ГЭР ХОРООЛОЛ УЛАМ ШАВААД Л…

гэр хороололУлаанбаатар хотын төвлөрлөес шалтгаалж замын түгжрэл, хөрс болон агаарын бохирдол ихсэх гэх мэт сөрөг үр дагавар гарч байна. Манай их, бага дарга нар үүнийг шийдэхээр “ханцуй шамлан” ажиллаж буйгаа зарладаг. Төвлөрлийг тараана, агаар болон хөрсний бохирдлыг багасгана гээд байгаа. Мэдээжийн хэрэг гэр хорооллын дахин төлөвлөх зэрэг бодит ажлууд эхэлсэнийг сайшаахгүй байхын аргагүй.

Гэвч нөгөө талаар дээрх бохирдлуудыг бүрдүүлдэг гэр хороолол нь улам бүр шавааралдаад, гудамжнууд нь нарийсаад байгаа ш дээ. Гал түймэрт өртвөл зогсоохооргүй болсон нь байг гэхэд халдварт өвчин гарахад бүгдээрээ тусчихаар тийм ойрхон амьдарч байна.

Улсаас өгнө гээд байгаа, өгч байгаа газрууд нь даанч хол. Өмнө нь иргэдэд олгочихсон боловч дэд бүтэцгүйгээс болоод хоосон хэвээрээ байгаа газрууд бий. Тиймээс иргэд хотын төвтэйгөө арай ойрхон ядаж сургуультай ойрхон газар амьдрахыг хүсдэгийг буруутгах нь утгагүй. Хүмүүст “Зөвшөөрлийг нь намар гэхэд гаргуулчихна” гэж хэлээд газар зараад явдаг хүмүүс байна. Тэдний бай нь гол төлөв оршуулгын газрыг цэвэрлэх, үерийн даланг шороогоор булах, Сэлбэ болон бусад голын хөндий рүү шороо асгаж урагшлах замаар газартай болоод хашаалаад зардаг. Дараа нь зөвшөөрөл нь гараагүй болохоор хөөгдөж туугдаад мөнгө төгрөгөөрөө хохирсон, үерийн булсан далан дээр бууснаас болж урсаж эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө эрсэдсэн тохиолдол бишгүй бий.

Хотын төврүү ойрхон газруудад шороо асгаж газар бий болгоод байгаа хүмүүсийг заавал өмч, газрын албаны хүн ирж шалгах биш хороодод байгаа хэсгийн ахлагч нар хөөдөг байх хэрэгтэй. Яагаад айлууд дураараа буугаад байна гэж асуухаар дүүргүүдийн Өмч, газрын албаныхан “Бид хүн бүл цөөтэй болохоор амжихгүй юм” гэдэг. Хэсгийн ахлагч нар гэж төрөөс цалинтай арми бий. Тэд үүнийг харах хэрэгтэй биз дээ. Ингэхгүй бол иргэд эд хөрөнгө, амь биеэрээ хохироод байгаагаас гадна нөгөө төвлөрлийг чинь улам л чигжээд байх юм байна ш дээ.

 

Ж.Энх /НИЙСЛЭ ТАЙМС/


URL:

Сэтгэгдэл бичих