Хятад тэнгисийн хүчирхэг гүрэн болохоор бэлдэж байна

 b406e10b341a7e757a160c9628fc6d6b_L

МОСКВА. /Ёнхап/. Түүхэндээ олон улсын хамтарсан цэргийн сургууль удирдаж байгаагүй Хятад улс анх удаа Чиндаогийн ойролцоо “Хамтарсан тэнгисийн цэргийн сургууль-2014”-ийг удирдан зохион байгуулав.

Үүнийг Хятад улс бүс нутаг, дэлхийн аюулгүй байдлын асуудалд өөрийн байр суурийг тогтоох гэсэн үйлдлийн илрэл гэж ОХУ-ын Стратеги технологи судалгааны төвийн мэргэжилтэн Василий Кашин үзэж байна. Хятад улс сүүлийн хэдэн арван жилийн турш тэнгисийн хамгаалалтад л гол анхаарлаа хандуулж ирсэн. Харин нисэх онгоц тээгч хөлөг онгоц үйлдвэрлэж эхэлсэн нь тус улс цаашид гадагш довтолгоо хийх чадвартай тэнгисийн цэргийн хүчинтэй болохоор төлөвлөж байгааг илэрхийлсэн хэрэг болов. Түүнчлэн зөвхөн цэргийн хүч, техник технологийг хөгжүүлээд зогсохгүй олон улсын цэргийн хамтын ажиллагаанд шинэ арга замаар оролцож эхэлсэн юм.

“Хамтарсан тэнгисийн цэргийн сургууль-2014”-т Хятадаас гадна Пакистан, Бангладеш, Индонез, Сингапур, Малайз, Бруней зэрэг улс оролцсон байна. Сургуулийн үеэр далай дахь байршил солих, ачаа тээвэр, холбоо харилцаа, аврах ажиллагаа, буудлага зэрэг олон сургуулилт явуулсан байна. Сургуулийн гол зорилгыг хүмүүнлэгийн зорилгод чиглүүлж байсан хэдий ч оролцсон улс орнуудын цэргүүдэд хамтран ажиллах, харилцан итгэлцэл үүсэх чухал боломж болсон гэж цэргийн судлаачид үзэж байна.

Хятад улс жил бүр ОХУ-тай хамтарсан цэргийн сургууль хийж ирсэн бөгөөд удахгүй дангаараа хамтарсан цэргийн сургууль удирдан зохион байгуулах шатанд гарах бүрэн боломжтой юм. Энэ оны тавдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Хятад улсад айлчлах үеэр хоёр улсын хамтарсан цэргийн сургууль болно. Уг цэргийн сургууль Украины нөхцөл байдлын үед олон улсад хоёр улсын цэргийн хамтын ажиллагааг харуулах зорилготой болох магадлалтай юм.

Бүс нутгийн хэмжээнд АНУ-тай өрсөлдөж ирсэн Хятад улс цаашид АНУ-ын адил бүс нутгийн хэмжээний тэнгисийн цэргийн сургуулийг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна. Гэхдээ Хятад улс цэргийн техник, технологийн хувьд АНУ-д дөхөж очиход нэлээдгүй урт хугацаа шаардлагатай.

А.Цацралт 

 монцамэ


URL:

Сэтгэгдэл бичих