ҮНДСЭН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭСЭН ЭДИЙН ЗАСГИЙН ӨРШӨӨЛ

хуульШинэчлэлийн Засгийн газар улс орны эдийн засаг элэг дөрвөөрөө хэвтсэн гэд-гийг хүлээн зөвшөөрч эдийн засгийг идэвхижүүлэх “Эзэн-100″ хөтөлбөрийг эхлүүлсэн нь хэрэгжих хугацааныхаа бараг талд орж байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай байгаа хуулийн төслүүдийн жагсаалтыг гаргаж, эхнээс нь УИХ-д өргөн барьсан төдийгүй эрхэм гишүүд үүнийг нь хэлэлцээд эхэлсэн. Энэхүү эдийн засгийг идэвхижүүлэх үйл ажиллагааны жагсаалтад багтсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм. Уг хуулийн төслийг баталж хэрэгжүүлсний үр дүнд огт илрээгүй байсан орлого, хөрөнгө ил гарч цаашид тэдгээрт хууль тогтоомжийн дагуу татвар ногдох боломжтой болж, татварын суурь өргөсөх сайн талтай гэсэн. Мөн санхүүгийн болон татварын хуурамч тайлангуудыг аливаа хүү торгуульгүйгээр залруулж, зөв голдиролд оруулах чиглэлээр бодитой үр дүнд хэмээн төсөл санаачлагчид тайлбарладаг. Тийм байж болох юм.

Гэхдээ ойлгох аргагүй зүйл бас байна. Эдийн засгийн өршөөлд хамрагдсан албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсан хувь хүн болон албан байгууллагын 2009 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацааны тайлан, баланс, 2006-2013 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг устгана гэсэн заалт уг хуулийн төсөлд байгаа. Гэтэл энэхүү мэдээллийн санг устгаснаар хэний хэчнээн хэмжээний хөрөнгийг ил тод болгосон нь тодорхойгүй болох юм. Өөрөөр хэлбэл, сайн муу бүх мэдээлэл арчигдана гэсэн үг. Хэдийгээр 2009 онд Эдийн засгийн өршөөлийн хуулийг батлан хэрэгжүүлсэн ч мэдээллийн санг устгаж байгаагүй юм.

Хамгийн хачирхалтай нь төрийн хайр ивээлийг хүртэж, эдийн засгийн өршөөлд хамрагдсан этгээдүүдийн нуун дарагдуулсан хөрөнгө болон албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэх баримтыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэвлэн нийтлэхийг хуулиар хатуу хоригложээ. Хуулийн 6.3-т “Энэ хуулийн 6.2-т нууцлахаар заасан мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэвлэн нийтлэхийг, энэ хууль гарахаас өмнө хэвлэн нийтэлсэн мэдээллийг дахин хэвлэн нийтлэхийг тус тус хориглоно” гэжээ. Хэрвээ энэхүү заалтыг зөрчвөл хувь хүнийг таван сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох юм. Энэ чухам хэний эрх ашгийг хамгаалж буйг хэд дахин уншаад ч ухаж ойлгосонгүй.

Угтаа бол Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургадугаар зүйлийн 16-д “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар Тогтооно” хэмээн заасан байдаг. Гэтэл эдийн засгийг идэвхижүүлэх нэрийдлээр Үндсэн хуульд заасан иргэдийнхээ хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилж болохгүй байлтай.

Энэ мэтчилэн эдийн засгийн өршөөлд хэн хэрхэн хамрагдахыг төрийн нууц мэтээр чандлан байгаа нь нийгэмд хардлага төрүүлээд эхэллээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн С.Баярцогт Швейцарийн банкинд нууц данстай нь баримтаар нотлогдож, УИХ-ын дэд даргынхаа албыг өгөхөөс аргагүйд хүрсэн. Хэдийгээр дэд даргын суудлаас буусан ч түүний энэхүү үйлдэл нь Ардчилсан намынханд хүндхэн цохилт болж, нийгэмд бухимдал төрүүлсэн.

Гэтэл Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлд гадаадад байгаа оффшор дансаа нуусан, татвараас бултуулсан ч өршөөхөөр тусгасан байгаа. С.Баярцогтын үргэлжлэл болсон оффшор данстай эрхмүүд энэ төрд олон байгаа учир ийнхүү өндөр зэрэглэлээр нууцлаж, Үндсэн хуулийг уландаа гишгэхэд хүргэсэн юм биш байгаа.

 

 

Б.ДАВААТОГТОХ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих