Америкчууд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид 2011 оны ” Төрийн гарамгай зүтгэлтэн” цол олгожээ

АНУ-ын Азийн бодлогыг тодорхойлогч “Азийн нийгэмлэг” 2011 оны “Төрийн гарамгай зүтгэлтэн” –ээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тодруулж шагналыг гардуулав. “Азийн нийгэмлэг” бол алдарт Рокфеллерийнхний 1956 онд үүсгэн байгуулсан төрийн бус, ашгийн бус, нам бус боловсролын байгууллага юм. Ази тив, Азийн улс орнуудыг АНУ-д сурталчлан таниулах, АНУ-ыг Ази, Номхон далайн улс орнуудтай түүх, соёл, боловсрол, бизнесийн чиглэлээр хамтран ажиллахад туслах зорилтыг хэрэгжүүлдэг.

Сүүлийн жилүүдэд байгаль орчин, эрүүл мэндийн чиглэлээр томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Дэлхийн томоохон хотуудад 20 орчим салбар ажилладаг.

Тус нийгэмлэгийн Ерөнхийлөгч хатагтай Вишаха Дэсай хэлэхдээ  “Өөрийн орондоо ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг хангах, хууль шударга ёсыг баталгаажуулах чиглэлээр төдийгүй дэлхийн тавцанд байгаль хамгаалах, хүний эрхийг дээдлэх чиглэлээр санаачилгатай, амжилттай ажиллаж байгааг нь үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид энэхүү шагналаа олгож байна” гэлээ.

Шагналын бас нэгэн эзэн  Нобелийн энхтайвны шагналтан Хенри Киссенжер бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан  бөгөөд сүүлийн 40 жилийн гол бодлого тодорхойлогчдын нэг  юм.

Ёслолын үеэр шагналтнууд үг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч , ус, эрчим хүч, хүнсний хомсдолыг хэрхэн шийдвэрлэх талаар өөрийн санал бодлоо хэлсэн бол Х.Кессенжер Азийн бодлогын талаар үг ярив.

2011 оны 6 дугаар сарын 16-ны өдөр АНУ-ын Вашингтон хотын Риц Карлтон дахь зочид буудлын хүлээн авалтын танхимд цугласан 1000 гаруй хүн энэхүү шагналыг гардуулах ёслолын  хүндтэй зочид нь болсон юм. Тэдгээрийн дотор улстөрчид, сенатын гишүүд, АНУ дахь Азийн орнуудын Элчин сайдууд, судлаачид, эрдэмтэд зохиолчид, бизнес эрхлэгчид байлаа.

Энэ үдэш Монгол Улсын  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Кессенжер нар уулзаж ярилцаж өнөөгийн олон улсын байдлын асуудлаар санал солилцов.

“Төрийн гарамгай зүтгэлтэн” шагнал гардуулах ёслолын ажиллагааг монгол цамын бүжиг чимлээ.


URL:

Сэтгэгдэл бичих