр барьж байгуулахад заавал оролцоод ч байх албагүй. Татварын хөнгөлөлт үзүүлнэ зэрэг жаахан дэмжлэг үзүүлэхэд хувийн хэвшлийнхэн ханцуй шамлаад ороод хийчих бүрэн бололцоотой. Салбарын яам нь энэ мэт асуудалд анхаарч, дэмжлэг үзүүлэх асуудлыг оруулж хэлэлцүүлэх байтугай үйлдвэр барья гээд төслөө, техник, эдийн засгийн үндэслэлээ хийгээд орсон хувийн компанид зөвшөөрөл өгөхгүй байж жишээтэй. Монголд түлшний хомсдол нүүрлээд байдал бишдээд ирэхээр хувийн компаниудад зөвшөөрөл олгоогүй гэмээ нуух гэдэг ч юм уу, эсвэл улс төрчдийн эрх ашгийг зувчуулж байж шийдэх гээд ч байгаа юм уу төрийн өмчийн оролцоотой үйлдвэр барихаар болж байгаа гэсэн бүрхэг тайлбар хийж байна. Ер нь Монголд нефть боловсруулах үйлдвэр бариулахгүй, ОХУ-ын хараат байхыг хүсэмжлэгчдийн бодлого илүү хүчтэй байна уу гэсэн эргэлзээг ч төрүүлж байна. ОХУ-ын Засгийн газар өнгөрсөн оны арван хоёрдугаар сараас шатахуун хязгаалаж эхлэх тухай ярьж, дөрөвдүгээр сард үнээ нэмсэн. Ийм урьдчилсан нөхцөл үүсээд байхад Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Газрын тосны хэрэг эрхлэх газар нь юу хийж байв аа. Ийм хариуцлагагүй ажиллаж байгаа Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д. Зоригт, Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Д. Амарсайхан нарыг огцруулах асуудал өнгөрөгч мягмар гаригийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр яригдаад өнгөрөв. Зарим УИХ-ын гишүүн “Д. Зоригтыг огцруулах асуудал оруулаад нэмэргүй ээ. Өмнө нь хоёр ч удаа санал оруулахад МАН-ынхан цээжээрээ хамгаалаад аваад үлдсэн.  Цагийн гарз” гэж байхад нэг хэсэг нь “Одоо огцруулаад ч ямар үр дүнтэй юм. Д. Зоригтыг Дондог Доржоор солиод байдал дээрдэхгүй, Түлшний хомсдлыг ямар арилгачих биш” гэж хаацайлж байна. Ш. Сайхансамбуу, З. Энхболд зэрэг гишүүд “Д. Зоригтын цаана нь түлхүүрдэж, залж заадаг хүмүүс байна. Энэ залуугаар хамаг болохгүй зүйлээ хийлгэдэг байх” гэж шүүмжилж байсан. УИХ-ын гишүүн Ц. Шинэбаяр Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барихаар зэхэж байгаагаа мэдэгдэв. Дахиад Д. Зоригтыг огцруулах асуудал өрнөж, улс төрийн халуухан сэдвийн нэг болох нь. Улс орноо нефтийн хараат байдлаас гаргахын төлөө ажиллахгүй байгаа сайд дахин дахин УИХ дээр байцаагдаж, намайг ажил хийлгэхгүй, дээрээс удирдаад байна гэж хэлж чадахгүй бүлтэлзэж суухаар улс төрийн соёл гаргаад өөрөө огцорчихмоор юм даа.

луйвармн


URL:

Сэтгэгдэл бичих