С.Наран: Нарны шилгүйгээр өөрийгөө төсөөлдөггүй

Ч.ГАНТУЛГА

“Хобби” булангийнхаа дугаарын зочноор соёлын тэргүүний ажилтан поп дива дуучин С.Наранг урилаа.

-Таныг нарны шилний цуглуулгатай гэж сонслоо. Хэр арвин болсон бэ?

-Одоогоор 40 гаруй нарны шил бий. Магадгүй түүнээс ч их байж магад. Хараахан тоолж амжаагүй явна.

-Дуучин С.Наран гэхээр уран бүтээлээс чинь гадна нарны шил санаанд ордог. Та хэзээнээс цуглуулж эхэлсэн бэ?

-Дуучин болохоосоо өмнө нарны шил зүүдэг, сонирхдог байсан. Уран бүтээл хийж, хүмүүс намайг тодорхой хэмжээнд мэддэг болсон үеэс миний имижийн нэг хэсэг нь шил болж хувирсан. Тэгэхээр нэлээд эртнээс гэж ойлгож болох юм.

-Үргэлж шил зүүхээр хэцүү санагддаггүй юу?         

-Харин ч дасчихсан. Зүүхгүй болохоор эвгүй байдаг юм. Өөрийгөө нарны шилгүйгээр төсөөлөхөд хэцүү. Хүмүүс ч намайг энэ хэвээр минь мэддэг. Магадгүй Наран шилгүйгээр тайзан дээр гарвал гайхаж магадгүй шүү.

-Та зун ихэвчлэн ямар шил зүүдэг вэ?      

-Хувцсандаа тохируулж зүүдэг. Зун, намар тийм шил зүүнэ гэсэн сонголт хийдэггүй. Гэхдээ миний цуглуулгад хар шил голлодог юм билээ. Мөн өнгөгүй, мөнгөлөг, туяатай нарны шилүүд бий.

-Шилээ хаанаас авдаг вэ?

-Хаа сайгүй л зарж байна. Гэхдээ би өнгө, үзэмжнээс нь илүү чанарыг эрхэмлэдэг. Чанартай байх тусмаа удаан эдэлгээтэй шүү дээ. Түүнээс хэдхэн зүүгээд эвдэрчих юм бол хэрэггүй.

-Тэгвэл хамгийн үнэтэй авсан нарны шилээ танилцуулаач?

-Бүгдээрээ миний хувьд үнэтэй. Хэдэн төгрөгөөр авсан нь чухал биш. Өөрийн хүсэл, сонирхол учир түүнийг мөнгөөр хэмжих хэцүү. Би гадаад руу явахдаа заавал шинэ нарны шил авдаг. Миний цуглуулгын ихэнх нь хэлбэр, загварын хувьд давхцаагүй.

-Нарны шилийг яаж арчилж, хамгаалах ёстой юм бэ?           

-Нарны шил бүхэн зориулалтын савтай байдаг. Тэр нь элдэв тоос тогтохоос хамгаална. Аль болох хүний гар хүрэхгүй, унаж хагарах аюулгүй газар тавьбал зүгээр байх.

zuunii medee


URL:

Сэтгэгдэл бичих