Нүд хуурсан шалгалтын мэдээгээр ард түмнийг битгий хуураач МХЕГ-ынхаан !!!

suu_avaarai


Мах, сүү, гурил бол Монголчуудын хамгийн ихээр хэрэглэдэг стратегийн чухал бүтээгдэхүүн. Гэвч өнөөдөр бид махаа өндөр үнээр авч, дотооддоо гурилын хэрэгцээгээ хангаж чадахгүй хөрш хоёр гүрнээсээ хамааралтай болж, сүү, сүүн бүтээгдэхүүн нь хүн амынх нь хэрэгцээг хангахгүйн дээр зориулалтын бус саванд хийдэг нь хүн амын эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлөх хэмжээнд ирээд байна. Энэ нь та бид хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүндээ хяналт тавьж чадахгүй байгааг, түүнээс үүдэж өдөр тутамдаа хэрэглэж буй хоол хүнсээрээ дамжуулж өвчлөх эрсдэл өндөр байгааг илтгэж байгаа юм. Тодруулбал, яг ийм нөхцөл байдал бидний өдөр тутамдаа хэрэглэдэг сүү, сүүн бүтээгдэхүүн дээр тулгамдаад байгаа бөгөөд бид энэ сэдэвтэй холбогдуулан нарийн судалгаа, олон талын эх сурвалжаас тайлбар авч тэнцвэртэй мэдээлэл хүргэхийг зорьж дараах өдрийн сурвалжлагыг бэлтгэлээ.

 

Нийслэлчүүдийн тодорхой хэсгийг сүү сүүн бүтээгдэхүүнээр хангадаг газар бол “ТОСА” худалдааны төв. Тиймээс бид тус газрыг зорин өнөөдөр малчид, саальчдын үнээний зэлнээс шууд хэрэглэгчдэд хүрч байгаа сүү нь иргэдийн эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх үндсэн шаардлагад нийцэж байгаа эсэхийг сонирхсон юм. “ТОСА” худалдааны төвд өдөрт ойролцоогоор 100 гаруй тонн сүү хотын ойролцоох 50 орчим цэгээс ирж, худалдаалагддаг. Хол, ойрын олон цэгээс олон гар дамжин явсаар нийслэлд ирсэн сүү, сүүн бүтээгдэхүүнд нийслэлийн мал эмнэлэгийн газар өглөө бүр тогтмол лабораторийн шинжилгээ хийж худалдаж болох эсэхийг шийддэг байх юм.

Хэдийгээр нийслэлийн мал эмнэлгийн газраас өглөө бүр “ТОСА” төвд ирж байгаа сүү, сүүн бүтээгдэхүүнд лабораторийн шинжилгээ хийдэг ч энэ нь нүглийн нүдийг гурилаар хуурахтай адил ажил болдог гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, тэд нүдэнд ил харагдах эрсдлээс хэрэглэчдийг хамгаалж байгаа мэт боловч алсуураа Монгол хүний эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулж болох нуугдмал аюулыг өнөөг болтол үл тоон өнгөрөөсөөр байна.

 

 

Худалдаачдын 90 орчим хувь нь техник химийн зориулалтын саванд сүүгээ хадгалдаг

Албаны эх сурвалжаас авсан мэдээгээр өнөөдөр орон сууцны байрны гадна, ил задгай талбайд эсвэл “ТОСА” худалдааны төвд сүү, сүүн бүтээгдэхүүн худалдаалж буй нийт худалдаачдын 90 орчим хувь нь зориулалтын бус, техник химийн бүтээгдэхүүн агуулах зориулалттай хуванцар саванд сүүгээ хадгалж, тээвэрлэн худалдаалж байна. Гэтэл  НЭМХ-ээс хийсэн судалгааны дүн, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторит хийгдсэн шинжилгээнээс үзэхэд техник химийн зориулалттай хуванцар саванд ундны ус, сүү, айраг зэргийг хадгалж тээвэрлэх тохиолдолд хуванцар савны найрлага дахь хар тугалга болон бусад химийн бодисууд сүүн дэх амьд бактеритай урвалд орж улмаар тухайн химийн бодисууд нь хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн систем, бусад эд эрхтэнийг өвчлүүлэхээс гадна хамгийн ноцтой нь олон төрлийн хорт хавдар үүсэх эрсдлийг бий болгодог байх юм. Хамгийн харамсалтай нь Монголчууд бид яг ийм эрүүл ахуйн хэрэгцээ, шаардлага хангахгүй сүү, сүүн бүтээгдэхүүнийг сүүлийн 30 орчим жил хэрэглэсэн гэж үзэхээр манай улсад хорт хавдрын өвчлөл хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болохоос аргагүй юм.

Хэрэглэгч би баталгаат хүнс хэрэглэмээр байна НМХГ-аа

Мэдээж “ТОСА” төвд сүү, сүүн бүтээгдэхүүн худалдаалж байгаа худалдаачдын тухайд зориулалтын сүүний савтай болохыг хүсдэг ч зориулалтын сүүний сав нь олдоц муутай, түүн дээр энгийн хуванцар канистраас даруй 4-5 дахин үнэтэй байдаг учраас хямд төсрийг нь илүүд үзэн зориулалтын бус саванд сүүгээ хийдэг гэх. Албан бус эх сурвалжаас авсан мэдээллээс үзэхэд худалдаачдад тулгамдаж буй энэ асуудлыг шийдэхийн тулд “ТОСА” төвөөс ҮХААЯ-д хандаж, худалдаачдыг зориулалтын, гэсэн атлаа хямд төсөр үнэтэй саваар хангаж өгөхийг хүсч албан бичиг илгээжээ. Гэвч салбар хариуцсан яамны зүгээс өнөөдрийг хүртэл албан бичигт нь хариу өгөхгүй байгаа юм байна. Манай сурвалжлах хэсэг тэрхүү мэдээллийг нягтлан холбогдох яамны албаны хүнээс тайлбар авахыг хүссэн ч “Манайд сүүний зориулалтын савтай холбоотой асуудлаар ямар ч албан  бичиг ирээгүй, энэ тухай албан ёсны мэдээлэл өгөх мэргэжилтэн нь ээлжийн амралтаа авсан” гэх хариуг бидэнд өгсөн юм. “ТОСА” төвийн худалдаачид болоод ҮХААЯ-ны аль нь үнэн зөв ярьж байгааг энд шүүх нь илүүц. Хамгийн гол нь бидний өмнө тулгамдаад байгаа асуудал бол малчид, хэрэглэгчдийг нийтээр нь зориулалтын ус, сүүний саваар хангах, эсвэл зах зээлийн ханшаас хямд үнээр тэдэнд нийлүүлэх хэрэгтэй байна. Үгүй ядаж л малчдаа нэг удаа сүүний зориулалтын саваар хангачихад гуравхан сая хүрэх үү үгүйтэй Монголын хүн ам эрүүл, найдвартай сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх баталгаа тэр хэрээр нэмэгдэнэ гэсэн үг юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүн амын өвчлөлийн 80 гаруй хувь нь хоол хүнснээс үүдэлтэй болохыг нь тогтоосон байдаг. Эндээс үзэхэд хүнсний аюулгүй байдал гэдэг нь тухайн улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг голлох хүчин зүйлсийн нэг гэсэн дүгнэлт гарч байна. Тиймээс нийт хүн амынхаа өвчлөлийг бууруулахад бодлогын шинжтэй компанит ажлыг мэргэжлийн байгууллагууд санаачлан хэрэгжүүлмээр санагдсан. Өнөөдөр малчид хямдыг нь бодож зориулалтын бус савыг хэрэглэж байгаа ч түүнийг таслан зогсоож, хуванцар сав хэрэглүүлэхгүй байх, хуванцар саванд сүүгээ тээвэрлэсэн нэгнийх нь сүүг худалдаалахгүй байх гээд маш олон төрлийн хяналт, шалгалт, шаардлагыг хэрэгжүүлэх эрх Мэргэжлийн хяналтын газарт бий. Гэвч тэд өнөөдрийг хүртэл нүд хуурсан шалгалтын мэдээгээр цаас дүүргэж, зөвхөн дарга, удирдлагууддаа таалагдахын тулд ажил хийсэн болж дүр эсгэн үр дүнгүй шалгалтуудыг хийсээр. Гэтэл тэр бүхний цаана Монгол хүний насжилт улам бүр багассаар, өвчлөл ихэссээр байна.

А.Баярмаа

Эх сурвалж: www.dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих