ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРОХ ШАЛТГААНЫГ ИЙНХҮҮ ДУРЬДЖЭЭ

7d9cd7242f8cc1cf67924b24742d852a_x3Өчигдөр иргэний хөдөлгөөнүүд Хүсэл зорилгоо нэгтгэхээр нэгдэж байгаагаа илэрхийлж хийсэн хэвлэлийн бага хурал дээр Засгийн газрыг огцруулах шаардлагыг УИХ-д хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Уг шаардлагадаа Засгийн газрыг огцруулах долоон үндэслэлийг дурьдаж, цаашид ийм Засгийн газрыг байлгах нь нийгэмд гай зовлон тарьж, улс оронд аюултай нөхцөл байдлыг улам лавшруулна гэлээ.

Шаардлагынхаа үндэслэлүүдийг бас Засгийн газрын гишүүн бус УИХ-ын гишүүн тус бүрд хариу нэхсэн асуулт болгон тавьж албан бичгээр хүргүүлсэн ажээ.

Шаардлагад ийнхүү өгүүлжээ.

 

 

 

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, ХӨДӨЛГӨӨНҮҮДИЙН

ИХ МОНГОЛ НЭГДЭЛ

2014 оны 6 дугаар сар 30-ны өдөр                               № 1/14                            Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН

ДАРГА З.ЭНХБОЛД ТАНАА

 

Шаардлага

 

Монгол Улсын язгуур эрх ашгийг хамгаалж, Үндэсний эрх ашгийн эсрэг чиглэсэн аливаа үйл ажиллагааг таслан зогсоож, гэм хорыг арилгуулах нь Монгол төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын үндсэн үүрэг билээ.

Гэтэл УИХ-ын томилсон Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон түүний тэргүүлсэн Засгийн газар Монгол Улсын Тусгаар Тогтнол, Аюулгүй байдал, Монголын ард түмний эсрэг чиглэсэн бодлого үйл ажиллагааг явуулж ирлээ. Үүний тодорхой баримт нь:

  1. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хууль нь үндэсний эрх ашгаас урвасан төдийгүй, Монгол Улсын тусгаар тогтнолыг үгүй хийх санаа зорилгыг агуулсан байна.

Тухайлбал: тус хууль дахь УИХ-ын бүрэн эрхийг заасан 8 дугаар зүйлийн  8.1.3-д “улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх;” гэснийг улсын хилийн зурвас газраас бусад улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх” гэж өөрчилжээ.  Өөрөөр хэлбэл улсын хилийн зурвас”-ыг УИХ-ын эрх мэдлээс “хураан авч зайлуулсан” байна.

Мөн “8.1.6. цацраг идэвхт ашигт малтмал олборлох, тээвэрлэх, хадгалахтай холбогдсон тусгай дэглэм тогтоох” заалтыг хүчингүй болгосон байна.

Ингэснээр Монголын Төр нь улсынхаа хилийн зурвасыг мэдэх, цацраг идэвхит ашигт малтмалын аюулгүй байдлыг хангах эрхгүй болжээ.

 

Тэгээд Монгол Улсын хилийг хэн яаж мэдэх гээд байгааг сонирхвол 9 дүгээр зүйлийн 9.1.9-д Үндэсний геологийн алба байгуулах; гэж заагаад, түүний эрхлэх ажлын хүрээнд 9.1.12-т Улсын хилийн зурваст ашигт малтмал эрэх, хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа эрхлэх асуудлыг шийдвэрлэх; гэж тусгажээ.

Өөрөөр хэлбэл Монгол Улсыг Төргүй, бас хилгүй болгох зорилгыг агуулжээ.

Цааш нь мөн 5.3.-д “Улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тухайн ордыг ашиглах гэрээгээр тодорхойлно” гэж заасныг шинэчлэн найруулж  5.3. Энэ зүйлийн 5.4, 5.5–д заасан ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тухайн ордыг ашиглах гэрээгээр тодорхойлох бөгөөд уг гэрээ нь ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлд тусгасан орд ашиглах хугацаанд хүчин төгөлдөр байна.” гэж өөрчилжээ.

Тодруулж хэлбэл Оюутолгойн гэрээг явцын дунд Монголын талд ашигтайгаар эзэмшлийн хувийг нэмэгдүүлнэ гэж амлаж байсан нь ард түмнийг хууран мэхлэж байсан хэрэг гэдгээ ийнхүү баталлаа.

 

Энэ хуулийг хэлэлцсэн эсэхээс үл хамаарч ийм санаа зорилго бүхий хуулийг УИХ-д өргөн барьснаараа Н.Алтанхуягийн Засгийн газар огцрох ёстой.

 

  1. Дээрх хуультай уялдаа холбоо бүхий зорилгыг агуулж хамт өргөн барьсан Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 34.1.3-т Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэн буюу 183 хоногоос дээш хугацаагаар амьдарч байгаа, харьяалалгүй хүнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар ашиглуулна гэж, мөн 37.3-т Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахдаа Монгол Улсын хуулийн этгээдэд газар ашиглуулахтай адил зарчмыг баримтална гэсэн нь Монголын газар нутгийг гадныханд зарж үгүй хийх санаа зорилгоо шулуухан илэрхийлжээ.

 

  1. Ураны хайгуул хийж байгаа Кожеговь ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор Дорноговь аймгийн Улаанбадрах суманд нутгийн малчдын мал олноор үхэж, ургийн гажигтай үр төл гарч, иргэд ус бэлчээрээ хамгаалахаар орон нутагтаа тэмцэж, хүсэлт шаардлагуудыг ч Засгийн газарт тавьсаар байхад үл тоож, харин ч эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөө гэгчдээ “Ураны салбарт ажиллаж буй компаниудад учирч буй саад гацааг арилгах” гэж төлөвлөсөн нь энэ Засгийн газар Монголын ард түмний эсрэг ажиллаж байгаа гэдгээ нотлосон бас нэг баримт мөн.

 

  1. Түүнчилэн урьд өмнө Монголын түүхэнд байгаагүй хамгийн их төсвийг захиран зарцуулчихаад улс орны эдийн засгийг хямралд оруулж, ард түмний олонхийг ядууралд хүргээд байгаа нь Н.Алтанхуягийн Засгийн газрын явуулсан гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаатай холбоотой бөгөөд тухайлбал гурван их наяд төгрөгийг төсвөөс гадуур үйлдвэрлэн үнэ тогтворжуулах нэрээр 30-аад компанид хуваан өгч гүйлгээнд оруулсан нь манай зах зээл дэх валютын нөөцийг цөөн бүлэг этгээд цөлмөн хуурайлж, импортын бараа авах нэрээр гадагш урсгаж, бас хомсдлыг ашиглан валютын ханшийг зориуд өсгөн тоглож мөнгө хүүлэх боломжийг тэдэнд олгосон, “хуурамч мөнгөн тэмдэгт” үйлдвэрлэсэнтэй яг адил, ямар ч хяналтгүй хийгдсэн луйврын том гэмт хэрэг билээ.

 

  1. Монгол улсын гадаад өрийг хоёрхон жилийн дотор огцом өсгөсөн бондуудын хөрөнгөөр хийж бүтээсэн ажлууд нь зарцуулсан мөнгөтэйгөө харьцуулахад дэндүү чамлалттай төдийгүй, захаасаа эхлэн мөнгө угаасан, авилгажсан төсөв мөнгөний хэрэг яригдаж эхлээд байгаа нь цаашид зайлшгүй нарийвчлан шалгах шаардлагатай нь ч харагдаж байна.

 

  1. Засгийн газар асар их зардал бүхий данхар бүтцийг бий болгосон ч сайд нарын хариуцаж буй бүх салбарын үйл ажиллагаа уналтанд орж, хариуцлагагүй явдал газар сайгүй гарч байхад тэр бүхнийг засах талаар санаа тавихын оронд зөвхөн олон нийтээс урагшгүй ажлаа нуун хаацайлахын тулд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай “хаалтын гэрээ” гэгчийг байгуулан төсвийн мөнгийг авилгын хэрэгсэл болгон үрж шамшигдуулдаг боллоо. Бүр Засгийн газрын агентлагуудын ажлыг шалгаруулсан нэрээр хэвлэлүүд “хаалтын гэрээниийхээ мөнгийг” 10, 10 саяаар нь хураан авч, ил тод ёслолын арга хэмжээ зохион байгуулдаг болсныг ч ард иргэд харцгаалаа.

 

  1. Энэ бүхэнтэй зэрэгцэн Эдийн засгийн ил тод байдлын тухай, Өршөөлийн тухай гэх зэрэг гэмт хэрэгтний хэргийг олон нийтээс нуун хаацайлах, харин бүр гэмт хэргийг нь илчилсэн хүмүүсийг шийтгэх агуулга, заалт бүхий хуулиудыг Засгийн газраас УИХ-д оруулаад байгаа нь Монголын ард түмэн шударга ёс, үүрэг харуцлагаа ухамсарлах чадвар, сайн сайхан амьдралыг өнөөгийн Засгийн газраас горьдон хүлээх найдваргүй болгож, харин ч нийгмийн гай зовлон, улс оронд аюултай нөхцөл байдлыг өдрөөс өдөрт нэмэгдүүлсээр байна.

 

Эдгээр үндэслэл шалтгаанаар Засгийн газрыг нэн даруй огцруулахыг УИХ-д шаардаж байна.

Шаардлагын хариуг 2014 оны 07 сарын 16-нд авах болно.


URL:

Сэтгэгдэл бичих