Дуулиант хэргүүд

Д.Сүрэнхорын эхнэрийн хэргийг шүүх рүү шилжүүлжээ
Улсын мөнгө шамшигдуулсан хэргээр шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Сүрэнхорын эхнэр Д.Эрдэнэ-Отгоны хүний амь нас хохироосон хэргийг Тээврийн прокурорын газраас Баянгол дүүргийн шүүх рүү шилжүүлсэн байна. Тэрбээр өнгөрөгч оны есдүгээр сарын 16-ны өдөр буюу нөхрийнхөө давж заалдах шатны шүүх хурал болсон өдөр согтуугаар  тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа осол гаргаж 30 настай эрэгтэйг дайрч амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт холбогдсон юм. Тухайн үед Д.Эрдэнэ-Отгон нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр нэгдүгээр хороо Улаанбаатар Төмөр замын гал командын байгууламжийн зүүн талын Нарны зам дээр УНН70-20 маркийн “Тoyoto vitz” маркийн автомашинаар талийгаачийг дайрсан болох нь камерт бичигдсэн байжээ. Иргэдээс ирсэн дуудлагын  дагуу замын цагдаагийн ажилтнууд  хэргийн газарт очиход  тэрбээр  талийгаач эрэгтэйг  УБТЗ-ын гал командын байрны зүүн талаас “Гермес” төвийн урд хэсэг  хүртэл 750 метр газар чирч орхиод зугтсан байж. Уг хэргийг Замын цагдаагийн газрын Эрүүгийн тасгаас  дөрвөн цагийн дотор шуурхай илрүүлж, Д.Эрдэнэ-Отгоныг ээжийнх нь гэрээс баривчилсан аж. Ингээд түүнд Замын цагдаагийн газраас бусдын амь нас хохироосон, онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж, Тээврийн прокурорын хяналтад хоёр ч удаа шилжүүлсэн боловч нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж байв. Хэдэн сарын  турш шийдэгдэхгүй удааширсан  уг ослын хэргийг  14 хоногийн өмнө харьяа дүүргийн шүүх рүү шилжүүлсэн аж. Тун удахгүй шүүх хурлын тов гарах юм байна. Түүний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  нь дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулна. Үүнээс гадна  тээврийн осол гарсан газраа санаатай орхиж зугтаасан гэх  үндэслэлээр  таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульд заажээ. Харин түүний нөхөр төрийн өндөр алба хашиж байхдаа ажилчдынхаа цалингаар мөрийтэй тоглож, улмаар   гадаад руу оргон зайлсан хэрэгтээ мөн шат шатны шүүхээс долоон жилийн хорих ял сонссон. Төр түүнийг өршөөж  гурван жилийн хорих ял нь хасагдаж   дөрвөн жилийн хорих ялыг биеэр эдлэх шийдвэр гаргаж байв. Одоогоор Д.Сүрэнхор  Тахир соёотод адуу маллаж байгаа.

П.Даш цагаадна гэв үү
Төсвийн мөнгө шамшигдуулсан хэргээр хоёр шатны шүүхээс 4.6 жилийн хорих ял сонссон Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан, генерал П.Дашийн хэргийг он гарснаас хойш гурван  удаа хяналтын шатнаас нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байна. Чухам ямар үндэслэлээр түүний хэргийг эцэслэн шийдэж чадахгүй  удааширч байгаад тайлбар өгөх албаны эх сурвалж алга. Харин тэрбээр  өөрт нь холбогдох эрүүгийн хэргийг прокурор нь шүүх рүү шилжүүлэхгүй он дамжуулж  буйг нотлогдохгүй учраас яллах дүгнэлт үйлдэх боломжгүй  гэсэн тайлбарыг өгсөн. Тэрбээр  хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногт хэрэг нь дахин мөрдөн байцаалтад буцсаны дараа “ Намайг хилсдүүлсэн. Би мөнгө шамшигдуулаагүй” гэсэн мэдээллийг өгч  байв.
Албан бус мэдээллээр П.Дашийн мөнгө шамшигдуулсан хавтаст хэргийг шалгах явцад  санхүүгийн шинжээчийг дахин томилж, хоорондоо зөрүүтэй баримтуудыг шалгуул гэсэн прокурорын даалгаварыг бичиж АТГ-ын Мөрдөн шалгах албаны хоёрдугаар хэлтэс рүү шилжүүлжээ. Хэргийн талаар эргэн сөхвөл яллагдагчаар татагдсан П.Даш нь  2007 онд АТГ-т шалгагдаж байхдаа 15 тэрбум 500 сая төгрөг завшсан хэмээн шалгагдаж байсан ч  сүүлдээ 300 сая төгрөг болтлоо буурсан юм. Түүнийг  Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журмын тухай хуулийг зөрчин, ОБЕГ-ын барилгын их засварын ажлыг тендергүйгээр, ТӨХ-ны зөвшөөрөлгүй  хийж гүйцэтгүүлэн 141.2 сая төгрөгийн хохирол учруулсан гэсэн үндэслэлээр буруутгасан юм. Ийм бодит баримтууд  байсаар атал  хэргийг сунжруулж шийдэхгүй байгаад түүнийг  өндөр албан тушаал хашиж байсантай нь холбож ойлгох хүн цөөнгүй.  Ийн төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон гэмт хэргүүд шийдэгдэхгүй  сунжирч эцэст нь хэрэгсэхгүй  болдог бичигдээгүй  хууль манайд үйлчлээд багагүй хугацаа өнгөрч буй. Зарим эх сурвалжийн хэлэхээр П.Даш өөрийгөө гүтгэгдсэн учраас цагаатуулна гэж  хөөцөлдөж яваа сурагтай. Юутай ч нэг хэсэг хэвлэлийн хуудсыг чимж, олон нийтийн анхаарлыг татсан П.Дашийн хэрэг  хэзээ эцэслэн шийдэгдэх эсэх нь тодорхойгүй байна.

Н.Мөнх-Оргилыг  хилсээр гүтгэсэн үү
Найман настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн гэм буруу нь Сүхбаатар дүүргийн шүүхээр тогтоогдож ялын дээд хэмжээ сонссон Хөвсгөл аймгийн харьяат Н.Мөнх-Оргилын хэргийг дээд Шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Өмгөөлөгч Р.Насанжаргалын өгсөн мэдээллээр “Мөрдөн байцаагч нь  Н.Мөнх-Оргилын хэргийг шалгах явцдаа таниулах ажиллагааг хууль зөрчиж явуулсан. Өөрөөр хэлбэл Баянгол дүүрэгт хүчирхийлэлд өртсөн гэх гурван охиныг Н.Мөнх-Оргилд таниулахдаа мөрдөн байцаагч нь охидод зааж өгсөн гэх мэдүүлэг ч бий” гэж байв. Харин уг хэрэгт хяналт тавьсан нийслэлийн Прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Т.Жадамбаагийн тайлбараар бол “ Н.Мөнх-Оргилыг хохирогчдад таниулахдаа хууль зөрчсөн  үйлдэл байхгүй. Таниулах ажиллагаа хийхэд хөндлөнгөөс прокурор заавал хяналт тавьж ажилладаг” гэсэн мэдээлэл өгч байсан юм. Бага насны охиныг хүчирхийлж мөчилсөн хэрэгт татагдсан Н.Мөнх-Оргил нь хоёрдугаар ангийн боловсролтой сүлжээний бизнес эрхэлдэг эхнэр хүүгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн суманд амьдардаг байжээ. Түүний эхнэр, ээж нь дээд Шүүхээс  Н.Мөнх-Оргилын хэргийг нь мөрдөн байцаалтад буцаасан шийдвэрийг шударга шийдвэр гэж үзэж буй. Ээж нь хүүгээ хэлмэгдсэн,  хэзээ нэг өдөр аймшигт аллага үйлдсэн гэмт хэрэгтэн олдож хүү нь цагаадана гэдэгт итгэлтэй байгаагаа сэтгүүлчдэд дуулгасан. Юутай ч хоёр шатны шүүхээс цаазын ял сонссон Н.Мөнх-Оргилын хэргийн мөрдөн байцаах ажиллагаа үргэлж буй. Чухам ямар үндэслэлээр дахин шалгах болсон талаарх мэдээлэл  бүрхэг байгаа юм.

Анодын Н.Даваа шүүх хуралд оролцов
Анод банкны ТУЗ-ын гишүүн Э.Гүр-Аранз,гишүүн Н.Даваа, Л.Уламбаяр гүйцэтгэх захирал Д.Энхтөр нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалт нэг жил долоон сар үргэлжилж буй.  Өнгөрөгч сард тэдэнд холбогдох хэргийг УМБГ-аас прокурорын хяналтад шилжүүлснээр тэднийг “Цагдан хорих” төвд саатуулах шийдвэрийг шүүхээс гаргасан юм. Анод банкны эрх бүхий албан тушаалтнуудыг   найдваргүй зээл олгосон, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг сонгуульд зарцуулсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Мөн тайлан балансаа алдагдалгүй гаргахын тулд  авлига өгсөн байж болзошгүй гэж үзэн  мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэн явуулах шийдвэрийг хэрэг хянасан прокурор гаргасан байна. Сар гаруй “Цагдан хорих” төвд саатуулагдсан Н.Даваа өчигдөр захиргааны хэргийн шүүх хуралд өөрийн биеэр оролцсон юм.  Тэрбээр АМГ-ын Геодези, уул уурхай кадастрын хэлтсийн талаар нэхэмжлэл гаргасныг шүүх хурал өчигдөр  14.30 цагаас эхэлж үдээс хойш шийдвэрээ гаргасан юм.  Давж заалдах шатны захиргааны хэргийн шүүх хурлаас  Н.Даваагийн нэхэмжлэлийг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталжээ. Нэхэмжлэлийн талаар тодруулбал  “Монгол газар” ХХК нь   ашигт малтмалын хоёр  лицензээ Анод банкинд барьцаалж зээл авсан ч тодорхой хугацааны дараа Анод банкинд барьцаалсан Олон-Овоотын лицензээ  түр чөлөөлөх хүсэлтийг  тавьж, талууд харилцан гэрээ байгуулсан аж. Гэтэл  АМГ-ын Геодези, уул уурхай кадастрын хэлтсийн дарга 973 дугаар тушаал гаргаж, дээрх лицензүүдийг хүчингүй болгосон байна. Эл шийдвэрийг  Н.Даваа эсэргүүцэж  захиргааны хэргийн шүүхэд өнгөрөгч тавдугаар сард гомдол гаргасан аж. Уг  нэхэмжлэлийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд АМГ-ын Геодези, уул уурхай кадастрын хэлтсийн даргын  973 дугаар тушаал хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргаж байжээ.

Н.Түвшин


URL:

Сэтгэгдэл бичих