Дэгийн хуулийн дагуу Н.Батбаяр сайдын асуудлыг хэлэлцэхийг шаардлаа

DSC_0493                 Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэх асуудлыг байнгын хорооны хуралдаанаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулсантай холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар мэдээлэл хийлээ. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд огцруулах саналыг 2014 оны тавдугаар сарын 29-ний өдөр УИХ-ын даргад өргөн барьсан. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “…Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол … огцруулах саналыг холбогдох Байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэж заасан. Өнгөрсөн долоо хоногт ДЭГ-ийн хуулийн энэхүү хугацаа дууссан бөгөөд эхний удаад нь УИХ дахь АН-ын гишүүд байнгын хорооны хуралдаанд ирэхгүй, санаатайгаар ирц бүрдүүлэлгүй, дараагийн удаад нь Н.Батбаяр сайд өвчтэй гэсэн эрүүл мэндийн шалтгаанаар уг асуудлыг энэ долоо хоногт болгон хойшлуулсан. Гэтэл өнөөдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ асуудлыг “судалж үзэх” гэдэг нэрийн дор хойшлуулах горимын санал гаргаж, уг саналаар нь Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар санал хураалгаж, олонхийн саналаар асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан. АН-ын бүлгийн даргын “судална” гэж хэлсэн тоон үзүүлэлтүүдийн эх сурвалжууд нь Үндэсний статистикийн хороо, ОУВС, Дэлхийн банк болохыг МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр хэллээ.

УИХ нь хууль тогтоох байгууллагынхаа хувьд хуулиар баталсан дэгтэй, тэр дэгийг хэнбугай ч зөрчих эрхгүйгээр мөрдөж баримтлах үүрэгтэй. Хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчим юун түрүүн хууль тогтоох байгууллагаасаа эхлэн үлгэрлэн мөрдөгдөх учиртай. Гэтэл сайд томилох болохоор 100 хувь ирцээ бүрдүүлэн шийдвэрлэдэг эрх баригчид Н.Батбаяр сайдад хариуцлага тооцох асуудал яригдаад эхлэнгүүт хууль зөрчөөд ч хамаагүй хурлаа тасалж, хүндэтгэх шалтгаангүйгээр ДЭГ-ийн хуулийн хугацаа, заалтыг ноцтой зөрчиж байгааг УИХ дахь МАН-ын бүлэг эрс буруушааж байна.

 

Засгийн газрын гишүүнийг огцруулах эсэхээ шийдвэрлэх, олонхиороо хүч түрэн хамгаалж хаацайлж авч үлдэх эсэх нь мэдээж эрх баригчдын өөрсдийнх нь дотоод асуудал. Гэтэл энэ байдлаа УИХ-ыг хууль зөрчүүлэх замаар хийх оролдлого удаа дараа хийх боллоо. Дөнгөж өчигдөр л хуулиудаа зөвшилцье гэж байсан нөхдүүд маань Засгийн газар дээр бараг дадал болсон хуулийг гуйвуулдаг хандлагаа УИХ-ын гал тогоонд халдаах гэсэн бусармаг үйл ажиллагаа явуулж байгааг УИХ хэрхэвч өөгшүүлж таарахгүй ээ. Цаашилбал, нэгэнт ДЭГ-ийн хуулиар тухайлан заасан “Долоо хоногийн дотор хэлэлцэж санал дүгнэлт гаргана” заалтаас давсан бөгөөд хууль зөрчсөн горимын санал гаргах, тэрхүү хуулийг зөрчиж байгааг нь мэдсээр байж тийм саналаар Байнгын хороонд санал хураалгаж буй холбогдох Байнгын хорооны даргыг Үндсэн хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэг зөрчсөн асуудлыг Үндсэн хуулийн Цэцэд хандан дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. УИХ-д өөрт нь хэвшил болж байгаа хууль ёсыг гажуудуулж буй энэхүү үйлдэл нэг удаагийнх биш юм. Урьд нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах санал гаргахад мөн л Хууль зүйн байнгын хороо хууль зөрчин долоо хоногийн дотор хэлэлцэж дүгнэлт гаргалгүй сунжруулснаас уг асуудал бүтэн сар сунжирч, УИХ-ын чадамж, нэр хүнд, хууль тогтоох үр нөлөөг ихээхэн сулруулж байсныг Та бид мэднэ. Ийм хууль бус үйл явц дахин давтагдаж, УИХ-д хэвшил болж халдварлахыг МАН-ын бүлэг зөвшөөрөх ёсгүй гэж үзэж байна.

Иймд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтыг хэлбэрэлтгүй мөрдөж, бас мөрдүүлж, нэн даруй Байнгын хорооны хуралдааныг хуралдуулж, уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг УИХ-ын дарга, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар нарт МАН-ын бүлэг сануулж, шаардаж байна. Энэхүү шаардлагыг хүлээж авахгүй бол холбогдох Байнгын хорооны даргыг Үндсэн хуулийн Цэцэд өгч дүгнэлт гаргуулахаа хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.


URL:

Сэтгэгдэл бичих