Ш.Түвдэндорж Х.Баттулгын тайлсан “дээл”-ийг өмсөхөөр сэтгэл шулууджээ

1402279003_43855Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулга “давхар дээл”-ээ тайлна гэсээр сайдын суудлаасаа чөлөөлөгдөөд багагүй хугацаа өнгөрч байна. Ингэснээр түүнийг оронд хэнийг сайдаар томилох вэ гэсэн хэцүүхэн сонголт АН-д тулгарсан гэж хэлж болно. Тиймдээ ч нэлээд олон хүний нэр дараагийн сайдын суудалд яригдсан юм.

Ийнхүү сар дамжин хэлэлцсэний үр дүнд МоАХ-д оногдсон квотын дагуу МоАХ-ын хүн ҮХАА-н сайд болно гэснээр АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлсэн. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилох асуудлаар зөвшилцөхийг хүссэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн албан бичигтэй танилцаад өөрийн байр сууриа тодорхой илэрхийлсэн юм.

Тодруулбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль  тогтоох болон гүйцэтгэх байгууллагын хоорондын эрх үүрэг, хариуцлага, хяналтын тогтолцоог тодорхой болгон зааглах ажлыг энэ удаагийн томилгооноос эхлэх нь зүйтэй гэж үзсэн аж. Тиймээс сайдын албан тушаалд УИХ-ын гишүүний нэрийг давхардуулан дэвшүүлэхгүй байх нь зүйтэй гээд Засгийн газрын гишүүнээр УИХ-ын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайд Н.Алтанхуягийн саналаас татгалзаж буйгаа дурдаад мөн Засгийн газрын гишүүнийг шинээр томилох саналыг дахин зөвшилцөхийг хариу бичигт дурдсан байдаг.

Ерөнхийлөгчийн саналын араас нь МАН-ынхан “Ухаалаг төрийг өнөөдрөөс байгуулцгаая” гэж Ш.Түвдэндоржийг эсэргүүцэж байгаагаа ч мэдэгдээд авсан. Ингэснээр МоАХ-ын партизан сайдын суудалд залрах эсэх асуудал гацаанд ороод байв. Гэвч энэ нь түр зуурынх байсныг дурдах хэрэгтэй болов уу. Учир нь өнгөрсөн долоо хоногт Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар Шаравдоржийн Түвдэндоржийг томилуулах саналыг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн барьсан юм.

Ингэснээр маргааш буюу мягмар гарагт Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал буюу Ш.Түвдэндоржийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар томилох эсэх тухай байнгын хороогоор хэлэлцэхээр болж байгаа юм. Ш.Түвдэндоржийн тухайд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын албыг өлхөн хашчихна гэсэн итгэлээр дүүрэн байгаа гэхэд болно. Тэрбээр энэ тухайгаа “Улс төрийн намуудын зорилго бол өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлэх. АН-ын төлөө явж ирсэн гишүүний хувьд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тэр хэрээр ажиллах ёстой. Би Хууль зүйн байнгын хорооны дарга, хуульч хүн. Одоо байгаа эрх зүйн орчноор УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашиж болох хуулийн заалттай. Ерөнхийлөгч өргөн барьсан хуулиар 2014 оны долоодугаар сарын 1-нээс УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахгүй байхаар намуудын санал гарсан. Гэвч энэ хууль унасан. Харин хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг тусад нь байлгах гэсэнтэй санал нэг байгаа. Үүнийг дэмждэг. Гүйцэтгэх зөвлөл миний нэрийг дэвшүүлж, энэ ажлыг хийж чадна гэж үзсэн. Тийм учраас би үгүй гэх эрх байхгүй” хэмээн ярьсан байдаг.

Хэдийгээр Ш.Түвдэндорж өөртөө ийм итгэлтэй байгаа ч түүнийг сайдын суудалд суухад саад болох гол асуудал өнөөх л “давхар дээл”. Гэсэн ч Ш.Түвдэндорж Х.Баттулгын түүртээд тайлсан “дээл”-ийг  өмссөн ч нэг их түүртэхгүй гэх итгэлтэй байгааг дээр дурдсан. Харин түүнийг “давхар дээл”-тэй болгохгүй гэх саналыг Ерөнхийлөгчөөсөө эхлээд сөрөг хүчин хүртэл тавиад байгаа юм.  Тэгвэл сайд болохоор сэтгэл шулуудсан Ш.Түвдэндорж УИХ-ын гишүүнээсээ татгалзаад ч хамаагүй санасандаа хүрнэ гэсэн шуум дэгдээд байна.

Тодруулбал, Ш.Түвдэндорж Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд болохын тулд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзахаар шийдээд байгаа тухай мэдээлэл түүнийг сайдад томилох хүсэлтийг УИХ-ын даргад өргөн барьсны дараа түгэж эхэллээ. Ш.Түвдэндоржийн тухайд жагсаалтаар УИХ-д суусан. Тиймдээ ч УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсанаар түүний ард жагсаж байсан ХХБ-ны захирал Ж.Мэдрээ УИХ-д орж ирэх боломжтой тухай ч саарал ордноор шивэр авир хийлцээд амжсан байна. Тэгэхээр Ш.Түвдэндорж сайд болохын тулд нэгэнт сэтгэл шулуудсан бололтой.

Б.МӨНХЖИН          www.INFO.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.