О.Гонсон: Модны хулгайчидтай мөнхийн тэмцэлтэй амьдарч байна
Эх дэлхийн хэвлийг ургийн судас мэт үндсээрээ сүлжиж хүмүүн бидний амьдралыг зуунаас зуунд дамжин тэжээн тэтгэж ирсэн нь яах аргагүй ой мод билээ. Энэ жил Монгол улсад Ой модны салбар байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна. Түүх өгүүлэх энэхүү салбарт 40 гаруй жил ажилласан, гавьяат ажилтан, ойн инженер О.Гонсонг “Баасан гаригийн зочин” буландаа урилаа. Тэднийх хотоос зайдуу Ойн булаг гэх газар амьдардаг юм байна.
-Та тэтгэвэрт гарсан ч мэргэжлийн ажлаасаа холдоогүй л сууна. Энэ газарт ирж амьдраад удаж байна уу?
-Тэтгэвэрт гараад зүгээр суусангүй. Ойн булагт ирж амьдраад нэлээд хугацаа өнгөрлөө. Байгаль дэлхийтэйгээ ойр байна гэдэг ер нь хүмүүн бидний жаргал юм даа. Энд сайн дураараа байгаль хамгаалагчийн ажил хийж байна. Гэр бүлийнхээ хүнтэй хамтраад ойг нөхөн сэргээх, шигүү ургасан модыг шилжүүлж суулгах юм. Мөн энд модны хулгай гарах гээд байдаг. Тэдэнтэй ч мөнхийн тэмцэлтэй амьдарч байна даа.
-Ер нь ажлаа орхиод амаръя гэж бодохгүй юм уу. Таны нас сайхан амардаг үе шиг л санагдах юм?
-Тэгж боддоггүй. Миний ажил надад хүнд хэцүү санагдахгүй. Ой мод гэдгийг би амьдралынхаа нэг хэсэг болгосонтой холбоотой байх. Тэтгэвэрт гараад Байгаль орчны ажилтан, байгаль хамгаалагч бэлтгэх сургуульд багшилж байлаа. Мөн Байгаль орчны мастер төлөвлөгөө хийгээд агаар судлах, цас усны дээж өгөх зэргээр ажил мундахгүй юм. Удахгүй Сэлэнгэ аймагт алт бэлтгэж байсан газрыг нөхөн сэргээх төсөлд ажиллана. Би очиж мэргэжлийн зүгээс нь заавар зөвлөгөө өгөх юм.
-Байгаль хамгаалагч бол танай салбарын хамгийн эхний бөгөөд их сонирхолтой ажил шиг санагддаг. Яагаад энэ ажлыг хийхээр болсон юм бэ?
-Урд нь манай эндхийн байгаль хамгаалагч ажилдаа дуртай, их зөв хүн байсан юм. Тэр маань яваад одоо шинэ хүн ирсэн. Шинэ хүн нь учир битүүлэг хийх ажлаа ч сайн мэдэхгүй юм. Бид эндээ баг болоод ажилладаг ч хулгай ер нь тасрахгүй шүү. Гэхдээ муу юм модон улбаатай гэж мод хулгайлсан хүмүүс тавилангаараа баригддаг л байхгүй юу. Түүнийгээ мэдэхгүй байна. Байгаль хамгаалах хөдөлгөөн 1809 оноос Богд ууланд бий болсон гэдэг. 1985 оны үед байгаль хамгаалагчийн хариуцах талбайн норматив гэж байхад байгаль хамгаалагчдын тоо 1000 хүрч байсан. Одоо байгаль хамгаалагчдыг харж байхад утсаар яриад суухаас биеэрээ очиж шалгахаа больжээ. Уг нь байгаль, ан амьтнаа маш сайн мэддэг өөриймсөг байх л хэрэгтэй. Ер нь байгаль, ой, ангаа гэсэн сэтгэл дутагдаад байгаа юм уу гэж харагддаг.
-Хүн бүр байгалийн хайр хишгийг хүртэн амьдарч байна. Харин эргээд байгалиа хайрлаж, хамгаалах нь зүйтэй гэдгийг ойлгохгүй байх шиг?
-Байгаль орчин, ойн баялгийг хамгаалахад иргэдийн нөхөрлөл, төрийн бус байгууллага чухал үүрэгтэй. Гэхдээ иргэн бүр амьдарч байгаа орчныхоо байгалийг хамгаалах ёстой. Миний өмч гэсэн эзний ёсоор хандвал сэтгэлгээ арай өөр болно. Одоохондоо тэгж сэтгэлээ өгч чадахгүй байх шиг байна. Уг нь сэтгэл дүүрэн байвал энэ салбарт хөрөнгө мөнгөнөөс илүү үнэтэй юм.
-Байгальд хайртай болох тэр сэтгэлгээ хэзээнээс суудаг юм бэ. Хүүхэд наснаас гэж ойлгодог. Зөв үү?
-Тийм л дээ. Гэхдээ одоо хүмүүс байгалаа хамгаална гэхээс илүү ашиглаж, үр шимийг нь хүртэх ёстой гэж ойлгох юм. Тэгээд дийлэнх хэсэг нь ашиглахын төлөө зүтгээд байна. Нөхөн сэргээх гээд байгаа хүн ч байна. Одоогийн цаг үед тэдэнд дэмжлэг чухал. Зөрчил илрүүлсэн, санаа зовсон, тэмцсэн иргэнд их бага гэлтгүйгээр таарсан урамшуулал зайлшгүй байх ёстой. Удахгүй ойн цэвэрлэгээ хийх гэж байна. Сайн хэрэг ч гэлээ энэ далимаар шунахайн сэдэл орохыг үгүйсгэх аргагүй тул сэргийлэх хэрэгтэй.
-Ойн хамгийн чухал зүйл нь нөхөн сэргээлт гэж сонссон. Та олон газар энэ ажлыг хийж байв уу?
-1969-1971 онд манай улс нөхөн сэргээлтээ эрчимтэй хийж эхэлсэн байдаг. Үрээр нь тарьц бэлтгэж тарьдаг байсан. Одоо сэргээлт хийж байгаа ч ерөнхий далайц нь багадаад байна. 1965 онд Тужийн нарсанд судалгаа хийхэд бараг худалч хүнд могой явж чадахааргүй шигүү байсан. 1990-ээд оны үед зориуд шатаагаад тогтоогдсон юм ч байхгүй тэгээд эзэнгүй юм шиг өнгөрсөн байдаг юм. Одоо нөхөн сэргээлт хийгээд гайгүй л байх шиг байна.
-Мод тарина гэдэг их тэвчээртэй, уужуу тайван хүний ажил шиг санагддаг. Ургалт нь удаан болохоор тэгж санагдаад байдаг юм?
-Тийм шүү. Олон жил ургадаг ур настай учраас түүнийг тарьсан хүн урт насалдаг ч гэж ярьдаг юм. Навчит мод 40-50 жил, нарс 100 жил, хуш, шинэс 200 жил насалдаг. Маш удаан амьдарч байгаа биз. Ийм сайхан байгалийн зүй тогтолтой зүйлийг хоромхон зуур үгүй хийнэ гэдэг нүгэл юм. Хэрэв ногоон мод байхгүй бол хүн төрөлхтөн үхлийн ирмэгт хүрнэ гэдгийг ч зарим хүн ухамсарлахгүй байна даа.
-Нийслэлийн ногоон байгууламжийн тухайд та юу хэлэх вэ. Бид хэзээнээс ногоон хоттой болох бол?
-Бадамжав Чимид нар нийслэлийн ерөнхий дендрологчоор ажиллаж байхдаа нэлээд зүйл хийсэн байна. Хотыг цэцэрлэгжүүлэх чинь ойжуулалтаас хамаагүй өмнө эхэлсэн байдаг юм. Тэр үед их хариуцлагатай байсан боловч одоо нэг л дүнсгэр хэцүү харагдаад байх юм. Уг нь техник технологийн хөгжлөө дагаад улам л сайхан болмоор санагддаг. Үүн дээр миний дээр хэлдэг сэтгэл дутаад байгаа байх. Энэ жил манай салбарын 90 жилийн ой болно. Ерэн мянган мод суулгана. Гэтэл радиогоор суулгац гэж яриад байна лээ. Уг нь хотын ногоон тохижилтыг суулгацаар, харин ойг тарьцаар хийдэг юм шүү дээ. Үүнийг ч ялгаж салгаж чадахгүй юм. Энэ мэт олон зүйл дээр сэтгэл харагдах юм байна.
-Ерэн мянган модоо хаана тарихаар төлөвлөсөн юм бол?
-Тэрийг би сайн мэдсэнгүй. Бид 1963 оны хавар Хүүшийн амны хэсгийг ойжуулсан. Маш сайхан ургасан. Одоо ч хэвээр л харагдаж байна билээ. Ойжуулалтын ажилд газар сонгох их чухал. Ойг ургуулах ойжуулах ажлыг мэргэжлийн хүн л хийнэ. Санаан дураар болчихгүй. Мэргэжлийн хүн, сэтгэл, зүтгэл гурав байж энэ ажил амжилтад хүрнэ дээ.
-Хүн бүрийн амьдрал ой модтой салшгүй холбоотой. Харин таны амьдрал бүр ч ойр санагдана. Мөн мэргэжилдээ хайртай гэдгийг тань яриа бүрээс чинь мэдэрч байна?
-Энэ салбартаа хайртай дуртай учраас нас өндөр болсон ч салж чадахгүй явна шүү дээ. 1956 онд Санкт-Петрбургийн ойн академид ойн инженер мэргэжлээр суралцахаар очсон минь саяхан мэт санагдаж байна. Найман хүүхэд очсон юм даа. Бүгд сургуулиа амжилттай төгсөөд ирж байлаа. Одоо тэднээс маань дөрөв нь л үлдэж дээ. Хүний хорвоод ирж буцдаг жам байдаг хойно одоо яах ч билээ.
-Та төгсөж ирээд ажлаа хаанаас эхлэж байсан юм?
-Хөдөө аж ахуйн яаманд ажиллаж эхэлсэн. Дараа нь Ойн аж ахуй мод боловсруулах үйлдвэрийг удирдах ерөнхий газарт шилжиж, ойжуулалт ой нөхөн сэргээх ажлыг хариуцан ажиллалаа. Бараг хасаг зуун жил энэ салбарт зүтгэсэн байна. Энэ хугацаанд МАХН-ын Төв хороонд Ой модны асуудал хариуцсан албыг хүртэл гүйцэтгэсэн байна. Байгаль орчныг хамгаалах яам, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гээд ой модтой холбоотой салбар бүрт хуруугаа дүрж явлаа даа.
-Салбарынхаа 90 жилийн түүхийг хэрхэн дүгнэх вэ. Дүгнэж хэлэх, шүүмжлэх эрх танд бий гэж бодож байна?
-Бид 1974 онд ойн салбарынхаа 50 жилийг тэмдэглэж байлаа. Тухайн үед ажлаа дүгнэж тэргүүний хүмүүсээ тодруулсан. Тэр үед Байгаль ойтой харьцах явдалд хүмүүс их болгоомжтой ханддаг байж. Ашигласан бол хамгаалах ёстой гэдэг байсан. Одоо хүмүүсийн харьцаа ч их өөрчлөгдөж зөрчил ч их гарч байна. Цөөхөн хүмүүс, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой нөхөрлөлүүд олон байгуулагдаж байна. Гэхдээ энэ нь янз янз байгаад байна. Зарим нь ойн нэг хэсгийг хуьдаа ашиглах хандлагатай ч юм шиг, зарим нь тэр ойгоо хамгаалах чиглэлтэй гэх зэрэг сэтгэлд бүрэн дүүрэн нийцэж өгөхгүй л байна. Модыг импортоор авах тухай ярьж байна. Энэ байж болно л доо. Гэхдээ импортоор ашиглахдаа мэргэжлийн үндсэн дээр ашиглах нь зүйтэй гэж боддог.
Т.БАТСАЙХАН
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: