ХУДАЛДАН АВАГЧАА ҮГҮЙЛСЭН ЗУУН АЙЛЫНХАН

зуун айлУрин дулааны цаг ирж буйтай зэрэгцээд энд тэнд барилгын ажлууд эхэлжээ. Үүнийг дагаад барилгын материалын эрэлт хэрэгцээ ч нэмэгддэг. Монголын бүтээн байгуулалт цаг нараас хамааралтай. Хавар зуны энэ үүлэн чөлөөний нар шиг ахархан хугацаанд амжуулж хийх ажил их.

Би ч бас өнгөрсөн жил хийж амжаагүй сүүдрэвчээ барьж эхлэв. Ганц сүүдрэвч ч биш хашаан дотроо багахан хэмжээний зам тавихаар шийдлээ. Ийн цемент, хадааснаас эхлээд ойр зуурын бараа материал цуглуулахаар Зуун айлын барилгын материалын төрөлжсөн захыг зорилоо.

Онцын шаардлага гараагүй болохоор өнгөрсөн хавраас хойш ийшээ зүглээгүй. Харин тэндхийн байдлыг жилийн өмнөхтэй харьцуулахад хөл хөдөлгөөн багатайн сацуу ачаа ачина гэсэн хоосон тэвштэй машинууд хэд хэдээрээ холхиж байна. Уг нь жил жилийн өдийд энэ хавь үйлчлүүлэгчдийн хөлд дарагдаж байдаг сан, энэ жил тиймгүй. Худалдан авагчдын хөл татрангуй талдаа байх шиг анзаарагдлаа. Лангуу бүрийн ард зав чөлөөгүй борлуулалт хийдэг байсан худалдагчид бараа сонирхон явах хүмүүсийг дагуулан харж, бие биеэсээ өрсөн юу хайж буйг нь асууж, ам хэл “сугалчих” шахна. Зарим нь аз таарч бараагаа борлуулна, нөгөө хэсэг нь борлохгүй байгаа бараагаа сэм ширтэн; өөр үйлчлүүлэгч ирэхийг хүлээн уйдаж байгаа янзтай харагдана.

“Монгол цемент аваарай” гэсэн ахын захиасаар сураглаж хэсэг явлаа. Амархан олдох зүйл биш байсан бөгөөд цаасан хайрцагны тасархай дээр “Цемент, шохой зарна” гэж бичээд, дээш өргөн суугаа эмэгтэйгээс монгол цемент сураглавал “Монгол цементийг барилгын компаниуд шууд авч байгаа гэсэн. Зуун айлаар голдуу урдаас орж ирсэн цемент зарж байна. Уут нь есөн мянга” гэв. Үнэхээр барилгын компаниуд эх орныхоо цементээр байшин барилгаа барьж байгаа бол баярлахаас яах билээ. Чанар тачаасаа төдийгүй үндэсний үйлдвэрүүдэд энэ нь томоохон дэмжлэг болж байгаа хэмээн бодогдлоо. Энэ жилийн тухайд Хөтөлийн цементийн шинэ үйлдвэр апшглалтад орсон болохоор бүтээн байгуулалтын нэлээд хэсэг нь үндэсний үйлдвэрийн цементээр хийгдэж байгаа бололтой.

Хадаас авахаар худалдааны нэг төв рүү орлоо. Ханын цаас, угаалгын өрөөний шүршүүр, угаалтуур, крант, цоож түлхүүр гэхчлэн тэнд хүнд хэрэгтэй бүхэн л байх шиг байна. Төрөл төрлийн хадах, тогтоох материал  дэлгэсэн лангуун дээр очив.

Зорьсон зүйлээ авах   зуураа   худалдагч эмэгтэйтэй ярилцлаа.
-Энд хэр удаан наймаа хийж байна вэ?
-Лангуу түрээслэж эхлээд гурван жил болж байна.

-Ойрд Зуун айл орчмын хөл хөдөлгөөн ямар байна. Урд жилийнхтэй харьцуулбал наймаа хэр байна вэ?
-Наймаа, борлуулалтыг ноднингийнхтой харьцуулах юм биш. Хүмүүсийн худалдан авах чадвар улам буурсан, энэ нь илт мэдрэгдэж байна. Хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Зуун айл орчмын барилгын материалын дэлгүүрүүдийг хотоос гарган Налайх дүүрэгт төвлөрүүлэх юм гэсэн. Ийм сураг гарсаар жил гаруй болж байна. Хэрэв тийшээ нүүчихвэл борлуулалт улам л муудах байх. Хэн тийшээ ганц кг хадаас, уут цемент, хэдэн банз авах гээд явж байхав дээ. Автомашины захыг хотынхоо захад төвлөрүүлсзн хэрнээ барилгын материалын захыг тийм хол нүүлгэнэ гэдэг бол зөв шийдэл лав биш байлтай.

-Үнийн өсөлт барилгын материалын салбарт хэрхэн нөлөөлж байна вэ?
-Барилгын материалын дийлэнхийг гаднаас импортолдог. Тийм болохоор валютынхаа ханшийн өсөлтийг дагаад бараа, материалын үнэ өссөөр байна. Энэ нь худалдан авагчдад гэлтгүй наймаачдад ч хүнд тусч байна. Ингэж үнэ өссөн болохоор худалдан авалт багасч орлого муудсан. Жишээлбэл, хадаасны үнэ жилийн өмнөхөөс дунджаар 500-600 төгрөгөөр нэмэгдсэн. 2000-2500 төгрөгийн үнэтэй байсан бол одоо дээд тал нь 3000 төгрөг болсон байх жишээний.
Ийн наймаачдын санаа бодлыг сонирхож явсаар авах ёстой бараагаа цуглуулж дууслаа. Худалдаж авсан юмаа хүргүүлэхээр Портер машин хөлслөв. Чулуун-Овоо хүртэл 35 мянган төгрөг гэж байна. Зам зуураа жолоочоос зарим зүйлийг тодруулж амжив.

-Ямар үнэ, тарифаар үйлчилдэг вэ. Хүмүүс голдуу юу ачуулж байна?
-Ихэнхдээ үнэ хөлсөө тохиролцож тогтоодог. Барааны төрлийн хувьд янз бүрийн зүйл л ачуулна. Сүүлийн үед Солонгос материал гэж хошуурах болсон нь ажиглагдаж байна.

-Өдөрт хэдэн удаа ачаанд явдаг вэ. Өнгөрсөн жилийнхээс өөрчлөгдсөн үү?
-Өнгөрсөн хавар өдөртөө дор хаяж хоёр гардаг байсан бол одоо нэг гарахтай үгүйтэй болоод байна даа хэмээн бухимдангуй хариуллаа.
Жолооч худалдагч хоёрын ярианаас Зуун айлын барилгын материалын төвийн ерөнхий дүр төрх тодорч байх шиг. Энэ жилийн тухайд барилгын ажлын явц тийм ч сайн биш байгаа бололтой. Ялангуяа өөртөө байшин сав барьж байгаа иргэд энэ Зуун айлаар үйлчлүүлдэг. Гэвч энд үйлчлүүлэгчдийн хөл хөдөлгөөн бага байна. Барилгын материалын хэрэгцээ бол хэн хүнгүйд л байгаа, гагцхүү үнийн өсөлт ийн худалдан авагчдын хөлийг тушчихаад байна гэдгийг тэндхийнхэн хэлж байсан. Цаг үргэлж түм түжигнэж байдаг энэ газрын ийм дур зураг Монголын эдийн засгийн өнөөгийн байдлын илэрхийлэл болж буй нь тодорхой.

 

 
М.ЯНЖИНДУЛАМ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих