Р.Пүрэвлхам: Прокурорын худал санал хүний аминд хүрлээ

 6-4-1

Х.Анхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно. Төрийн хамгаалалттай байранд яагаад хүний амь эрсдэв. Д.Амарсайхан агсан чухам ямар хэрэгт буруутгагдаж байв. Хууль, цагдаагийн байгууллага хэрхэн ажилласан бэ. Энэ тухай олон нийтийн дунд янз бүрийн мэдээлэл түгсээр байна. Талийгаач Д.Амарсайханы өмгөө­лөгч Р.Пүрэвлхамтай ярилцлаа.

-Д.Амарсайхан агсанд холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь удаагаа хойшилсон. Маргааш шүүхээр товлогдоод байна. Өмнөх хурлуудын үеэр хүү нь  “Бүх зүйлийг цаг хугацаа харуулна” гэж байсан. Одоо хүртэл уй гашуу нь тайлагдаагүй бололтой. Талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан уу?-Ар гэрийнхний зүгээс талийгаачийн 49 хоногийг өнгөртөл олны өмнө гарахыг хүсэхгүй байгаа. Одоогоор задлан шинжилгээний дүгнэлт албан ёсоор гараагүй. Гэхдээ задлан шинжилгээ хийх үеэр байсны хувьд эхний байдлаар дүгнэхэд Д.Амарсайхан агсанд нойр булчирхайн үхжил байсан юм билээ. Өвдөлтийн шокоор өнгөрсөн байх магадлалтай. Өмгөө­лөг­чийн зүгээс ч ийм өвчнөөр өнгөрч гэж боддог. Яа­гаад гэвэл батлан даал­тад гаргаж авахаар прокурорт гаргаж байсан олон удаагийн хүсэлтэд талийгаачийг олон дахил­тат нойр булчирхайн ар­хаг үрэвсэлтэй байгааг онцолж байсан. Дөрөвдүгээр сарын 16-нд дахин цагдан хоригдох хүртэл талийгаачийн бие дээрдээгүй. Нэгдүгээр сарын 9-нд эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргах үед биеийн байдал нь маш муу байсан. Байнгын эмчилгээ, сувилгааны үр дүнд хөл дээрээ босч байтал дөрөвдүгээр сарын 16-нд эмчилгээг нь таслаад дахиад хорьчихсон. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу мөрдөн байцаагчаас санал гаргаад прокурор хянаад шүүхэд хүргэдэг. Прокурор саналаа нотлосны үндсэн дээр шүүгч захирамж гаргадаг. Гэтэл шүүх, прокурор талийгаачийн байцаан шийтгэх ажиллагаанд хэтэрхий хайнга хандсан.
-Яагаад ингэж үзэв?
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлд цагдан хорих тухай заасан байдаг. Тодруулбал, энэ зүйлийн нэгд сэжигтнийг хүнд гэмт хэрэгт холбогдсон, оргон зайлж болзошгүй, дахин гэмт хэрэгт холбогдох магадлалтай, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулах нөхцөлд сэрэмжлүүлэх зорилгоор цагдан хорьдог. Гэхдээ ингэж цагдан хорихдоо тухайн хүний нас, эрүүл мэнд, хувийн байдал, ар гэрийн байдлыг харгалзан үзэхийг ч мөн заачихсан. Энэ заалтыг мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн аль нь ч тоогоогүй. Тэд яагаад үүнийг авч үзсэнгүй вэ гэдэг хамгийн гол асуудал болчихоод байна. Шүүгч талийгаачийн өмнөх цагдан хорих арга хэмжээ өөрчлөгдөхөд эрүүл мэндийн шалтгаантай байсныг харгалзах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, өмнө нь батлан даалтад гарахад эрүүл мэнд нь сайжирсан уу, дахин цагдан хориход бие нь дийлэх үү гэдгийг харж үзсэн бол өнөөдөр байдал өөр байх байсан.
-Шүүх хурлын үеэр улсын яллагч Д.Амарсайхан агсныг сэрэмжлэх зорилгоор цагдан хорьсон гэж тайлбарлаж байсан. Хуулийн дагуу сэрэмжлүүлэх арга хэмжээ авагдахын тулд сэжигтэн ямар нэгэн факт гаргасан байх ёстой. Талийгаач оргон зайлах, эсвэл хэргийн мөрдөн байцаалтад саад учруулж байв уу?
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т 68.1,2-т заасан үндэслэл, шаардлага байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих газар, үндэслэлийг тодорхой заасан тогтоол үйлдэж прокурорт танилцуулах бөгөөд прокурор нь шүү­хэд танилцуулна гэдэг. Үүний дагуу прокурор энэ хүн оргон зайлах гэж байсан ийм үйлдэл, факт байна гэсэн үндэслэл гаргасан байх ёстой. Гэвч прокурорын саналд энэ тухай ямар ч үг, үсэг байдаггүй. Тэгээд ч талийгаачид ямар нэгэн байдлаар оргон зайлах шалтгаан, шаардлага байгаагүй. Прокурорын тавьсан худал санал л хүний аминд хүрлээ. Ийм саналыг шүүгч ч эргэж хараагүй. Хуулийн дээрх хэсэгт шүүгч шаардлагатай гэж үзсэн, эсвэл өмгөөлөгч хүсэлт гаргасан бол өмгөөлөгч, прокурорыг байлцуулан сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих эсэх асуудлыг шийдвэрлэж нэн даруй захирамж гаргадаг. Шүүгч шаардлагатай гэж үзэх бүрэн үндэслэл байсан. Үнэхээр тэр хүн оргон зайлах гэж байсан юм уу, түүнийг нь нотолсон ямар баримт байгааг харах ёстой байсан. Прокурор саналдаа ямар ч факт, баримт тусгаагүй байхыг шүүгч харгалзаад мэтгэлцэх боломжийг олгосон бол талийгаачийг цагдан хорихгүй байх бүрэн боломжтой бай­­сан. Гэвч шүүгч хэр­гийн материалтай та­нилцалгүйгээр шийдчихсэн. Прокурор худал санал шүүхэд гаргаад шүүгчид итгүүлж байгаа нь хамгийн аймшигтай. Үйлчлүүлэгчийн маань биеийн байдал муу байсаар байхад цагдан хориод амиа алдахад хүргэсэн гол буруутан нь прокурор гэж үздэг. Учир нь цагдан хорих ажиллагаанд биечлэн оролцож хариуцлагатай ханддаг гол субьект нь тэр. Гэтэл өнөөдөр прокурор ямар ч ажиллагаа хийдэггүй. Хэн нэгнийг 461 гэдэг төрийн хамгаалалтын бүсэд мухарт аваачаад хаячихдаг. Тэгээд л мартчихна. Тиймээс прокурор О.Сарангэрэлд хариуцлага тооцуулах талаар санал гаргана.

-Та прокурорын байгууллагад талийгаачийн талаар олон удаа хандсан гэсэн. Тэд нэг ч удаа хариу өгч байгаагүй юу?

-Би хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 24-нд Нийслэлийн прокурорын газрын орлогчид таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөөч гэсэн хүсэлт тавьсан юм. Хүсэлтдээ “Үйлчлүүлэгч Д.Амарсайханы биеийн байдал маш муу байгааг хяналт тавьж буй прокурорт удаа дараа мэдэгдэж, хангалттай баримтаар нотолсоор байхад таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж байгаагаас өвчин нь дахин дахин сэдэрч биеийн байдал улам муудах, улмаар амь насанд нь аюул учирч байна” гэж бичсэн. Товчхон бөгөөд тодоор анхааруулсан. Хариу өгөөгүй. Харин дөрөвдүгээр сарын 29 буюу хэрэг шүүхэд шилжихийн өмнөх өдөр хяналтын прокурор О.Сарангэрэл хүсэлтийн хариуг хавтаст хэрэгт хавсрагачихсан байсан. Үүнийг би хэзээ хойно хэрэгтэй танилцах үеэр мэдсэн. Тухайн үед надад хариу мэдэгдсэн бол дээд шатанд гомдол гаргах боломжтой байсан. Гэвч би энэ эрхээ эдэлж чадаагүй. Үүнээс харахад прокурор хэрэгт шууд биш юм гэхэд шууд бусаар хувийн үзлээр хандсан.
-Талийгаачийг чу­хам ямар үндэслэлээр буруут­гасан юм бэ. БНХАУ-ын “Петрочайна Дачин Тамсаг” компанийн орлогоос мөнгө зувчуулсан гэсэн мэдээлэл түгсэн. Гэтэл хэрэг шүүхэд шил­жих үеэс өөр сураг дуулдах боллоо?
-Талийгаач тийм хэрэгт огт холбогдоогүй. Үүнтэй холбоотой баримт хэлье. “Петрочайна Дачин Тамсаг” компанийн олборлож олсон тосны тооцоотой холбоотойгоор олон тэрбумын асуудал яригддаг. 2013 оны зургадугаар сарын 14-ний өдөр Газрын тосны газраас Эрүүгийн цагдаагийн газарт тайлбар хүргүүлсэн байдаг. “Петрочайна Дачин Тамсаг” компанийн бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 2005-2012 онд олборлож борлуулсан тосны дүнгээс 417.026 баррель, 40.5 сая ам.долларын зөрүүтэй байгаа нь мэдээллийн алдаа болсонд хүлцэл өчихийн зэрэгцээ бай­гууллагын болон хувь хү­ний нэр төртэй холбоотой асуудлыг зал­руулж өгөхийг хүсье гэсэн байдаг. Яа­гаад мэдээллийн ал­даа болсон гэхээр анх­наасаа тооцоогоо буруу хийчихсэн байсан. Үүнтэй холбоотойгоор талийгаачийг анх 2013 оны долдугаар сараас шал­гаж эхэлсэн ч түүний буруутай үйлдэл байгаагүй. Хятадын компаниас их хэмжээний мөнгө авчихсан юм бол удирдлагууд нь энэ хэрэгт яагаад холбогдсонгүй вэ гэдэг асуудал гарна биз дээ. Гэтэл тийм зүйл огт байхгүй. Энэ нь бусдын тархийг угаах гэсэн худлаа мэдээлэл.
-Тэгвэл “Тэнгри хол­динг” компанийн захирал Х.Анхбаяраас авлига авч лиценз сэргээж өгсөн тухай хэвлэлүүд мэдээлж байна. Д.Амарсайхан агсныг орон сууц авлигад авч амьдарч байсан гэв үү?
-Хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад энэ тухай ярихад эрт байна. Гэхдээ байрны асуудлаар шалгагдсан нь үнэн. Х.Анхбаяр Ц.Чандманийг Хас банкны эрхлэгч байхад өөрийнхөө ажилд татан оролцуулахдаа байр, машин амласан гэдэг. Х.Анхбаяр Ц.Чандмань нарын хооронд үл хөд­лөх эд хөрөнгө худалдах, худалдан авах ажиллагаа болсон. Ц.Чандмань байрны үнэд 100 мянган ам.доллар цувуулж төлсөн байдаг. Ц.Чандманьд ши­нэ байр өндөр зар­далтай байснаас ах­даа түрээслэхээр өг­сөн. Түүнээс биш Д.Амарсайхан агсан дун­дуур нь ороод энэ асуудлыг шийдсэн юм биш. Тэр хүн Ц.Чандманьтай ах дүү байсандаа бурууд­чихсан. Ийм л үндэслэлээр та­лийгаач тэр байранд амь­­­дарч байснаас Х.Анхбаярын хэргийг шал­­гахад холбогдсон. Түү­нийг энэ хэрэгт холбог­дуулахад хэн нэгэнд ашиг­тай байсан байх. Өөрөө бараг тэр байшин хэнд хэрхэн ирсэн талаар мэддэггүй байсан.
-Төрийн хамгаалалттай байранд хүний амь эрсдчихээд байхад шүүх байгууллага төмөр нүүр гаргаж байна гэх хүмүүс байна. Шүүх хурлын үеэр та ч энэ талаар санал хэлж байсан санагдана?
-Шүүх төмөр нүүр гаргачихлаа гэхээс илүү Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэдгийг онцолмоор байна. Прокурор, мөрдөн байцаагч байцаалтын шатанд хэрэг маргааныг хэрэгсэхгүй болгох, эсвэл хэрэг биш зүйлийг хэрэг болгодог булхайг гаргаж болно. Эсвэл хуулийнхаа дагуу шийддэггүй байж болно. Түүнийг шүүх л таслан зогсооно. Өөрөөр хэлбэл, шүүх тунгалаг, шударга байх ёстой. Гэтэл прокурор өөрийнхөө үзэмжээр энэ асуудлыг шийдсэн. Мөрдөн байцаагч, прокурор хоорондоо үгсээд нэг нь худал санал гаргаад нөгөөх нь ямар ч үндэслэлгүй саналыг шүүхэд өгч дэмжүүлж байна. Тиймээс прокурорын санал бодит бус, үндэслэлгүй байна гэж хэлээд байна. Прокурор ямар факт гаргаж ирчихээд хорьсон юм бэ гэдгийг дахин дахин асуумаар байна.
-Шүүх хурал зарлагдах үеэс талийгаачийн хэр­гийг тусгаарлаж, хэрэгсэхгүй болгох байх гэсэн таамаг байсан. Гэвч одоог хүртэл хэрэгсэхгүй болох асуудал яригдахгүй байна. Холбогдогч нь нас барчихаад байхад шүүх хуралдаан үргэлжлэх нь хэр зохистой вэ?
-Нас барсан хүний хэр­гийг үргэлжлээд шийдэж байгаа зүйл байх­гүй. Дан ганц Д.Амарсайханд хол­богд­сон хэрэг байсан бол тухайн үед шууд хэрэгсэхгүй болох үндэслэлтэй байсан. Гэтэл энэ хэрэгт холбогдсон бусад этгээдүүд байгаа. Яахав одоо ч хэрэгсэхгүй болох үндэслэл Эрүүгийн байцаан шийтгэх хуульд бий. Талийгаачийн ар гэрийнхэн болон өм­гөө­лөгчийн зүгээс ямар шийдвэрт хүрч, асуудал тавихаа одоогоор шийдээгүй байна.
-Өнгөрсөн пүрэв гаригт болсон шүүх хурлын үеэр өмгөөлөгчид та бүхэн эсэргүүцэл үзүүлсэн байсан. Таны зүгээс улсын яллагч, шүүх хурлыг даргалагч хоёроос татгалзсан байх аа?
-Хуульд зааснаар шүүх, прокурорт эргэлзэж байвал татгалзаж болдог. Мэдээж надад ингэж үзэх үндэслэл дээр дурьдсанчилан хангалттай бий. Харин Ц.Чандманий өмгөөлөгч шүүхээс татгалз­сан. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээр энэ хэрэг маргааныг шийдвэрлүүлэхгүй гэж үзсэн байсан. Бусад өм­гөөлөгчид ч гэсэн ул­сын яллагч, шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байсан. Гэхдээ шүүгч тат­галзсан үндэслэл хуулийн заалтад хамааралгүй гэж үзээд хурлыг үргэлж­лүүлэхээр болсон. Цаашдын хуралд ч миний татгалзах санал хэвээр байна.
-Сүүлийн үед таслан сэргийлэх арга хэмжээ гэдгийг шууд л цагдан хоригдох гэсэн ойлголт нийгэмд бий боллоо. Энэ удаагийн хэргээс ч харагдаж болохоор байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Мэдээж тийм. Манай хууль, цагдаагийнхан яаж ийгээд л хорьж байгаад ямар нэгэн байдлаар үг унагах, хэн нэгнээс үг авах зорилготой болчихож. Энэ нь өөрөө эцсийн дүндээ эрүүдэн шүүх хэлбэр болж байна. Цагдан хорих нь таслан сэргийлэх ажиллагааны эцсийн шинжтэй, онцгой арга арга хэмжээ байтал анхдагч шинжтэй арга хэмжээ болгоод хэрэглэж байгаа буруу практик манайд байна. Ялангуяа Авлигатай тэмцэх газрыг ингэж хэлмээр байгаа юм. Нэг л их сүр дуулиантай том хэрэг яриад огт нотлогдоогүй, шийдэгдээгүй байхад хэвлэлээр цацаад хэн нэгнийг хорьчихдог. Олон нийт үүнээс гэмт буруутай л бол хоригдоно гэсэн ойлголттой бол­чихлоо. Эрүүгийн байцаан шийтгэх хууль эцсийн дүндээ хүний эрх ноцтойгоор зөрчигдөхөөс хамгаалж гаргасан хууль. Тухайн хүнийг ямар нэгэн байдлаар сэжигтнээр тооцвол таслан сэргийлэх арга хэмжээг авдаг. Ингэхдээ бусдын батлан даалтад өгнө. Өөрөөр хэлбэл, та дуудсан цагт ирэх үүрэг хүлээж байна гэсэн үг. Мөн гадагшаа явахгүй гэх баталгаа гаргуулдаг. Энэ мэтчилэн цагдан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой хэд хэдэн заалт байдаг.
Мөн эд хөрөнгийг нь барьцаалж болно. Харин хамгийн сүүлд буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62.1.5-д цагдан хорих арга хэмжээ байдаг. Энэ нь байцаан шийтгэх ажиллагаанд таслан сэргийлэх эцсийн шинжтэй онцгой арга хэмжээ. Гэтэл манайхан түрүүлээд л ийм арга хэмжээ авчихдаг болж. Шууд хорьчихож байна гэдэг ямар нэгэн байдлаар өөрт нь боломж олгохгүй, сүрдүүлж байгаад л хэрэг хүлээлгэх хандлага байна.

 

Б.ЭНХЗАЯА
Зууны мэдээ

 


URL:

Сэтгэгдэл бичих