МҮБХ-ноос мэдэгдэл гаргалаа

95b191252064c64foriginalДАРХАН АВАРГА Г.ӨСӨХБАЯР, А.СҮХБАТ НАРЫГ ХЭРХЭН ЭРЭМБЭЛСЭН ТУХАЙ МЭДЭГДЭХ НЬ

Монголын Үндэсний бөхийн холбооноос гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар ижилхэн даян аварга цолтой байх үедээ нэг өдөр дархан аварга цолыг зарлигаар авч байгаа тул Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 3.6.1-д “ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо олон биелүүлснийг, энэхүү нөхцөл ижил байвал доод давааг олон давсныг эхэнд нь … эрэмбэлнэ” гэсэн заалтыг үндэслэн Г.Өсөхбаярыг эхэнд, А.Сүхбатыг удаад эрэмбэлсэн болно.
Бөхчүүдийг цолны болзлоо хэн түрүүлж хангаснаар нь биш, илүү амжилттайг нь өмнө эрэмбэлэх зарчим тогтоон дээрх заалтаар баталгаажуулан мөрдүүлсэн нь бөхчүүд, олон түмний талархал хүлээсэн шударга шийдэл болсон юм.
Дээрх хоёр бөхийн тухайд даян аварга цолтой байхдаа Г.Өсөхбаяр улсын наадамд 3 удаа 8 давсан, 4 удаа долоо давсан бөгөөд энэ амжилтаараа улсын наадамд 3 удаа долоо давсан даян аварга А.Сүхбатын өмнө эрэмбэлэгдэх нь зөв юм.
Хоёр бөх нэгэнт ийм эрэмбэтэйг ард түмэн олон жилийн турш мэдэж байсан болохоор Г.Өсөхбаярыг А.Сүхбатын ард эрэмбэлэх нь дүрэм зөрчсөн, олон түмний эсэргүүцэл, дургүйцэл төрүүлэх үйлдэл болох байсан билээ.
Харин дархан аварга цол хүртсэний дараа амжилтаар эрэмбэлэхгүй байх тухай Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 7.9-д “ Энэ хуулийн 7.8-д заасан амжилтын эрэмбээр ам авах заалт нь дархан аварга цолтонд хамаарахгүй” гэж заасан байдаг.
Энэ нь дархан аварга цолтой болсныхоо дараа барилдаж гаргасан амжилтаар дахин эрэмбэлэхгүй, хуучин эрэмбийг хадгална гэсэн заалт юм.
МҮБХ хорь гаруй жилийн турш улс төр, нутаг усны үзлээс Монгол бөхийг ангид байлгаж, Монгол бөхөд 40 гаруй шинэ зүйл бий болгон, шударга зарчмыг тууштай баримтлан ажиллаж байгаагаа ард түмэндээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

2014 оны 07 дугаар сарын 17.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.