Битгий ДАРАМТЛАХ аргаа НАРИЙСГААД байгаарай ЗГ-АААААААА


Ангайж яваад нүхрүү унах нь анхааралгүй байж байгаад төр засагтаа идүүлэхтэй агаар нэгэн буй заа. Анзаарч амжсан тул доорхи бичвэрийг үйлдэв. Анд нөхөд та бүхнийг илүү олон хүнд анзааруулахыг, өөрөө ч сайтар анзаарахыг хүсч байна. 
Бид 1990 оны хувьсгалтай хамт төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг таягдан унагааж хүн бүр баяжиж болох, хүн бүр өөрийн эх орондоо тодорхой баялаг бүтээлцэх боломжтой чөлөөт зах зээлийн эдийн засагруу шумбан орсон билээ. Үүнийгээ ардчилалын буян ч гэж харсан.

Жижиг, дунд бизнес эрхлэгчид, өөртөө л тов хийсэн компаниуд бий болж хэр чинээгээрээ ажлын байр бий болгон, болж бүтхээрээ элдэв татваруудаа төлж төсөвт багагүй хувь нэмэр оруулж яваа. Би ч яг л нэг тийм цомхон компанитай хүн.
Тэгтэл бидний итгэж биширч ирсэн ардчилсан төр маань сүүлийн үед бодлогын томоохон асуудалд бус бичил бизнес эрхэлж байгаа бид бүгдийн асуудалруу хэтэрхий хошуу, хуруу дүрэх болжээ.

Миний харж байгаагаар сүүлийн үед төр маань дээр үеийн сурах бичиг дээр байсан ХАР, ШАР ФЕОДАЛ шиг бүх зүйлийг өөрийн мэдэлд байлган амруугаа шахаж, чихэх сонирхолтой болсон байна.

Үүний нэг томоохон жишээ нь тун удахгүй батлагдах гэж байгаа НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ гээч болж.
Энэхүү хуулинд Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн Газрын гишүүн болон Сангийн яам нь бас нэг томоохон авилгалын сүлжээ бий болох, бас нэг сонгон шалгаруулалт, батламж /нэг үгээр бол лиценз/ олгогч болж тэрхүү батламжлал болон батламжлагдсан НЯГТЛАН БОДОХ нараараа дамжуулан жижиг бизнес эрхлэгчдэд дарамт үүсгэхээр тусгагдсан байх юм.
2011 онд Улаанбаатар хотод хийсэн тооллогоор 45595 аж ахуйн нэгж тоологдсон. Үүний 40353 буюу 88,5 хувь нь 1-9 ажилтантай “бичил” аж ахуйн нэгжүүд байгаа юм.

Эд бол өнөөдөр Монгол улсын ихэнхи иргэдийг ажилтай байлгаж байгаа хүмүүс. Энэ байгууллагуудын дарга нь өөрөө болон нягтлантайгаа /сургуулиа дөнгөж төгссөн шинэхэн нягтлан, дамжаагаар бэлтгэгдсэн нягтлангуудад энэ хэсэгт л ажил олддог/ хамтран тайлан тооцоогоо гаргаад, татвар юмаа төлөөд явж байгаа. Бидэнд өндөр мэргэшсэн нягтлан бодохын хэрэг байхгүй, тэдэнд илүүчлэх мөнгө гаргаад байх хэмжээний тооцоо, ашиг ч бага.

Гэтэл шинэ хуулиар бол бүх аж ахуйн нэгжүүд САНГИЙН ЯАМнаас батламжлагдсан нягтлан бодохтой байж тэр хүнээр 2-р гарын үсгээ зуруулан тайлан тооцоогоо улсд ирүүлж байх ёстой юм гэнэ. ЯААААААААГААААААААААААД? Ингэснээрээ манай компанид ямар ашигтай юм, улсд ямар ашигтай юм, татварт ямар нөлөөтэй юм. Ойлгохгүй байна.

Хуулинд юу гэж тусгагдсан байгааг харна уу?
20.6. Аж ахуйн нэгж байгууллагын ерөнхий нягтлан бодогч дараах шаардлагыг хангасан байна:
20.6.1. Мэргэжлийн ёс зүйн дүрмийг чанд баримтлан ажиллахаа илэрхийлсэн тангараг өргөж, батламж бичигт гарын үсэг зурсан байх. /өмнө нь тангараг өргөдөггүй байсан/
20.6.2. Ерөнхий нягтлан бодогчийг мэргэшүүлэх сургалтыг дүүргэсэн эсвэл мэргэшсэн нягтлан бодогч байх.

20.8.Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах үүргийг хариуцан хэрэгжүүлнэ:
20.8.1. нягтлан бодогчдыг сонгон шалгаруулж, эрх бүхий нягтлан бодогчдын бүртгэлд оруулах, нийтэд мэдээлэх.
20.8.2. эрх бүхий нягтлан бодогчдын мэргэшлийг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах.
20.8.3. энэ хуульд заасан шаардлагыг хангасан нягтлан бодогч ажиллуулаагүй тохиолдолд тухайн аж ахуйн нэгж байгууллагын удирдлагад захиргааны хариуцлага хүлээлгэх, хугацаатай шаардлага хүргүүлэн биелэлтийг хянаж ажиллах.

Харин Сангийн яам гээч төрийн байгууллага нягтлан бодогч бэлтгэдэг сургуулиуд, сургалтын төвүүдийн үйл ажиллагаан дээр өөрийн “нус”-аа наахыг тэмүүлж байгаа нь, бичил болон жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд илт дарамт үүсгэх гэж байгаа нь, нягтлан бодогчдийн сонгон шалгаруулалт, мэргэжил дээшлүүлэх сургалт, гарын үсэг бүхий тангарагийн батламж, батлагдсан нягтлан бодогчдийг нийтэд мэдээлэх гэсэн зүйлсээр дамжуулан бизнес хийх гэж байгаа нь бол асар ОЙЛГОМЖТОЙ байна.

Хэзээ ч билээ одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бизнес эрхлэгчдэд дарамт болж байгаа олон хэрэггүй тусгай зөвшөөрөл, бичиг цааснуудыг урж хогийн савруу хийн баярлуулж байсан. Мөн НӨАТ-ын хэмжээг 100 сая болгоно хэмээн бүүр ч сайхан мэдээ сонсогдоол байгаа. Тэр зүгээр л хошгоруулалт байж. Уг нь аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, ажиллах боломжийг нь сайжруулж, төрөөс ирэх дарамт, хяналтаа багасгаж байж л ЭЗ-ийн хямралаас гармаар юм даа. Одоо бүүр илүү нарийн дарамтуудыг бий болгохоор шийдсэн бололтой.

Хэзээ нэг цагт хэн нэгэн ухаантан: “Төрийн зүгээс бизнесийн орчинд оруулах хамгийн том дэмжлэг бол төр оролцохгүй байх” гэж хэлсэн байдгийг бодууштай.

Ухаандаа 7 үхэртэй Балдан өвгөн үхрээ өөрөө ч юм уу хүүгээрээ маллуулаад явдаг байжээ. Мэдээж малынхаа сүү сааль, арьс үс, махыг борлуулан нутаг орныхондоо хэрэг болж л байдаг хүн шүү дээ. Гэтэл хэн нэг нөхөр та үхэр хариулах тусгай зөвшөөрөлтэй юу? Байхгүй бол мөнгө төлж сур, шалгалт өг, тангараг өргө. Чадахгүй бол манайхаас батлагдсан мэргэжлийн үхэрчингээр хариулуулах хэрэгтэй шүү. Таны үхэр боловч улсын баялаг байгаам…… гэж байгаатай агаар нэгэн байна.

Нийтдээ Монгол улсын хэмжээнд 25,0-30,0 мянган нягтлан бодох байдаг аж. Энэ жил бас нилээн олон мянга нэмэгдэж төгсөнө. Энэ хүмүүсийн 4 жил тонгойж, тоо бодож байж сурсан эрдэм, сургасан багш нарт САНГИЙН ЯАМ итгэхгүй байна. Их дээр сургуулиуд хариуцлагагүй шүү дээ л гэж байх шиг байна. Харин сангийн яам бол нарийн шалгуураар жинхэнэ сайн хүнийг нь олно гээд шалгалт авахнээ. Хүн тус бүрээс 5000 төгрөг хураагаад шалгалт авахад л 150 сая төгрөг гараад ирж байна. Ахин шалгалтанд бэлтгэх сургалт, ахин шалгалтын хураамж, батламжийн мөнгө энэ тэр гээд бодохоор ЗГ маань баяжихнээ. Эдийн засгийн хямарлыг давах мөнгөтэй болох нь 100 хоногтоо биш юм гэхэд 1000 хоногтоо багтаагаад эдийн засгийг сэгийтэл босгоод ирэх юм байна.

Гэхдээ тэд энэ олон нягтлан бодохын үнэ цэнийг ингэж унагах, дахин “бутлуурт” оруулах нь ямар хэрэгтэй гэж. Магадгүй татварын тайлангууд сайжрах уу? Нэг бол “шалгуур” давсан нягтлангууд баяжих уу? Нээрээ тийм юм байна. Анжигай хүүд ямар нягтлангийн үнэмлэх байх биш, өнөөх өндөр мэргэшсэн нягтланг цалинжуулах ч мөнгө байхгүй. Тиймээс би хэн нэгэн төрөөс батламжлагдан, төрдөө тангараг өргөсөн нягтланд “багахаан” мөнгө төлж мурий сарий хийсэн тайландаа 2-р гарын үсэг зуруулж байж тайлан хамгаалах нь байна. Бас л мэргэн санаа ажээ. Өнөө олон айлын тайланд гарын үсэг зурдаг ТӨРИЙН НЯГТЛАН миний тайланг хийлээ юу? Миний нөгөө тайланг маань хяналаа юу? Үгүй л байх шүү.

Уг нь бол нягтлан бодох, бүртгэлийн програмчлал манай өнгө өнгийн нэртэй сайд нараас хамаагүй хурдтай хөгжиж байгаа нийгэм шүү дээ. Компьютерийн кейборд дээр тоогоо зөв олоод биччихдэг даргад бол бүх зүйлийг нь хийгээд өгчихдөг программ зөндөө бий болсон. Түүнийг ашиглахыг нь заадаг курс дамжаа ч олон болсон энэ цаг үед заавал “сампин”, тангараг ярих хэрэг юунд байгааг ойлгохгүй нь.

Хуульчид, эмч нар ийм л шалгууртай, яам нь хариуцдаг гэх байх л даа. Тэгэхдээ энэ хоёр чинь тэмээ, ямаа шиг зөрөөтэй ойлголт. Ямар ч байгууллагад их бага ч гэсэн санхүүгийн асуудал байнга гарч байдаг. Харин хуульч, эмчийн хийх ажил тэр болгон гараад байх нь юу л бол.

Энэ хууль батлагдвал: Тэр Нягтлан бэлтгэдэг их, дээд сургууль, сургалтын төвүүд зарим нь ажилгүй болох гэж байгааг, заримынх нь ажлынх нь үнэлэмж байхгүй болох гэж байгааг ойлгож харж байгаа байлгүй. Нөгөө талаас зүгээр ажлаа хийгээд явж байгаа, эсвэл шинээр төгсөж байгаа 30 гаруй мянган нягтлангуудын маань зарим нь цаазын тавцан дээр очих нь байна.
Ямар ч байсан мань мэтийн жижигхэн бизнестэй хүмүүсийн хувьд томортлоо ямар нэг тусгай зөвшөөрөлтэй, батламжлагдсан ТОМ НЯГТЛАН-тай болох сонирхол байхгүйг, үүний эсрэг хашгирч, чарлаж эсэргүүцэхээ мэдэгдмээр байнаааааа.

Төр минь түмэн нүдээрээ болгоон энэ ичгэвтэр, түмэн нугалаа болсон хуулийг батлахгүй хэмээн найдаж байна.

Бичил аж ахуйн нэгжийн захирал Анжигай


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.