ДЭЭРЭМ

jamiyan-middleЭ.БАТ-ҮҮЛ Сонгуулийн өмнө: “Нэг м квадрат газраа саяас доош үнэлж болохгүй шүү. Та нарын амьжиргааны үндэс энэ. Үнэ нь цаашдаа улам өснө”.
Э.БАТ-ҮҮЛ Сонгуулийн дараа: “Нүүхгүй бол албадан нүүлгэнэ шүү”

Өнөөдөр монголчууд хална, ачна, шоронд хийнэ, албадан нүүлгэнэ, хотоос гаргана, шалгуулна, бүсээ чангал гэхчилэн байнгын дарамтанд амьдрах боллоо. Ахмадууд үүнийг “яг л 1930-1940-өөд оныг санагдуулж байна” гэх. Монголд 30 гаруй мянган хүнийг цаазлан хороож, хотын хонхор газрыг хүний цогцсоор дүүргэсэн их хэлмэгдүүлэлт ингэж эхэлсэн юм билээ. Бид ардчиллын буянаар тийм аюулт үеийг ардаа орхилоо гэж бодож байсан чинь эндүүрэл байжээ. Эрх баригчид, тэдний хамсаатнууд ямар ч хэрэг хийсэн зүгээр өнгөрөөдөг. Харин бусад нам эвслийнхэн жирийн хүмүүсээр Монголын шорон дүүрч байгаа сураг байна. Монголд сүүлийн аравхан жилийн дотор 210 хүн хорих ангид нас баржээ. Ноднин жил гэхэд шоронд 17 хүн амиа алдаж, энэ оны эхний таван сард мөн л дөрвөн хүн шоронд нас эцэслэжээ.

Монгол Ардын Намын гишүүн, нам төрд үнэнчээр зүтгэж байсан Д.Амарсайхан саяхан урьдчилан хорих төвийн хүлээлгийн өрөөнд харамсалтайгаар таалал төгслөө. “Дээрээс өгсөн үүргийн” дагуу эмнэлгийн тусламж үзүүлэлгүй байгаад нэг ёсондоо хөнөөчихлөө. “Дээрээс” гэж хэн бэ? Хууль журмыг хөлдөө гишгэн, эмнэлэг эмч нарыг хүртэл тангаргаас нь няцуулж байдаг өндөр дээд, эрх хэмжээний хүн байж таарах болов уу? Н.Алтанхуяг уу, З.Энхболд уу, Ц. Зориг уу Д. Тэмүүжин үү, Н.Ганболд уу, Д.Дорлигжав уу, Б.Билэгт үү… Өнөө болтол учир битүүлэг байна.

Шоронд нас барсан тэр олон хүн хэний хэн бэ? Аль намын дэмжигч вэ яагаад нуугаад байгаа юм. Монгол Улс чинь орчин үеийн Бухенвальд, Освенцим болчихоод байгаа юм биш үү?! НҮБ, олон улсын хүний эрхийн байгууллагуудад жигтэйхэн сайхан тайлан гаргаж өгчихөөд шоронд зуу зуугаар нь “унтуулж” байгааг юу гэж үзэх болж байна. Хүний эрхийн нэртэй цаас үйлдвэрлэж, цалин гүзээлэгчид хаана явна? Шоронд, урьдчилан хорих төвд хүмүүс арав хориороо нас барж байхад Хууль зүйн сайд нь ширээ сандалтайгаа үхэн хатан зууралдаад, эрх баригчид нь “үүн шиг сайн хүн байхгүй” хэмээн огцруулалгүй өмөөрч хамгаалаад байдаг улс орон манайхаас өөр байдаг юм уу?!

“Их санасан газар есөн шөнө хоосон” гэгчээр бид ардчилал шударга ёсны замаар замнаж байгаа гэж хорин хэдэн жил хормой дэрвүүлэн харайлгаад, олон улсад ардчиллын жишиг орон гэж худал тайлагнаад өнөөдөр юунд хүрэв?
Ардчиллын баг өмссөн хэсэг хүн гарч ирээд бужигнуулчихлаа. Монгол Улс эдийн засгийн хувьд сөхөрлөө. Дээгүүрээ буруутныг энд тэндээс эрж хайх бололтой юм. Нэг хэсэг нь гадаад зах зээлээс болсон гэнэ. Гадаадын хөрөнгө оруулалт тасарч гэнэ. Алт, зэс, нүүрснийх нь үнэ унаад хямруулчихаж гэнэ. Энэ “мөнгө иддэг малуудад” халамж нэртэй хавтгайруулж мөнгө тарааснаас болж гэнэ. МАН гэдэг “моторын тос нь гоождог” хуучин машинаас болж гэнэ. Худлаа!

Энэ бол Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Н.Батбаярьш зохиомол жүжиг. Энэ бүхнээ хэвлэл мэдээллийн магнатуудад их мөнгөөр худалдан, үнэн юм шиг сурталчлуулах боллоо. Ингэж сурталчлахгүй бол эзэнтэй нь тооцоо хийнэ хэмээн ухаж төнхөх болсон нь нууц биш ээ.

Тэгвэл юунаас болж төр хүчгүйдсэн юм? Юунаас болж эдийн засаг хямарсан юм? Үүнд ганцхан хариулт бий. Эрх баригчид гарч ирэнгүүтээ Монголын төрийг мойлын мод шиг томруулж, нүсэр бүтэц бий болгосноос болсон. Ах дүү, хамаатан садан, танил тал, нэг нутаг, нэг ангийнхнаараа Монголын төрөөр тоглуулан хоёр жилийг авлаа. Арван яамыг 18 болгож, сайд, дэд сайд, газар хэлтэс хэдийг ч нэмэв дээ. Улаанбаатар хот л гэхэд дөрвөн орлогчтой  байсан Засаг дарга нь зургаан орлогчтой, нэг орлогчтой байсан дүүргийн Засаг дарга нар дөрвөн орлогчтой боллоо. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өрөөгөө голж 1-3 давхарт олон өрөөтэй болсон. Түүнийгээ 250 мянган ам.долларын үнэтэй агаар цэвэршүүлэгчээр ариутгаж байдаг гэсэн яриа байна. Энэ байр, хангамж нь багадаад Сонгинохайрхан дүүрэгт газар өмчлүүлэн хотын захиргааны бүхэл бүтэн цогцолбор барьж байх юм.

Уг нь Улаанбаатар хотын захиргаа шиг их байр савтай газар Монголд байхгүй. “Төөрдөг байшин” шиг юм хийж нуугдаж тоглох гээд байгаа юм уу бүү мэд. Тэгэхэд нийслэлд эмнэлэг сургууль нь байргүй, олон түмэн яаж шаналж зовж байна даа. Өрний их мөнгөөр тансаглаж эдийн засгаа сульдуулж байгаа хүмүүсийг бид холоос эрэх хэрэггүй л дээ. Царай нь хувирахгүйгээр өдөр болгон бидний өмнө худлаа ярьж суугаа Ерөнхий сайд Н.Алтанхуягаараа жишээ татахад л болно. Энэ хүн Ерөнхий сайд болонгуутаа хувийнхаа юм руу ханцуй шамлаад орж явчихсан.

Зоригтой хийнэ л дээ. Хүргэн Г.Дэнзэнгээ Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга болгож байгаад эхнэрийг нь Тавантолгойн 17 тэрбумын тендэрт овгийг нь өөрчлөөд ялуулчихсан байгаа юм. Эхнэр гэдэг нь НАлтанхуягийн зээ дүү Уянга. Ийм булхайтай тендер, их мөнгө яаж олны хараанаас мултрах билээ дээ. Дорхноо илэрч тендер буцаж, Г.Дэнзэн огцрох аядаад намжсан. Н.Алтанхуягийн паян үүгээр дуусалгүй бүтэн хоёр жил үргэлжилж байгаа.

Хамгийн сүүлийнх нь “Цэвэр агаар сан”-гийн тав зургаан тэрбумын хэрэг. Аймаар том хэрэг илэрч баахан хүнийг шалгаж шоронд суулгатал гол гэмтэн А.Саранзаяа нь сугараад үлдчихсэн байдаг. Энэ юу болов гээд эрж сураглатал А.Саранзаяа гэдэг нь Ерөнхий сайдын төрсөн охин болж таардаг байгаа. “бат бэх ар талтай, айх хэрэггүй” гэж байсан А.Саранзаяагийн маань ард төрсөн эцэг Алтанхуяг, түүний дөрөө харшуулан хатирч явдаг, ахлах зөвлөх Л.Гансүх нь байсан юм билээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байхаасаа гэнэт баяжсан Монголын толгой баячуудын нэг Л.Гансүх саяхан хууль хяналтын байгууллагад шалгагдах болохоороо оргоод гарчихлаа гэнэ. Баттай бус эх сурвалжийн мэдээгээр бол Л.Гансүхийг дээгүүрээ хуйвалдаад оргуулчихлаа гэх аж. Нөгөө А.Саранзаяагаа ч гадагш нь гаргачихсан байх гэж хүмүүс жиг жуг гэлцэж байна. Ингээд бодохоор “гадаад” гэдэг чинь Монголын гэмт этгээдүүдийн орогнож байдаг нэг ёсондоо “гадаад дахь урьдчилан хорих төв” шиг бодогдоод байгаа юм.

Ерөнхий сайд маань баян л даа. Баян ч байхаас яахав. Өчнөөн жил өндөр дээд алба хашсан хүн. Н.Алтанхуягийн орд харш гэсэн газар тааралдаж л байсан. Саяхан Хужирбулан луу явж байтал цэлгэр том хашаа, барилга байгууламж таарлаа. Хүмүүс энэ чинь манай Ерөнхий сайдын шинэ эдлэн газар, харш шүү дээ гэж байна. Нүсэр том юм аа. Зарим нь Н.Алтанхуяг ноднин жил задаргаагүйгээр 50 тэрбум төгрөг төсөвт суулгах гэж яаж гүйлээ. Түүний багахан хэсэг нь хэдэн аймгийн оношлогооны төв болчихоод, үлдсэн хэсэг нь энд тэнд орд харш болж байж магадгүй л юм гэлцэнэ билээ.

Би Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийнхээ талаар энд бичилгүй өнгөрч болохгүй байна. Эцэгтэй нь сайн сайхан явсан, энэ залуугийн үйл хэргийг ч эхнээс нь дэмжиж явсан хүний хувьд яаран шүүмжлээд байхгүй юмсан гэж боддог байлаа. Тэгсэн чинь, өндөр албан тушаал, хүнийг их эвддэг юм байна. Саяхан мань хүн зурагтаар залж байна аа. Энэ нийслэл хот гэж, үе үеийн дарга нар нь харлуулчихсан газрыг Э.Бат-Үүл өөд нь татаад байгаа юм байх. Ичиж үз. Ажил аваад хоёр жил боллоо. Сонгуулийн хугацаа дундаа орлоо. Нийслэл хотод хийсэн хамгийн том ажил гээд байгаа нь “гэр хорооллын дахин төлөвлөлт”. Сэтгүүлч бид саяхан албаны хүмүүстэй тойрч үзлээ. Олон айл нүүлгэж одоо цэнхэр хашаанууд л байна.

Барьж босгоод айл оруулчихсан ганц барилга алга. Зарим хашаанд дутуу хагас зангидаад орхичихсон каркас байна. Газраа чөлөөлөөд өгчихсөн тэр олон хүн хаана ямаршуу янзтай амьдарч, Э.Бат-Үүл, Д.Баттулга хоёрын сайхан үлгэрт бүүвэйлэгдэн нойрсч байдаг юм бол. Хотын хамгийн том бүтээн байгуулалт гээд байгаа нь энэ. Э.Бат-Үүлийнхний гол зорилго бол, ямартай ч 2016 оны сонгууль болтол ашигтай газруудыг чөлөөлүүлж авъя гэсэн санаа юм биш байгаа. 2016 оны сонгууль тулаад ирэхээр бид л наадахыг чинь гүйцээж өгөхгүй бол тэгээд л өнгөрнө шүү гэж нэг мэлзэх байх.

Улсаа барьцаалсан “Чингис” бондоор хийж байгаа дараагийн “том бүтээн байгуулалт” нь “Гудамж” төсөл. Жилд л хэдэн гудамжны уулзварыг жаахан өргөтгөх юм даа. Нэг уулзварыг гэхэд л хоёр тэрбум төгрөгөөр гээд байгаа. “Гудамж” төслөөс хувьд нь овоо юм унадаг бололтой юм, энэ дарга нарт. Э.Бат-Үүл маань “Гудамж” төслийн хөрөнгийг манайх авна, танайх авна гэж сайд Н.Батбаяртайгаа муудалцаад авна билээ. Н.Батбаяр бол “Чингис” бондын аль ашигтай төслүүдийг атгаад сууж байхаа мэдэх толгой. Унац ихтэй, өөрт нь ашигтай төслүүд дээр эд ингэж л “уралцаж” байх юм даа. Ер нь тэгээд удирдах хүн гэдэг чинь өөрийнхөө бөндгөрийн багтаамжаар л сэтгэдэг юм байна.

Э.Бат-Үүл маань, дугуйтай монгол, хогны ногоон уут, нийтийн жорлонг үнэ төлбөргүй болгох, гудамжны цэцэг тарих, төв талбайн гэрэлтүүлгийг солих гэх мэтийн “их ажил” хийчихсэн бололтой сүр бадруулан ярина билээ. Би, Э.Бат-Үүл, Д.Баттулга хоёрт олон удаа сануулж байгаа. Та нар Улаанбаатар хотын төв хэсгийг л жил болгон тордоод байна гэж. Хүнээр бол нүүрийг нь л жил болгон угаагаад, хорин таван жил “усанд ороогүй”, наад Улаанбаатар чинь гэж. Их тойруугаас цааш болохоор л гудамж нь харанхуй, хүн явахын аргагүй шавар шавхай, хог новш, амьсгалах аргагүй үнэр. Гадна дотны хүмүүс харах хотын төвд л жил болгон хамаг мөнгөө булаад зах хязгаар нутгаа заяа нь мэдэг гээд орхиж болохгүй шүү дээ гэдэг юм.

Э.Бат-Үүл тэргүүтнүүд Улаанбаатарыг утаанаас нь ядаж л 30-40 хувь салгачихсан бол, мөн хөрсний бохирдолыг төдий чинээ бууруулчихсан бол, хог лаганд дараатай хэвтээ үерийн далан суваг, шуудуйт шинэчлээд засчихсан бол ядууст зориулсан ганц хоёр өрөөтэй тохилог дулаан хороолол барьчихсан бол, ТЭЦ-5-ыгаа ядаж суурийг нь тавиад ажиллуулж байгаа бол, эмнэлэг, сургуулиудаа өргөтгөж бариад ор, суудлыг нь мэдэгдэхүйц нэмчихсэн бол, би хотын дарга нарыг юунд шүүмжилж цаг, цаасаа үрэх юм бэ? Тэгэхэд хийдэг л ажил нь хогийн ногоон уут. 4,5 тэрбум төгрөгөөр шүү! Манайд л гэхэд дөрвөн боодол ногоон уут хэвтэж байна. Өдрийн хоол хүнсэнд ирж байгаа гялгар уут бидэнд хүрэлцээд, илүү гарч байна, Энэ уут үйлдвэрлэдэг, талбайн гэрэл дахин сольдог, цэцэг тарьдаг, замын уулзвар жаахан өргөтгөдөг компаниуд та нарын ах дуү юм уу, танил чинь биш биз. Улсын асар их хөрөнгийг ингэж үрэн таран хийж болохгүй.

Өнөөдөр нийслэлийнхний хувьд нэг том түгшүүр бий болсон. Ардчиллын буянаар бүгд л бага сага хувийн өмчтэй болсон. Гэтэл өнөөгийн эрх баригчид хувийн өмчид дайн зарлалаа. Цаад тал нь 25 жил хурааж хумьж, тордож, янзалсан хувийн өмчийг нь нүүлгэнэ, хотоос гаргана зайлуулна гэх боллоо. Ард түмний маань аж амьдралаа залгуулдаг хэдэн зах, засвар үйлчилгээний газрууд энэ дайрлагад өртөж байгаа. Хотоос арав хорин км газарт нүүж очдог байгууллага, аж ахуйн нэгжүүд, тэнд өдөр болгон очиж үйлчлүүлдэг хүн байх уу, Байхгүй.

Ингээд Улаанбаатар хот захгүй, хотын дарга нар баахан сул чөлөөтэй газартай л болж үлдэх болоод байх шиг. Жишээ нь 20 гаруй жил өчнөөн барилга байшин барьж, тэр том талбайгаа хүртэл цардаж, цементэлсэн “Да хүрээ” зах яаж нүүхийн учрыг би хувьдаа олохгүй л байгаа юм. Тэгсэн нь захуудыг хотоос гаргасан нь зам талбай чөлөөлөх юм гэнэ. Тэгвэл, жилд яагаад 40 гаруй мянган машин оруулж ирээд байгаа юм. Ер нь аль ч том гүрний хотуудад үйлчилгээ нь иргэдийнхээ дэргэд л байдаг юм билээ. Бээжин, Москва, Сөүл, Улаан-Үд ер нь зах үйлчилгээний газруудаа хотоос хөөгөөд эзэнгүй газар авааччихсан улс орон бий гэж үү? Харин засч тордмоор, журам дэглэмд оруулмаар зүйл байлгүй яахав. Энэ олон зах, ТҮЦ, гараашуудыг нүүлгэж бужигнуулвал мөн ч олон мянган хүн ажил амьдралаасаа хагацана даа.

Эцэст нь нэг ноцтой зүйлийг уншигчидтайгаа хуваалцмаар байна. Энэ Засгийн газар сүүлийн үед хэдэн зуун барилга, объектыг барих хөрөнгийг нь өгөлгүй царцаагаад байгаа. Барихыг нь зогсоогоод гэсэн үг. Гол нь Ардчилсан намынхнаас бусад компани, хүмүүс түүнд өртсөн гэх. Харин Ардчилсан намынхан юм уу, түүнийг дэмждэг танил тал ойр дотных нь хүмүүсийн барилга обьектууд ногоон гэрлээр босч байгаа. Би хамгийн ойрхны нэг баримтыг авъя. Орон сууцны хоёр дугаар хороолол дунд гэв гэнэт нэг баян хүн гарч ирээд хоёр давхар дэлгүүрийг дөрвөн давхар, дараа жил нь долоон давхар, ноднин жил 12 давхар болгож бариад ойр хавийн орон сууцнуудын нар салхийг хаачихсан. Хүүхдийн тоглоомын талбайг дур мэдэн сүйтгэсэн. Энэ тухай гомдлоо оршин суугчид Э.Бат-Үүл, Д.Баттулга нарт ид баригдаж байх үед нь албан ёсоор өгсөн боловч сураггүй алга болсон.

Харин ч барилгыг өдөр шөнөгүй ажиллаад дуусгачихсан л даа. Иргэд бол “Энэ хоёр даргын найз нь учраас яалаа гэж хир халдаах билээ” гээд л өнгөрсөн. Хүчтэний дэргэд хүчгүй нь буруутай гэгч энэ. Гэтэл саяхан, бас л орон сууцны байшингуудын дунд цоо шинээр баригдсан тоосгон байшинг нураагаад асар өндөр орон сууц барьж эхэллээ. Энэ юу болов оо? гэсэн чинь бас л “Э.Бат-Үүлийн ивээлийнхэн” гэнэ. Энэ барилга барьж байгаа хүмүүс чинь түрүү жил “орон сууцны конторын өргөтгөл” нэрээр биднийгээ хуурч мэхлэн дөрвөн давхар хувийн орон сууц барьчихаад байгаа юм шүү дээ. Хүндэт дарга нар минь, царцаавал адилхан царцааж баймаар. Үгүй бол адилхан бариулж баймаар. Монголчуудаа, ардчиллынхан, бусад намынхан гэж хуваадгаа татмаар байна.

Бодит баримт, Э.Бат-Үүлийн телевизээр яриад байгаа үлгэр хоёрын хооронд мөн ч их зааг байгаа биз. Мэдлэг нимгэн, санаа буруу хүмүүс өндөр эрх мэдэл эдлэхээр “дээрэм” хийдэг юм байна. Мөнгө хөрөнгөнд нугасгүй болдог юм байна.
Монголчууд хувийн өмчөөсөө хагацмааргүй байна.

 

МУСГЗ Г.Жамьяан /ӨДРИЙНЭ ШУУДАН/

 

 


URL:

Сэтгэгдэл бичих