Авлигачдаа өршөөцгөөе!

“Надаас авлига авч байсан хүмүүс энэ танхим дотор ч сууж л байна” гэж хэлсэн УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугаас Авлигатай тэмцэх газрынхан мэдүүлэг аваад байгаа аж.

Авлига өгсөн, авсан аль аль нь бурууддаг хуультай атал ингэж хэлж л байдаг “тэнэг эр ээ” гэж зарим нь түүнийг элэглэж байна. Ингэхэд авлигагүйгээр төрийн болоод бусад үйлчилгээний хөшүүн хойрго үйлчилгээг хөдөлгөөнд оруулахгүйгээр юу ч урагшилдаггүй Монголд авлига өгч, авч үзээгүй хүн ховор. Хэн хэнд авлига өгснөө илчлэх дээрээ тулбал тасарч өгөхгүй урт гинжин хэлхээ үүсэх биз.

Өнөөдөр Ш.Сайхансамбууг муухай байдалд оруулж, ам хэлийг нь сугалж байцаахаа больё. Авлигын өршөөлийн хууль баталж, өгсөн авсан бүгдийг нь цагаатгавал эзэн олж ял оноосноос илүүтэй эдийн засгийн үр өгөөжтэй. Хуримтлуулсан хөрөнгө, мөнгөний гарал үүслийг нь тогтоохоо больё, зүгээр л бүртгэлд оруул, эдийн засгийн эргэлтэд гарга гэсэн нөхцөлтэйгээр цагаатгая.

Ямар аргаар олсон нь хамаагүй, гадаадын банкинд хүний өөрийн нэр дээр байршуулчихаад хөдөлгөж чадахгүй байгаа бүртгэлгүй хөрөнгийг ил болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах нь хэн нэгэнд ял оноосноос илүү ашигтай. Энэ туршлагыг олон оронд, хойд хөрш Орост ч хэрэглэж байсан. Москва хотын мэр асан Лужковын эхнэр үндэсний тэрбумтнуудын тэргүүнд бичигддэг. Түүний энэ хөрөнгө мөнгө өршөөлийн хуулийн дараа ил болж гарч ирсэн билээ.

Монголд хоёр удаа ирж байсан Эрнандо Де Сатогийн “Капиталын нууц” гэдэг бүтээл товчхондоо энэ тухай юм. Бүртгэлд ороогүй эд хөрөнгө бол капитал болж чадахгүй. Харин бүртгэл сайн байхын тулд хууль эрх зүйн орчин сайн байх ёстой. Маниллад газар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авахын тулд одоогийн мөрдөж буй хууль дүрмээр бол 25 жил шаардлагатай гэсэн судалгааг тэрбээр жишээлж байсан санагдана. Харин дараахан нь телевизийн сэтгүүлч бүсгүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ярилцлага хийх үеэрээ “Капиталист нийгэмд хууль журам сайн байх ёстой гэж таны урьж авчирсан ноён Сато хүртэл хэлж байна. Хэзээ хууль дүрэм хэрэгждэг болох вэ” гэсэн асуулт тавьж байв. Түүний ойлголт бол Сатогийн яриад буй хуулийн сайн орчин гэдэг нь хулгайч, дээрэмчинд чанга, нэг ёсондоо Ц.Нямдоржийн баадуудсан гэх өнөөгийн Эрүүгийн хууль хавьцаа явж байсан хэрэг.

Уг нь Сатогийн ярьж буй бүртгэл бол хаана хэнд юу байгааг мэдэх явдал. Жишээлбэл, нэг сайн үзэг хийхийн тулд 17 орноос эд, ангийг нь цуглуулдаг аж. Чилийн зэс, Францын паалан гэхчлэн. Ингэж байж капиталыг бүтээдэг. Харин хаана, хэнд юу байгааг мэдэхэд бүртгэл туслах ба бүртгэлийг сайн хийхэд хууль эрх зүйн орчин тусална. Үл хөдлөхийн бүртгэл хийлгэхэд лав 25 жил шаардагдах ёсгүй гэсэн үг. Товчхондоо бол ийм.

Монголд авлигын өршөөлийг санаачилья гээд байгаа нь авлигачдыг нэг удаад цагаатгаж, далд нуусан хөрөнгийг нь бүртгэлд оруулж, улс орны эдийн засагт шингээе л гэсэн санаа юм. Ийм санаа бодолтой хүмүүс цөөнгүй байдаг.

Өнөөдөр далд эдийн засаг Дотоодын нийт бүтээгдэхүүний 40 орчим хувьтай тэнцэж байгаа гэсэн тооцоо бий. Бүр 50 хувьд хүрсэн ч үздэг. Дотоодын нийт бүтээгдэхүүн 7.0 тэрбум ам.доллар гаруй гэж үзвэл лав гурван тэрбум орчим ам.долларын хөрөнгө бүртгэлээс гадуур байна гэсэн үг. Хууль ёсны бүртгэл, эргэлтэд оруулбал Монголын эдийн засгийн статистик үзүүлэлт хэрхэн “гангарах” нь ойлгомжтой байгаа биз?

Гарал үүслийг нь тайлбарлаж чадахгүй, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичиж ч чадахгүй байгаа бүртгэлээс гадуурх хөрөнгөө ил гаргахад нь хөрс суурь, хамгаалалт болох нэг удаагийн үйлчлэлтэй хууль санаачлах цаг нь болсон юм биш үү, гишүүд ээ? Гэхдээ нэг удаад л үйлчлэх хууль шүү. Монгол шиг улс төр, эдийн засгийн тогтолцооны шинэчлэл хийсэн улс орнуудын цөөнгүй нь ийм хууль хэрэгжүүлсэн. Хорин жилийн өмнө гарааны нөхцөл тэгш байгаагүй гэж үзсэн учраас.

Энэ удаад Ш.Сайхансамбуу л хэлсэн болохоос биш үнэн үг. Дараагийн удаад өөр хэн нэгэн нь хэлэх л болно. УИХ-ын танхимд ч, уушийн газарт ч та бид авлига өгдөг, авдаг хүмүүстэй зэрэгцээд сууж байгаа. Ээрсэн утас хөвж байгаа юм шиг тэднийг элдэн хөөж, хэргийг нь шалгана гэвэл бүтэхгүй байх аа даа. Харин бүгдийг нь нэг удаад өршөөж, далд хөрөнгийг нь бүртгэлд оруулвал эдийн засгийн үр дагавар нь илүү дээр. Идэж ч чадахгүй, үр хүүхэддээ өвлүүлж ч чадахгүй, найдвартайгаар нь Щвейцарийн банкинд түгжчихээд байгаа хөрөнгөө ил гаргаж бүртгэлжүүлэх сонирхол өөрсдөд нь ч байгаа. Тодорхой хувийг нь улсад татвар болгож өгөөд эргэлтэд оруулахад татгалзах зүйл эздэд нь байхгүй гэж найдаж байна. Бас тэгээд хөрөнгө, мөнгөний тань гарал үүслийг асуухгүй, ял тулгахгүй, хүсвэл тэнь нэр усыг чинь нууцална гэж хуульчлах ёстой байх. /Монголын нөхцөлд нь энэ ч дээр байх/ Бүртгэл бол капиталын нууц юм. Харин бүртгэл сайн байхын тулд хууль эрх зүйн орчин сайн байх ёстой гэсэн шүү.


URL:

Сэтгэгдэл бичих