Путины бие хамгаалагч нар нууц байх ёстой

008ОХУ-ын ерөнхийлөгчийн хамгаалалтын алба нь Холбооны засгийн газрын мэдлийн агентлагт албан ёсоор харьяалагддаг бөгөөд хамгийн анх өмнөх ерөнхийлөгч Борис Ельциний хамгаалалтын албыг удирдаж байсан КГБ-ийн экс генерал Александр Коржаковын санаачлагаар үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй юм. Анхлан байгуулагдахдаа КГБ-ийн Есдүгээр Ерөнхий Газар нэртэй байжээ. Харин Владимир Путиныг ерөнхийлөгчөөр сонгогдсон 2000 оноос эхлэн энэхүү хамгаалалтын албаны удирдлагыг генерал Виктор Золотов залгамжлан авсан байдаг.

Өнөөдрийн байдлаар англиар SBP хэмээн товчлон нэрлэдэг оросын ерөнхийлөгчийн хамгаалалтын алба нь 2000-3000 шилдэг залуусыг эгнээндээ багтаадаг байна. Хамгаалалтын маш нууц үйлчилгээ хэмээн тооцогддог уг байгууллагын талаар оросын төрийн алба, батлан хамгаалах, аюулгүйн албаны албан ёсны аль ч цахим хуудсанд ямар ч мэдээлэл өнөөг хүртэл байдаггүй гэх. Тиймээс ч гадаадын хэвлэл мэдээллийнхэн тэдний тухай мэдээллийг олж авахын тулд тархиа багагүй гашилгах хэрэгтэй болдог тухай яриа байдаг. Үнэнийг хэлэхэд ерөнхийлөгч Путины хамгаалалтын албаны талаарх мэдээлэл тун бага. Түүний амь насанд халдах оролдлого, хуйвалдаанууд нэг бус удаа бүртгэгдэж байсан болохоор энэ нь арга ч үгүй биз. Ганц Путины үед ч биш. Өмнөх ерөнхийлөгч Ельцин болон Дмитрий Медведев нарын үед ч иймэрхүү бүтэл муутайхан оролдлогууд нэг бус удаа бүртгэгдсэн түүхтэй. Харин оросын төрийн тэргүүний амь насанд халдах гэсэн олон удаагийн оролдлого, хуйвалдаанууд нэг ч удаа амжилтанд хүрч байгаагүй нь оросын тусгай албад болон Ерөнхийлөгчийн хамгаалалтын алба ажлаа хэр зэрэг сайн хийдгийн илэрхийлэл гэж хэлж болно. Тиймээс ч энэ нууцлаг албаны талаарх мэдээлэл өнөөдрийг хүртэл яагаад ийм бага байдаг болохыг ойлгоход төвөггүй биз ээ.

Ингээд юутай ч энэхүү нууцлаг бөгөөд нүсэр албыг анх үүсгэн байгуулсан КГБ-ийн генерал Александр Коржаковын талаар оросын болон гадаадын хэвлэл дээр гарсан товчхон мэдээ мэдээллүүдээс хүргэе.

Арван хоёр жилийн турш Борис Николаевич Ельциний хамгийн ойрын итгэлт хүн. Зарим талаар бараг шадар зөвлөгч, анд найз нь явсан генерал Коржаков бол шинэ оросын улс төрийн түүхийн амьд гэрч болсон хүн юм. Чөлөөндөө гарсан энэ хүн цагтаа ерөнхийлөгчийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах хариуцлагатай албыг удирдахаас гадна Төрийн Думын гишүүнээр давхар сонгогдож явсан гэдгийг хэлэх хэрэгтэй.

Коржаков тэтгэвэртээ гарсныхаа дараа бизнесийн салбарт амжилттай ажиллахын зэрэгцээ оросын улс төрийн сонирхолтой үйл явдлуудад биечлэн оролцож, гэрч болж явсан хүний хувьд тун сонирхолтой намтарчилсан номоо хэвлүүлсэн юм.

Тэрээр 1950 онд Москва хотод жирийн ажилчны гэр бүлд төрж, арван жилийн сургуулиа дүүргэсний дараа угсралтын ажилтнаар ажил амьдралын гараагаа эхэлжээ. Гэвч нэг л өдөр Улсыг Аюулаас Хамгаалах Байгууллагын хараанд эгэл жирийн ажилтан энэ залуу өртөж, тусгай албанд сонгогдсон байдаг нь тун хачирхалтай түүх мэт санагдаж байж болох юм. Ингээд Коммунист намд элсэж, Комсомолын идэвхтэй гишүүн болж, ирээдүйн генералын мөрдөс зүүх замаа зассан байдаг. Ельцинийг дайны гал ид дүрэлзэж байсан Чеченьд айлчлахаас эхсүүлээд 1993 оны төрийн эргэлт, амь насанд нь халдах гэсэн аймшигт оролдлого зэрэг хүнд хэцүү бүхий л цаг үед нь хамт явж, хамгаалалтын албыг нь удирдаж явсан энэ хүн эдүгээ ч эрүүл саруул аж төрж байна.

Харин одоо Борис Ельцинийг ерөнхийлөгч байх үеийн тусгай хамгаалалттай холбоотой нийтэд ил болсон цөөн тооны баримтаас товчхон хүргэе.

Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан зөвхөн ерөнхийлөгчийг өөрийг нь хамгаалаад зогсохгүй түүний эхнэр, охидууд болон ач нарынх нь аюулгүй байдлыг давхар хариуцан ажилладаг. Ерээд оны дунд үед Ельциний ач хүү дэлхийн элитүүдийн хүүхдүүдийн жишгийг дагаж Английн Лондонд өндөр төлбөртэй сургуульд сурдаг байлаа. Харийн улсад сурч буй төрийн тэргүүний ач хүүгийн амь нас, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бие хамгаалагч залуус өдрийн зургаан цагийн зайтай ээлжлэн ажилладаг байсан бөгөөд тэдний нэг цагийн ажлын хөлс тухайн үеийн ханшаар жаран мянган рубль байсан нь орост өөр ямар ч хамгаалагчийн авч байгаагүй өндөр цалин байсан гэдэг.

Ельциний охин Татьяна Дяченког ч мөн адил хамгаалагч залуус өдөр шөнөгүй хамгаалдаг байсан бөгөөд тэдгээр залуусын нэг нь хамгаалж буй хүндээ ухаангүй дурлаж, улмаар амиа хорлох оролдлого хийснээсээ болж Ерөнхийлөгчийн хамгаалалтын албанаас чөлөөлөгдөж байсан тухай хачирхалтай түүхийг өнөөдөр ч оросын тусгай албаныхан дурсан ярилцацгаадаг аж.

Б.Түвшин

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих