Ж.Батзандан: Н.Батбаяр шиг сайдтай байснаас байгаагүй нь дээр

УИХ-ын гишүүн Ж.БатзанданУИХ-ын гишүүн Ж.Батзандантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хууль зүйн байнгын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Ганбат гишүүнийг томилох захирамж гаргалаа. Энэ нь хуульд нийцэж байгаа юу?

-Хууль зүйн байнгын хорооны дарга өвчтэй, чөлөөтэй, богино хугацаагаар гадаадад явсан тохиолдолд түр орлон гүйцэтгэгчийг томилж болно. Үүнийг УИХ-ын хуульд тодорхой заачихсан байгаа. Долоо буюу түүнээс дээш хугацаагаар эзгүй тохиолдолд томилдог хуультай. Энэ дагуу УИХ-ын дарга захирамж гаргасан гэж би ойлгож байна.

-Таны хувьд Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшиж байсан. Нэр дэвшсэн хэвээр байх уу. Түр орлон гүйцэтгэгч хэзээ хүртэл байнгын хороог даргалах бол?

-Хуульд тодорхой заалт алга байна.  Түр орлон гүйцэтгэгч хэдий хугацаагаар энэ ажлыг гүйцэтгэх боломжтой эсэх талаар заалт байхгүй. Гэхдээ хуульд нэг заалт байгаа. Нэг жилийн хугацаанд байнгын хорооны даргыг байнгын хорооны гишүүдийн дундаас сонгогдсон гишүүн удирдана гэсэн хуулийн заалт байгаа. Түр орлон гүйцэтгэгч тодорхой хугацаанд удирдах байх. Хэзээ нэгэн цаг дээрх хуулийн заалт хэрэгжиж, байнгын хорооны гишүүдийн саналаар дарга нь сонгогдох байх. Чуулган өнөө маргаашгүй хаах учир Д.Ганбат гишүүн намрын чуулган буюу аравдугаар сар хүртэл байнгын хороог даргалах байх.

-Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх гэсэн боловч танай намын бүлгээс завсарлага авлаа. Ингэж удаа дараа хойшлуулах ашиг сонирхол танай намд байна?

-Манай намын бүлэг гэхээс илүүтэйгээр намын удирдлагуудын нүд нь сохорчихсон байна. Улс орныг улс төрийн удирдлагаар зөв хангаж чадахгүй байна. Шийдэх олон асуудал байгаа. Асуудлаа шийдвэрлэхгүйгээр чуулганыг хойшлуулах, завсарлуулах энэ явдлыг би хүлээн зөвшөөрч чадахгүй. Ойлгохгүй ч байна. Энэ зун эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд олон хууль батлах зайлшгүй шаардлага бий байна. Иймд УИХ-ын гишүүдэд амрах эрх байхгүй. Улсын баяр наадмаар таван хоног амарч болно. Бусад үед нь жирийн иргэдийн адил ажлаа хийх хэрэгтэй. Миний хувьд намын удирдлага болон УИХ-ын даргад чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулахгүй байгаач гэсэн хүсэлт тавина.

-Та Н.Батбаяр сайдыг фракцийн зарчмаар авч үлдэх гээд оролдоод байна уу. Яагаад явуулахгүй байгаа юм бол?

-Манай намд фракц, фракцийн  зарчим гэсэн гажуудал үүсээд удаж байна. Үүнийг засахын тулд залуу гишүүд тэмцэж байна. Төрийн институц хооронд уналт тэнцвэрийн зарчим хэрэгждэг. Гэтэл өнөөдөр энэ зарчим нь Төрийн институц хооронд бус фракцуудын хооронд хэрэгжиж байна. Энэ нь Монголын төрийг нурааж байна. Фракцаар албан тушаал хуваарилдаг, фракцууд эдийн засгийн эрх чөлөөг хуваарилдаг, фракцууд мэргэжлийн мэдлэг чадварыг уландаа гишгэж, манай фракцийн хүн гэдгээр ханддаг. Энэ нь Монголын төрд гай тарьж байна. Үүнийг өөрчлөх ёстой. Өөрчлөхийн тулд би өөрийнхөө биеэр эрсдэл хийж байна. Хамгийн чухал нь фракцийн зарчмыг нураах нь Монгол Улсад хэрэгтэй гэдгийг ойлгож байна. Иймээс би фракцийн гаргаж байгаа бүхий л шийдвэрийг эсэргүүцэх болно.

-Таны хувьд фракцийг ил тодоор шүүмжилж байгаа. Ямар нэгэн гадуурхалт болон дарамт ирж байна уу?

-Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэж үг бий. Дургүйцэж байгаа хүмүүс цөөнгүй бий. Гэхдээ бид өнөөдрийн төлөө бус ирж яваа цагийн төлөө амьдрах ёстой. Огцруулах зайлшгүй шаардлагатай сайдуудын нэг бол Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр. Ийм сайд байснаас байгаагүй нь дээр.

-Хэрэв Н.Батбаяр сайдыг огцруулбал, эрх баригч Ардчилсан намд энэ салбарыг удирдаад явах боловсон хүчин байгаа юу?

-Эдийн засгийн хөгжлийн яам гэдэг илүүдэл бүтцийг татан буулгах хэрэгтэй. Сангийн яамтай нэгтгээд эдийн засгийг нэг гарт зангидах хэрэгтэй.

Д.БОЛОРМАА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих