Ч.Гантулга: Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног хэлбэр төдий болох болов уу

3292661538f39dbecfab41НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, БНУУ-ын өргөмжлөлт консул Ч.Гантулгатай эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага НАМЗХ-ноос Засгийн газраас өрнүүлсэн “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн аян”-ы хүрээнд дүн шинжилгээ хийж, байр сууриа илэрхийлэх гэж байна. Энэ талаар?

-Өнөөдөр өрнөж байгаа эдийн засгийн өөрчлөлтүүд, Монгол Улсад хийгдэж байгаа том бүтээн байгуулалтууд бол яах аргагүй Монголын залуучуудын ирээдүйн мөн. Тиймээс залуучууд үүнд санаачлагтай байж, байр сууриа илэрхийлэх нь зөв гэж бодож байна. Үүний хүрээнд бидний залуус санал бодлоо нэгтгэж, хамтран болж байгааг нь дэмжиж, болохгүй нь шүүмжилж сануулж явах бодолтой байгаа юм.

-Үүнийхээ хүрээнд ямар ажил зохион байгуулахаар төлөвлөв?

-Засгийн газар 2012 оны наймдугаар сард тамга хүлээж авсан цагаас хойш олон үйл явдал өрнүүллээ. Улстөрийн хувьд бол зөв ч зүйл бий, буруу ч зүйл бий. Сайд нь суудлаасаа татгалзаж, дарга нар огцорч гээд олон үйл өрнөж байгаа нь өөрөө төрийн тогтворгүй байдлыг харуулж байгаа хэрэг. Эдийн засгийн хувьд бол зөв гэхээсээ илүүтэй буруу зүйл олон байна. “Чингис” бонд гэх мэтчлэн мөнгө орж ирлээ. Үүнийг ямар ч төсөл төлөвлөгөөгүй оруулж ирсэн учраас гурав, дөрвөн сар хүү гэж хий дэмий мөнгө төллөө. Тэгэхээр энэ мөнгөний зарцуулалтын талаар зайлшгүй ярих ёстой. Бонд гэдэг маань өөрөө эргэн төлөгдөх ёстой хүүтэй мөнгө шүү дээ. Бид хагас жилд 35 сая ам.долларын хүү төлөөд явж байгаа. Тэгээд 2017 онд хагас тэрбум ам.доллараа төлөөд дуусчих графиктай явж байгаа юм. Энэ мөнгийг хэр үр ашигтай зарцуулав гэдэг нь зарцуулсан төслөөс харагдаж таарна. 2017 онд хагас тэрбум ам.доллар төлөөд өнөөх зарцуулсан төслөөс үр ашиг гарах уу, үгүй юу гэдгийг харах ёстой. Банкуудаар дамжуулаад 888 төсөл гээчийг гаргана гэж байна. Үүнээс харахад анхнаасаа мөнгө авах бэлтгэл хангагдаагүй, эрх зүйн орчин нь бий болоогүй байсан. Бид энэ тал дээр шүүмжлэлтэй хандана.

-Өмнөх мөнгөө төсөл төлөвлөгөөгүй авсан. Гэтэл өнөөдөр “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” гээд олон асуудал оруулж ирсэн байна. Энэ нь чухам ямар арга замаар хэрэгжихээр харагдаж байна?

-Эдийн засгаа эрчимжүүлнэ гэдэг нь өөрөө үг хэллэгийн хувьд ч гэсэн зөв үү, буруу юу гэдэг асуудал бий. 17 гаруй хувийн өсөлттэй явж байсан эдийн засгийг унагачихаад өнөөдөр эрчимжүүлэх тухай ярина гэдэг өөрөө утгагүй л дээ. Яахав, мэдээжийн хэрэг оролдлогууд хийх ёстой. Гэхдээ энэ эрчимжүүлэх аянд явж байгаа 71 ажил бий. Үүнийг судалж, шинжлээд үзэхэд барьцгүй том том зорилтууд л харагдаад байгаа юм. Агуулгын хувьд, цаана нь өөр зүйл харагдаад байна. Энэ 71 асуудлын 60-70 хувь нь хийгдээд эхэлчихсэн ажил. Энэ том ажлуудын ар талд юу нуугдаад байгаа нь сонирхол татаад байгаад юм. Тайлангаа тавих цагт нэгэнт хийгдээд эхэлчихсэн зүйлээ танилцуулаад явах л байх. Гаднын хөрөнгө оруулалтыгбууруулж, ам.долларын ханшийг өсгөчихөөд одоо болохоор ийм зүйл яриад байх нь шат дарааллын хувьд хэр оновчтой юм бэ. Одоо энэ том асуудлыг босгож, хамгийн том зорилтуудыг оруулж ирж байгаа нь цагаа олсон асуудал мөн үү. Одоо мөнгө аваад энэ мөнгө нь 888 төслийг санхүүжүүлэх нэрээр гараад л явчихна. “Эрчимжүүлсэн 100 хоног” гэж заавал улстөрийн шоу хэлбэртэй зүйлийг гаргах хэрэг байсан уу. Тэртээ тэргүй хоёр, гурван жил хийгдсэн ажлуудыг энэ 71 асуудалд оруулж ирээд 100 хоногийн дотор тайлан тавина гэж өөрсдийгөө яаруулна, дээрээс нь ард иргэдийн амьдрал хүнд байхад дахин ийм том асуудал оруулж ирж үймүүлэх хэрэггүй. Засгийн газрын ажил ямар байна, улстөрийн тогтвортой байдал ямар байна, амьдрал ямар байна гээд харьцуулж бодох зүйл их байсан юм.

-Энэ 100 хоногт бодит үр дүн гарах уу. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Үр дүн мэдээжийн хэрэг гарах байх. Яагаад гэхээр 71 асуудлын 60-70 хувь нь эхэлчихсэн учраас үр дүн гарна. Цаг хугацаагаа олсон асуудал мөн үү гэдэгт л хамаг учир бий. 100 хоногт 71 асуудал оруулж ирж байгаа нь өөрөө сонин зүйл. Уг нь энд хэдхэн тулгамдсан том асуудлаа оруулж ирээд явчихад болохгүй зүйл алга. Ам.долларын ханш яагаад өсөөд байгаа юм. Сая гурван их наяд төгрөг хэвлэж гаргасан, түүний нөлөөлөл байж таарна. Ам.долларын эрэлтийг өөрсдөө бий болгосон, дээр нь “Чингис” бондоос дэд бүтцийг шийднэ гээд худалдааны компаниудад мөнгө өгчихсөн. Тэд нар нь юань, ам.доллар болгоод урагшаа хойшоо аваад гарчихсан. Үүнийг улс зохицуулж чадаагүй. Тэгэхээр экспорт, импортоо тэнцүүлсэн бодлого барих ёстой. Жишээ нь “Гудамж” хөтөлбөр гэж байна. Энэ нь анх Засгийн газар байгуулдахад л бий болж, хэдэн уулзвар заслаа. Одоо бас хэдийг засна гээд явж л байна. Тэгэхээр энэ мэтчлэн хүмүүсийг хуурахаа боль. 100 хоногт эрчимжүүлнэ гэж, хийгдэж байгаа хэдэн асуудал оруулж ирээд тайлан тавьж, жүжиг үзүүлж ард иргэдийг хуурах хэрэггүй.

-Засгийн газрын ажил урагшаа явахаа больж, сөрөг хүчин болон ард иргэдийн зүгээс ажлаа сайжруул, эсвэл огцор гэдэг асуудал тавьсан. Тэгэхээр магадгүй, энэ 100 хоног нь Засгийн газрын насаа уртасгах гэсэн амь тариа байж болох юм?

-Би дээр хэлсэн. Энэ 71 асуудалд агуулгын хувьд ар талд нь нэг юм яваад байна гэсэн. Тэгэхээр таны асуусан зүйл байгааг үгүйсгэх аргагүй, байж болно. Ерөөсөө өнөөдөр манай Засгийн газрын үйл ажиллагаа төр өөрөө ямар чадамжтай байгаагаа харуулж байна. Өнөөдрийн сайд дарга нар, яам тамгын газруудын хоорондын уялдаа холбоо ямар байгаагаас ингэж харж байгаа юм. Сайдууд нь таарахгүй огцорч байна, АН-ын бүлэг нь өөрөө дотроо таагүй байдалтай байх зэрэг нь өөрөө эдийн засгийн байдалд нөлөөлж байгаа хэрэг. Улстөрийн тогтворгүй байдал эдийн засагт нөлөөлж байна гэсэн үг.

-Шинжээчдийн ярьж байгаагаас харахад манай энэ хямралыг дэлхий нийттэй холбож үзэхгүй байна. Тэгэхээр энэ хямрал 2014 онд илаарших, бага ч гэсэн наашлах байдал ажиглагдах юм уу?

-Өмнө хийсэн алдаануудаа засч байж эдийн засгийн байдал бага ч гэсэн тогтворжих ёстой. Дээрээс нь гаднын хөрөнгө оруулалт, гаднаас орж ирж байгаа валютын урсгал, гадаад дотоод худалдааг зохицуулах асуудал бий. Бид ам.доллар үйлдвэрлэхгүй. Тиймээс эдийн засгийн бодлого, банк санхүүгийн бодлогоо зөв авч явж байж зохицуулна. Оюутолгой, Тавантолгой төсөл байна. Оюутолгойн далд уурхайг ашиглахад таван тэрбум ам.доллар хэрэгтэй гэж байгаа энэ үед Оюутолгой 300 орчим ажилчдаа халчихлаа. Нийгмийн асуудал хүртэл орж ирж байна. Энэ бол богино хугацаанд сэргэж босох зүйл биш. Магадгүй, энэ “эрчимжсэн 100 хоног”-ийн дараа эрх баригчдад ямар нэгэн нууц төлөвлөгөө байхыг үгүйсгэхгүй. Эрчимжүүлэх, сэргээх, аврах аян ч гэдэг юм уу ямар төлөвлөгөө байгааг бид яаж мэдэх вэ. Хамгийн аюултай нь хятадуудтай нууц гэрээ хийгээд 10 тэрбум ам.доллар оруулаад ирж болно. Тийм яриа ч байж л байна. Гадаад өрийн хэмжээг 50 хувь давуулахгүй гэж байхад 70-75 хувьд хүргэнэ гэнэ. Энэ нь өөрөө үндэсний ауюлгүй байдал, тусгаар тогтнолд шууд нөлөөлөх хүчин зүйл. Ялангуяа эрх баригчид нууцаар мөнгө оруулж ирвэл аюултай.

-Тэгэхээр “Өрийн удирдлагын тухай хууль”-ийг хэлэлцэнэ хэлэлцэхгүй гэж байна. Магадгүй, энэ хуулийг хэлэлцэж батлахгүй ч байхаар харагдах юм. Хэрвээ хууль батлахгүй бол цаадуул чинь нууцаар л мөнгө оруулж ирж таарна биз дээ?

-Ийм сураг сонсогдоод байна. Энэ аюултай. Хэцүү шүү. Нэг сайд нь оросуудад очоод төмөр замаа тохирчихно, нөгөө сайд нь хятадуудад очоод нүүрсээ тохирчихно, нөгөө талаас нэг сайд нь яваад аль нэг улстай нефтиэ тохироод яваад байвал юу болох вэ. Гаднын оронд манай төр ямар ажиллаж байгааг харуулаад зогсохгүй амархан залгиж болох нь гэдгээ л харуулсан хэрэг болно. Бидний хувьд ийм л зүйлийн төлөө тэмцэнэ.


С.Ууганбаяр


URL:

Сэтгэгдэл бичих