Манай тамирчин дэлхийн аваргыг ялав

_MG_2006-1Казахстаны Алматы хотноо өчигдөр эхэлсэн цэргийн албан хаагчдын боксын ДАШТ-д манай улсаас дөрвөн тамирчин оролцож байгаагаас гурав нь өрсөлдөгчөө ялаад байна.

Энэ удаагийн тэмцээнд Колумб, Франц, Шри-Ланк, Бразил, БНСУ, Алжир, Марокко, Герман, Монгол, Итали, БНХАУ, ОХУ, Голланд, АНЭУ, Тунис, Гүрж, Ирак, Нигери зэрэг 22 орны шилдэг боксчид хүч сорьж байгаа юм. Манай улсын хувьд “Алдар” спорт хорооны боксчид болох олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт /56 кг/ болон ОУХМ Б.Чинзориг /64 кг/, Б.Мөнх-Ирээдүй /69 кг/, Ж.Отгонжаргал /75 кг/ нар дасгалжуулагч А.Гантулга багшийн удирдлага дор хүч, ур чадвараа сорин тулалдаж байна.

Тэмцээний эхний тойрогт манай гурван тамирчин ялалт байгуулж, медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. Гавьяат тамирчин Н.Төгсцогт Кувейтийн Мохамед Аленезиг хүнд цохилтоор ялсан бол Азийн наадмын хүрэл медальт Ж.Отгонжаргал мөн өрсөлдөгчөө хожсон байна.

Харин энэ тэмцээний хамгийн том дуулианыг манай боксчин, улсын хошой аварга Б.Чинзориг дэгдээж эхний учраа болох 2011 оны дэлхийн аварга, 2013 оны ДАШТ-ий хүрэл медальт Бразилийн шилдэг боксчин Эвертон Лопесийг 2:1-ээр хожиж бокс сонирхогчдын анхаарлыг татаж чадлаа. Тус тэмцээн зургадугаар сарын 4-нд өндөрлөж дэлхийн шинэ аваргуудаа тодруулна.

Д.Өлзий

Монцамэ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.