“Иргэнд суурилсан хөгжлийн яриа” үргэлжилж байна

Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн хүрээнд Ардчилсан намын дэргэдэх НЭГ АРДЧИЛАЛ клубээс санаачлан, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан залуучуудын холбоотой хамтран зохион байгуулсан “Иргэнд суурилсан хөгжлийн яриа-2” арга хэмжээ өнгөрөгч бямба гарагт “Мираж” төвд болж өнгөрлөө.

Уг арга хэмжээнд 350 гаруй хүн оролцсон бөгөөд Улаанбаатар хот, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Төв, Хэнтий аймгуудын төлөөлөгчид хүрэлцэн ирж улс орны хөгжлийг тодорхойлох бодлого гаргахад иргэд ямар бодолтой байдаг талаар лекц сонсож санал солилцов.

Хэдхэн хоногийн өмнө анхных нь зохион байгуулагдсан уг хөгжлийн ярианд ардчилсан үзэл бодолтой, ардчиллыг дэмжигч олон зуун иргэд идэвхитэй оролцсон нь зөвхөн Ардчилсан намын гишүүд дэмжигчдээс хальж иргэдийг өргөнөөр хамарсан цар хүрээтэй арга хэмжээ болгож байгаа юм.

Монгол Улс Үндсэн хуулиндаа “Эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” хэмээн тунхагласны дагуу тэрхүү хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг амжилттай цогцлооход иргэн бүрийн дуу хоолой, үзэл бодол чухал гэдгийг сануулж, хүн бүрийн тэгш оролцоог ханган, үг хэлэх эрх өргөн боломжийг бүрдүүлж нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх нь иргэнд суурилсан хөгжлийн ярианы зорилго билээ.

Энэ удаад “Иргэдийн санал, оролцоонд тулгуурласан хууль, эрх зүйн орчин”, “Хот байгуулалт, бүсчилсэн хөгжил”, “Иргэний боловсрол” зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Цаашид ч энэхүү арга хэмжээг бодлогын чанартай асуудлуудаар үргэлжлүүлэн байнга зохион байгуулна.


URL:

Сэтгэгдэл бичих