Наадамчдад таалагдсан ба таалагдаагүй зүйлс

наадмлахЖил жилийн наадам өнгөтэй сайхан болдог. Энэ жилийнх ч дэлгэр сайхан болж өнгөрлөө хэмээн иргэд ам сайтай байна.

Гэхдээ олон нийтийн сүлжээнд болоод наадамчдын дунд яригдаж буй таатай болоод таагүй сэтгэгдлүүд нэлээд байгаа юм.
Таагүй сэтгэгдэл төрүүлсэн зүйлс:

-    Баяр наадмын нээлтийн ажиллагааны үеэр “Хонхны дуу” эгшиглэсэн. Иргэдийн ярьснаар баяр наадмын арга хэмжээг зохион байгуулж буй эрх баригч Ардчилсан намынхан 1990 оны үйл явдлыг эргэн сануулахыг зорьсон бололтой. Энэ нь зарим иргэнд сонгуулийн сурталчилгаа юм шиг сэтгэгдэл төрүүлжээ.

-    Наадмын нээлтийн ажиллагаа өнгөрсөн жилийнхээс өөрчлөгдөөгүй, бараг адилхан байсан нь иргэдэд тийм ч таатай санагдсангүй.

-    Төв цэнгэлдэхэд очсон хүн бүрт төрийн далбаа бэлэглэсэн нь төрийн далбааны үнэ цэнийг бууруулав бололтой. Учир нь энэ тэндгүй төрийн далбаа гишгэгдэв. Нээлтийн өмнөх өдөр Төрийн далбааны өдрийг сүртэй тэмдэглэсэн юмсан хэмээн халагдах иргэн ч байлаа.

-    Нээлтийн үеэр МУГЖ Х.Лхагвасүрэн мориноосоо унаж, мөн ард түмний өмнө “амь барьж” дуулав.

-    Төв цэнгэлдэхийн гадаах үйлчилгээний цэгүүдийн цахилгаан тасарч, наадамчид хуушуураа хүлээн нэлээд хугацаа алдав.

-    Сурын харвааны тайлбарлалт иргэдээс таагүй үнэлгээ авч байна.

-    120-ийн буудлын явган хүний гүүрэн гарцын доторх агаар бөгчим байсан нь иргэдэд таалагдсангүй.

-    Энхийг сахиулагчдаар бие биелгээ хийлгэсэн нь сонирхолтой байж болох ч цэргийн ёс жудаг, эрэмгий зориг руу “ус цацсан” явдал болов.

-    Төв цэнгэлдэх орчмын 00-ийн хүрэлцээ мөн л тааруу байлаа.

-    Үндэсний бөхийн барилдааны үеэр бөхчүүдийн дунд хэд хэдэн маргаан болсон. Энэ нь иргэдэд таагүй сэтгэгдэл төрүүлсэн. Өрсөлдөгчөө нидэрч, унасан хойно нь няхаж, тахимаа өгөхгүй туг тойрох гэх мэт ард олны өмнө зарим бөх ёс жудаггүй аашиллаа.

-    Бөхийн барилдааны үеэр хоёр бөх маргахад засуул, хөлийн цэц биш цагдаа хүрч очиж салгасан нь наадамчин олонд таалагдаагүй.

-    Орой Чингисийн талбайд болсон урлагийн тоглолт хөгжмийн дуугаралтын хувьд хангалтгүй байв.

Таатай сэтгэгдэл төрүүлсэн зүйлс:

-    Төв цэнгэлдэхийн орчмын авто замын хөдөлгөөний зохицуулалт өнгөрсөн жилүүдийнхийг бодвол харьцангуй сайн байлаа.

-    Төв цэнгэлдэх хүрээлэнгийн модон сандлыг хуванцар, тохь тухтай сандлаар сольсон нь наадамчин олноос өндөр үнэлгээ авчээ.

-    Шинэхэн дархан аварга А.Сүхбат үндэсний бөхийн торгон ногоон дэвжээнээ дахин зодоглосон нь энэ наадмын нэгэн чимэг нь байв.

-    Төв цэнгэлдэх орохын тулд “Дүнжингарав” худалдааны төвийн зогсоолд автомашинаа байрлуулж, тэндээсээ стадион руу хүрэх автобусанд иргэдийг суухын зөвлөж байв. Энэ нь иргэдэд ч таалагдсан. Ингэснээр хөдөлгөөний ачааллыг багасгахад чухал нөлөө үзүүлсэн.

-    Баяр наадамд зориулсан хүндэтгэлийн концерт гадаад, дотоодын иргэдэд маш их таалагджээ.

-    Хүй долоон худагт автомашины зогсоолуудыг олноор байгуулж, эмх цэгцтэй болгосон нь наадамчдад таалагджээ.

-    Мөн Хүй долоон худаг рүү үнэгүй автобус, рэйлбусын үйлчилгээ үзүүлж, Хүй долоон худаг дахь цахилгаан тээвэр компанийн бага оврын задгай автобус иргэдээс өндөр үнэлгээ авсан байна.

-    Энэ жилийн наадмаар Цэнгэлдэх орчимд, Хүй долоон худагт, авто замуудад хэв журмын болоод замын цагдаа нарын тухай яригддаг таагүй үйл явдал харьцангуй бага байна. Тэдний зохион байгуулалт дараа дараа жилийн наадмаар илүү сайжрах биз ээ.

-    Хэдийгээр махны үнэ жил ирэх тусам нэмэгдэж байгаа ч энэ жилийн хуушуурны олдоц сайн, үнийн хувьд 1000 төгрөгөөс хэтрээгүй.

-    Залуу бөхчүүд уран хурц барилдаан үзүүлж, наадамчин олны баясгалаа.

Уншигч та бүхэн сэтгэгдэл бичих цонхонд энэ жилийн наадам танд ямар сэтгэгдэл төрүүлсэн тухай бидэнтэй хуваалцаарай!


URL:

Сэтгэгдэл бичих