Цоолж шийтгэдэг дипломтой болбол ямар вэ?

527-1400126645diplomЯахав нялх балчир үртэйгээсээ болоод өглөө хоцорч ирдэг, ууж идэх дуртайдаа ажил цалгардуулдаг хүмүүс бий. Тэд бол харьцангуй өршөөж болох хэсэг юм даа. Гэвч ажил мэргэжлийн талбар дээрээ ноцтой зөрчил гаргасан нөхдийн тухай мэдээлэл үе үе хэвлэлээр гардаг. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн багш нар хүүхдүүдийг зодсон, тамласан гээд байсхийгээд шуугидаг.

Мөн Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын дарга нь “хүнд суртал гаргана” гэж ярьж л байлаа. За тэгээд энэ тэнд тамхи татсан залуус болон улаан гэрлээр орсон жолооч зэргийн зөрчлийг зохих түвшингээс бага мөнгөөр торгоод явуулдаг замын, эргүүлийн цагдаа нарыг өөр хоорондоо сонирхуулж яриад өнгөрөх нь бий.

Өөрийн ажил мэргэжлээ ашиглан бусдыг хохироох, аль эсвэл санаатайгаар хариуцлагагүй хандах, ашиг олох зэрэг тохиолдол илэрсэн үед захиргааны арга хэмжээ аваад өнгөрөх нь элбэг дээ. Хамгийн хүнддээ л тухайн ажлаас нь чөлөөлөх эсвэл мэргэжлээрээ ганц хоёр жил ажиллахыг нь хориглодог.

Ингээд шийтгэл дууссан гэж үздэг, хүмүүс ч тайвширдаг. Гэтэл тэд шийтгэлийнхээ дараагаас ажлаа үргэлжлүүлээд л хийнэ. Өөр мэргэжилгүй хойно яалтай ч билээ. Энэ тохиолдолд өмнөх зөрчил дахиад гарахгүй гэх баталгаа байхгүй. Тийм болохоор хүмүүсийг ажлаа нухацтай хийдэг болгохын тулд мэргэжлийнх нь үнэмлэхийг цоолдог болбол ямар вэ.

Мэргэжлээ ашиглан ёс зүйгүй үйлдэл гаргавал цоолдог байх юм. Булан дээрээ гурван удаа цоолуулсан дипломтой хүнийг хаана ч ажилд авдаггүй тогтолцоог бий болгоё. Ингэвэл илүү шударга шийтгэл болох юм биш үү.

Ж.Энх

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих