Усан оргилууртай төсөл зочид буудлаар дуусчээ

 
Б.УРАН

Хотын төвийн ашигтай байрлалд баригдсан ч цонх нь онгорхой хэдэн жилийг өнгөрөөж, хамгийн их асуудал араасаа дагуулж байгаа нэгэн барилга бий. Тодруулбал, Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр “Гранд плаза” худалдааны төвийн чанх ард талд 16 давхар Г хэлбэрийн орон сууцны барилга. 2009 оноос хойш асуудал дагуулсан тус барилгын нэг блокт жил гаруйн өмнө захиалагчид нь нүүж орсон байдаг. Харин үлдсэн гурван блокийн барилгын ажил зогсонги байдалд орчихсон, хоёрт нь захиалга авч эхэлсэн гэхээс өөр мэдээлэлгүй өдийг хүрчээ. Оршин суугчид нь хэдийнэ орчихсон ч одоог хүртэл улсын комисс хүлээж аваагүй тус барилгын талаар сурвалжилсан юм.

 

УЛСЫН КОМИСС АЖИЛЛАХГҮЙ БАЙГАА НЬ БИЧИГ БАРИМТТАЙ ХОЛБООТОЙ

 

“Hill Side residens” хэмээх ганган нэртэй тус хорооллын захиалагч нь “Ти Си Ди”, хөрөнгө оруулагч нь “Солонго Лайн”, гүйцэтгэгч нь “Тод чоно” компани гэсэн мэдээллийг  НМХГ-аас өглөө. Тус хорооллын танилцуулган дээрх утасны дугаарууд ашиглалтад байхгүй, борлуулалтын оффист нь монгол хэл мэдэхгүй хятад ажилчин ганцаараа сууж байсан юм. Нийслэлчүүдийн сайн мэдэх хуучнаар “Хуашин” рестораны эзэн “Солонго лайн” компани газраа хувааж зараад, “Ти Си Ди” компаниас тус барилгын хамгийн урд хэсгийн нарийхан блокыг урамшуулалд нь авсан талаар оршин суугчид нь ярьж байлаа. “Ти Си Ди” компани анх барилга барих зөвшөөрөл авахдаа батлуулсан давхрын хэмжээг хэтрүүлэн барьсан, түүнээс болж улсын  байтугай техникийн комисс ч ажиллах боломжгүй болчихсон гэж жил гаруйн өмнө хэвлэлээр мэдээлж байлаа. Тухайн үед холбогдох албаны хүмүүсийн хэвлэлд өгсөн ярилцлага ч хуучраагүй.  Мөн 388 айлын орон сууц хэмээн сурталчилж байсан ч ердөө нэг блокт нь 200 орчим айл орчихсон байгаагаас харвал үнэний ортой ч юм шиг. Гэвч өнөөдрийн байдлаар тус компани бичиг, баримтын зөрчилтэй, өөрөөр хэлбэл гүйцэтгэгч, захиалагч нар нь хоорондоо тохиролцохгүй , холбогдох баримтаа бүрдүүлэхгүй, улсын комисст хүлээлгэн өгөх хүсэлтээ өгөхгүй байгаа гэхээс өөр зөрчил тус барилгад алга гэв. 2012 оны арванхоёрдугаар сарын 1-нд Засгийн газрын тогтоол гарч, нийслэлд баригдсан 16-аас доош давхар барилгыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас томилогдсон улсын комисс, 16-аас дээш давхрыг Барилга, хот байгуулалтын яамнаас хүлээж авахаар болсон. Энэ хоёр газраас тодруулахад “Ти Си Ди” компани алинд нь ч барилгаа хүлээлгэж өгөхөөр хандаагүй гэлээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас асуухад өнгөрсөн хавар тус барилгад улсын комисс ажиллуулаагүй хэрнээ оршин суугчдаа оруулсан гэсэн үндэслэлээр акт тогтоож, удаа дараа арга хэмжээ авсан ч байдал өөрчлөгдөөгүй байна. Тухайлбал, ус, дулаан, цахилгааныг нь хязгаарлаж үзэхэд оршин суугчид нь гомдол гарган залгуулжээ. Түүнчлэн хуулийн дагуу дөрвөн сая төгрөгөөр торгосноо ч хэлсэн юм. Харин барилгын чанарт хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг тухайн компани цаг тухай бүрт нь арилгасаар ирсэн гэв. Өөрөөр хэлбэл, захиалагч, гүйцэтгэгч компаниуд өөрсдөөсөө шалтгаалсан зүйлийг хийхгүй байгаагаас одоо болтол улсын комисс ажиллахгүй байгаагаар дүгнэв. Харин барилгын чанарын талаар оршин суугчид тэс өөр зүйл ярилаа.

 

ТОД ЧОНО”-ЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ САНАЛЫГ ХҮРГҮҮЛЖЭЭ

 

Гаднаас нь харахад л өнгө үзэмж, хийц байдлын хувьд нүдэнд онцгүй тусах нүсэр барилгын эхний ээлжийн захиалагчид нь орон сууцандаа амьдарсан жил гаруйн хугацаанд үнэхээр сэтгэл дундуур байгаагаа хэлж байлаа.  Тухайлбал, тус байрны долдугаар давхрын 43 тоотын айлд сүүлийн гурван сарын турш дээд давхраас нь ус гоожиж байгаа гэнэ. Ийм байдалтай айл нэлээдгүй олон байгаа гэв. Түүнчлэн тус барилгын ашиглалтад орж айлуудаа авсан хэсэгт орцны кодтой түгжээнээс эхлээд дутуу зүйл маш олон байв. Айлуудын зарим нь хаяггүй, гадаа хаалга нь түгжээгүй, орц нь гэрэл муутай, бүрсгэр төрхтэй байв. Орцондоо хогийн бункер байхгүйгээс байрных нь гадаа жилийн дөрвөн улиралд хог нь овоороостой. Биднийг очиход ч тийм л төрх угтсан юм. Цахилгаан нь байнга тасарна. Цахилгаан тасарсан үед дээд давхрын айлууд гэрэлгүй хонгил шиг шатаараа бууж, өгсөхөөс айдаг тухайгаа хэлж байв. Орцонд нь ороод зогсоход айлууд гэртээ юу ярьж, хаана, хэн нь ханиаж найтааж байгаа нь тод сонсогдож байлаа. Угаас барилгын чанар тун тааруу байгаа нь нүүж ороход л мэдэгдсэн гэв. Түүнчлэн барилгын гүйцэтгэгч “Тод чоно” компани нь улсын байцаагчийн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй гэх шалтаанаар тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх санал хүргүүлсэн арван компанийн тоонд оржээ.  Жилийн өмнө эндээс хоёр өрөө байрыг метр квадратыг нь 1400 ам.доллараар буюу тухайн үедээ нэлээд өндөр ханшаар худалдаж авсан иргэн байрандаа ороод гомдол гаргаж буцаах хүсэлтэй байсан ч чадаагүй гэдгээ хэллээ. Дээрээс нь тус байрны оршин суугчдад хүүхэд, хөгшдөө салхилуулах ямар ч боломжгүй. Хүүхэд салхилуулах талбай байтугай автомашины зогсоол нь гарын арван хуруунд багтахаар харагдав. Баригдаж дуусаагүй байгаа үлдсэн блокуудад барилгын ажил байнга явагдаж, хятад ажилчид холхино. Оршин суугчдад бас нэг асуудал гарч ирсэн нь нарыг нь хааж босох гэж байгаа 16 давхар зочид буудал.

 

АВТО МАШИНЫ ГАРАЖ ДЭЭР ЗОЧИД БУУДАЛ БАРИХААР ЗӨВШӨӨРӨЛ АВЧЭЭ

 

Хэд хоногийн өмнөөс барилгын урд байх хуучнаар “Хуашин” рестораны барилгыг ажилчид буулгаж эхэлжээ. Оршин суугчдын хувьд ойр орчмоор нь явган байтугай машинтай явахад аюултай нөхцөл үүсч эхэлсэн байна. Хөрөнгө оруулагч “Солонго Лайн” компани өөрийн эзэмшил талбайдаа зочид буудал, оффис, үйлчилгээний зориулалтаар 16 давхар барилга авахаар зөвшөөрлөө авсан гэдгийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас мэдээллээ. Түүний дагуу хуучин барилгыг буулгаж байгаа нь тэр аж. Харин “Ти Си Ди” компани орон сууцны хороололдоо захиалга авахдаа “Хуашин” рестораныг буулгасан талбайд усан оргилуур барьж, хүүхдийн тоглоомын талбай байгуулан, хаана ч байхгүй эко авто зогсоолтой болгоно хэмээн сурталчилж байжээ. Гэвч харамсалтай нь тэд хэлсэн амандаа хүрсэнгүй. Өөрсдийнх нь барилгыг сонгож худалдан авсан иргэдийн нар үзэх эрхийг хааж, 16 давхар зочид буудал барихаар зөвшөөрлөө авсан байна. Хэдийгээр өөр өөр нэртэй ч “Ти Си Ди”, “Солонго лайн” гэгч компаниуд угсаа гарал нэг гэдэг нь тодорхой байгаа юм. Тэдний ард хуулийн байгууллагын нөлөө бүхий эрхэм байдгийг ч оршин суугчид нь хэлж байлаа. Бас нэг сонин зүйл нь тэдний зочид буудал барихаар буулгаж байгаа хуучин барилгын газар дор орон сууцны хорооллын иргэдийн авто машины гараж байдаг юм байна. Газрын трасс нь яаж огтлолцож байгааг сайтар мэдэхгүй ч газар доогуур хөндийлөн байгуулсан гаражийн яг дээд талд биш юм гэхэд хаяа нийлүүлэн тийм өндөр барилга барьж болдог эсэх нь хачирхалтай. Зураг төслийг нь баталж, зөвшөөрөл өгсөн байгууллага нь үүнд ямар хариулт хэлэх бол. “Ти Си Ди” компани  дутуу байгаа блокдоо дахин захиалга авч эхэлжээ. Метр квадратынх нь үнэ 2.1 саяд хүрснийг ч дуулгав.  Хотын төвд ийнхүү дураар аашилж байгаа компаниудад хариуцлага тооцож, чанар муутай барилгад шалгалт хийж үнэн бодитоор дүгнэлт гаргах шаардлагатай байгааг оршин суугчид нь дамжуулсныг энд дахин уламжилъя.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.