АНУ-д морь уралдуулж байгаа Ц.Цэнгэл дэлхийд нэртэй морин тойруулгын бооцооноос их хэмжээний мөнгө олжээ

shudarga_mn_1403744270_10209_700

Нэгэнтээ УИХ-ын гишүүн Г.Батхүү мөнгөтэй хүн бүр л морь уядаг, гэхдээ морио ч таньдаггүй уяачид олон бий. Наадам болохоор хүлхийсэн том дээл өмсөөд миний морь аль нь вэ гээд давхиж явдаг хүмүүс ч цөөнгүй бий” гэж ёжтойхон хэлж байсан удаатай. Тэгвэл мөнгөтэй баячуудын зэрэгцээ улс төрчид ч мориь уяж, аз хийморио сорьдог болоод удаж байгаа. Тэдний нэг нь Зам тээврийн сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл. Булганы уугуул энэ улс төрч харин морь мэддэг, бас адуу малтай ноцолдож өссөн, адуучин аавын хүү.  Түүнийг бага байхад аав нь  нэгдлийн адуу хариулж, олон гүү барьдаг,  нэгдлийн айраг хийдэг байсан гэнэ. Адуучин аавын хүү Цэнгэл сайн морьтой болох гэж багагүй зовлон үзсэн гэж уяачид ярьдаг юм билээ.

Түүний Улсын наадамд түрүүлсэн хар азарга нь Ламын гэгээний наадамд явж байхдаа машинаас унаж гэмтсэн, улс, бүсийн наадамд тав түрүүлж, нэг айрагдсан алдартай  саарал азарганых нь хөлийг хүн албаар зүсэж,  өвдгийг нь гэмтээсэн. Томоохон уралдаанд айрагдаж байсан  Жаргалант угшилтай  хээр морийг нь  хулгайчид авсан гэнэ. Үүнээс гадна Эрдэнэчулуун тод манлайгийн  том шаргатай уралдаад сунгаан дээр хол хаядаг алаг морь нь бас л адууны наймаачдын гараар орж алга болж байсан гэнэ.

УИХ-ын гишүүн Г.Батхүү алдарт Толин хулынхаа дүү үрээг Ц.Цэнгэлд бэлэглэж байсан ч адуу руу нь чоно орж баллаж хаясан гэдэг. Гэвч адууны хорхойтой энэ эр сайн морийг өндөр үнээр  худалдаж авахаас хэзээ ч халширч байгаагүй гэдгээрээ уяачид дундаа мөн л  алдартай нэгэн. Одоогоос хэдэн жилийн өмнө Ц.Цэнгэл УИХ-ын гишүүн байхдаа Тод манлай уяач Даваахүүг дагуулан АНУ-д очиж, түүгээр морь шинжүүлэн  хүрэн халзан үрээ 50,000 ам доллароор худалдаж авчээ. Эцэг нь Кентаки Дербид гурван удаа түрүүлж байсан мундаг азарганы үр төлд мань эр нэр өгөхдөө тун их бодож байж өгсөн гэнэ. Даваахүү манлайн цолны Манлай, өөрийнхөө нэрний Цэнгэлийг оролцуулж,  Цэнгэлийн Манлай хэмээн нэрлэсэн аж.

АНУ-ын Вашингтон хотын Чарльз тауны морин тойруулгад экс гишүүн Ц.Цэнгэлийн халзан үрээ  Цэнгэлийн Манлай дуудлагат хүрэн гэсэн нэртэйгээр өнөөдөр ч уралдаж байгаа гэнэ. Энэ морь 2011 онд АНУ-д зохиогдсон морин тойруулгын Олон улсын тэмцээнд түрүүлж, 100 гаруй мянган ам долларын бай шагнал авч байсан гэнэ. Цэнгэлийн манлай хүрэн үрээ  одоогийн байдлаар хоёр удаа түрүүлж, гурван удаа хоёрт, дөрвөн удаа гуравт, хоёр удаа дөрөвт, нэг удаа зургаад  хурдлаад байгаа сурагтай. АНУ-д адуу уралдуулж, багагүй гаршаад байгаа Ц.Цэнгэл уяач “Сайн адуу авч чадвал ашигтай. Хурдан морь амжилт гаргаад авсан зардлаа нөхөөд, дээр нь тэнд уягдаж байгаа зардлаа өөрөө л олчихоод байдаг юм.

Надаас нэг ч төгрөг гаргадаггүй” хэмээн ам бардам ярьж сууна. Тэрээр ирэх жилээс дахин морьд худалдан  авахаар төлөвлөж байгаа гэнэ. Үүнээс гадна экс гишүүн дэлхийд нэртэй томоохон морин тойруулгын уралдаануудад бооцоо тавьж, багагүй мөнгө хождог болоод байгаа сурагтай. Хамгийн сүүлд л гэхэд мань эр Солонгосын морин тойруулгад очиж, эхний гурван морийг тааж хориод мянган доллар хожчихсон гэнэ.  Моринд үнэ хайрладаггүй Манлай уяач Тувагаас авчирсан усан тэлмэн жороо морь,  Далай Чойнхор вангийн бага хатны шүрэн тоноглолтой эмээлээрээ ирэх наадамд гоёхоор зэхэж байгаа сурагтай.  Эртний эдлэл цуглуулах хоббитой Ц.Цэнгэл манлай Ханддорж чин  вангийн барьж байсан чүнчигноров хөөрөг, мөн  Богд хаан, түүний хатан хоёрын барьж байсан хос шүрэн хөөрөгөөр гангардаг бийлэгжүү эр учраас түүний баярын гоёл олон хүний анхаарлыг татаж байгаа гэнэ.

shudarga.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.