Эрх баригчдыг амиа бодож байна гэв

УИХ-ын гишүүн Б.Бат-ЭрдэнэАшигт  малтмалын лиценз олгох эсэх асуудлыг ҮБАЗ-өөр,  Ашигт  магтматын тухай хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийг “Иргэний танхим”-аар хэлэлцүүлье гэсэн саналыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчид тавьж, ил захидал илгээж байсан. Харин өнгөрсөн баасан гаригт тэрбээр мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ “Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь нэгдүгээрт, ашигт малтмалын лиценз олголтыг сэргээхийг гол зорилгоо болгож байна” гэв. Ард иргэдийн 40 хувийн төлөөлөл болсон сөрөг хүчнийхээ үг, сануулгыг үл ойшоосоор эдийн засгийг ийм хүнд байдалд оруулсан нь Засгийн газрын бодлогын алдаанаас үүдэлтэй.

Гэтэл эдийн засгийн хямралын далбаан дор Засгийн газар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дахин олгож, эрх мэдэлтнүүд гадныхантай сүлбэлдэн авахаар санаархаж байгаатай хэрхэвч эвлэрч болохгүй. Энэ нь “Бид л өнөөдөртөө болж байвал хойч ирээдүй, байгаль орчин, эх орон, газар шороо маань яасан ч яахав. Дараа нь галав юүлсэн ч бидэнд падгүй” гэсэнтэй ялгаагүй сонсогдож байна. Улс орон, ард түмний нийтлэг эрх ашгийг илэрхийлсэн асуудалд хүнийрхүү сэтгэлээр хандаж, зөвхөн өнөөдрөөр аргацаан шийдэх нь туйлын буруу гэж тэрээр мэдэгдлээ.

 

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих