Н.Удвал сайд аа! Хүүхэд төрүүлэх гэсэн биш саваа авахуулж, шээсний сүвээ “хаалгасан” эмэгтэй яах вэ?

Дэлхий нийтийн эрүүл мэндийн тогтолцоо иргэдээ өвчин эмгэгээс сэргийлэх, анагаах, нөхөн сэргээх үндсэн гурван зорилготой. Энэ зорилгоо шат шатны эмнэлгийн байгууллагын эмч, сувилагч мэргэжилтнүүдээр дамжуулан хэрэгжүүлдэг. Эрүүл мэндийн салбарын  ажилтнуудын нэн тэргүүний үүрэг бол  иргэддээ чанартай тусламж үйлчилгээг эрх тэгш хүртэх тэр боломжийг олгох ёстой. Гэтэл Монголын эмнэлгүүдэд ажиллаж буй эмч, мэргэжилтнүүд энэхүү үүрэгтээ хайнга ханддаг явдал гаарч буйг олон баримтаас харж болно. Мэргэжилдээ хайнга ханддаг цагаан нөмрөгтнүүдийн гайгаар  хохирч өрөөл татуу болсон гэр бүлүүд санхүүгээрээ хямарч, ажлын байраа алдаж хөдөлмөрийн чадваргүй болсон тухай олон баримт хэвлэлийн шарласан хуудаст үлджээ.

Баримт татья, эрүүл саруул биетэй тулгар эмэгтэй эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эгнээ рүү шилжиж, дөнгөж төрсөн нялх үр нь өрөөл татуу болсон тухай гашуун түүхийг гэрийн эзэн Э гэгч хүний Эрүүл мэндийн яаманд хаягласан өргөдлөөс сийрүүлье.

 “Миний эхнэр Ц нь 2012 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд жирэмсний хяналтад эмч н.Батцэцэгийн хяналтад төрөх хүртлээ тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдаж байв. Харъяаллын дагуу нэгдүгээр амаржих газарт төрөх байсан ч зүрхний цусан хангамжийн дутагдалтай гэсэн оноштой Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төв рүү миний эхнэрийг шилжүүлсэн. Ингээд 2012 оны есдүгээр сарын 11-ны өдөр эрсдэлтэй эмгэг судлалын төвд хэвтэж улмаар есдүгээр сарын 17 –ны өглөө төрөх орон дээр гарсан ч эх нь тамир тэнхээгүй, дүлэлт өгч чадахгүй байсан тул нярайг эмч нар хавчуур тавьж гаргаж  авсан байгаа юм.

Гэтэл төрөлтийн явцад эмч нар эхийнх нь савыг урж, төрөлтийн хүндрэл үүсгэж яаралтай мэс ажилбар хийж савыг нь авсан. Мэс заслын явцад их хэмжээний цус алдаж савыг авахдаа баруун болон зүүн бөөрнөөс давсаг руу очдог шээсний сүвийг нь хааж оёсон байгаа юм. Үүний улмаас шээс нь гарахгүй байсан тул Нэгдүгээр эмнэлгээс мэс заслын эмч н.Амарсайханыг авчирч мэс засалд оруулж баруун бөөрөнд нь гуурс тавиулсан. Зүүн бөөрөнд нь гуурс тавих оролдлого бүтэлгүйтсэн. Учир нь эхийн эрүүл мэндийн байдал маш хүнд байв. Эхийн биеийн байдал маш хүнд, гар хөлийн хуруу нь хэвийн хэмжээнээсээ хоёр дахин томорч, бүх бие нь хавагнасан. Энэхүү мэс заслын дараагаар эхнэр маань бөөрөндөө гуурстай, шээсний сүвэндээ катетертай, биеийн байдал нь хүнд байнгын асаргаатай боллоо. Хүү Э-г тархины томографикийн шинжилгээ хийлгэхэд гэмтлийн улмаас үүдсэн үүссэн олон тооны уйланхай, тархины гадаргууд бий болсон гэсэн шинжилгээ гарсан юм. Уг нь хүү Э  бүрэн тээлттэй, эхийн хэвлийд хэвийн бойжилттой байсан билээ. Гэвч өдгөө 11 сартай хэр нь толгойгоо даахгүй, өдөрт 1-2 удаа таталт өгдөг. Таталтын эсрэг эм тариа байнга хэрэглэж байна. Бид ”Сонгодо” эмнэлэгт хүүгийнхээ тархинд нарийвчилсан шинжилгээ хийлгэхэд гэмтлийн улмаас үүссэн том жижиг олон тооны уйланхайтай, тархины судас нарийсалттай, цус харвасан гэсэн хариу гараад байна. Түүнчлэн эхнэр минь төрсний дараа 14 хоног Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвд  хэвтэж байгаад гэртээ гарснаас хойш өнөөг хүртэл хэвтэрт байна. Эхнэр Ц маань төрснөөсөө хойш хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан. Өнгөрсөн хугацаанд бид  ЭХЭМҮТ-ийн захиргаанд албан ёсоор асуудлаа тавьж шалгуулсан боловч мэргэжлийн алдаа гаргасан гэж үзэн хариуцлага алдсан эмч нараа цалингийн 20 хувиар шийтгэсэн гэсэн хариуг өгсөн. Гэтэл өнөөдөр миний хүү Э нь эмчилгээгүй, эхнэр минь байнгын хэвтрийн хүн болсонд сэтгэл санааны хийгээд эдийн засгийн, эрүүл мэндийн асар их хохирол учраад байна. Иймээс  танай яамны зүгээс хариуцлага алдсан хүмүүст зохих ёсоор арга хэмжээ авч, эхнэр хүүхдийн эмчилгээний зардлыг шийдэж өгөхийг хүсье” гэжээ.

 Энэхүү баримтаас харахад,  хохирогч Ц-ийн төрөлтийг удирдсан, хариуцлага алдсан эмч нарт өдгөө хууль хяналтын байгууллагаас шалгаж буй тухай мэдээлэл бий.

Энэ бол Монголын  эрүүл мэндийн салбарт байнгын тохиолддог баримтуудын нэгхэн л жишээ. Уг нь Н.Удвал сайд 2014 оныг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Уг ажлынхаа хүрээнд Нийслэлд амьдарч буй нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй зорилтод бүлгийн эхчүүд, эмэгтэйчүүд, хүүхдийн бүртгэл  судалгааг гаргаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхийг үүрэгдсэн. Түүнээс гадна олон олон ажлыг хийж байгаа тухай мэдээлдэг ч бодит байдалд  эхчүүд, хүүхдүүд энддэг, эрүүл мэндээрээ хохирдог байдал буураагүй нь бидний сэтгэлийг эмзэглүүлж байна.

Ер нь эмнэлгийн ажилтнуудад хариуцлагын асуудал хөндөхөөр төсөв өртөг, цалин пүнлүү, ажлын ачааллынхаа тухай яриад ам тагладаг уламжлал тогтсон. Тэр ч бүү хэл 2009 онд эмч нарын мэргэжлийн алдаатай холбоотой хуулийн төслийг ярьж эхлэх үед суулт зарлаж, өвчтөнүүдийн амь насаар тэнчин тавьж байж зогсоож байсныг учир мэдэх хүмүүс мартаагүй.

Эрүүл мэндийн систем 2000 онд 45 тэрбум төгрөгөөр “дугуй” эргэж л байв. Гэтэл өнөөдөр төсөв нь Эрүүл мэндийн даатгалтайгаа нийлээд 60 тэрбум хол давсан атал эмч нар төсвийн гачигдлаа тоочсоор л сууна. Гурван сая хүнтэй манайд төрийн 600, хувийн 1200 эмнэлэгтэй аж. Эрүүл мэндийн салбарт 7500 эмч, 9200 сувилагч ажиллаж байгаа нь 10 мянган хүнд 27 эмч, 36 сувилагч, 58 ор ногдож байгаа нь бусад хөгжингүй орнуудаас дээгүүр үзүүлэлттэй хэр нь чанар нь доогуур гэнэ. Тиймдээ  ч улсын төрөх эмнэлгүүдэд амаржихаас сүнсээ зайлдаг тухай үг чих сортойлгох болов.

 Эх нялхын асуудлаар болсон нэгэн хэлэлцүүлгийн үеэр Энэтхэгийн “Кашмер” их сургуулийн анагаах ухааны доктор, багш Магсодо Шиотани хэлэхдээ “Монголын эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын асуудал гэж ярихаасаа илүү эмч нарын чадавхи, ёс зүйг асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарт ялангуяа төрөхийн салбарт нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтний нөөц чухал. Түүнчлэн хууль эрх зүйн орчноо илүү тодорхой болгож, эх хүүхдээ хамгаалах хэрэгтэй” гэдгийг сануулсан нь санамсаргүй зүйл биш юм. Тухайлбал, эмчийн мэргэжлийн алдаанаас үүдэн эх, хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд хохирогчид хаана хандахаа мэддэггүй. Эмчилгээний нөхөн төлбөрийг хаанаас гаргуулах ч тодорхой биш. Эмчийн буруугаас үүдсэн эрүүл мэндийн хохирлын үр дагавар, сэтгэл санааны хохирлыг өнөөг хүртэл тооцож ирээгүй нь эрх зүйн орчноо сайжруулж эх хүүхдээ хамгаалах цаг ирснийг сануулж байна.

Нөхөн төлбөрийг хэн гаргах вэ?

Бас нэгэн баримт иш татья. Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн эмч С.Очир нар нь төрөөд дөрвөн сар болж байсан Н охинд эмчилгээ хийхдээ хариуцлага алдсанаас тархи нь үхжиж, унаж татдаг, сонсголгүй, хараагүй болсон гэх хэрэг 2009 онд хэвлэлийн анхаарал татаж байв. Төрөөд удаагүй байсан охин уушигны хатгалгаараар өвдөж эх нялхаст хүргэгдсэн ч эмчилгээгүй гэх онош тавиулсан байваг. Эрүүл саруул охиноо эрэмдэг болгуулсан ээж цагдаад гомдол гарган гурван жилийн нүүрийг үзэж байж арай гэж шийдүүлсэн юм. Охиныг тус эмнэлэгт хэвтэх үед Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн мэс заслын клиникийн мэдээгүйжилт, эрчимт эмчилгээний тасагт их эмчээр ажиллаж байсан Б.Одгэрэл, тус төвийн Амсгалын эрхтний эмгэг судлалын тасагт их эмч ажилтай С.Очир нарт Эрүүгийн хуулийн 160.2-т зааснаар буюу эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлэхдээ өвчтөний бие махбодид гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр буруутгагдсан ч шүүхээр орсон ч өршөөлийн хуульд хамрагдан сул чөлөөтэй алхах болсон юм. Гэтэл хүүхдээ өрөөл татуу болгосон ээж бүтэн гурван жилийн хөдөлмөр эрхэлттээ алдаад зогсохгүй сэтгэл санааны гүн хямралд орж, байнгын гэртээ хүүхдээ асарч сэтгэл санааны болоод эдийн засгийн их хэмжээний хохирол учраад байгаа юм. Ийм тохиолдолд хэрхэх вэ. Хэдийгээр хохирол учруулсан эмч нарт шүүхээс хариуцлага ногдуулсан ч охин нь өвчиндөө шаналж, эх нь сэтгэл санааны гүн хямралд бор хоногуудыг өнгөрөөж байна.

Эх сурвалж: www.hunnu.mn


URL:

Сэтгэгдэл бичих