Хэрэлдсэн болгон нь үхдэг хараалч авгай

82462315346cd3b63a1081

Амьдралд хачин сонин юм бишгүйдээ л тохиодог шүү дээ. “Бермудын гурвалжин”-гийн хэмжээнд очихгүй ч хүний анхаарал хамгийн ихээр татдаг зүйл нь хараал жатгын тухай болсон, болоогүй яриа юм. Яриа ч гэж болсон явдал ч буй. Манайхан ярьдаг даа. “Хөвсгөлийн хүнтэй хамаагүй ам мурийж болохгүй. Хар царайтай, хар сэтгэлтэй, хар энергитэй хүнээс хол яв” гэж ирээд л ярьж, зөвлөдөггүй юу. Яг тийм нэгэн явдлын тухай одоо өгүүлье.
Баянхошууны “хар” Пагма авгайн тухай ярих гээд байна л даа. Мэдээж нэрийг нь өөрчилсөн гэдгээ хэлэх нь зөв байх. Гэхдээ Баянхошууны гэх тодотголтой иргэд андахгүй гэхэд найднам. Бас л баруун аймгийн гаралтай авгай юм гэсэн. Гэр бүлээрээ архи уудаг ажилтай айл гэнэ билээ. Нөхөртэйгээ хамт архиддаг авгай нарын нэг гэж ойлгож болно. Нөхөр нь гэж бас нэг хар өвгөн толгой татна гэж ёстой мэддэггүй архичин юм байх. Харин тэр хоёр архины мөнгөөр тасардаггүй болохоор тэр хавийн архичид хүссэн ч, эс хүссэн ч тэднийхээр орж нийлж архиддаг юм билээ. Архичид архинаас цэрвэх биш дээ. Харин мэддэг зарим нь их л болгоомжилдог буюу гэр бүлийн хоёр “хар” яаж ч аашилж, аяглаж байсан хариуд нь үг сөрдөггүй “хууль”-тай гэх шахуу ажээ. Тэдэнтэй муудалцвал сайн юм болдоггүйг тэд бүр ерээд оны дундаас мэдэх болжээ. Яг л өнөө “гэзэгт” бариачийн цаг үетэй холбоотой мэт давхацдаг нь ч хачин. Тэд нэг гудамжны айлууд байсан бөлгөө. Тэдэнтэй одоо ч ойр дотно явдаг архичид бий.
Тэд аргыг нь олоод байдаг болохоор яадаг ч үгүй бололтой юм. Таньж мэддэггүй улс юм уу “Өө, тэр муу хоёр яагаа аж” гэсэн тоомжиргүй нөхөд л хохирдог бололтой. Багцаагаар тоолбол тэр хоёртой муудалцсан арваад хүн хорвоог орхижээ. Гэхдээ тэднийг таньдаг хүний яриагаар бол тэр хоёр муудалцсан хүнээ харааж бариад байдаггүй юм гэсэн шүү. Ёстой нөгөө хар, цагаан эрчим хүч, энерги энэ тэр нь нөлөөлдөг юм уу, бүү мэд тийм нэг зүйл тохиогоод болдоггүй ажээ. Мартсанаас “хар” авгай дөчин нэгэн чулуу, хөзөр мөзрөөр тэрүүхэндээ бузгай мэргэлдэг тул хүн амьтан тасардаггүй болохоор тийнхүү архины мөнгөөр гачигддаггүй бололтой.
Тэгэхдээ хол ойроос цувж уваад байхгүй ч бие биенээсээ дуулж мэдсэн хүмүүсийн хөл татардаггүй юм гэнэ билээ. Хааяа хамт архидаж суухад үзүүлэхээр ирсэн хүнийг чулуу, хөзөр хоёроороо үзээд ёстой л уулга алдтал нь хэлдэг гэх. Нэг хүүхэн ирээд алтан ээмгээ олохгүй байгаагаа хэлж л дээ. “Хар” авгай харж харж чулуу таслаад “Олдохгүй ээ. Ойрын хүн чинь авчээ. Борлочихсон байна. Юмандаа сэрэмжтэй байхад яадаг юм? Ойрмогхон бас нэг зүүлт юм уу бөгжөө алдсан байна. Тэр архи уудаг дүү чинь аваад байна ш дээ” гэжээ. Хүүхэн уулга алдаад “Тийм ээ, өнгөрсөн хагас сайнд  монетон зүүлтээ алдсан. Дүү авсан байна лээ. Тэр хогийг яахав?” гэжээ. Хариуд нь “Яагаад ч нэмэргүй. Өөрийнхөө юманд өөрөө эзэн бол” гэсэн байна. Энэ мэт зүйл өдөр өнжилгүй тохиодгоос ямар ч байсан тэр хоёр хоосон хонодоггүй аж. Тиймээс тэр хавийн архичид ч орж, гардаг нэг ёсны архины газар маягтай айл юм. Гэхдээ архичдыг зүгээр ч нэг архидуулаад байхгүй. Хэнтэй нь уухаа ч мэддэг гэх. Зарим цулгар үедээ сэтгэлээрээ ирээд хонуут өнжүүд, хоол ундтай архидчихдаг цөөн нөхдийг л оруулдаг гэнэ билээ. “Гозгор” Лууяа гэх гозойсон шар нөхрөөс үүдэлтэй ганц хоёр болсон явдлыг одоо өчье. Тэр хавьдаа “гозгор” гэж алдаршсан Лууяа гэдэг дөчөөд насны эр байжээ. Гозойсон туранхай, өндөрдүү шар нөхөр гэхэд болно. Тэр үеийн жишгээр хожуухан архинд ороод ширүүхэн дайрч байсан юмдаг уу даа. Харин нэг хөгийн зантай эр байсан бололтой. Хөгийн ч юу байхав. Жаахан агсамдуу нөхөр байхгүй юу. Тэр нь ч гай болсон юм байлгүй. Үүнийг өгүүлэгч Дашаатай их дотно байсан бөгөөд үргэлж хамтдаа байж л дээ. Тэгж явсаар “хар”-ынхантай нийлж архиддаг болжээ. Лууяа тэр үедээ хариутай архичин байсан тул тэр хоёр ч цааргалдаггүй байж л дээ. Тэгээд нэг намар хагас сайнд архидацгаажээ. Архичид юу эс ярих билээ. “Хар” Пагма тун санамсаргүйгээр “Нэг хүүхэн нөхөр хайж ирээд үзүүллээ. Өөрөө ч явдалтай хүүхэн юм. Уур хүрээд “Чамд заяаны хань тогтохооргүй юм. Наад хормой хотоо хянасхийж явахад яадаг юм” гэчихлээ” гэж л дээ.

Яг тэр үед нэлээд дунхайчихсан “гозгор” “Тэр чамд ямар хамаатай юм. Тэгээд ч хүний хувь заяаг чи мэдээд байхдаа яахав. Амаа мэдэж бурахад яадаг юм” гэж ирээд л агсамнажээ. “Хөгийн “гозгор” хог одоо яв. Чиний архитай архигүй болно. Чамтай хэрэлдэн барин хар ус уухдаа тулаагүй” гээд л хөөжээ. Согтуу гозгор юу боллоо гэж тэдний аясаар гарах билээ. Дуу нь улам чангараад, ширээ шаагаад эхлэхгүй юу. Тэр үед нөхөр нь эхнэртээ харуусах маягтай болоод “гозгор”-ыг чирээд гаргатал гартаа таарсан юмаараа хоймрынх нь том толийг хага цохиод оджээ. “Өө, хөгийн “гозгор”-оо чи сайнаа үзэхгүй ээ. Дахиж манайхаар шагайхыг чинь харна аа” гээд хоцорчээ. Тэр явдал тэгээд өнгөрсөн байна. “Гозгор” ч харагдахаа байжээ. Тэр явдлаас хойш арваад хонож байтал гэнэт “Гозгор” нас барсан” гэх яриа гарчээ. Найзууд нь ч очсон байна. Хойтохын ажил ч яахав болдгоороо болжээ. Оршуулгын дараа нэгэн яриа гарчээ. “Хүнд үзүүлсэн чинь хачин зураг буужээ. Болохгүй хүнтэй хэрэлдсэнээс хараал хүрсэн байна. Хариулах аргагүй хүнд тусчээ. “Хар” царайтай хүн хажуу ойроос хараажээ” гэсэн юм байх. Ингээд л тэр хавийнхан болсон явдлыг ярилцан “хар”-ынхнаас битүүхэндээ жийрхэж эхэлцгээжээ. Гэхдээ эхний ганц тохиолдол болохоор тэгтэл ч ихээр итгэсэнгүй гэнэ. Мэдээж л дээ. “Хар” царайтай хүн хаа мундахав. Тэгсхийгээд шуугиан ч намдаад иржээ. Бараг бүгд мартаа байлгүй дээ. Хүн аливааг амархан мартдаг юм чинь дээ. Тэгээд бүх зүйл ажин түжин байтал бас нэг хэрэг мандсан байна. 2000 оны эхээр буюу Шинэ жилийн дараахан бас нэг лут архидалт болсон ажээ. Тэр хавийнхан “хар”-ынд цуглаад авч өгснийг өгүүлэх юун. Халууралт ид өрнөж байтал “хавирга” Батаа гэдэг цоохор хавиргатай нөхөр бас агсам тавьжээ.

Шалтаг нь маш хөгийн. “Та нар уух гэж байгаа юм бол олигтой юм уухад яадаг юм? Би та нарт “Болор”-той ирж байхад “найрка” өмнөөс гаргаад байхдаа яахав. Олон найрка авснаас олигтой ганц хоёр юм авчихгүй” гэж ирээд л тэрүүхэндээ томрохгүй юу. “За, ганц Болортой ирчихээд юун сүртэй юм. Олуулаа байхад олныг авалгүй яадаг юм? Чамайг дайлах албатай юм уу? Чи явж тэр “Болор”-оо уудаг юм байгаа биз. Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” гэцгээжээ. “Хавирга” Батаа “Дашаа хоёулаа явъя. Шавхруу горьдож суугаад яадаг юм” гэсэн байна. Харин азаар Дашаа татгалзжээ. Татгалзах ч гэж дээ хаяагаа манахгүй юу. “Найз нь хаачих билээ. Нөхөдтэйгээ байя. Найруулсан хэдий ч чанга архи байна ш дээ. Болоо юм биш үү?” гээд үлдчихэж. “Хавирга” жаал дүвчигнэж байгаад мөн л бага зэргийн нудралцаан хийчихээд яваад өгчээ. “Хар” Пагма араас нь олон долоон юм яриагүй байна. “Хааяа ийм хөгийн юмнууд байдаг юм. Үргэлж “Болор” ууж явахыг нь харна аа. Найрка уух гээд өлөв доловхийгээд ороод ирдэг л байхгүй юу. Муусайн юмнууд амьхандаа баярхаж байгаа юм байх даа” гэх төдий л зүйл ярьжээ. Нэг их том юм болоогүйд тэд ч тэгсхийгээд бүхнийг мартаад архиджээ. Мөн л хэдхэн хоногийн дараа “хавирга” Батаа ор сураггүй болжээ гэх яриа гарсан байна. Тэр ч үнэн болоод явчихжээ. Хорооны цагдаа ирээд “Батаа ойрд энэ хавиар явсан уу?” гээд л мэдүүлэг энэ тэр авсан юм байх. Тэгээд л тэр хавиар бөөн хэрэг манджээ. Архичдыг ээлж дараалан дуудаад асууж, байцаагаад л эхэлсэн аж. Ер нь тэгдэг заншилтайг хүн бүр мэдэх хойно доо. Нэг удаа хамт архидацгаасан тухайгаа нууж хаалгүй ярьцгаажээ. Тэгэх нь ч зөв байсан биз ээ.

Тэгж байтал ёстой бөөн шуугиан дэгджээ. “”Хавирга”-ыг олжээ” гэх яриа гарчээ. “Олох олохдоо бүр хээрээс олсон гэнэ. Баянхошууны хойд жалганаас олсон байна. Осгож үхсэн бололтой. Дүүгийнх рүүгээ явахаар жалгаар гарах гэж байгаад өеөдчихсөн хэрэг л дээ” гэх зэргээр цуурцгаажээ. Тэр нь ч үнэн байсан агаад хаа очиж гадны нөлөөгүй гэснээр тэр хавийнхан мөн л нэг аюулаас мултарчээ. Хам хэрэгт орчихоогүйгээ аз гэлгүй яахав. “Хавирга” тэр архидалтаас хойш тэр хавиар харагдалгүй хувиа бодож, довоо шарлуулж явсан бололтой юм. Тэгж яваад тэр шөнө тэр жалгаар гарах гэж яваад унаад босч чадаагүй биз. Хэрэг нэг иймэрхүү маягтай өнгөрөх гэж байтал Дашаа нэг өдөр Батаагийн ахтай таарчээ. Хувьхандаа эмгэнэл илэрхийлсэн дүртэй бэлэн явсан ганц “юм”-аа хуваан уужээ. Ялимгүй халамцсан ах нь яриа хөөрөө болоод иржээ. “Үгүй ээ, хө. Манай дүү цаг бусаар өнгөрсөн гэнэ шүү. Миний нэг сайн таньдаг лам байдаг юм. Хойтохыг нь хийлгэсэн чинь хачин юм ярилаа. Хараал хүрсэн гэнэ. Хараал хараалдаа бүр хариулж болшгүй хүнд хараал байжээ. Хавь ойрын хар царайтай эм хараасан гэх юм. Тийм хүн энэ хавьд хэн байдаг билээ?” гэж ирээд л хөөрчээ. Мань Дашаагийн нуруу руу хүйт даагаад явчихжээ. “Хар” Пагмаас гарахгүй. Аюултай авгай юм даа. “Гозгор”-ыг хараагаад үхүүлчихлээ. Одоо ийм юм болоод байдаг” гэж бодсон ч тэр талаар айсандаа болоод амаа хамхиад өнгөрчээ. Гэхдээ ойр дотныхондоо анхааруулах журмаар ярьсан байна. Гэхдээ сэргийлж барих үүднээс биш зөвхөн сонирхуулах үүднээс ярьсан нь тэр бөлгөө. Ингээд Баянхошуугаар нэг яриа тархалгүй яав гэж. Зарим нь ч үнэндээ гайхаж хоцорчээ. “”Хар” Пагма нэг их сүртэй харааж барьдаггүй ш дээ. Хэн ч хэрэлдэхдээ хэлчихдэг л үг хэлдэг билээ. Бид ч бие биедээ хааяа хэлж л байдаг биш үү? Арай шөнө ганцаараа тусдаа хийчихээд байдаг юм биш байгаа. Уг нь тэгэх хүн ч биш. Тэгээд ч бөө, удган гэж сонсоогүй л юм байна. Бөө, удганууд л харааж барьдаг гэдэг биз дээ. Тэгээд ч Хөвсгөлийн хүн гэж сонсоогүй. Гэхдээ бага зэргийн аялгатай юм билээ. Увс, Ховдынх байж магадгүй золиг” гэх зэргээр ярих болжээ.

“Хар” Пагма хаанахынх нь гол биш ч хараал жатга нь харин хүн хард хүрээд байх шиг санагддаг болжээ. Гэхдээ хараая гэж хараадаг эсэхийг нь мэдэхгүй юм. Нүдээр үзсэн хүн байх биш дээ. Тэгээд ч баримт сэлтгүй болохоор хэрэг түвэгт тооцогддоггүй бололтой юм. Цагдаа цуух тэр талаар асууж бариагүй болохоор тэгсэн хэрэг юм. Бусадтай адил л “Тийм хүн харав уу? Танайхаар орж гарав уу?” гээд л өнгөрдөг гэнэ билээ. Шинжлэх ухаанаар батлагдсан зүйл байхгүй болохоор хилс хэрэгт таталтай биш. Харин өнгөрсөн зууны дунд үе буюу “Их хэлмэгдүүлэлт-ийн он цаг дор бол дор хаяж “чулуу тасалдаг”-аараа дээлээ “нөмөрсөн” байх нь гарцаагүй. Өнөөгийн өнцгөөс үзэхүл сүүлийн үед хүнийг ална, тална хэмээн айлгах, дарамтлах, мөнгө, төгрөг, эд, хөрөнгө нэхэх үзэгдэл газар авах шинжтэй. Хүний сэтгэл зүйд нөлөөлөх гэсэн нэгэн зүйл заалт зарим орны хууль цаазад байдаг гэх. Тэр нь манайхаар “хараах” байж мэдэх юм. Ховсдох маягаар аливааг өөрт ашигтайгаар эргүүлэхийг хууль бус гэдэг хэрэг л дээ. Тэр ховсдох маяг гэдэгт манай хараал жатга орж болох юм. Хараал шууд нөлөөлөхгүй ч тэр аюултай хараадаг нөхөр гэсэн сэтгэхүй сэтгэлийг нь эзэмдсэнээр өөрийгөө хянах чадваргүй болж, биеэ хэт барих юм уу чагнаснаар ямар нэг таагүй зүйлд өртөх магадлал өндөрсдөг тухай зарим нэг зөвлөгөө бий. Тийм байх магадлал харин өндөр гэдэг юм билээ. “Хар” Пагма өөрөө харааж сүйд болдоггүй ч төрөлхийн сөрөг энергитэй, энергийн вампир ч гэдэг шиг нөлөөтэй ахул түүнтэй муудалцсан хүмүүст муу зүйл тохиохыг үгүйсгэхгүй л дээ. Тэгэхдээ “хар” Пагма өөрөө харааж бариагүй учраас хэрэгт шууд хамаарал байхгүй нь ойлгомжтой. Дашийн хэлснээр ойрын 10 гаруй жилийн дотор тэр хавиар архиддаг 10-аад/10 гаруй ч гэдэг/ нөхөр ямар нэг байдлаар нас баржээ. Архи уугаад осгож үхдэг ч юм уу золгүй байдал тохиох зэргээр шүү дээ. Гэхдээ бүгд “хар” Пагматай ямар нэг байдлаар хэрэлдсэн байдаг ажээ. Хамгийн хачин нь түүнд байгаа юм.

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих