Д.Хаянхярваа: Эрх баригчид хэзээ нэгэн цагт түүхийн өмнө хариуцлага хүлээх л болно

 

hayanhyarvaa_said
Монгол Улсын улстөр, эдийн засгийн байдал улам л хямралын байдалтай болж байна. Улстөрийн хямрал нь эдийн засгийнх болж, ард түмний амьдрал өдрөөс өдөрт бус, цаг цагаар муудаж байна. Баянхошууныхан ургамлын тос граммлаж авдаг байсан бол өнөөдөр Чулуун-Овоо, Улиастай хавийнхан талхыг хоёр хуваан авч эхэллээ. Үнэндээ монголчуудын царай баргар байна. Оюутолгойгоос эхлээд монголчуудын горьдлого тавьж байсан олон том аж ахуй ажилчдаа хэдэн зуугаар нь халж, ядуучуудын эгнээ рүү шилжүүлж байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын Бүлгийн гишүүн Д.Хаянхярваатай ярилцлаа.

-УИХ дахь МАН-ын Бү­лэг ээлжит бус хурлаараа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огц­руу­лах асуудалд санал нэг­дэж. Огц­руулах хүсэлтээ өнөөдөр (өчигдөр) өргөн барих уу?
-Өргөн барина. Хууль зүйн үндэслэл нь ч хан­галттай. Төсвийн болоод төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гар­гасан зөвлөмж гээд олон хуулийг удаа дараалан зөрч­сөн учир УИХ дахь МАН-ын Бүлэг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг ажлаа хийж чадахгүй байна, огцруулах хангалттай үндэс­лэлтэй гэж үзэж байгаа юм.

-Өнөөдрийн эдийн засгийн хүндрэлд гол нь Эдийн засгийн хөгжлийн сайд буруутай гэж танай бүлэг үзэж байна уу, ер нь Н.Алтанхуягийн Засгийн газрын сайд нарыг нэг нэгээр нь сугалах замаар эрх зүйн чадамжгүй болгох тактик баримталж байгаа юм уу?
-Эдийн засгийн яамыг яах гэж байгуулсан юм гэдэг асуудал гарч ирэх ёстой биз.Ерөөсөө л Монгол орны эдийн засгийг төлөвлөе, бодлогыг нь нарийн цэгцтэй авч явъя гэдэг үүднээс, Монгол Улс хойшдоо яаж хөгжих ёстой юм гэдэг тэр том бодлогыг зангидаж байдаг Үндсэн чиглэлийн нүсэр бүтэцтэй яам байгуулсан юм. Өнөөдөр энэ яамыг өөр хэн ч биш Н.Батбаяр гэдэг хүн толгойлж байгаа. Тийм ч учраас энэ яамнаас гарч байгаа бодлого бүхэн Монгол орны хөгжлийг доош нь уу, дээш нь явуулах уу, аль эсвэл байран дээр нь эргэлдүүлээд байх уу гэдэг бодлогыг тодорхойлдог маш чухал том яам ажлаа хийж чадахгүй байна. Энэ яамны оруулж ирж байгаа бодлогыг бид жил гаран хүлээцтэй харж, хэрхэн ажиллаж байгааг нь дүгнэж цэгнэлээ.
Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, ард түмний амьдрал ямар болов гэдгийг бүх хүн харж дүгнэж, цэгнэж байна шүү дээ. Байдал ийм байхад энэ нөхрийн толгойг дахиад илээд суух цаг хугацаа ч алга, боломж нөхцөл ч байхгүй. Асуудалд цэг тавих цаг болсон.

-Засгийн газраас зарласан “ЭЗЭН-100” буюу эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхлээд 20 гаруйхан хонож байхад гол хөдөлгөгч хүч болсон Эдийн засгийн хөгжлийн яамных нь сайдаар оролдож, улмаар огцруулах нь тэртэй тэргүй догонцож байгаа Монгол Улсын эдийн засгийг сүйрэл рүү шулуухан ташуурдан хөөж байгаа хэрэг гэж бодогдохгүй байна уу?
-Манай намын бүлэг энэ “ЭЗЭН-100” гээч хөтөлбөрийг зүгээр л шоу гэж үзэж байгаа. Тэртэй тэргүй тун удахгүй мэдэгдэнэ. Ингэж доголдчихоод байгаа Монгол орны эдийн засгийг 100 хоногт эрс сайжруулчихна гэдэг бол хэзээ ч бүтэхгүй. Тийм эдийн зас­гийн боломж, чадамж ч байхгүй. Өнгөр­сөн нэг дэх өдөр Олон улсын санхүүгийн чадавхи тогтоодог “Moody`s” буюу “Мудис” байгууллагаас Монгол Улсын эдийн засгийн эерэг байсан зэрэглэлийг сөрөг рүү оруулсан байна лээ.
Үндсэндээ Хөгжлийн банк, Монгол Улсын авсан “Чингис”, “Самурай” бонд гээд энэ бүх санхүүгийн үзүүлэлтүүдийг ямар ч найдваргүй, сөрөг ангилал руу оруулаад зээлжих зэрэг­лэлийг дахиад бууруулчихлаа. Ингэхээр Монгол Улс дэлхийн түвшинд найдваргүй харилцагч гэж үнэлэгдэн, муугаар яривал бидэнд зээл өгөх газар олдохгүй болж байгаа юм.

-Энэ удаагийн эдийн засгийн хүндрэл хоёрхон жилд үүсч, даамжирсан хэрэг үү. Сангийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд Монгол Улсын эдийн засаг ингэж эрчимтэй хүндрэхэд олон жил хуримтлагдаж ирсэн зөрчил, доголдол нөлөөлсөн гэж бодогдохгүй байна уу?
-Та нар сайтар эргэцүүлэн бодоод үз л дээ. 1990-ээд оноос хойшхи эдийн засгийн өсөлтийн динамикийг аваад үзэх юм бол дээшээ, доошоо савлаад л явж байсан. 2008-2009 оны хямралын үед манай эдийн засаг бүр -2.5 руу орж байсан. Тэр үед бид хамтарч ажиллаж байхдаа “Хямралаас гарах төлөвлөгөө” гарган УИХ-аар батлуулж, маш богино хугацаанд тэрхүү хямралыг үнэхээр үр дүнтэй даван гарч чадаж байсан юм. За яах вэ ашигт малтмалын үнэ ханш, гадаад ертөнцийн байдал гээд эерэг зүйл байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ л бид тэрхүү эдийн засгийн гүнзгий хямралыг маш амжилттай давж гарсан төдийгүй 7.5-17.8 хувийн өсөлттэй ажиллаж байсан юм. Эдийн засгийн тэр сайхан бааз суурийг үгүй ядаж хадгалаад аваад явах 100 хувийн боломж, нөхцөл эд нарт байсан, даанч чадсангүй тавиад туучихлаа.
Н.Алтанхуягийн толгойлсон Засгийн газар бодлогын айхтар том алдаа гаргаагүй бол эдийн засгийг хямраах нь байтугай бидний тэр түвшингээс дээш нь аваад явах бололцоо байсан.
Түүнчлэн гадныхны итгэлийг ингэж сүр­хий алдахгүй байх бүх нөхцөл байсан юм. Хоёрхон жилийн дотор гадны хөрөнгө оруулалт 40 гаруй хувь буурна гэдэг одоо үед нэг төрлийн сүйрэл шүү дээ. Эдийн засгийн харалган бодлого явуулсны хор нөлөөгөөр Олон улсын банк санхүүгийн байгууллагуудын бидэнд итгэх итгэлийг алдчихлаа. Дотоодын бизнес эрхлэгчдийг ажиллаж, амьдрах нөхцөлгүй шахам болгоод хаячихлаа. Төр өөрөө бизнестэй дэндүү эрээ цээргүй, увайгүй хутгалдаж, мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан олон бизнесменүүдийг орон шоронд цөлж, тэдний бизнесийн орчныг булааж авсаар байгаа нь үндэсний хэдэн компаниудыг ээлж дараалан хаалгаа барих зам руу түлхэж байна.
Ардчиллын үндсэн зарчмуудаасаа маш их ухралт хийж байгаа болохоор яг эд нарын үед эдийн засгийн хямралын үндсэн суурь баазыг цутгачихлаа гэж дүгнэхээс өөр арга байхгүй.

-Таныг манайдаа дээгүүрт орох эдийн засагч гэдэг. Өөрийн тань бодлоор энэ Засгийн газрын хамгийн гол бодлогын алдаа нь чухам юу вэ?
-За даа миний тийм сүрхий эдийн засагч гэж юу байх вэ. Энэ УИХ дотор чинь чухам зах зээлийн эдийн засгийн онолыг бүх талаас нь судлаад ирчихсэн, барим тавим мэддэг эдийн засагчид олон байна шүү дээ. Би “Юм мэддэггүй хүн, мэддэггүйгээ, мэддэггүй байх л хамгийн аюултай” гэдэг үгийг хэлэх дуртай. Тийм учраас юм мэддэггүй бол мэддэг нэгнээс асуух ёстой юм. Эд нарын хамгийн гол алдаа бол эдийн засгийнхаа чадамжаас хэтэрсэн мөнгө нийлүүлэлтийн бодлого явуулсан. Өөрөөр хэлбэл дөрвөн их наяд төгрөг түүний дараа 1.5 тэрбум ам. доллар авч ирээд эдийн засаг руугаа хамаа замбараагүй, ямар ч тооцоо, хяналтгүй шууд л оруулчихсан. Хамгийн гол нь дандаа ямар ч үр ашиггүй салбарт оруул­чихсан. Энэ бол хамгийн том бодлогын алдаа мөн. Хоёрдугаарт эд нар гадны хөрөнгө оруулагчидтай харьцах харьцаан дээр үндсэн том алдаа гаргачихсан. Одоо та нар “Чалко”, Оюутолгойтой байгуулсан гэрээнүүдийг хар л даа. Үндсэндээ Н.Алтанхуягийн Засгийн газар гадны хөрөнгө оруулагчдыг эхэлж хялайж харчихаад гараад явцгаачихаар нь өнөөдөр яаж шалдаа бууж байна.

-Таныг УИХ-ын танхимд ажлаа хийж суухад улстөрд нүүрлэсэн хямрал эдийн засаг руу шилжиж, Монгол Улс бүхэлдээ хямралд автаж байгаа байдал анзаарагдах юм уу?
-Хамгийн их анзаарагдах байтугай өдөр бүр шууд харагддаг. Ерөөсөө улстөрийн хямралын эх үндсийг 2012 онд эд нар тавьсан нь өнөөдөр үнэнд гүйцэгдэн илэрч, сад тавьж байна. Өөрөөр хэлэх юм бол МАН гэдгийг ард түмний дайсан юм шиг эрээ цээргүй сурталчилсан. Ерөөсөө МАН-ын явуулж байсан бодлого бүхэн буруу, ардын намынхны хийж байсан үйл ажиллагаа бүхэн худлаа, ардын намыг ямар ч аргаар хамаагүй газрын хөрснөөс арчиж хаях ёстой гэж л үхэн хатан зүтгэцгээсэн улс. Тэгээд одоо хоёр жилийн дараа өөрсдийнх нь байж байгааг ард түмэн харж байна.
Гэтэл эд нарт уучлал гуйх улстөрийн эр зориг, улс үндэстнийхээ ирээдүйн төлөө хариуцлага хүлээх ёс суртахуун алга. Юу хийхээ мэдэхээ больсон мунгинасан хэдэн чавганц шиг сайд нар л тал тал тийшээ хараад сууцгааж байна. Өөр үнэндээ юу ч алга.

-Ард түмний амьдрал үнэхээр их дордож байна. Улиастайн иргэд талхыг хоёр хувааж авч байна. Одоо ер нь хойшдоо яах вэ?
-Би яг энэ тухай мэдээллийг саяхан авсан. Байдал үнэхээр ноцтой болж байна. Гэхдээ хамгийн гол нь энэ бүх хүндрэл, зовлонгоос хамтын хүчээр л гарна. Одоо зөвхөн эрх баригчдаас л бүх зүйл шалтгаалах болчихоод байна. МАН-ын дарга М.Энхболд ХХVII их хурлын дараа “Үндэсний зөвшилцөл” бай­гуулахаар бүх намд уриалга хүргүүлсэн ч эрх баригч АН тэрхүү урилгыг тоож үзээгүй.
Өнгөрсөн оны наймдугаар сараас эхлээд Үндэсний эв нэгдлийн зөвшилцөл байгуулж улс орны өмнө тулгараад байгаа эдийн засаг, санхүүгийн энэхүү хямралыг даван гарахгүй бол улс орноо гүн хямралд тавиад туучихаж болзошгүй байдалтай боллоо гэж бид удаа дараа санал тавьж, царай алдаад эд нар хялайж ч хараагүй. Тэгээд өнөөдөр улс орноо ямар байдалд оруулчихаад байгааг ард түмэн харж байна. Өнөөдөр ч эрх баригчид биднийг үл тоосоор л байна. Эцсийн эцэст Үндэсний эвлэрлийн маш том бодлогыг Ерөнхийлөгч л гаргаж тавих болов уу гэж бид итгэж, найдаж, хүлээж байгаа.

-Ер нь Монгол Улс эдийн засгийн хямралд орчихлоо гэдгээ ард түмэндээ шулуухан зарлачих цаг нь болсон юм биш үү?
-Манай нам энэ тухай аль эрт зарлачихсан шүү дээ. МАН Монгол Улсын эдийн засаг хямхралд орчихлоо гэж зарласны дараа Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал “Төлбөрийн тэнц­лийн хямралаас үүдэлтэйгээр валютын ханшийн хямралд орлоо” гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ. Одоо энэ валютын ханшийн хямрал нь санхүүгийн хямрал руу алгуурхан чирж байна.

Товчхондоо Монгол Улсын эдийн засаг, санхүү хямралд орсон. Энэ эрх баригчид хэзээ нэгэн цагт түүхийн өмнө харицлага хүлээх л болно.

Д.Түвшин

 


URL:

Сэтгэгдэл бичих