ЭМ-ийн газрын даргад санаархаж буй Ш.Энхбатын будилаан

budlian219403260201407061830


Эрүүл мэндийн дэд сайд, Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын дарга, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын дарга зэрэг алба хашиж явсан Ш.Энхбатын талаар сүүлийн үед багагүй дуулиан дэгдээд байгаа билээ. Учир нь тэрбээр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын суудалд заларчих гээд чамгүй хор найруулж яваа юмсанж. Харамсалтай нь Эрүүл мэндийн салбар дахь түүнтэй холбоотой факт дэндүү их ажээ. Өмнө нь Ш.Энхбат Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын суудлыг голоод хаяж явж байсан нөхөр аж. Эдүгээ тэгтэл голсон юм гол руу нь оров гэгчээр хаяж явсан мөнөөх суудал руугаа тэмүүлж сууна.

Тэгээд ч эдүгээ тус газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр түр заларч суугаа тул аль болохоор жинхэлчих гээд өөрийн гэсэн багаа аль хэдийн бүрдүүлчихсэн, зарим газарт бүр зөвшөөрөл олгоно энэ тэр гээд амлачихсан яваа аж. Өөрийнхөө аливаа ноцтой асуудлыг голдуу мөнгөөр зохицуулаад сурчихсан, салбартаа дандаа муугаар танигдаж явсан Ш.Энхбатын будлиан үнэндээ барагдашгүй. Мань хүн дарга л болж байвал юу ч хамаагүй гэгчээр 2013 оны тавдугаар сард явагдсан “Төрийн өмчийн их дээд сургуулийн захирлыг сонгон шалгаруулах” журмын дагуу ЭМШУИС-ын захиралын сонгон шалгаруулалтад Монголын жинхэнэ докторуудтай хамт өрөсөлдөөд 10 хүнээс 52,7 оноотойгоор 10-р байранд орж өөрийгөө Төрийн албаны зөвлөлийн өмнө хэр чадвартай боловсон хүчин гэдгээ нотолсон байна.Түүнчлэн өөрийгөө Японд “Сүрьеэгийн чиглэлээр” докторийн зэрэг  хамгаалсан шинжлэх ухааны доктор гэх боловч одоо болтол докторын хэвлүүлсэн ном, баталгаажсан сэдэв нь ЭМЯ-ны Эрдмийн зөвлөлд байдаггүй нь энэ хүн доктор мөн эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Энэ мэтээр ухаж төнхөөд байвал түүнээс ногоон хурганы арьс, нохойн битүү туурай ч гарч ирж мэдэхээр байгаа юм. Энд зөвхөн түүний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байх үеийнх нь шалгалтын дүнгийн талаар баримт түшин өгүүлсү.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын газраас 2011 оны 05-р сард Ш.Энхбатын толгойлж байсан Эрүүл мэндийн газарт шалгалт хийсэн байх бөгөөд энэ тухай бөөн факт, зөрчил дутагдал бүхий 20 гаруй хуудас материал сэтгүүлч миний гарт байна. Үүнээс товч сийрүүлвээс:

Эрүүл мэндийн газраас илэрсэн зөрчлүүд

-Эмийн талаар төрөөс баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэхтэй гарсан тушаал шийдвэрт бодлогын шинжилгээ хийж үнэлгээ өгч ажиллаагүй.
-Эрүүл мэндийн тухай хуулийн 9.1.1, 9.1.3, 9.1.4, 9.1.6, 9.1.7 дугаар заалтын хэрэгжилт хангалтгүй.
-Эрүүл мэндийн салбарын эрхлэх асуудлын хүрээнд гаргасан шийдвэрийг биелүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийг хангуулах Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэсэн үндсэн үүрэг хариуцлагаа хангалтгүй биелүүлсэн.
-Тус газрын хэлтэс хоорондын ажлын уялдаа холбоо муу, эрүүл мэнд, эмийн талаар гарч буй хууль зүйн баримт бичигт бодлогын шинжилгээ хийгдээгүй, хийгдэж буй хяналт үнэлгээний болон гарч буй үр дүн, мэдээ, мэдээлэл, зөрүүтэй.
-Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүн амд тэгш, хүртээмжтэй, чанартай үзүүлж, өвчлөл, эндэгдэлийг тууштай бууруулж, хүн амын цэвэр өсөлтийг дэмжиж, дундаж наслалтыг нэмэгдүүлэх чиглэлээр эрүүл мэндийн байгууллагуудын хийсэн ажилд тодорхой үнэлгээ дүгнэлт өгч ажиллаагүй.
-Улсын эмийн бүртгэлд эм бүртгэх ажлыг зохион байгуулах, зохистой хэрэглээ, гаж нөлөөний талаар сургалт, сурталчилгаа хийх төдийгөөр ажлаа хязгаарлан, эмийн чанар, аюулгүй байдалд хийх тандалт судалгаа, эмийн чанарын баталгаажуулалт, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, гаж нөлөөний болон эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн талаарх мэдээллээр иргэд, олон нийтийг хангах зэрэг чиг үүрэгт заагдсан ажлыг бүрэн биелүүлээгүй.
-Эрүүл мэндийн байгууллага дахь эмнэлэгийн техник, тоног төхөөрөмжийн хангамж, ашиглалт, засвар үйлчилгээ, чанар, аюулгүй байдал, орон тоо, бүтэц зохион байгуулалт, давтан сургалтын асуудлыг бүхэлд нь авч үзээгүй.
-Магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа нь хөндлөнгийн, хараат бус байх шаардлагад бүрэн нийцээгүй гэх мэт арав гаруй үндсэн том зөрчил илэрчээ гэх мэт дурдаад байвал баршгүй олон.

Түүнчлэн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр тун хангалтгүй ажиллаж, эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөнөөс захиран зарцуулсан хөрөнгө мөнгөний баримт дутуу, Сангийн ажлын алба үүргээ хангалттай гүйцэтгээгүй, зарим хөрөнгө мөнгийг Эрүүл мэндийн яам, ажлын албаны оролцоогүйгээр дур мэдэн зарцуулсан тухай шалгалтын тайланд дурдагдсан байх аж. Мөн зарим тоо баримтыг дээш нь хэтэрхий буруу мэдээлж байсан нь илэрчээ. Энд ганцхан жишээ дурдахад л хангалттай. Шалгалтын тайланд дурдахдаа “Эрүүл мэндийн үзүүлэлт-2010” эмхэтгэлд хувийн эмийн сан 666 байна гэсэн нь ЭМЯ, тус газрын эмийн бүртгэл, баталгаажуулалтын хэлтсээс гаргаж байгаа мэдээлэлд Монгол улс 1200 гаруй эмийн сантай гэж байгаатай зөрсөн, иймд энэ мэдээллийг үндэслэлгүй гаргасан” гэж шүүмжилжээ. Ийм хол зөрүүтэй тоо баримт гаргахыг бодоход хэн ч харсан ажлаа огт мэддэггүй хүний шинж.

Тэр жил Нийслэлийн эрүүл мэндийн газрыг удирдаж байсан Г хэмээх ажлаа мэддэггүй эмэгтэй Улаанбаатар хотын удирдлага цугларсан нэгэн өглөөний хурал дээр “Нийслэл хотод долоо хоногт 200 гаруй хүн буудагдаж үхдэг” гэж мэдээлээд бөөн инээдэм болгож байсан түүхтэй. Үүн шиг Ш.Энхбат 1200 гаруй эмийн сантай байгааг 666 гэж эндүүрч мэдээлсэн нь арай дэндүү төөрч будилсан явдал биш гэж үү? Энэ мэтийн харалган даргатай байгууллага цаашид ер нь өөдөлж дэвжих үү? Мөн 2011 оны 05-р сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын дарга нарын баталсан хамтарсан удирдамжийн дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газарт шалгалт явуулсан байх аж. Энэ тухай баримт миний гарт байна.

Энэхүү шалгалтаар мөн л баахан зөрчил дутагдал илэрчээ. Жишээ нь 207 эмнэлэгийн мэргэжилтэнд архивын материал бүртгэлгүйгээр эмчлэх, эм барих, сувилах үйл ажиллагаа эрхлэх лиценз олгожээ. Ингэхдээ байгууллага тус бүрээс гурван сая төгрөг авдаг байсан гэх яриа байдаг. Үүгээр бие биедээ авилга өгч авалцсан явдал ч илэрсэн байх бөгөөд энэхүү замбараагаа алдсан зөрчил будлиан тухайн үеийн ЭМЯ-ны сайд С.Ламбаагийн сонорт хүрсэнээр 2011 ны 10-р сарын 24-ний өдөр мань сайд “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 332 тоот тушаал гаргаж Ш.Энхбат даргад илгээж байсан байх аж. Үнэндээ Ш.Энхбат Эрүүл мэндийн газрын ажил албыг навс унагасан болох нь дээрхи шалгалтын дүнгээс илэрхий харагдаж байгаа юм. Харин аз болж мөнөөх уруудан доройтож явсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар нь 2012 оны 08-р сарын 27-ны Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор татан буугдсанаар “Муу хүний заяа завагт” гэгчээр бөөн будлианы эзэн Ш.Энхбат аврагдах нь тэр ээ. Хэрвээ уг газар татан буугдаагүй бол Ш.Энхбат ёстой балрах байлаа. Мөн тэрбээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байх үедээ Тайвань улсаас тусламжийн шугамаар орж ирсэн түргэн тусламжийн таван машиныг аймгуудад үнэгүй тараах ёстой байтал тус бүрийг нь үнэлж 200 сая төгрөг босгоод ирсэн байх жишээтэй. Илэрхий луйврын шинжтэй энэхүү ноцтой асуудлыг Авилгатай тэмцэх газар шалгасан боловч дээгүүр танил тал ихтэй, аргатай чаргатай Ш.Энхбат хаалгуулж дөнгөжээ.

Түүнчлэн Ш.Энхбат Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойн хандив тусламжийг гарынхаа салаагаар хамаа намаагүй урсгаж, дундаас нь их хэмжээний мөнгө тоншсон байх бөгөөд энэхүү асуудал нь одоо болтол хэл ам дагуулсаар байдаг ажээ. Түүнчлэн шинээр агентлаг байгуулахдаа маш олон хүнийг нэмж ажилд авсан байх бөгөөд тэдгээр хүмүүс нь Ш.Энхбатад зохих ёсны хандив өгсөн байх жишээтэй. Авилгалаар баахан хүн ажилд авч, эд нартаа орон тоо бий болгохын тулд бас нэлээд хэдэн хүнийг ажлаас халсан байгаа юм. Тэгээд ажлаасаа халагдаж, хэлмэгдэж хохирсон хүмүүс энэ бүх мэдээллийг сонин хэвлэлд өгч Ш.Энхбатад гомдол мэдүүлэх болжээ. Учир нь тэд шүүх, цагдаагаар явж гэмээнэ бүхнийг мөнгөөр аргалаад сурчихсан Ш.Энхбатыг дийлэхгүй гэдгээ мэдсэн байна. Сүүлийн жилүүдэд манайхан “Ашиг сонирхлын зөрчил” гэж их яриах болсон.

Тэгвэл Ш.Энхбат нь ашиг сонирхлын зөрчил гээчийг алхам тутамдаа гаргаж явдаг болох нь түүний үйлдсэн хэрэг, үлдээсэн мөрөөс тод харагдаж байгаа юм. Бадарчин явсан газар балагтай гэдэг. Ш.Энхбат явсан газар болгондоо балаг тарьсан байх ажээ. Гэтэл яахаараа ийм балагтай, будлиантай этгээдийг даргын суудал руу дахин дахин илгээгээд байдаг нь хачирхалтай. Аливаа албан тушаалтны хувийн сонирхол нийтийн сонирхолд үйлчлэх нийтийн албаны үүрэгтэй нь зөрчилдөөд ирэхээр л ашиг сонирхлын зөрчил болчихож байгаа юм. Харин зөрчилдсөн сонирхлыг зүй зохистой тодорхойлж, мэдээлж, үр нөлөөтэй, ил тод байхаар зохицуулахгүй бол ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдалд гүйцэтгэсэн нийтийн албан тушаалтны аливаа үйл ажиллагаа нь ёс зүйн алдаа, албан тушаалаа урвуулан ашигласан явдал, цаашилбал авлигын гэмт хэрэг болж хувирдаг билээ.

Ш.Энхбатын хувьд иймэрхүү ашиг сонирхлын зөрчилд олон удаа хутгалдаж явсан байх аж. Жишээ нь Солонгосын хөрөнгө оруулалттай “Эмэдюс” ХХК нь нөхөр Ш.Энхбатыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Эрүүл мэндийн газрын дарга байх үед Монгол Улсад эм, эмнэлэгийн тоног төхөөрөмж оруулж ирэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авчээ. Тэгтэл Ш.Энхбат эдүгээ тус компаниас хувь хүртэж суудаг юмсанж. Үүнийг хууль хяналтын байгууллагууд шалгах юм бол мөнөөх ашиг сонирхлын зөрчил гээч нь яруу тодоор илрээд ирэх байлгүй. “Эмэдюс” ХХК нь дөнгөж байгуулагдмагцаа л тендерт оролцоод, улмаар ногоон гэрлээр ялалт байгуулж Монголд шил сав, лаборотарийн тоног төхөөрөмж оруулж ирдэг болсон нь ерөөсөө л Ш.Энхбатын дэмжлэг, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой. Харамсалтай нь тэр оруулж ирсэн шилэн сав нь жинхэнэ шил биш мерзевтрэн сав байсан бөгөөд ингэж хулхи бараа оруулж ирсэнээрээ “Эмэдюс” нь нэг хэсэгтээ л бусдын хараалыг идэж байжээ. Мөн Ш.Энхбат нь нэг үе “Жамомед” хэмээх компанитай холбогдож байсан бөгөөд одоо уг компани нь эхнэрийнх нь нэр дээр байдаг ажээ. Энэхүү “Жамомед” нь мөн л эрүүл мэндийн салбарын тендерт байнга оролцож будлиан хутгаж байдаг юмсанж.

Дээрхи бүх шалгалтын дүнгээс харахад Ш.Энхбат нь аливаа албан газрыг зөв удирдаад явж чадах хүн хэрхэвч биш байгаа биз. Гэтэл өдгөө тэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрыг хоёрхон жилийн өмнө элгээр нь хэвтүүлж байснаа ор тас мартчихаад дахиад л Эрүүл мэндийн салбарын томоохон албан тушаал руу улайран зүтгэж байгаа нь арай дэндсэн хэрэг биш гэж үү? Эсвэл манай эрүүл мэндийн салбарт түүнээс өөр байгууллага удирдаад явчих албан тушаалтан үгүй болчихсон хэрэг үү? Өмнө нь илэрхий зөрчил дутагдал гаргаж байсан Ш.Энхбатыг эдүгээ өндөр албан тушаалд зүтгүүлж буй эрх мэдэлтэн ч түүний цаана байгаа сурагтай.

Эдүгээ Ш.Энхбат Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын сонгон шалгаруулалтанд оролцохоор дээгүүр эсэн бусын хор найруулаад л гүйж явна. Нийслэл гэдэг том газар. Энэ том газрын эрүүл мэндийн хамаг асуудлыг Ш.Энхбат мэтийн будлиантай нөхөд хариуцан ажиллаж гэмээнэ ядах юмгүй самраад хаячихаж мэдэх л байх. Уг нь хотын дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нарын ажил үйлс их л өөдрөг яваа юмсан. Тэдний санаачлан хэрэгжүүлж буй зам, барилга, тохижилтын ажил рейтинг өндөртэй байгаа. Харин ашиг сонирхлын зөрчил бүхий, бас мөнгөний сонирхолтой, элдэв будлианаа дандаа мөнгөөр цэвэрлээд сурчихсан Ш.Энхбат гэдэг нөхөр л эдний ажлыг нурааж мэдэхээр байна. Уг нь Ардчилсан нам 2012 оны Нийслэлийн Иргэдийн Хурлын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Энэ сайхан ялалт, амлалт, ард иргэдийн итгэл сэтгэлийг Ш.Энхбат хэмээх нөхөр л хөөдөж мэдэхээр байна даа.

Эх сурвалж: www.unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих