“Багануур” улстөрчдөд суйлагдах нь

Нийслэлийн 70 гаруй хувийг түлшээр хангаж ганц гал тээдэг уурхай бол “Багануур”. Энэ уурхайгаар тэжээгдэн дулаан өвөлждөг нийслэлчүүд бидний хувьд уурхайн хувь заяа хэрхэх нь хамгийн их хамааралтай зүйл. Гэтэл нийслэлийн амин судас болсон гол уурхайгаар маань төрийн томчуул оролдож эхэллээ.

Хар алт үнэд орсон цагт “Багануур”-ыг хүртэл энэ хүмүүс зүгээр байлгахгүй нь. Урьд нь алдагдалтай ажиллаад байна хэмээхэд тоодоггүй байсан нөхөд өнгөрсөн жилээс эхлэн “Багануур”-т саймшрах болсны учиг өнөөдөр л тайлагдаж байх шиг.

33 жил ажиллаж төлөвшсөн энэ уурхайг УИХ-ын эрхэм гишүүн Дамба-Очир мөнгөний нүдээр олж харсан бололтой. Тэрээр “Би Багануурын 39 хувийг эзэмшдэг учир захирлыг нь хэнээр тавихыг мэднэ” хэмээн дээр, дооргүй гүйж байгаа сурагтай. Түүний дэвшүүлсэн дарга нь Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн орлогч даргаас буусан Мэргэнбаатар гэнэ. Ажилдаа алдаа гаргаж буусан нөхөр стратегийн том ордыг авч явж чадах уу. Эсвэл Дамба-Очир даргын гар хөл болж сонгуулийн мөнгийг нь босгох гэсэн далд бизнесмен нь юм уу. Ийнхүү хаа хамаагүй нэг нөхрийг дарга болгох гээд байгаагийн шалтгааныг олон талаас нь харж болно.

ТӨХ-ноос өнгөрсөн жил нэг журам гаргасан аж. Уг журамд уурхайн дарга 60 нас хүртэл ажиллана гэсэн юм байх. Түүгээр далимдуулан Багануурын даргыг тэтгэвэрт нь суулгах гэж хэсэг нөхөд үзэж тарж байгаа сурагтай. Журмыг жилийн өмнөөс бэлтгэн гаргасан нь өнөөдрийн үйл ажиллагааг явуулах хөшүүргээ болгох гэсэн башир арга байж мэдэх юм.

Уг нь ТӨХ-ны шалгалтаар өнгөрсөн онд Багануурын уурхай “сайн” ажилласан гэсэн үнэлгээ авсан юм билээ. Ажлын бүтээмжээрээ “Азийн загвар” компаниар шалгарсан гээд уурхайн ажил урагштай явж байхад даргыг нь солих гэсэн үйл ажиллагаа хүчтэй тавигдаж байгаа нь сонин.

Угтаа бол Дамбапэлжээ дарга уурхайн хар ажлаас эхлээд гүйцэтгэх захирал хүртэл ажилласан туршлагатай нэгэн. Хаана юу гацаж, ажил явдаггүйг гарын 10 хуруу шигээ мэддэг энэ хүний нас нь л “гай” болсон юм байх. Хуулиараа бол эрэгтэй хүн 65 нас хүртлээ ажил хийх ёстой гэдэг. Гэтэл Дамбапэлжээ дарга 60 гарч яваа. Тэгэхээр энэ хүн дөрвөн жил ажиллах боломжтой гэсэн үг. Тийм л насаар заагладаг юм бол яагаад УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ажил хийгээд байгаа юм бол. Эсвэл улстөрчид 70 хүртлээ ажиллах ёстой юм уу гээд энд албан тушаалын ялгаа гарч ирэх нь ээ.

Үнэндээ энэ нийгэмд мэддэг, чаддагийг нь боож хэн нэгний гар хөл бологсдыг дарга болгосоор удлаа. Даргыг дагаад бөөн халаа, сэлгээ үүсдэг. Ийм замнал Багануурын уурхайг дайрч мэдэх нь байна. Үнэхээр даргыг нь солих шаардлагатай юм бол 1000 гаруй ажилчинтай “Багануур”-ын уурхайд чадалтай залуучууд олон бий. Тэндээс дарга томилж болно шүү дээ. Заавал хэн нэгний гар хөл бологсдыг даргын суудалд тавих хэрэг баймааргүйсэн дээ.

Нөгөөтэйгүүр ард түмний өмчийг хэн нэгэн эрх мэдэлтэн шийдэх ёсгүй. Дандаа мөнгөөр бидний юмыг хамж авдаг эрх мэдэлтнүүд “хэн” юм бэ.

Урин дулаан улиралд өвлийн бэлтгэлээ банжиж суух уурхайчдыг үймүүлж өөрсдийнхөө эрх ашгийн төлөө даргыг нь солихоор улайрч суугаа улс төрчид хэрээс хэтэрч байна. Тэд шатахуунаар тарамдаж хөрс хуулалтын ажил нь зогсох гээд хэцүүхэн суугаа “Багануур”-ын уурхайг үймүүлэхийн оронд ажлыг нь явуулбал яасан юм бэ.

Улс төрчдийн балгаар Багануурын уурхай зогсвол наанадаж нийслэлчүүд хэцүүдэнэ. Харанхуй болоод хөлдөх дээрээ тулвал эрхэм гишүүн Балдан-Очир хариуцлага үүрэх үү. Юм болгонд хошуу дүрж, гараа шургуулдаг улс төрчдөөс Багануурын уурхайг аварвал яасан юм бэ.

Б.Аяз


URL:

Сэтгэгдэл бичих