Тасалбар хог болчихдог болохоор л өгдөггүй юм

тээвэр-Захирлууд мэлзэж улсаас авдаг татаасаа нэмэхийг оролдов уу. эсвэл тасалбар тараагдад асуудал байна уу?-

Хотын хөгжлийг нийтийн тээврээс нь харж болдог тухай гаднын орнуудад айлчлаад ирсэн удирдлагууд хэлдэг. Гэвч нийслэлийн нийтийн тээвэрийн үйлчилгээ үзүүлдэг компаниудыг хичнээн арчлаад ч өөрчлөгдөхгүй байгаа юм. Иргэдийг тухтай, тохилог орчинд зорчуулж чадахгүй байж алдагдалтай ажилладаг, үнэгүй зорчих эрхтэй хүмүүс л нийтийн тээврээр үйлчлүүлж байна зэргээр өөрсдийгөө зөвтгөдөг. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаа автобусны үйлчилгээний талаар бэлтгэсэн юм.

Эцсийн буудал руу ойртохоор буух хүн байхгүй бол зогсохгүй
11:40 цагийн үед Ардын эрхийн буудлаас “Улиастай-Дэнжийн мянга-42″ чиглэлийн 1145 УНЕ улсын дутаартай автобусанд суулаа. Тус автобус “Эмсид” ХХК-ийнх аж. Кондуктор нь бололтой хар нүдний шилтэй, компанийн нэр бүхий хантааз өмссөн залуу орох хаалганы урдаас харан зогсож байв. Тэрээр автобусаар үйлчлүүлж буй хүмүүсээс тасалбарын мөнгийг хурааж байгаа боловч тасалбар өгсөнгүй. Зорчигчид ч тасалбараа авъя гэж хэлэхгүй байлаа.

Ингээд Зуун айлаас Жуков хүртэл нэлээдгүй зорчигчтой явав. Хачирхалтай нь нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй компаниудын хэлдэг цахим карттай оюутан, үнэгүй зорчих эрхтэй ахмадууд цөөхөн орж ирсэн юм. Арван жилийн сурагчид ч 200 төгрөгөө өгөөд автобусны арын суудал руу гүйлдэнэ. Гэтэл хүүхдүүдэд ч тасалбар тасалж өгдөггүй юм билээ. Ажиглах нь ээ кондуктор нь тус автобусны тухайн цаг хүртэлх орлого бололтой нэг хорин мянгантын, хэд хэдэн арван мянгатын дэвсгэрт гаргаж ирээд дахин нэг арван мянгатын дэвсгэрт нэмэн халааслав. Түүнчлэн зорчигч гуйвал хаана ч хамаагүй зогсч хүн буулгах, авах үзэгдэл байдаг байна.

Тодруулбал, тус автобус Чулуун овооны тойргийн орчим байрлах “Сод-монгол” шатахуун түгээх станцын хажууд хүн буулгах нь тэр. Огцом тоормослоход хаалганы хажууд зогсож байсан эмэгтэй “Эд нар ингэдэг байхгүй юу. Үүнээс л болж аваар гаргадаг юм ш дээ” хэмээн хажуудах хүндээ учирлав. Ингээд энэ буудлаас цааш кондуктор буудлын нэрийг зарлан “Буух хүн байна уу” хэмээн чангаар асууна. Хэрэв буух хүн байхгүй бол тухайн буудал дээр зогсдоггүй бололтой. Түүнчлэн тус автобусны жолооч жолоо барьж явахдаа утсаар ярьж байсныг дурдах нь зүйтэй биз.

Ингээд “12-ын буудал” хэмээх буудал орчимд кондукторт хандан яагаад тасалбар өгөхгүй байгааг лавлахад “Тасалбар хог болчихдог болохоор л өгдөггүй юм. Хэрвээ авъя гэвэл өгнө” хэмээн энгэрийн халааснаасаа багц тасалбар гаргаж ирсэн юм. Мөн тэрээр “Хогийн сав байсан ч зорчигчид хогийн саванд тасалбараа хийдэггүй юм” хэмээн тайлбараа нэмлээ.

Нэг рейс 50-60 гэх мэт янз бүр л байдаг
Эхний автобуснаас буугаад “Толгойт Вокзал” гэсэн 41 номерын 0667 УБЕ улсын дугаартай автобусанд суув. Тус автобус “Эрдэм транс” ХХК-ийнх бөгеөд Толгойтоос Амгалан өртөө хүртэл явах маршруттай ажээ. Улиастай орчмоос суусан болохоор зорчигчид цөөхөн байлаа. Гэсэн хэдий ч нэг буудлаас суусан таван зорчигч бүгд үйлчилгээний хөлсөө төлсөн юм. Гэтэл тус автобусны кондуктор мөн л тасалбар өгсөнгүй. Хөдлөөд хоёр буудал явсны дараа хажууд сууж явсан хүнээс үйлчилгээний хөлс авахаар кондукторыг ирэхэд мөн л тасалбар яагаад өгөхгүй байгааг лавлахад “Авах юм уу. Май” гээд өмдний халааснаасаа тасалбар гарган өгөв. Ингээд Жуков орчимд очиход гурван оюутан цахим картаа, зургаан өндөр настан үнэгүй зорчих үнэмлэхээ харуулсан. Харин бусад нь бүгд тасалбарын мөнгийг төлсөн юм.

Автобуснууд нэг рейсэндээ 50-60 мянган төгрөгийн орлоготой байдаг бололтой. Учир нь тухайн автобусны кондукторын танил бололтой эмэгтэй автобусанд орж ирсэн юм. Яриаг нь сонсох нь ээ уг эмэгтэй мөн л кондуктор бололтой. Түүнээс “Танайх нэг рейсэндээ хэдэн төгрөгийн орлоготой ажиллаж байна” хэмээн асуусан юм. Тухайн автобусны кондуктор “50-60 мянган төгрөг байдаг юм.Гэхдээ янз бүр л байдаг юм” хэмээн хариулна лээ. Ямартай ч тус автобусны кондуктор Хавдар судлалын үндэсний төвийн буудал хүртэл зорчиход надаас өөр хүнд тасалбар өгөөгүй юм.

Автобус микро биш баймаар
Хоёр дахь автобуснаас буугаад Халдварт өвчин судлалын үндэсний төвийн урдах буудлаас “ХМК-Дүнжингарав” чиглэлд явдаг 44 номерын автобусаар үйлчлүүллээ.

Энэ автобус “Сутайн буянт” ХХК-ийнх. Тус автобусны кондуктор буудал дээр ирмэгцээ “Багшийн дээд-Их сургууль-IV дэлгүүр-Баянбүрдээрээ Ханийн материал” хэмээн маршрутаа зарлав. Тус буудал дээр нэлээд хэдэн минут маршрут зарлахад зорчигчид “Яваач ээ” хэмээн жолоочийг яарууллаа. Кондуктор нь тасалбар тасалж өгч байгаа хэдий ч буудал бүр дээр маршрутаа зарлан зогсоно. Түүнчлэн тус автобус эхний хоёр автобуснаас бохир байсан. Тодруулбал, хогийн сав нь дүүрсэн, угаалга хийдэг бололтой хувинг суудлын дор байрлуулсан байв. Мөн цонхны ирмэг ормын тоосыг нэлээд хэд хоног арчаагүй бололтой харагдсан. Түүнчлэн тасалбар, хэрэглэсэн сальфетка гэх мэт зүйлс суудлын дор хөглөрнө.

I эгнээний боссууд буудал дээр тугжрэл үүсгэж байна
Төв замын I эгнээгээр стандартын такси болон том оврын автобуснууд яваад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ нь иргэдийг аль болох хувийн тээврийн хэрэгслээс татгалзуулж, нийтийн тээврийн хэрэгслээр үйлчүүлэх гэсэн зорилготой. Гэтэл Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх I эгнээний түгжрэл урьдын адил байсаар байна. Учир нь XIII хорооллын буудлаас эхлээд автобуснууд олон зорчигч авахын тулд буудал дээр удаан зогсдог юм байна.

Ингэхдээ автобуснууд ар араасаа зогсч харагдана. Улмаар сүүлд ирсэн автобусанд зорчигчоо буулгах боломж ховор байгаа тул II эгнээнд зогсож байна лээ. Ингэснээр тухайн орчимд зохиомол түгжрэл үүсдэг аж. Ямартай ч энэ удаагийн аялал минь том оврын автобус эрхлэгч компаниудын хэлээд байгаа шиг үйлчлүүлж байгаа хүн бүр нь карт, үнэмлэхтэй хүн байдаггүйг харууллаа.

 

Г.БАЯРЦЭЦЭГ /НИЙСЛЭЛ ТАЙМС/


URL:

Сэтгэгдэл бичих