“Монгол Улс” дэлгүүрийн лангуун дээрх бараа биш

Сүүлийн үед ашигт малтмалын 1000 гаруй орд, 160 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцтэй, 8000 шахам илрэлтэй, нэг сая 565 мянган га газар нутагтай Монгол Улс дэлхийн анхаарлыг ихэд татах болов.  Өмнө нь жижиг гүрэн хэмээн тоодоггүй байсан том гүрнүүд манайд найр тавин хошуурцгаах нь тэр.

“Уулан дахь нүүрс, алтыг чинь авъя, нүүрсээ манайх руу ачаад ир” гэж шууд хэлэхгүй ч бидэнд ийм техник, технологи байна хамтаръя хэмээн алгуурхан “сээтэн” хаях улс орнууд олшров.

Манай компаниуд танай уул уурхайн салбарт хэрэгжих төсөлд давуу эрхээр бус ижил тэгш байдлаар өрсөлдмөөр байна хэмээн хүсэлтээ илэрхийлэн бидний хөлд эвтэйхэн суух гэсэн нэгэн байхад зээл тусламжаар түрий барин дарамтлах нь ч бий.

Тухайлбал бидэнтэй олон жилийн харилцаатай явсан орос ах нар бол шуудхан тэр ордоо өг хэмээн тулгах өнгө аяс гаргах янзтай. Харин урд хөрш энэ ордод чинь компаниудаа ажиллуулъя, зээл тусламжийнхаа хугацааг наашлуулъя хэмээнэ. Өнөөх компаниудыг нь оруулахгүй бол тусламжаа хойшлуулна хэмээн сүрдүүлэх маягтай үгс чулуудана.

Үнэндээ Монгол Улс “хаданд хавчуулагдсан халиуны зулзага” аятай хоёр их гүрэнд хавчуулагдан “баялгаа хуваалц” гэсэн далд дарангуйлалд автаж сууна. Бүр болиод тэд бензинээр хүртэл бугуйлдах тактик барьж байх шиг. Ийн бидэнд бусдын шуналыг хөдөлгөх газар нутаг, баялаг байгаа нь сайхан. Гагцхүү үүндээ бид эзэн сууж, ашиг шимийг нь хүртэж улс орноо айлын дайтай авч явах л дутаад байна.

Нэг ёсондоо Монгол Улс гадны харааг булаасан дэлгүүрийн лангуун дээрх бараа болон хувирах нь ээ. Дэлгүүрт олон төрлийн бараа байдагтай адил Монгол Улсад газар нутаг, мах сүү, баялаг гээд бусдын нүд хужирлах ориг бүтээгдэхүүн их бий. Гагцхүү худалдан авагчид бидний энэ бүтээгдэхүүнийг маш
хямдаар авахын тулд эрх мэдэлтнүүдийг мөнгөөр бугуйлдахыг санаархана. Тэд өөртөө татахын тулд маш олон аргыг сүвэгчилж бидний бараанд шунана. Харин лангуун дээрх ориг бараагаа үнэд хүргэн ард түмнээ ядуурлаас гаргах овсгоо төр засагт маань дутаад байна.

Барааны үнэ тогтоогчдод “эх оронч” сэтгэлгээг суулгачихвал лангуун дээрх алт мөнгө, зэс жонш гээд бүх төрлийн ашигт малтмал болон хөдөө аж ахуйн ориг бүтээгдэхүүнээ подхийсэн үнээр зарчих гээд байдаг. Ийнхүү баялагт маань хараа унаган ашиг хайгсдын хажуугаар газар нутгийг минь түрээсээр авах нэрийдлээр эзэн суух гэсэн улс байна.

Үнэндээ танай нийслэлийн тэр хэсгийг өөрийн нэрээр тохижуулъя гэдэг тийм ч сайхан санаа биш. Газар түрээслэх гол сонирхогчдын нэг бол үргэлж цунами, байгалийн гамшигт өртдөг Япончууд юм. Дараагаар нь Солонгос орох байх. Үнэндээ солонгосчууд Монгол Улсаас түрээсээр газар авахаар олон жил хөөцөлдөж байгаа. Тэд далан давхрыг “Солонгос” хороолол болгох хүсэлт тавьж байсан санагдана. Түүгээр ч барахгүй Яармагийн дэнж дээр хороолол босгох хүсэлтээ гаргаж байв. Үнэхээр Монгол Улс руу “шүлсээ” унагахгүй улс орон гэж үгүй болох нь.

Австрали, Канад, Германчууд гээд баялагт маань гар дүрэх гээд уралдах улс ар араасаа жагсана. Тал нутаг, цэлмэг тэнгэр, газар нутгийг минь гайхан шагшрах гадныхны цуваа манайх руу хөврөх боллоо хэмээн бид баясаад сууж байх. Гэтэл харийнхан харж баясахдаа бус манай нутгийг судлах гэж, 100 жилээр нь түрээслэх гэсэн атгаг санаагаар зорино.

Тиймээс Монголчууд арлын орон шиг л баймаар байна. Цунами болоход япончууд гадны тусламж авахдаа хүртэл няхуур хандсан. Хүнс, эм авахгүй гэдгээ зарлан, авсан тусламжаа нэгд нэггүй жагсааж баримтжуулж байв. Гэтэл бид гадныхны өгсөн болгонд нь баярлаж, гар таталгүй авсаар л суудаг. Түүний цаана эргээд баялаг, газар нутгаа өгөхгүй гэхийн баталгаа байхгүй. Тиймээс төр засаг дэлгүүр шиг ажилладагаа больж харин “лангуун” дахь ориг бараагаа үнэд хүргэхээ бодвол яасан юм бэ.

Б.Ариунзаяа


URL:

Сэтгэгдэл бичих