ГАЛ ТАХИУЛААД Ч НЭМЭР БОЛООГҮЙ 016 ДУГААР БРИГАД

otorgsdfkgbiМонголд анх удаа танк онхолдож хүний амь эрсэдсэн хэрэг гарсан. Говьсүмбэр аймгийн нутаг Баян талд Зэвсэгт хүчний техник хангалтын баазад гарсан эл ослын шалтгааныг цагдаа шалгаж байгаа. Зэвсэгт хүчний жанжин штаб ч чамгүй анхаарал тавьж ослын шалтгааныг тодруулж, хариуцлага тооцох ажлын хэсэг гарган Баянтал руу илгээжээ. Хэдийгээр шалгаж нягтлаад ирсэн ч асуудлыг эцэслэн шийдэх хараахан болоогүй. Нарийвчлан дахиж шалгах шаардлага ч буй учраас эцсийн байдлаар дүгнэлтээ хараахан гаргаагүй байгаа гэнэ.

Тэгээд ч хүний амь эрсэдсэн хэрэг учраас ЗХЖШ-ынхан хэн нэг “хурган” даргыг буруутгаж, арга хэмжээ авсан болоод өнгөрдөг хуучин аргаа хэрэглээд томчууд нь сугарч үлддэг жишиг энэ удаа нэг л явцгүй байгаа учраас одоохондоо “шалгаж байна, нягталж байна” хэмээн цаг авахыг илүүд үзэж буй бололтой. Юутай ч энэ талаар ам ангайж, асуудал ярих хүн хараахан алга байна.

016 дугаар бригадынхантай хамаатай асуудал учраас бригадын захирагч, бригадын генерал Л.Онцгойбаяраас асууж тодруулах санаатай түүний 991534… дугаар руу өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригаас хойш хэдэнтээ залгасан ч амжилтгүй боллоо. Эрхэм генерал эзгүй гадаадад яваа бололтой, утас нь мессеж роуминг үйлчилгээг идэвхжүүлсэн байв.

Захирагч нь эзгүй байгаа энэ ангид үнэхээр л чөтгөр шүгэлсэн аятай таагүй хэрэг явдал ар араасаа гараад дарга нарыг нь тайван суулгахгүй байгаа нь үнэн. Уг нь тус ангийн захирагч Л.Онцгойбаяр ажил үйлс нь тэгш сайн, амьдрал ахуй нь онц сайн байхыг бэлгэдэн Зэвсэгт хүчний анги салбаруудаас анх удаа өөрийндөө гал тахиулж сүрхий ёс үйлдсэн гэдэг юм. Галыг нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр тахиж хэдэн бор цэргийг нь онгод тэнгэрийнхээ ивээл хайрд багтаасан тухай хэвлэлд гарч л байсан. Гэвч сайдын тахисан гал буруу өдөр бадамласан уу юутай ч энэ ангиас элдэв хэл ам тасрахаа больжээ.

Хугацаат цэргийн албан хаагчдыг дээд газрын зөвшөөрөлгүйгээр хулгайгаар хувийн компанид хөлсөлж байгаад Хойд Солонгосоос ирсэн хөлсний ажилчдад зодуулсан. Цэрэг гэмтэж бэртсэн эл хэргийг ч тэд нууж далдлан, хувийн эмнэлгээр эмчилгээ хийлгэсэн болоод өнгөрөх гэтэл даанч чадаагүй. Хэвлэлд гарч дуулиан дэгдсэнээр цэрэг зарж мөнгө олдог дарга нарын хэрэг ил болсон. Улмаар хувийн компанид хугацаат цэргийн алба хаагчдыг ажиллуулж олсон мөнгөний зарцуулалт дарга нарын халаас руу урссан байж магадгүй гэсэн сэжүүр таамаг гарч ирснээр тэднийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэсэн. Зарим нь хэдийнэ мэдүүлэг өгөөд хэрэгт хамаатай сэжигтэнд тооцогдсон сураг ч бий.

Энэ хэргийн дуулиан намжиж амжаагүй байтал танк онхолдсон хэрэг гарсан. Бас л 016-гийнхантай хамаатай. Дорнод руу шилжүүлэх ажиллагааг зохион байгуулахаар цуваа гаргахын өмнө танкийг унаж, хурдыг нь үзэх гэсэн залуус болгоомж алдаж осол гаргаснаар 28-хан настай ч хүн хүнд бэртсэн.

Гэтэл үүнтэй зэрэгцээд бригадын генерал Л.Онцгойбаяртай холбоотой бас нэг хов Жанжин штаб хавиар гараад эхэлсэн байна. Монголын хамгийн залуу генералын нэг тэрбээр 2009-2010 онд Чадад энхийг сахиулагчдыг ахалж явахдаа жижиг сажиг мөнгөн дээр жигтэйхэн сайн ажилласан юм байх. Энхийг сахиулагчдад цалингаас гадна ариун цэврийн хэрэглээний зардал энэ тэрд цөөн хэдэн ногоон сард өгдөг гэнэ. Бидэнд дуулгаснаар нэг хүнд өдөрт нэг доллар 30 центээр тооцож энэ зардлыг олгодог ч энхийг сахиулагчдын гар дээр тэр бүр бүтнээрээ очдоггүй байсан бололтой. “Нэг хүний сарын зардал дор хаяж 30 гаруй ам.доллар. Нэг ээлжинд Чад руу 800 энхийг сахиулагч явж байсан гээд тооцохоор овоо хэдэн “ногоон” ариун цэврийн хэрэгсэл, алчуур савангийн зардалд сард ирчихдэг байж.

Гэтэл ийм зардал ирдэг гэдгийг мэдээ ч үгүй хүн олон гэнэ. Өмнө яваад үзчихсэн, цол тушаалаар ахиу хэд нь мэддэг бас авдаг байсан биз. Харин үлдсэн дээр нь том дарга нар нь тоглож, хувьдаа хөөрхөн ашиг унагачихдаг байсан гэнэ билээ ” хэмээн хов дуулгасан нэгэн сүрхий тооцоотой ярьсан. Үүнд нь бригадын генерал Л.Онцгойбаяр холбоотой гэдгийг яаж баталж байгааг лавлахад “Хамт явсан улсаас нь асуу л даа. Энхийг сахиулах ажиллагаанд оролцогчдод сард 1028 ам.долларын цалин өгдөг. Үүнийхээ 80 хувийг өөртөө авч 20 хувь нь улсад ирдэг. Ингээд тооцохоор есөн сар алба хаагаад ирэхэд 7200, зургаан сар ажилласан бол 4800 ам.доллар авдаг юм шүү дээ. Гэтэл Л.Онцгойбаяр Чадаас ирэнгүүтээ өөртөө “Лексус-570″, эхнэртээ “Хайландер” гэж дунд гарын жийп авч байсан. Лав л Чадад ажилласан цалин ийм хоёр машины үнийг дийлэхгүй. Хэдийгээр энхийг сахиудагчдыг ахалж явсан ч тэр” хэмээн тоо бодуулав.

Зэвсэгт хүчнийхэн ямар нэг аргаар энхийг сахиулах ажиллагаанд явах гээд зүтгээд байдгийн учир энэ хэдэн тоонд байж ч магадгүй л юм. Гэхдээ мэдээж эрх мэдэлтэй нэгэнд л олон оронтой тоогоор тоглох боломж бололцоо олдохоос биш жирийн алба хаагчид өгснийг нь авч үүргээ биелүүлчихээд л ирдэг биз.

Ер нь ингээд бодохоор манай Зэвсэгт хүчнийхэн элсэн цөлөөс ч мөнгө босгодог овсгоо самбаатайгаараа олон улсад нэлээд дээгүүр үнэлэгддэг байх шүү.

 

М.МӨНГӨН /ӨДРИЙН ШУУДАН/

 


URL:

Сэтгэгдэл бичих