2012 оны долдугаар сарын 1-н…

-Одоогоос гурван жилийн өмнө ба нэг жилийн дараа-

Гурван жилийн өмнөх энэ өдөр Монголчууд сонгуулиар амьсгалж 11 хоногийн дараа Улаанбаатарт аймшигт явдал болно хэмээн төсөөлөөгүй байв. 2008 оны зургаадугаар сарын 21-ний өдөр. Тухайн үеийн буюу 2008 оны зургаадугаар сарын 21-нд GoGo Улаанбаатар дахь сонгуулийн сурталчилгаануудыг фото буланд ийнхүү буулгажээ. Зургийг энд дарж үзнэ үү.

Харин энэ өдрөөс найм хоногийн дараа буюу 2008 оны зургадугаар сарын 29-ний өдөр. УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтын өдөр болж Монгол улсын насанд хүрсэн иргэдийн буюу сонгуулийн санал өгөх эрх бүхий иргэдээс 74,3 хувь нь сонгуульд оролцжээ.

2008 оны зургадугаар сарын 30-ны өдөр. Сонгуулийн Ерөнхий хороо сонгуулийн дүнг албан ёсоор зарлаагүй байтал МАН буюу тухайн үеийн МАХН-ын дарга С.Баяр “манай нам ялсан байж болзошгүй байна” утгатай мэдэгдэл хийж хоёр хоногийн дараа шатах байрныхаа хурлын танхимд цугласан олны алга ташилтанд умбаж байсан сан. Ингэж МАХН энэ өдөр 13.00, 18.20 цагуудаас хоёр ч удаа хэвлэлийн хурал хийж өөрсдийн нам ихэнх суудлыг авсан талаар мэдээлж байсан юм. Өөрөөр хэлбэл С.Баярын яаруу, сандруу мэдэгдэл ардчиллыг дэмжигчдийн бухимдлыг төрүүлсэн үү яасан тухайн өдрийн орой Сүхбаатарын талбай дээр сонгуулийн үр дүнг эсэргүүцэгчид цуглараад тайван жагсаал хийгээд тарсан.

Энэ бүх байдлыг дуугүй харж суусан одоогийн Ерөнхийлөгч тухайн үеийн Ардчилсан намын дарга байсан Ц.Элбэгдорж нэг өдөр тэвчсэний эцэст 2008 оны долдугаар сарын 1-ний 12.00 цагт хэвлэлийн бага хурал зарласан юм. Тэрбээр хэвлэлийн хурлаа“Ард түмний саналыг мэс засал хийж өөрчилсөн эрх баригчдыг харахаас ой минь гутаж байна”хэмээн хурлаа эхлүүлж билээ.

Түүнийг мэдэгдэл хийхээс өмнөх өдрөөс үүдэлтэй жагсаал маргааш нь ч мөн үргэлжилж байсан юм. Өөрөөр хэлбэл долдугаар сарын 1-ний жагсаал суулт зарлах мэдэгдлээр Иргэний хөдөлгөөний нам өглөө нь эхлүүлээд байсан гэж хэлж болно. Тэд мөн тухайн өдөр болох долдугаар сарын 1-ний өдрийн үдээс хойш буюу 14.00 цагийн орчимд Сонгуулийн Ерөнхий хорооны гадаа жагсаал хийж байсан билээ. Мөн удалгүй МАХН-ны одоогийн шатсан байрны үүдэнд цуглаж “Баяраа чи гараад ир” хэмээн шаардаж, жагсаал хийсэн байдаг.

Энэ жагсаал даамжирч орой нь сонгуулийн үр дүнг эсэргүүцэгчдийн үймээн болж, цагдаа нар жирийн иргэдийн дунд мөргөлдөөн үүсэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр улс орон даяар дөрвөн хоногийн туршид онц байдал зарлаж байсан. Экс Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр энэхүү онц байдлыг тухайн үеийн Ерөнхий сайд С.Баярын шахалтаар зарласан гэж хэвлэлээр хожим нь ярьсан байдаг.

2008 оны долдугаар сарын 2-ны өдөр. Монгол улс сонгуулийн санал тооллогын үр дүнг эсэргүүцэн жагсагчдын дунд таван хүн золгүйгээр нас барсныг мэдсэн. Тэдний дөрөв нь гудамжинд буудуулж, нэг нь МАН-ын байранд угаартан нас барсан болохыг тогтоосон. Харин шархдагсадын тоо 100 орчим байсан юм. Түүнчлэн жагсаалд оролцсон иргэдээс 700 орчмыг нь саатуулж шаардлагатай хүмүүст нь хэрэг үүсгэж, хэргүүд нь шүүхээр таслагдаад буй. Энэ бүгд ердөө сонгуулиас л болжээ. Сонгуулиас л болж таван айлын хоймор эзгүйдэж, 700 гаруй хүн шорон гяндангийн хаалга татаж, тэдний хувийн намтарт гэмт хэрэгтэн болсон хар мөрүүд  нэмэгдэж, олон аав, ээжийн хүү шархдаж бэртсэн. Энэ бол 2008 оны долдугаар сарын 1-н, 1-нээс 2-н руу шилжих шөнийн үйл явдал ажээ.

Яг нэг жилийн дараа ч нийслэл дахиад л сонгуулиар “амьсгална”. Бас л Улаанбаатарын гудамж сонгуулийн сурталчилгаанд умбаж иргэд зурагт хуудас, сонин, сэтгүүлд дарагдана.  Уламжлал ёсоор сонгуулийн санал авах өдөр ирнэ.

Мөн дахиад долдугаар сарын 1-ний өдөр тохионо. Харин энэ өдөр өмнөх сонгуулийн дараах  аймшигт хар өдрийг давтах болов уу яах бол гэж хүн бүр дотроо багагүй айдастай. Муу зүйл болгохгүй байх арга хэмжээг эрх барьж буй улстөрийнхөн л мэдэх учиртай. Төрийн ордонд яг л энэ өдрүүдэд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. УИХ-аар сонгуулийн холимог тогтолцоог дэмжээд байгаа. Гэтэл үнэндээ жирийн сонгогчдод мажоритор байна уу, пропорцианаль уу, холимог нь уу хамаагүй ажээ.

Иргэд сонгуулийн санал хураалт ба тооллого л үнэн зөв, шударга болоосой гэж хүснэ.

Санал тооллогыг өмнөх жилүүдийг бодвол ирэх онд төхөөрөмж ашиглан автомат систем ашиглахаар зэхэж байгаа. Гэхдээ төхөөрөмжийг хүн л ажиллуулж таарна. Энэ тухай одоо хэлэлцэж байгаа хуульд огт байхгүй бөгөөд тусдаа хууль болон хэлэлцэгдэх юм байна. Санал тоолох төхөөрөмжүүдийг Сонгуулийн Ерөнхий хороо одоогоор худалдаж аваагүй байна. Төхөөрөмж худалдаж авах төсөв батлагдсан бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо улс орнуудын төхөөрөмжүүдтэй танилцсаар байгаа гэнэ. Төхөөрөмж худалдан авсны дараа санал тоолох хууль гаргах юм байна.

Түүнчлэн одоогийн хуульд намууд, бие даагчид сонгуулийн үр дүнгийн талаар Сонгуулийн Ерөнхий хорооноос түрүүлж мэдээлэхийг хорьсон тухай заалт огт алга. Ер нь 2008 оны сонгуулийн санал хураалтын дүнг намууд бие биенээсээ өрсөж мэдээлж, түүнийг нөгөөх нь үгүйсгэх байдал иргэдийг жагсахад хүргэсэн гэхэд хилсдэхгүй. Гэтэл энэ талаар одоогийн хуульд огт тусгагдаагүй байх аж.

Энэ долоо хоногт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудын нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.

Чухам УИХ-ын сонгуулийн хууль ямар ч байдлаар батлагдсан иргэд шударга үнэн сонгуулийг л 2012 онд хүснэ.

Ямартай ч иргэд сонгогчид одоо сонгуулийн хуульд нам, гишүүн өөрийн ашиг сонирхлын үүднээс хандах, сонгуулийн мөрийн хөтөлбөрт бэлэн мөнгө амлах, санал хураалтын үеэр бэлэн мөнгө тараан басамжлах, санал луйвардах, санал тооллогод бохир арга хэрэглэж өөрсдийг нь хуурах оролдлогуудыг тэвчихгүй ээ.

Сонгогчдод мөнгө тараалаа ч түүнийг дуугүй авах хэсэг байх ч үүнээс татгалзах, эгдүүцэх эрүүл ухаантай хүн олон гэдгээ Монголчууд 2008 оны долдугаар сарын 1-нд нэгэнтээ баталсан.  2012 онд ч дахин баталж чадах буй за.

Ч.Болортуяа


URL:

Сэтгэгдэл бичих