МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ТАНАА!

элбэгдоржТаны энэ өдрийн амар амгаланг айлтган, Монголын жирийн нэгэн эмэгтэй би “шударга-үнэн”, “хуулийн засаглал” хаана оршин тогтнож байгааг тодруулахаар ийнхүү хандаж байгааг хүлээн авч, болгооно уу.

Та, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод эхлүүлсэн хамгийн том ажлуудын нэг бол “Монгол Улсад хуулийн засаглал”-ыг жинхэнэ утгаар нь бэхжүүлэн, хөгжүүлэх асуудал байсан гэж би боддог.

Энэ ажлын хүрээнд таны санаачилсан олон хууль, үүний дотор Шүүхийн тухай багц хуулиудыг УИХ батлан гаргаж, мөрдүүлсэн нь чухал үйл явдал байсан талаар олон нийтэд байнга сурталчилж байдаг.

Таны санаачилсан энэ их үйл хэргийн үр дүнд, шүүх хуулийн байгууллага хэнээс ч, юунаас ч хараат бус, шударгаар ажиллаж, зөвхөн хуульд л захирагддаг шүүх засаглал оршин тогтноно гэсэн хүлээлт олон нийтийн дунд бий болоод байгаа.

Эрхэм Ерөнхийлөгч таны эхлүүлсэн хууль, шүүхийн байгууллагын шинэчлэл эхлээд багагүй хугацаа өнгөрч, тодорхой үр дүнгүүд гарч, тэдгээрийн талаар тодорхой үнэлэлт дүгнэлтүүдийг өгч болохоор болоод байна.

Эдгээрийн нэгэн жишээ болсон манай гэр бүлд тохиолдоод буй зүүд шиг үйл явдлыг таньд хүргэж байгааг хүлээн авч, зохих арга хэмжээг авч өгнө гэдэгт итгэж байна.

Миний захидалд дурьдагдаж буй үйл явдал хэдийгээр миний хань, манай гэр бүлийн асуудал мэт боловч хууль ёс төлөвшиж, хүний эрхийг дээдэлдэг болсон энэ цаг үед бол аймшигт хэлмэгдүүлэлттэй зүйрлэхүйц үйл явдал бөгөөд Монгол улсад бизнес эрхлэгчдийг хэдийд ч, ямар ч байдлаар хэлмэгдүүлэн шийтгэж болох шүүх, шүүгчтэй болоод байгааг олон нийтэд болон шүүгчдийг томилж, чөлөөлдөг эрх мэдэл бүхий Монгол Улсын Ерөнхийлөгч таны сонорт хүргэхийг зорьсон зовж, шаналсан эмэгтэй, эхнэр, эхийн өчил гэдгийг болгоон соёрхоно гэдэгт итгэж байна.

Миний нөхөр П.Баатарсүрэн иргэний нисэхийн  салбарт 30 гаран жил ажиллахдаа тус салбарт хөгжлийн бодит эргэлт, шинэчлэлт  хийсэн жирийн нэгэн бизнес эрхлэгч гэдгийг хамт ажиллаж байсан, хамтран ажиллаж байсан хүмүүс болон иргэний нисэхийн салбарын үе үеийн ажилтан ажиллагсад мэднэ.

Миний хань МИАТ компанид ажиллаж байхдаа Аэробус 310-300, Бойнг 737-800 онгоцуудыг худалдан авах, Монголын иргэний агаарын тээврийн салбарт олон улсын жишигт нийцсэн шинэ техник, технологиудыг нэвтрүүлэх ажлын хэсгийг ахалж олон улсын агаарын тээврийн үйлчилгээг шинэчилэх ажлыг гардан хийж гүйцэтгэсэн хүмүүсийн нэг нь билээ.

2003 онд Монгол Улсын хэмжээнд орон нутагт нислэг үйлдэх онгоцгүй болж, энэ чиглэлийн үйл ажиллагаа үндсэндээ нуран унаад байсан үед “Аэромонголиа” ХХК-ийг үүсгэн байгуулж Фоккерын төрлийн 4 онгоцыг худалдан авч орон нутгийн зорчигч тээврийг сэргээсэн нь миний хань салбарын мэргэжилтнийхээ хувд ард түмнийхээ төлөө хийсэн том үйлсүүдийн нэг нь юм.

2008 онд иргэний нисэхийн цоо шинэ салбар болох агаарын ачаа тээврийн Эйр Карго Монгол ХХК-г байгуулж  2013 оны 10-р сард  Аэробус 300-600 онгоцоор нислэг үйлдэхэд бэлэн болгоод байгаа. Гэх мэтээр миний хань П.Баатарсүрэнгийн хийсэн бүтээсэн зүйлийг дурьдаад байвал олон зүйлийг бичиж болно.

Таньд хандах болсон асуудал бол энэ бүхнийг нураан унагаахад хүргээд байгаа нэгэн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд, тэдгээрийг гаргаж буй шүүгчдийн тухай асуудал юм.

Иргэний нисэхийн салбарын бизнес эрхлэгч этгээд олон улсын хэмжээнд болон үндэсний хэмжээнд мөрдөгддөг олон дүрэм, журмыг сахих ёстой бөгөөд эдгээрийг сахин ажиллахын тулд өндөр мэдлэг бүхий мэргэжилтэн бэлтгэх, найдвартай ажиллагаатай, сайн үзүүлэлт бүхий техник, технологийн тусламжтайгаар нислэгийн аюулгүй байдлыг хангаж, үйлчлүүлэгчийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцөл боломжийг бүрдүүлдэг. Энэ бүх шаардлагыг хангахын тулд асар өндөр зардал, хөрөнгө оруулалтыг энэ салбарт шаарддаг.

Миниий нөхөр 2007 онд Аэромонголиа ХХК-ийн нийт хувьцааныхаа 60 хувийг иргэн Х.Дөчинтав болон “Моннис интернэшнл” ХХК-д худалдсанаас хойш 6 жилийн туршид маргаж, иргэний хэргийн 3 шатны шүүхээр 2 жил гаруйн хугацаа зарцуулж байж “Моннис интернешнл” ХХК-д зарсан хувьцааныхаа мөнгийг авахаар болсон боловч одоо болтол төлбөрөө бүрэн гаргуулж авч чадаагүй, харин эсрэгээрээ өөрөө бусдыг залилан мэхэлсэн гэх хэрэгт холбогдож, шийтгүүлээд байна.

Миний ханийг “…хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутган, шүүхээс 7 жилийн хорих ялыг чанга дэглэмд эдлүүлэхээр шийтгэсэн…” нь энэ цагийн их хэлмэгдүүлэлтийн нэг хэмээн би үзэж байна.

Ийнхүү үзэхийн учир нь:

1-рт: 2002 оны 05 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан Монгол улсын Эрүүгийн хуулийн цагаан дээр хараар бичсэнээр уншиж үзвэл “бусдыг залилан мэхлэх” гэмт хэрэг нь тус хуулийн 148 дүгээр зүйлд зааснаар “хуурч мэхлэх арга замаар бусдын эд хөрөнгө, тэдгээрийн өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн” авсан үйлдэл байдаг юм байна. Авсан эд хөрөнгийн үнийн дүнгийн хэмжээнээс хамаарч хүлээлгэдэг ял шийтгэл, хариуцлага нь өөр өөр байдаг бололтой.

Тэгвэл бидэнд маш тодорхой байгаа нэг зүйл бол хохирогч гэгдээд байгаа “Моннис Интернешнл” ХХК-д нийтдээ 2.965.019.962.52 төгрөгийн хохирол учирсан гэж анхан болон давж, заалдах шатны шүүхийн шийдвэрүүдэд дурьдаад байгаа. Гэтэл энэ төлбөрт багтсан бүх зардлууд нь “Аэромонголиа” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдагдсан ба П.Баатарсүрэн нэгч төгрөгийг хувьдаа завшаагүй гэдгийг хөндлөнгийн хяналт хийсэн  Улаанбаатар аудит корпорацын болон мөрдөн байцаагч, прокурорын даалгавраар дүгнэлт гаргасан шүүхийн шинжилгээний шинжээчдийн дүгнэлт, мэдүүлгүүдээр тогтоосон байна.

Энэ баримтууд нь нэгдүгээрт хохирол гэгдээд байгаа төлбөр нь “Моннис Интернешнл” ХХК-иас гараагүй, хоёрдугаарт төлбөрт тооцогдоод байгаа бүх мөнгө “Аэромонголиа” ХХК-д орсон болохыг нотлоод байна.

Өндөр мэргэшсэн прокурор, шүүгчид ийнхүү баримтаар нотлогдсон бодит байдал, цагаан дээр хараар бичигдсэн хуулийг хууль тогтоосон байдлаас өөрөөр тайлбарлан хэрэглэж бусдад их хэмжээ /7 жил/-ний ялыг чанга дэглэмд эдлүүлэхээр оногдуулж байгааг нь би хэлмэгдүүлэлт хэмээн үзэхгүй байхын аргагүй байна.

2-рт: Миний хань өөрт оногдох хувьцааныхаа тодорхой хэсгийг “Моннис Интернешнл” ХХК-д зарж байх үед “Аеромонголиа” компанийн үйл ажиллагаа нь жигдэрсэн, 4 онгоцтой, агуулахдаа 2 сая гаран ам долларын сэлбэгтэй, орон нутагт 10 чиглэлд, гадаадын 4 чиглэлд нислэг үйлддэг компани байсан.  Нийт 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, жилдээ 10-12 тэрбум төгрөгийн орлого олдог компанийнхаахувьцааны 30 хувийг худалдчихаад миний нөхөр нэг ч төгрөг аваагүй, өөрөө тухайн үед тус компанийн 30 хувийн хувьцаа эзэмшигч нь байсан атлаа хэнийг залилан, хэнд их хэмжээний хохирол учруулсаныг ойлгохгүй байна.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр учирсан гэх хохирол нь 2007 оны 6 сараас өмнө гарсан зардлууд байна, гэхдээ бүх зардлуулд нь “Аэромонголиа” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан байна гэдгийг тогтоочихсон байдаг.

“Моннис Интернешнл” ХХК нь эдгээр зардлын төлбөрийг нуун дарагдуулсан, эдгээр нь өөрсдөд нь хохиролтой байсан гэж үзэж байсан бол энэ асуудлыг 4 жилийн туршид яагаад нэг ч удаа хөндөж, тавьж байгаагүй юм бол гэх асуултанд одоо болтол тодорхой хариу өгөхгүй байгаа. Тус компани анх манай нөхөр хувьцааныхаа үнийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэг жил, гэрээ байгуулагдаж компанийн эрх мэдлийг өөрсөддөө шилжүүлж авснаас хойш дөрвөн жилийн дараа л энэ асуудлаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг.

“Моннис Интернешнл” ХХК миний нөхрийн хувьцааг үнэгүй авах гэсэн сувдаг сэтгэлийнх нь илрэл ийм байдлаар гарч байна гэж би боддог.

Иргэний хэргийн 3 шатны шүүхээр миний нөхөрт олгохоор шийдвэрлэсэн төлбөрийн хэмжээ 3.036.682.000 төгрөг, одоо “Моннис Интернешнл” ХХК-д учирсан хохирол гээд тус компанид олгуулахаар болоод байгаа төлбөрийн хэмжээ 2.965.019.962.52 төгрөг, бараг л адилхан байгаа биз…

Өнөөдөр “Моннис Интернешнл” ХХК нь “Аэромонголиа” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшиж байгаа гэдэг.Тэгвэл дээрх хохирол гээд байгаа 2.965.019.962.52 төгрөг тус компанид хөрөнгө оруулалт болж, тус компанийн активт тусгагдсанаараа “Моннис Интернешнл” ХХК-ийн хөрөнгийг тэр хэмжээгээр нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл уг төлбөр нь  “Моннис Интернешнл” ХХК-ийн хувьд хохирол бус харин хөрөнгө оруулалт болон үлдсэн гэсэн үг.

10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй 10-12 тэрбум төгрөгийн жилийн борлуулалтай байсан компанийн нийт хувьцааны 30 хувийн хувьцааг ямар ч үнэ төлбөргүйгээр авсаныг“шударга явдал” гэж үзэх үү???

Бусдын эд хөрөнгө /хувьцаа нь биет бус эд хөрөнгөд тооцогддог/-ийг үнэ төлбөргүй авахын тулд миний ханийг 7 жил чанга дэглэмтэй хорих газарт ял эдлүүлэхээр болж байгааг хэлмэгдүүлэлт биш гэж үзэх үү???

Дээр дурьдсан бүхнийг эцэст нэгтгэн дүгнээд үзвэл “…танил тал, бусдын нөлөөгөөр ялладаг прокурор, эрүүгийн болон иргэний хэргийг ялгаж чаддаггүй шүүгч…” нар байгаа гэдэгт би итгэхгүй байна.

Прокурор, шүүгч нарыг баримтаас ангид, хуульд нийцээгүй шийдвэр гаргуулахад хүргэсэн өөр хүчин зүйл буюу авлига, хээл хахууль нөлөөлсөн хэмээн хардахаас өөр аргагүй байдалд хүргэж байна.

Хууль иргэн бүрт тэгш үйлчилдэг зарчим алдагдаж  хэннэгэн мөнгөтэй хүн эсвэл төрийн өндөр албан тушаалтнууд хэргийг өөрийн талд ашигтайгаар шийдүүлж байгаагаас харахад хууль хяналтын байгууллагад ард түмний итгэх итгэлийг үгүй хийж байна.

Таны эхлүүлсэн ардчилал, хүний эрх, эрх чөлөө хуулийн шинэчлэл бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгаагийн нэг тод жишээ энэ болж байна.

Та ард иргэддээ эх орондоо хуулийн дор үнэнч шудрага хөдөлмөрлөж, тайван амьдрах нөхцөл бүрдүүлж өгнө гэсэн амлалтаа хэрэгжүүлж өгнө үү.

Миний энэхүү захидалд дурьдсан асуудлуудыг эрхэм Ерөнхийлөгч та мэргэн оюундаа тунгаан үзэхийг хичээнгүйлэн хүсье.

Шүүх засаглалыг бэхжүүлж, шударга хуулийн засаглалыг тогтоох их үйлсэд тань их амжилт хүсье.

 

Хүндэтгэсэн Монгол Улсын иргэн Ш.Цогзолмаа


URL:

Сэтгэгдэл бичих