А.АМАРЫГ ЦААЗЛАСАН ҮНЭН БАРИМТЫН ТҮҮХЭН СУРГАМЖ

7Би нэг ийм чухал шүүхийн магаддал олсноо доор толиллуулах гэж байна.

ЗСБНХУ-ЫН ДЭЭД ШҮҮХ МАГАДЛАЛ №4н-022693/56 ЗСБНХУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЦЭРГИЙН КОЛЛЕГИ
Хууль цаазны хурандаа Семик даргалж, гишүүдэд хууль цаазны хурандаа Сенин, Ладик нарын бүрэлдэхүүнтэйгээр:
1887 онд төрсөн, БНМАУ-ын иргэн МАХН-ын 1923 оны гишүүн, БНМАУ-ын ерөнхий сайд байгаад ЗСБНХУ-ын дээд шүүхийн цэргийн коллегоор 1941 оны 7 дугаар сарын 10-нд ЗСБНХОУ-ын ЭХ-ийн 58 дугаар зүйлийн 1 дүгээр ангийн А 58-р зүйлийн 11 дүгээр ангид зааснаар буудан алж бүх хөрөнгийг хураах ял шийтгүүлсэн Агданбуугийн Амарт холбогдох хэргийн талаар ЗСБНХУ-ын прокурорын дүгнэлтийг 1956 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэв.

Н.Ладикийн илтгэл, цэргийн ерөнхий прокурорын туслах, хууль цаазны дэд хурандаа Н.Арсеньевын дүгнэлтийг сонсоод ОЛСОН НЬ:
Агданбуугийн Амар нь 1935 оноос эхлэн их монголын тагнуул-хуйвалдагчдын байгууллагын удирдагчийн нэг байсан ба уг байгууллагын даалгавараар БНМАУ-д зэвсэгт бослого гаргахад бэлтгэж, Японоос цэргийн тусламж авах зорилгоор Япон тагнуулын байгуулагуудтай холбоо тогтоож, Японы тагнуулын байгууллагад тагнуулын шинжтэй мэдээ дамжуулж, байгууллагадаа хүмүүсийг шинээр элсүүлж алан хядах үйл ажиллагаанд бэлтгэж байсан гэж яллагджээ.

Шүүх хурал дээр Амар өөрийгээ гэм буруугүй гээд урьдчилсан мөрдөн байцаалт дээр гаргасан мэдүүллэгээсээ буцаж, тэдгээр мэдүүлэг нь аргагүйн эрхэнд гаргасан худал мэдүүлэг, үнэн хэрэг дээрээ БНМАУ-ын нутагт хувьсгалын эсэргүү ямарч бүлэглэл байгаагүй, түүний аргагүйн эрхэнд гаргасан худал мэдүүлгийн дагуу баривчлагдсан хүмүүс бол хувьсгалын эсэргүүчүүд огтхон ч биш гэж мэдэгдсэн байна.

ЗСБНХУ-ын ерөнхий прокурор дүгнэлтэндээ: Амарт ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгох ба нэмэлт мөрдөн байцаалтаар Амарын хэрэг нь БНМАУ-ын төрийн бусад зүтгэлтнүүд, хариуцлагатнуудын хэргийн нэгэн адил зохиомол болох тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгохыг санал болгожээ. Шалгалтаар дараах байдлууд тогтоогдсон байна:

1939 оны 3 дугаар сарын 7-ны өдөр БНМАУ-ын бага хурлын шийдвэрээр Амарыг БНМАУ-ын ерөнхий сайдын албан тушаалаас зайлуулж тэр өдөрт нь баривчилжээ. Амарыг БНМАУ-ын засгийн газрын удирдлагаас зайлуулах ба баривчлах асуудлаар БНМАУ-ын Дотоод явдлын яам Бериятай тохиролцсон байжээ.

Үүний дараа 1939 оны гуравдугаар сараас наймдугаар саруудад БНМАУ-д МАХН, Засгийн газрын удирдах ажилтнуудаас Лувсаншарав, Насантогтох, Дансрангийн Догсом нарын олон хүнийг баривчилж улмаар БНМАУ-аас Чит мужийн ДЯАК газарт хүргэсэн ба тэнд Наседкинаар толгойлуулсан ЗСБНХУ-ын ДЯАК-ын төв аппаратын мөрдөн байцаах групп ажиллаж байсан юм.

Байцаалтын үеэр баривчлагсдыг хайр найргүй зодож жанчиж байсан ба тийм л аргаар БНМАУ-д хувьсгалын эсэргүү байгууллагад оролцож байсан гэдэг мэдүүлгийг тэднээс гаргуулжээ.

1939 оны 8 дугаар саруудад баривчлагдагсдын Читээс Москвад хүргэж мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэхдээ мөн л зодох, хоолыг хасах мэтээр хууль ёсыг бүдүүлгээр зөрчиж байжээ. Мөрдөж байгаа хүмүүсийг байлцуулахгүйгээр байцаалтын протокол үйлдэж, дараа нь харгислах замаар уг протоколдоо гарын үсэг зурахыг албадах явдал олонтой байжээ.

Амар хувьсгалын эсэргүү гэмт хэрэг үйлдсэн гэдгийг илчлэн мэдүүлсэн Лувсаншарав, Насантогтох, Балжинням нар нь зодох болон бусад аргаар тарчилгасны улмаас мөрдөн байцаалтад ямарч хамаагүй мэдүүлэг өгөх байдалд хүрсэн байжээ.

Эдгээр хэргийг мөрдөхөд оролцож байсан ЗСБНХУ-ын ДЯАК-ын ажилтан Васильев, Добротин, Морозов нар 1939 оны 11 дүгээр сард ЗСБНХУ-ын ДЯАК-ын намын хороонд хандаж мөрдөн байцаалт объектив биш явагдаж байгаа тухай өргөдөл гаргажээ. Энэ асуудлаар шалгалт хийхэд өргөдөлд бичигдсэн зүйл үнэн болох нь нотлогджээ. Гэтэл Берия, Меркулов нар энэ асуудлаар ямар ч арга хэмжээ аваагүй байна.

1956 оны наймдугаар сард гэрчээр байцаагдсан Добротин, Чернонебов нар мөрдөн байцаах байгууллагын мэдэлд Амар болон түүнтэй хамт баривчлагдсан хүмүүсийн гэм бурууг нотлох ямар ч объектив материал байгаагүй юм гэж мэдуүлжээ.

Шалгалтын явцад хэргийг мөрдөхөд орчуулагчаар оролцсон Б.Ч.Балданг байцаав. Мөрдөн байцаагчид хэрэг хүлээсэн мэдүүлэг гэгчийг авах зорилгоор барвчлагсдыг зодож, тарчилгаж байсан тухай Балдан дэлгэрэнгүй мэдүүлжээ.

Амар болон БНМАУ-ын төрийн бусад зүтгэлтэн, хариуцлагатай ажилтнуудын хэргийг мөрдөх ажил 1940 оны зургадугаар сард дууссан байтал ЗСБНХУ-ын дээд шүүхийн цэргийн коллеги 1941 оны долдугаар сард хэргийг хэлэлцжээ.

Хэргүүдийг шүүхээр хзлэлцэхийн өмнө ДЯАК-ын ажилтнууд шүүгдэгчидтэй уулзаж шүүхэд өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлбэл ял шийтгэнл хөнгөрнө гэж ятгаж, өдөөн хатгасан аргаар нөлөөлж байжээ.

ЗСБНХУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх УАХХ, ЗСБНХУ-ын ГЯЯ, ДЯЯ-ны архивуудаар шалгахад Амар болон түүнтэй хамт шийтгүүлсэн бусад хүмүүс ямар нэг хувьсгалын эсэргүү байгууллагад оролцож байсан, Японы тагнуулын байгууллагатай холбоотой байсан гэдгийг гэрчлэх баримт олдоогүй.

Хэргийн болон нэмэлт мөрдөн байцаалтын материалыг хянаад ЗСБНХУ-ын ерөнхий прокурорын дүгнэлтэд дурьдсан баримтыг үндэстэй гэж үзэж ЗСБНХУ-ын дээд шүүхийн цэргийн коллегоос ТОГТООХ НЬ:

Шинэ нөхцөл байдал илэрсэн тул ЗСБНХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегоос Агданбуугийн Амарт ял оногдуулсан 1941 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолыг хүчингүй болгож гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосугай.
Зохих гарын үсгүүд зурагдсан.
Хуулбар үнэн: ЗСБНХУ-ын дээд шүүхийн цэргийн коллегийн Нарийн бичгийн дарга нарын газрын дарга
Хууль цаазны хурандаа А.Никонов. Орчуулсан: Н.Төмөрхуяг гэсэн ЗХУ-ын Ерөнхий прокурорын мэдэгдэл манай улсад 1956 онд ирж тэр дагуу ААмарыг 1962 онд манай Ардын их хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр цагаатгажээ. Цагаатгасан гэдэг нь нөхөр Амар ямар ч гэмт хэрэг хийгээгүй ариун цагаан хүн байсныг баталгаажуулсан төрийн дээд хэмжээний хууль эрхийн нотолгоо юм байна.

ГЭМ ЗЭМГҮЙ ОЛОН ХҮНИЙ АМИЙГ АВЧ ОДСОН ОРОС ХУУЛИЙН ЗААЛТ Монголын хамаг удирдагчдыг хоморголон цааш харуулсан ЗСБНХОУ-ын эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 1(а) болон 11 гэсэн заалтын үгийг бүрэн эхээр нь сонирхуулъя. Үүнийг “Хэлмэгдэгчдийн цагаан ном”-д орсон эхээр нь ишлэн авсан болно.

58 дугаар зүйлийн 1/а/ Эх орноосоо урвасан, өөрөөр хэлбэл ЗХУ-ын иргэд нь тус улсын батлан хамгаалах чадвар, улсын бүрэн эрхт болон нутаг дэвсгэрийн халдашгүй байдалд хохирол учруулахын тулд тагнуул үйлдсэн, цэргийн болон улсын нууцыг гадаад улсад өгсөн, дайсны талд урван орсон, хил давж гадагш оргосон буюу ниссэн бол бүудан алж бүх эд хөрөнгийг нь хураах, хөнгөлөх шалтгаантай бол 10 жил хүртэл хугацаагаар хорьж бүх эд хөрөнгийг хураах.
58 дугаар зүйлийн 11 Хуулийн энэ бүлэгт заагдсан гэмт хэргүүдийг үйлдэх буюу бэлтгэхэд чиглэсэн аливаа зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулсан мөн түүнчлэн энэ бүлэгт заагдсан гэмт хэргүүдийн аль нэгийг үйлдэх буюу бэлтгэх зорилгоор байгуулагдсан байгууллагад оролцсон бол энэ бүлгийн зохих зүйлд заасан ял оногдуулна” гэжээ…

СЭТГҮҮЛЧИЙН ЭМЗЭГЛЭЛ
А.Амарыг тийнхүү хууль бусаар цаазлан хороосон явдал хийгээд түүнийг цаазлахад хэрэглэсэн оросын эрүүгийн хуулийн 58 дугаар зүйл гэгч нь монголчууд бидний нүдийг нээж өгөх шиг боллоо. Өмнө нь бид нүгэлтнийг нь олж харахгүй нуухаа харж явжээ. Өмнө нь бид эзний нь харахгүй сүүдрийг нь харж явжээ. Өмнө нь бид гадагшаа харахгүй дотогшоо харж явжээ. Монголын удирдагч Амар болон бусад удирдагчдад цаазын ял өгч байсан Оросын эрүүгийн хуулийн тухайлсан тэр зүйл ангийн монгол орчуулгыг уншиж танилцаад би хувьдаа бол ийнхүү итгэж ядан эмзэглэхэд хүрлээ. Түүхийн ачаа хөсөг дал (Наян жилийн тэртээ нэгэнт яваад өнгөрчихсөн байхад “өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхийн” үлгэрээр ингэж том том үг ярьж суух чи хэн юм бэ гэвэл би хэн ч биш л дээ.

Зүгээр л үнэний мөр хөөсөн нэг муу өвгөн сэтгүүлч. Түүхийн тэрхүү аймшигт үе өнгөрсөн нь үнэн боловч түүний гунигт хар мөр огт бүдгэрээгүй байх тул туүнийг хараад өнөөгийн монголчууд хэт улс төржүүлэн хоорондоо талцаж, ардын хувьсгалын ач холбогдлыг үгүйсгэх баллуур болгож байна. Энэ мэтийг анзаарах тусам сэтгэл эмзэглэж арга ядахдаа энэ хэдэн үгийг хэлхэж сууна. Чи чухам юуг тэгтэл ухаарсан хүн бэ? гэвэл

нэгдүгээрт, дээр дурдсан баримт сэлт нь Монголын улс төрийн хэлмэгдүүлэлтийг Сталин тэргүүтэй Зөвлөлтийн удирдагчид шууд удирдан зохион байгуулсан гэж харж байна.

Хоёрдугаарт, А.Амарын тухайд бол түүнийг баривчилж устгахаар Чойбалсангийн толгойлж байсан Монголын ДЯЯ, Оросын УАХХ-ны Бериятай нэгэнт урьдчилан тохирсон зохион байгуулалттай аллага байсан тул тохиролцсон ёсоороо цаазлан хороосон гэж хэлж байна. Зөвхөн энэ хүнийг биш ерөөс устгая гэсэн монголын тэр олон мянган эх орончдыг Амар сайдыг хөнөөсөн шиг иймэрхүү харгис аргаар хороосон байна. Хамгийн анхаарууштай нь гэвэл өөрийг нь шүүсэн тэр шүүх хурал дээр А.Амарын хэлсэн үг бол гуч дөчөөд оны улс төрийн хэлмэгдүүлтийн хариуд Оросын тухайн цагийн сталинч удирдагчдыг маш оновчтой үгээр төгс бүрэн ялласан улс төрийн баримт бичиг мөн гэж болмоор санагдаж байна. Ялангуяа “Би БНМАУ-ын иргэн хүн учраас миний хэргийг зөвлөлтийн шүүхээр биш монголын шүүхээр шийдвэрлэх ёстой… Үнэн хэрэг дээрээ БНМАУ-ын нутагт хувьсгалын эсэргүү ямарч бүлэглэл байгаагүй” гэж эрэлхэг зоригтой эр хүний ёсоор өчиж мэдүүлсэн түүний эцсийн үг нь 1921 оны ардын хувьсгалын яруу алдарт үнэн түүхийг гүтгэн гутаахыг оролддог одоогийн нөхдөд алс холын Москва орчмын шарилын нүхэн доороос өгч байгаа хатуухан сануулга гэлтэй байна.

Гуравдугаарт, энэхүү хэлмэгдүүлэлтийг хийхэд эгэл жирийн орос ах нар огт буруугүйг хэлэх ёстой. Тэд хэзээ ямагт монголын ард түмний талд бат тууштай зогсож, хэрэгтэй бүхнээр туслан дэмжиж байсан, байгааг тэмдэглэвэл зохилтой.

Бас энэ ялдамд онцлон хэлэхэд Маршал Чойбалсанг Сталин Берия хоёр дуудаж аваачин бөөрийг эмчлэх нэрээр ид бад хийснийг түүний туслах байсан ахмад дипломат Шагдарсүрэн гуайн саяхны ярилцлага ойлгууллаа. Чухам хэдэн минутын дараа амьсгаа хураахыг нь хүртэл тооцоолж байгаад гэр бүл бусад хүмүүсийг түүний өрөөнд оруулсан байж. Тэгээд л маршал маань гэнэтхэн давчдаж хэд хүчтэй тийчлээд амьсгаа хураасныг харснаа ярина билээ. Яг амьсгаа хураахыг нь үзүүлэх гэж тийнхүү нарийн зохион байгуулсан байх гэмээр байна. Чингэхлээр маршал Чойбалсан өөрөө бас хэлмэгдэн хорвоог орхижээ. Энэ хүн олон мянган монгол хүнийг хорвоогоос тонилгосон нүгэл ихтэй хүн боловч Монголыг Орост нийлүүлж болох аюулыг чухамхүү аюулхай цээжээрээ хааж тусгаар тогтнолыг хамгаалж байснаараа гавъяатай нэгэн гэлцдэг. Тэр үнэнийг мартаж бас болохгүй.

ТЭР ХЭЦҮҮ ХҮНИЙ ТУХАЙ БҮДЭГ БАДАГ СУРАГ ЧИМЭЭ

Л.П.Берия гэдэг тэр хүн бол хэцүү хүн. Тэр хэцүү ааш араншингаар зүйрлэн үүсгэсэн берилчлах гэсэн нэр томъёо байдаг. Тэр нь ямар баримтаас үүдэлтэйг уншигчдын зарим нь мэдэхгүй байх. Бүтэн жарны тэртээ болсон явдал учраас ном хэвлэл харахгүй бол хэн хүнгүй  мартжээ. Л.П.Берия бол 1938 оноос зөвлөлтийн УАХХ-ны удирдагчаар дэвшиж ирсэн хүн. Өмнө нь Гүржийн коммунист намын дарга байсан. Сталины хамгийн дотны хүн.

Гүрж үндэстэн учраас тийнхүү итгэгдсэн байх. Ихээхэн олон хүнийг хороосон яргачин гэж Н.С.Хрущев хэлж байсан. Сталин бээр өөрөө түуний гарт амь насаа алдсан гэх таамаглал байдаг. Хордуулж алсан гэдэг юм. Хордуулахад хэрэглэсэн хорны химийн томъёо нь интернетийн лавлахад бичээстэй байдаг юм билээ. Тэр Сталиныг ухаантай ухаангүй элий балай хэвтэж байх үед дэргэд нь сууж байхад Сталин нэг удаа сэргэж түүнийг ажиглан харахад ухас хийн сөгдөн сууж гарыг нь үнсэж байсан гэдэг агаад удалгүй түүнийг дахин ухаан алдахад нь ихэд үзэн ядсан байдлаар Түй! хэмээн чангаар нулимж байсан гэдэг юм билээ.

Үхэж өгөхгүй байсан хэрэг л дээ. Сталиныг нас барсны дараа түүний нэг итгэлтэй хүн гэж байсан Маленков гарч ирсэн ч тун удалгүй суудлаа алдаж Хрущев зөвлөлт засгийн толгойд гарч ирсэн. Тэр хамгаас түрүүнд нэг хүнийг тахин шүтэхтэй холбоотой бүх харгислалыг илчлэн няцааж, олон улсын хэмжээний хөдөлгөөн өрнүүлсэн. Тэр үндсэн дээр Монголд нэг хүнийг тахин шүтэх үеэр гарсан улс төрийн хэлмэгдүүлэлтийн асуудлыг дэлгэн тавьж цагаатгах ажил эхэлсэн байдаг. Н.С.Хрущевийн илтгэл дотор Сталины дараа хоёр дахь хүн гэж байсан маршал Бериягийн булхайнууд ч бас илэрч нийтэд мэдээлэгдсэн байдаг.

Энэ учраас 1954 оны зургадугаар сарын 26-нд ЗХУ-ын гурван удаагийн баатар, маршал Жуков тусгай даалгавраар хэдэн цэрэгтэй орж ирэн баривчилсан байдаг. 1954  оны арванхоёрдугаар сарын 23-нд цаазын тогтоол уншихад тэр бээр ” миний буруу.амь өршөө” хэмээн уйлан орилон мөлхөж байсан нь ном сударт тэмдэглэгджээ. Буудуулах гэдэг хэцүү байлгүй яахав. Бодоход ч аймаар. ГЭвч буудуулах гэмт хэрэг хийхгүй байх нь буудуулах ялаас хэцуү гэж үү? Үүнийг бодох ухаангүй, хэт амин хувиа хичээсэн хааш яаш хүмүүс л алуурчин талуурчин, хэлмэгдүүлэгч болдгийг анзаарахад илүүдэх учиргүй. Берия шиг хүн нь зөвхөн тэрхүү Берия байсангүй. Берия шиг хүн нь зөвхөн ганц тэр цагийн Орост байсангүй. Тэр бол олон улсын шинжтэй үзэгдэл. Тэр хүн шиг “наашаа харахад гарыг нь үнсээд цаашаа харахад араас нь нулимдаг” найзууд хорин нэгдүгээр зууны Монголд ч бишгүй олон үзэгддэг нь энэ тухай нуршихад хургэлээ.

Эцэст тэмдэглэхэд хэрвээ монголын минь сор хийморь болсон тэдгээр гуч дөчин мянган эрхэм хүмүүс хэлмэгдээгүй, цөмөөрөө элэг бүтэн эв найртай амьдарцгааж байсан ч болоосой хэмээх гуниг харуусал өөрийн эрхгүй төрж байна.

 

 

 

СГЗ Х.ЦЭВЛЭЭ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.