Овгоо сэргээсэн минь

bf62f25e160773d4d10ec71b0ed3a8f2_x3

Хүмүүс миний онцгой удам овгийг сонирхоод салахгүй юм. Тиймээс яагаад ийм овогтой болсон тухайгаа зөв ойлголт өгөхөөс болохгүй нь ээ. Монголд ардчилал сураг байхад, модернизм моод биш үед би шүлэг бичдэг байлаа. Пү найрагчид гологдож, Явуу багш яахав дээ гэсэн шүлгийнхээ доор овгоо бүтэн бичиж, ард нь өөрийнхөө муу нэрийг тавиад хэвлэл сонины газар аваачиж өгнө.

Жар, далаад оны редакторууд гэдэг төр засгийн нүд, чих хэмээгдэн итгэмжлэгдсэн, хилийн цэрэг шиг урдуураа улаан хөлтэй юм гаргахгүй томруулдаг шил, иртэй хайч байсан үе. Хэвлүүлэх гэсэн шүлгийг минь эхнээс нь дуустал гурвантаа уншчихаад, дараа нь хөлөөс толгой хүртэл хоёронтоо харчихаад, ахлах редакторынхаа чихэнд ямар нэг шивнээд дамжуулахад тэр нь бас гурвантаа гүйлгэн хараад, “Шүлэг ч яахав, үзэл суртлын хувьд болох юм шиг байна.

Бага зэрэг засаад нийтэлчихье. Гэхдээ төө хүрэхгүй шүлэг биччихээд ард нь хоёр хүний нэр бүтнээр нь тавиад байхдаа яадаг юм. Зөвхөн өөрийгөө төдийгүй энэ шүлэг бичихэд гap бие оролцоогүй аавыгаа хүртэл алдаршуулах санаатай юу. Чи ер нь яасан биеэ тоосон, яасан даруу биш нөхөр вэ” гэдэг байлаа.

-Аав минь шүлэг бичихэд гар бие оролцоогүй ч энэ шүлгийг бичсэн намайг бий болгоход маш их үүрэг гүйцэтгэсэн юм л даа. Гэхдээ энүүнд гол учир байгаа юм биш ээ. Миний нэрийг Нямаа гэдэг. Миний аз дутахад монголд ийм нэртэй найрагч дэндүү олон байх юм. Дол.Нямаа, Дор.Нямаа, Дог. Нямаа, Дуг.Нямаа, Дун.Нямаа, Лон.Нямаа, Лонх.Нямаа, Гот.Нямаа, Бат.Нямаа гээд байдаг хэмээн учирлахад редактор:

-Чи тэдний зиндаанд хүртэл яагаа ч үгүй байна. Гэтэл зохиол бүтээл нь аль хэдийнэ олны дунд түгж, нэр хүндтэй болсон эд овгийнхоо эхний гурван үсгийг авсан байхад чи бүр бүтнээр бичнэ гэнэ ээ. Даруухан байна шүү, нөхөр минь! Нэр алдартай болсон найрагчид овгийнхоо гурван үсгээр танигдаж болоод байхад чамд хоёр үсэг хангалттай гээд Яринпил гэдэг аавын нэрний Яр гэдгийг нь үлдээгээд, бусдыг нь улаан харандаагаар дарчихдаг байлаа.

Дургүйцвэл шүлгийг минь буцаагаад шидчихэж магадгүй тул дуугүйхэн, хүлцэнгүй зөвшөөрөхөөс аргагүй. Тэр үеэс бичсэн зохиол маань сонин хэвлэлд байнга үзэгдэх болж, залуу зохиолч нэр зүүсэн ч “Яр.Нямаа” гэдэг нэрээр хүмүүст танигдлаа.

Уул нь “Нэр хугарахаар яс хугар” гэсэн хуучны үг байдаг. Зохиол бичсэн биш харсаар байгаад аавынхаа нэрийг дундуур нь хугалуулж, бүр “Яр” болгуулсандаа харамсах сэтгэл төрнө. Заримдаа ч овгоосоо болоод нүүр улаймаар зүйл тохиолдохыг яана. Нэг удаа найз залуу маань сүрхий нэрд гарч байгаа жүжигчин бүсгүйтэй уулзуулж,

-Залуу зохиолч Яр.Нямаа гэж танилцуултал,

-Пээ, ямар аймаар муухай хочтой хүн бэ. Танилцах нь байтугай холуур явмаар санагдаж байна. Тэр улаан тариа мариа гэдгийг нь тариулж эрүүл саруул болж амжсан уу? гэж дуу алддаг байгаа.

-”Яр” гэдэг нь манай найзын хоч биш ээ. Аавынх нь нэрний эхний хоёр үсэг байгаа юм. Бусад Нямаа нэртэй олон зохиолч нараас ялгагдахын тулд ингэж дууддаг юм гэж найз маань тайлбарлалаа.

-Гэхдээ л сонсоход эвгүй юм. Хачин сэтгэгдэл төрж, нүүр ам нь цоохортсон хүн харагдаж цээр хүрээд байна. Ямар ч байлаа, би ийм нэртэй хүнтэй гар барьж чадахгүй гэж бүсгүй шуудхан хэлсэн тул тоглолтон дээр түүгээр шүлгээ уран уншуулах санал тавихаар очсоноосоо буцаж билээ.

Гэтэл ашгүй ардчилал мандан бадарч, хуучин юм ул болж, шинэ зүйл зул болох цаг ирлээ. “Яр” гэдэг эвгүй цолноосоо салж, Яринпил хэмээн аавынхаа алдрыг нэрнийхээ өмнө бүтэн тавихад загнах хүнгүй болов. Нэг жил хиртэй овог нэрээ санаснаараа хэрэглэх эрх чөлөө гэдгийг эдэлж байтал гэнэтхэн засаг төрөөс аавынхаа нэрнээс гадна, өмнөө удам овгийнхоо нэрийг заавал бич гэж албадаад эхлэв.

Тэр байтугай үүнээс болоод ч тэр үү далбагар улаан паспортыг минь, дарайсан дөрвөлжин үнэмлэхээр солих ажил өрнөлөө. Түүн дээр удмын овог гээчээ заавал бичих учиртай, хэрвээ түүнээ мэдэхгүй бол шинэ үнэмлэх олгохгүй гэж шаардав. Тэр байтугай ямар ч хүн дээшээ есөн үеийнхээ удмын нэрийг мэдэж байх хэрэгтэй гэсэн кампанит ажил өрнөдөг юм байна.

Эгэл ардын үр удам бидэнд есөн үеийн овгоо мэдэх гэдэг амаргүй. Яагаад гэвэл ноёдын удам биш болохоор тэр олон үеийн нэр усыг бичиж үлдээсэн тэмдэглэл юу байхав. Нэгэн үе бараг бүгдээрээ, манай өвөө хүртэл бичиг үсэг мэддэггүй байсан. Бас тэгээд монголчууд эцэг эхээ авгайлчихаад нэрээр нь дуудах биш.

Өвөө эмээгээ бол бүүр ч үгүй. Албан баримтанд бас бүтнээр нь бичиж үлдээх биш. Тэр тусмаа дээр үгүүлснээр захиргаадалтын хэмээгдсэн далан жил зөвхөн эхний үсгийг л нэртэйгээ хамт бичих эрхтэй байлаа. Тиймээс дөрөвдүгээр ангид сурдаг манай хамгийн бага дүүгээс “Хэний хэн бэ? гэж асуухад “Я.Ундрал” гэж бэлэн зэлэн хариулдаг байсан юм.

Харин би бол “Яр.Нямаа” гэж хэлсээр ямар ч байсан дасчихжээ. Харин ээж минь “Яринпил” гэж аавын маань нэрийг марталгүй бүтнээр нь хэлж өгсөн ачтай хүн. Тэгээд яахав, удам овгийнхоо нэрийг олох хүндхэн ажилтай учирлаа. Таньддаг мэддэг ахмадуудаасаа сураглаж байж аавыг минь Донровын Яринпил гэдэг байсныг олж тогтоолоо.

Гэвч энэ нь аавын аавын нэр болохоос удам овог биш гэнэ. Тэрний нь мэдэх бүр ч бэрх аж. Манайх аль эртний л Да хүрээний айл байжээ. Гэтэл Да хүрээнд Монголын бүх овгийнхон оршиж байсан. Энэ учраас Да хүрээний Яринпил гэх гэсэн боловч хүлээж авсангүй. “Элэнц хуланцуудынхаа аль мэдэгдэж байгаагаар удам овгоо авахгүй юу” гэж албаны хүн зөвлөв.

Бидний мэдэж байгаа хамгийн эртний элэнц хуланц өвөг маань хэн байх билээ гэж эргэцүүлтэл нэг л зүйл ил тод байв. Хүн сармагчнаас үүссэн гэж бага сургуульд байхаас минь л бидэнд заасан. Өөрөөр хэлбэл үүнийг шинжлэх ухаанаар нотлогдсон баталгаатай гэж үзэж болно.

Тэгэхээр будлиад байхгүй дээд өвөг маань гэвэл сармагчин байх нь. Энэ учир би сармагчингийн, сармагчингийн, сармагчингийн, сармагчингийн Да хүрээтийн Донровын Нямаа гэсэн овог авахаар бэлдээд очтол,

-Ийм урт овог байж болохгүй гэсэн тул зүгээр л Сармагчин Докровын Нямаа гэхээр боллоо. Харин иргэний үнэмлэх олгогч:

-Таны удам угсаа сармагчин юм бол хэзээ Монголд цагаачилж ирсэн юм бэ? гэсэн хачин асуулт тавилаа.

-Юу цагаачлах гэж? Бид энэ Монголын уугуул иргэд.

-Тийм биш л байна. Монгол нутагт хэзээ ч сармагчин байгаагүй гэсэнд надад хэлэх үггүй болов. Нээрээ сармагчинтай газар гэж Монголд дуулддаггүй, ном судраас ч олж уншаагүй билээ. Тэгэхээр би нэг бол би оросын сармагчин, нэг бол хятадын сармагчин, эсвэл бүр африкийн сармагчны удам болж таарав.

Хэрвээ тийм бол би гэдэг Монголын иргэн биш болж, бүртгэлийн ажилтны хэлж байгаагаар надад иргэний үнэмлэх олгогдохгүй янзтай. Сайн хөөцөлдвөл надад цагаач юм уу, байнгын оршин суугч гэсэн магадлагаа хайрлаж магадгүй болоод явчихав.

“Удам, овгоо мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэдэг үнэн юм. Гэхдээ энэ миний буруу биш байлаа. Байсхийгээд баруун, зүүн тийш нугалж байдаг удирдах хүмүүсээс болж байгаа хэрэг. Хөгөө чирсэн би бусад хүмүүс хэрхэн овгоо олсон туршлагаас хуваалцахаар шийдэв. Тэгээд хамт ажилладаг залуугаасаа “Чи ямар овогтой болсон бэ?” гэвэл “Хиад Боржгин” гэдэг юм байна.

Тэр маань Баян-Өлгий аймгийн казак байхгүй юу. Зөвхөн найз залуу маань төдийгүй миний уулзсан хүн болгон Хиад боржгин гэдэг сүртэй овогтой болчихжээ. “Яагаад ийм овог авч байгаа юм бэ?” гэвэл “Юу, яагаад гэж. Бид чинь эзэн Чингис хааны удмын хүмүүс. Их хаан маань ийм овогтой байсан” гэнэ.

Гэсэн ч Монголын бүх хүн Чингис хааны удам байсан гэхэд нэг л итгэж өгөхгүй байлаа. Чингис хаан Хэнтий зүгийн хүн. Гэтэл би баруун аймгийнх. Арай ч би Хиад Боржгин овогтой байж таарахгүй гэж бодогдоно. Гэтэл Баян-Өлгийн казак найз минь төдийгүй тавиад оны дундуур Монголд ирж, монгол авгай авч иргэний харьяаллаа солиулсан хятад хүртэл Хиад боржгин овогтой болчихжээ.

-Ингэж болж байгаа юм уу, яахаараа хаа тэртээгийн хятад хүртэл Хиад боржгин болдог билээ? гэж асуухаар,

-Яагаад болохгүй гэж. Хятад, Дундад Ази, Орос, ер нь энэ дэлхийн тал нь Чингисийн эзэнт гүрний ноёрхолд байсан гэнэ.

Хэдийгээр дэлхийн тал нь Чингисийн ноёрхолд байсан нь үнэн ч тэндхийн бүх хүн амыг Чингисийн удам угсааныхан үйлдвэрлэсэн гэхэд нэг л санаанд багтамгүй. Бусдыгаа дагаад Хиад боржгин овог авья гэхэд бас нэг юм сэтгэл зовооно.

Удам, овгоо тодотгохын нэг чухал ач холбогдол бол цусан төрлөө мэдэж, залуус хоорондоо гэрлэж ураг ойртохгүй байх явдал хэмээн албаны хүмүүс телевизээр олонтаа тайлбарлаж байсан Төрөл саднаа мэдэлгүй залуучууд гэрлэснээс ухаан муутай, эрэмдэг зэрэмдэг, гажигтай хүүхэд төрдөг гэнэ.

Мэдээж энийг хэн ч хүсэхгүй тул овгоо зөв тогтоох нь чухал. Гэтэл хэрвээ би Хиад Боржгин овогтой болчихвол энэ овгийн эмэгтэйтэй гэрлэж болохгүй, гэр бүл болбол бүртгэлийн товчоо ч баталгаа өгөхөөс татгалзах болно биз. Бас зөвхөн Монголдоо төдийгүй Чингисийн эзэнт гүрний ноёрхолд Орос, Хятад, Иран, Афганистан, Узбекстан зэрэг дэлхийн улс орны тал нь байсан.

болохоор тэндхийн эмэгтэйчүүдийг гэргийгээ болгож болохгүй нь. Тэгэхээр надад англи, америк хүүхэнтэй л гэрлэж айл гэр болох боломж үлдэх байлаа. Англи хэл мэдэхгүй надад энэ нь тун бэрхшээлтэй ч “За яахав, болох л байлгүй” гэж зориг гарган Хиад Боржгин гэж овоглохоор иргэний үнэмлэх олгох газар очтол бүртгэгч хүүхэн:

-Та арай өөр овог сонговол дээргүй юу гээд энэ овгийн лимит дууссан ухааны юм хэллээ.

-Яагаад тэр вэ? Хүн болгон л Хиад боржгин овогтой болж байна. Тэр байтугай хятад ч ийм овог авчихсан байна лээ. Тэгэхэд ард халх би яагаад болдоггүй юм бэ? гэж барьцвал,

-Харин хүн болгон ийм овог авснаар монголчууд зөвхөн Хиад боржгин oвгийнх болчихоод байна. Ингэснээр хуучны овоггүй байснаас ялгарах юмгүй болчихлоо. Бүгдээрээ хамаатан садан харагдаад байна гэдэг юм байна.

-Олон хүн ийм овогтой болсон юм уу?

-Олоон олон. Хоёр сая зургаан зуун мянга гаруй иргэний маань ядахдаа хоёр зуун мянга нь өөр овогтой байвал зүгээр сэн. Тиймээс сүүлд бүртгүүлж байгаа хүмүүсийг энэ овгоор аль болохоор бүртгэхгүй байх чиглэл дээд газраас ирсэн хэмээн тайлбарлав.

Бүтэлгүй намайг жинхэнэ овгоо эрж хайж явах хооронд овсгоотой бүхэн Хиад Боржгин гэдэг сайхан овог аваад амжчихаж. Тиймээс миний хувьд овог болгочих элэнц хуланцынхаа эрэлд дахиад л гарав. Энэ удаад нэгэн ном мэддэг хүн тус болж “Монголд сармагчин байгаагүй нь үнэн. Гэхдээ сармагчны нэлээн хожуу үеийн хувьслын үр дүн болох алмас байсан юм шүү дээ.

Тааралдсан, үзэж харсан гэх хүмүүсийн яриа тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Цөөнгүй эрдэмтэн, тэр тусмаа Ринчен доктор хүртэл Монголд алмас байсан тухай сонин хэвлэлд бичсэн байдаг юм билээ” гэж хэлж өглөө. Тиймээс алмас гэж овоглохоор шулуудав. Одоо намайг Алмас Яринпилийн Нямаа гэх болсон билээ.

Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зохиолч Шаг.Цэнд-Аюуш


URL:

Сэтгэгдэл бичих